| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2021/0140 /э |
| Дугаар | 196 |
| Огноо | 2021-12-20 |
| Зүйл хэсэг | 24.7.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
улсын яллагчаар хяналтын прокурор М.Сумъяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2130001100152 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “*******” гэх газар оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй РД:.............. Б ургийн овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нь Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газар байрлах малын хашаандаа тамга улайсган мал тамгалахаар түлсэн галын бүрэн унтраагүй нурмаас 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хашаанд дотор гал гарсан нь гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч шууд хохирол 323,067,500 /гурван зуун хорин сая жаран долоон мянга таван зуун/ төгрөг, шууд бус хохирол 2,307,939 /хоёр сая гурван зуун долоо мянга есөн зуун гучин ес/ төгрөг нийт 325,375,439 / гурван зуун хорин таван сая гурван зуун далан таван мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө гээд, 2021 оны 04 дүгээр сарын 18 өдөр үхэр тамгалсан. Галаа дутуу унтрааснаас болж гал түймэр гарсан. Сүхбаатар аймгийн ******* суманд учруулсан хохирлыг төлсөн гэв.
Иргэний нэхэмжлэгч *******ы “...2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* гэх газарт хээрийн түймэр гарч улмаар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр *******, *******, *******, *******, гэх газруудад хээрийн түймэр хамарсан. Тус түймэр 41780га газар талбайг хамарсан. Засгийн газрын 182 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар газрыг ашиглалтын зориулалтаар нь бэлчээр, тариалан, хадлан гэж 3 хуваадаг. Түймэрт өртсөн газар нь бэлчээрийн ангилалд хамаардаг ба тойрог нь Дарьгангын тэгш өндөрлөгийн тойрогт хамаардаг. Тус тойргийн хохирлыг 1 га газрын 5575 төгрөгөөр тооцож 41780 га нь 232,923,500 төгрөг болж байна. Тийм учраас дээрх мөнгийг нэхэмжилнэ. Харин тус түймрийг унтраах зорилгоор сумын засаг даргын тамгын газар 753,054 /долоон зуун тавин гурван мянга тавин дөрвөн төгрөг/-ийн шатахуун, Хилийн цэргийн 0146 дугаар анги 816,485 /найман зуун арван зургаан мянга дөрвөн зуун наян таван төгрөг/-ийн шатахуун гаргасан ба дээрх мөнгийг бол түймэр алдсан гэх гэх залуу төлбөрийг барагдуулсан болно. Хохирлын актыг гаргах үед шатахуун төлөгдсөн байсан учраас оруулаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-н 21-22-р х/,
Иргэний нэхэмжлэгч “... 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* гэх газарт хээрийн түймэр гарч улмаар , , , зэрэг газруудыг хамарч 21750 га талбай шатсан үүнээс ******* сумын ИТХ-ын 2019 оны 06 дугаар тогтоол, Аймгийн засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/477 дугаар захирамжийн дагуу ******* сумын 2 дугаар багийн нутаг , зэрэг газарт аймгийн сумдын нөөц өвс бэлтгэх хадлан бэлтгэх 20 салаанд 3750 га талбайг хэмжиж өгч хадлан бэлтгүүлсэн. 2021 оны 04 сарын 18-ны өдөр гарсан хээрийн түймэр нь уг хадлан хадсан талбайг хамарсан учир 3750 га газрыг хасаж нийт шатсан талбай 18000 га газар болсон. Түймэрт өртсөн газрыг Засгийн газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 2018 оны 182 дугаар тогтоолыг үндэслэж 1 га газрыг 5008 төгрөгөөр бодож нийт 90,144,000 төгрөгийн хохирол учирсан. Тиймээс уг хохирлыг буруутай хүнээс нэхэмжилнэ. Түймэр унтраах ажилд 578,400 төгрөгийн тээвэр шатахууны зардал гарсан ба уг зардлыг ******* нь бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 28-29-р х/,
Гэрч ...”Би 1 дүгээр заставын даргын үүрийг гүйцэтгэж байгаа 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 13 цаг 40 минутад ангийн төвөөс түймэр гарсан бүлгээ аваад түймэрт яв гэсэн чиглэл өгсөн тул 2 ахлагч, жолооч нарын хамт гэх газар нутаглах гэх айлд очсон тухайн үед салхи ихтэй гал ширүүн байсан тэр хавийн түймрийг унтраах гэж яваад дийлэхгүй учир дахин ангийн төвөөс нэмэлт хүч дуудсан. 19 цагт ангийн төвөөс 2 бүлэг 13 хүнтэй бүлэг ирж гэх газарт хилийн 1014 дүгээр тэмдгийн чиглэлд шөнө 23 цаг 40 минутын үед цурамд оруулж түймрийг унтраасан. Манай цэргийн ангиас 22 хүн 4 машин түймэр унтраах ажилд ажиллаж ДТ 50 литр, А80 160 литр, А92 130 литр шатахуун зарцуулсан масло 10 литр нийт 816485 төгрөгийн зардал гарсан.Манай заставаас хүн болон мал шатаж түлэгдэж хохирол учраагүй...” гэх мэдүүлэг /хх-н 37-38-р х/,
Гэрч ы....” 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн үед хээрийн түймэр гарсан талаар харуулаас мэдээ өгсөн тул түймрийг унтраахаар 6 хүний бүрэлдэхүүнтэй 1 машинтай өдөр 12 цагаас 04 сарын 19-ний үүрийн 05 цаг 30 минут хүртэл хилийн харуул дээр түймрийг цурамд оруулж харуулын байрыг аюулгүй болгосон. Манай заставын 6 ахлагч 1 машин түймэр унтраах ажилд ажиллаж ДТ 50 литр, үлээгч багажид хийх А80 25 литр нийт 160,000 төгрөгийн зардал гарсан.Манай заставаас хүн болон мал шатаж гэмтэж түлэгдсэн хохирол учраагүй. Хилийн 1000 дугаар тэмдгээс 996 дугаар тэмдэгт хүртэл хилийн дагуу торны голын хэсэг 18 км газар шатсан. хойд талаараа 8 км орчим газар шатсан.Манай хариуцсан нутаг дэвсгэр дээр 1000 дугаар тэмдгээс 997 дугаар тэмдэгт хүртэл Хятад улсын хил рүү хамгийн өргөн газраа 300 метр орчим газар орж шатсан боловч торноос цаашаа гал алдаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 35-р х/,
Гэрч ...”Манайх ******* сумын 2 дугаар багийн нутаг гэх газар жуулчны бааз ажиллуулдаг 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11 цаг 40 минутын үед ******* уулын урд их утаа гар байгаад сүүлдээ түймэр болж ******* уулын урд дээгүүр давж гарч ирэхээр нь сумын захиргаанд түймэр гарсан талаар мэдэгдээд үхэр малаа бөөгнүүлж байхад салхи их байсан болохоор түймэр их хурдтай зүүн тал руугаа шатаж байсан тэгээд манай аав бид 2 үхрээ бөөгнүүлчхээд гэрийнхээ ойр орчимд цурам тавьж гал түймрийг өнгөрүүлсэн. Тэгээд түймэр унтраахаар ирсэн хүмүүстэй хамт гарсан хээрийн түймрийг унтраах ажилд оролцсон. Манай гэрийн хүмүүсээс тухайн түймрийн үед ямар нэгэн гэмтэж бэртсэн хүн байхгүй мөн манай мал болон эд хөрөнгөд ямар нэгэн хохирол учраагүй тул ******* ахад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 31-32-р х/,
Гэрч “...Манай хэдэн үхэр ******* сумын 2 дугаар багт ахын үхэрт байдаг 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үед хөдөө ахынд очиж хэдэн бяруу тамгалсан. Тэгээд би орой 17 цагийн үед сумын төв рүү явж ах үхрийн хашаандаа түлсэн галаа бүрэн унтраагаад гэр рүүгээ явна гэж үлдсэн. Маргааш нь 11 цагийн үед ахын малын хашаанаас түймэр гарсан гэж сонсоод түймэр унтраах ажилд явсан. Үхэр тамгалахдаа үхрийн блокон хашаанд үүдэнд нь хөрзөнгөөр гал түлж тамгаа улайсгасан. Мал хашдаг байсан болохоор дороо дархагтай байсан тэр нь доошоо уугьж гал гарсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг/ хх-н 54-56-р х/,
Яллагдагч *******ын “...2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэдэг газар байдаг малын хашаандаа үхэр бяруугаа тамгалсан юм. Энэ үер тамга улайсгах гэж малын хашаанд дотроо гал түлсэн. Уг нь тэр өдрийнхөө өглөө 06 цагийн үед эхлээд 09 цагийн үед дуусаад, галаа цасаар дарж унтрааж орхисон юм. Яг тэр гал түлсэн хэсэгт элдэв хоггүй бас дээр галаа цасаар сайн дарсан учраас түймэр гарчихна гэж огт бодоогүй. Тэгсэн маргааш нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 10 цагийн үед малын хашааны ойролцоогоос утаа гараад байхаар нь яваад очтол цасаар булж орхисон газраас маань гал гарч малын хашааг даваад зүүн зүг рүү тархсан байсан, тэр үед салхи баруун хойноосоо нэлээн хүчтэй салхилж байсан. Унтраах гээд дийлээгүй, худаг руу усанд яваад ирэхэд л галыг алдчихсан...Гал түймэр унтраахад гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан. Харин байгаль орчинд учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа...Миний болгоомжгүй үйлдлийн улмаас гал алдсан нь миний буруу, азаар энэ түймэр хүн мал өртөж, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон асуудал азаар гараагүй... Байгаль орчинд учруулсан хохирлоо хэрхэн төлөх талаар сум орон нутгийн удирдлагуудтай уулзаж, ярилцаж байгаа, шууд төлөх боломж байхгүй, тодорхой хэмжээний хугацаа олгооч гэж хүсэж байгаа...гэх мэдүүлэг /хх-н 105-106-р х/,
Хэргийн газрын үзлэгийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар аймгийн ******* сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т ******* гэх уулын энгэрт Борхүү овогтой ын гэх айлын 70 метрийн урттай 60 метрийн өргөнтэй 120 см өндөртэй блокоор барьсан урдаа гүйдэг хаалгатай малын хашаа байх ба уг хашаан нь малын хэвтэр бууцтай байв газрыг хатгаж үзэхэд хатуурсан тагдаршсан байдалтай байв. Хашааны хаалганы зүүн талын баганаас ертөнцийн зүгээр хойд зүгт 6 метрт 30 см орчим хэмжээтэй шатаж үнс нь цагаарсан байдалтай үнс нурам байв уг газрыг модоор хатгаж үзэхэд хөрс нь суларч үнс болсон байв. Тухайн хэсгийг анх гал гарсан гэж үзэж А цэгээр тэмдэглэж Garmin Etrex 20 маркийн GPS буюу байрлал тогтоогч багажаар солиболцолыг үзэхэд N45°30'48.9, E114°19'25.2 байв. Уг гал гарсан газраас зүүн болон хойд хэсэгт гал гарч шатсан байдалтай хөрс нь харлаж шатсан байдалтай байна хашаанд өөр ямар нэгэн зүйл илрээгүй тул үзлэгийг хашаанаас гарч хийв. Хашааны зүүн урд талаас эхлэн гал үргэлжилсэн байдалтай тухайн хаваржааны зүүн талын уулыг давж харлаж шатсан байдалтай байв. А цэгээс зүүн зүгт сумын 3 дугаар баг гэх газар буюу Монгол улсын хилийн 1014 дүгээр багана ойролцоо түймрийн зүүн урд талд гал бүрэн унтарсан цэгийг Garmin Etrex 20 маркийн GPS буюу байрлал тогтоогч багажаар солиболцолыг үзэхэд N45°24'20,1, E115°14'46.5 байх ба А цэгээс 73 км байв. Түймрийн хойд захыг хамгийн өргөн хэсгээр сумын 3 дугаар багийн нутаг Цайдмын уулын урд талд Garmin Etrex 20 маркийн GPS буюу байрлал тогтоогч багажаар солиболцолыг үзэхэд N45°30'48.9, E114°19'25.2 байх үүнээс урагш ******* сумын 2 дугаар багийн нутаг хилийн тор хүртэл Garmin Etrex 20 маркийн GPS буюу байрлал тогтоогч багажаар солиболцолыг үзэхэд N45°26'2.7, E114°44'37.5 буюу 17 км байв. Уг хээрийн түймэр шатсан газарт ямар нэг хүн болон мал амьтан шатаж гэмтээгүй айлын өвөлжөө хаваржаа шатаагүй байв...” гэх тэмдэглэл / хх-н 4-6-р х/,
******* суманд суманд хээрийн түймрээс байгаль экологид учирсан хохирлыг тогтоосон 90,144,000 /ерэн сая нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийн хохирлын акт, / хх-н 53-56-р х/
суманд хээрийн түймрээс байгаль экологид учирсан хохирлыг тогтоосон 232,923,500 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун хорин гурван мянга таван зуу/ төгрөгийн хохирлын акт/ хх-н 71-72-р х/
******* сумын Засаг даргын Түймрийн илтгэх хуудас /хх-ийн 57-58 х/
Монгол улсын Засгийн газрын “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоол /хх-ийн 63-67 х/
Хохирол нэхэмжилсэн баримт / хх-ийн 74-80 х/
2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-86 х/
*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-ийн 107 х/
*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 х/
Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 131-140 х/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай /хх-ийн 141-142 х/ зэрэг нотлох баримтууд болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нь Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газар байрлах малын хашаандаа тамга улайсган мал тамгалахаар түлсэн галын бүрэн унтраагүй нурмаас 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хашаанд дотор гал гарсан нь гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч шууд хохирол 323,067,500 /гурван зуун хорин сая жаран долоон мянга таван зуун/ төгрөг, шууд бус хохирол 2,307,939 /хоёр сая гурван зуун долоо мянга есөн зуун гучин ес/ төгрөг нийт 325,375,439 / гурван зуун хорин таван сая гурван зуун далан таван мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч *******, , гэрч , , нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ******* суманд суманд хээрийн түймрээс байгаль экологид учирсан хохирлыг тогтоосон 90,144,000 /ерэн сая нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийн хохирлын акт, суманд хээрийн түймрээс байгаль экологид учирсан хохирлыг тогтоосон 232,923,500 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун хорин гурван мянга таван зуу/ төгрөгийн хохирлын акт зэрэг нотлогдох баримтуудаар нотлогдож байна.
Үйл баримтын хувьд шүүгдэгч ******* нь ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газар байрлах малын хашаандаа тамга улайсган мал тамгалахаар гал түлсэн бөгөөд галыг бүрэн унтраахгүй бол гал алдаж түймэр гарна гэдгийг мэдэх боломжтой байтал галаас үлдсэн нурмыг бүрэн унтраагаагүйн улмаас хээрийн түймэр гаргасан байна.
“Ой хээрийн түймэр тавих” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд зарим тохиолдолд санаатай хэлбэрээр илэрч болно. Шүүгдэгч *******ын хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж байгаль, экологид 323,067,500 /гурван зуун хорин сая жаран долоон мянга таван зуун/ төгрөг, түймэр унтраахтай холбоотой гарсан шууд бус хохирол 2,307,939 /хоёр сая гурван зуун долоо мянга есөн зуун гучин ес/ төгрөг, нийт 325,375,439 / гурван зуун хорин таван сая гурван зуун далан таван мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас Сүхбаатар аймгийн ******* сумын 18000 га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 90,144,000 төгрөгийн хохирол, түймрийг унтраахад ******* сумын Засаг даргын тамгын газарт 578400 төгрөгийн хохирол, сумын 41780 га бэлчээрийн талбай шатаж, 232,923,500 төгрөгийн хохирол, түймрийг унтраахад сумын Засаг даргын тамгын газарт 1,569,539 төгрөгийн хохирол нийт 325,375,439 / гурван зуун хорин таван сая гурван зуун далан таван мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан болох нь ******* болон сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэх, ******* сумын Засаг даргын Түймрийн илтгэх хуудас, Монгол улсын Засгийн газрын “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоол, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4 дугаартай Шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...******* нь түймэр унтраахад гарсан зардал 1,569,539 төгрөгийг төлсөн... Тус тойргийн хохирлыг 1 га газрын 5575 төгрөгөөр тооцож 41780 га нь 232,923,500 төгрөг болж байна. Тийм учраас дээрх мөнгийг нэхэмжилнэ... гэж, иргэний нэхэмжлэгч ийн “...******* нь түймэр унтраахад гарсан 578,400 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан... Түймэрт өртсөн газрыг Засгийн газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 2018 оны 182 дугаар тогтоолыг үндэслэж 1 га газрыг 5008 төгрөгөөр бодож нийт 90,144,000 төгрөгийн хохирол учирсан. Тиймээс уг хохирлыг буруутай хүнээс нэхэмжилнэ гэж хэрэгт мэдүүлжээ.
Шүүгдэгч ******* нь байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасан. Энэ зохицуулалтыг “гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэм хорын хувьд хэрэглэхгүй байх”-аар зааснаас үзвэл, шүүхээс гэм хорыг нөхөн төлүүлэх хэмжээг тогтоохдоо гэм буруугийн хэр хэмжээтэй харьцуулан үзэхийг шаардсан гэж ойлгож болохоор байна. Санамсар болгоомжгүй байдлаас учруулсан хохирлыг бүгдийг нөхөн төлүүлэх тохиолдолд тухайн гэм буруутай хүн эдийн засгийн хувьд сүйрэлд орохоор байвал шүүх нөхцөл байдалд тохируулан багасгаж болох эрх зүйн боломжийг хууль тогтоогч бий болгосон байна. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх харилцааг нарийвчлан зохицуулсан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд, дээрх эрх зүйн боломжийг хаасан, үгүйсгэсэн, өөрөөр зохицуулсан тусгай зохицуулалт байхгүй учраас, иргэний эрх зүйн энэхүү ерөнхий хэм хэмжээ нь байгаль орчинд учруулсан гэм хорын хувьд нэгэн адил үйлчилнэ.
Шүүгдэгч ******* нь санамсар болгоомжгүй зан үйлээр гал алдаж түймэр тавьсан, тэр даруйдаа түймрийг унтраах оролдлого хийсэн ч салхи ихтэй, хуурайшилт өндөртэй байснаас түймэр хурдан тархаж, улмаар их хэмжээний хохирол учирсан байна.
Шүүгдэгч *******ын хувьд эхнэр 2 хүүхдийн хамт мал маллан амьдардаг, мал аж ахуйн орлогоос өөр орлогогүй учир Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан, байгаль орчинд учруулсан 323,067,500 төгрөгийн шууд хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 дахин нэмэгдүүлэхгүйгээр 323,067,500 төгрөгийн шууд хохирлыг нөхөн төлүүлэхээр тогтоосон болно.
Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохиролд 323,067,500 /гурван зуун хорин сая жаран долоон мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч *******ын эзэмшлээс Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг Ургах наран 2 дугаар гудамжны 12 тоотод байрлах 698 /0,06 га м2 газрыг битүүмжилсэн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хохирол нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх хуулийн зохицуулалттай.
Шүүгдэгч *******ын гэмт хэргийн улмаас гарсан шууд бус зардалд 2,307,939 нөхөн төлсөн, байгаль экологид учирсан хохиролд 323,067,500 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлыг нөхөн төлсөн, байгаль экологид учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ...гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заажээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хэрийн түймэр тавих гэмт хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Тэнссэн хугацаа нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан эрхийн хязгаарлалт тогтоох, үүрэг хүлээлгэх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бумтан ургийн овогт *******ыг гал шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр тавих буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан журмын дагуу шүүгдэгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 323,067,500 /гурван зуун хорих гурван сая жаран долоо мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг Ургах наран 2 дугаар гудамжны 12 тоотод байрлах 698 /0,06 га м2 газрыг битүүмжилсэн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
7.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шууд бус хохиролд 2,307,939 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР