| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00388/И |
| Дугаар | 130/ШШ2017/00442 |
| Огноо | 2017-06-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2017/00442
| 2017 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 130/ШШ2017/00442 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын *** дүгээр багт оршин суух, БЖ***** регистрийн дугаартай, Ж******* овогт С.Зы хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын Дэлүүн сумын 3 дугаар бригадад 1978 оны 01 дүгээр сарын 21-нээс 1983 оны 11 дүгээр сарын 30-ны хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч С.З шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Дэлүүн сумын мал эмнэлгийн тасагт 3 дугаар багийн малын бага эмчээр 1978 оны 01 дүгээр сарын 21-ээс 1983 оны 11 дүгээр сарын 31-ний хүртэл ажилласан. Тухайн үед ажилд орсон, гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан ба орсон тушаал байгаа боловч мал эмнэлгээс гарсан тушаал байхгүй байна. Иймд Нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний бие 1978 оны 01 дүгээр сарын 21-ээс 1983 оны 11 дүгээр сарын 30-ны хүртэлх ажилласан нийт 5 жил 10 сар ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: С.З нь 1978 оны 01 дүгээр сарын 21-ний Ховд аймгийн техникумийг малын бага эмч мэргэжлээр суралцаж, сургуулиа төгсөж ирээд 1978 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 3 дугаар бригадын малын бага эмчээр ажилд орсон. Улмаар 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Иймд улсад ажилласан 5 жилийг шүүхийн шийдвэрээр тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.З нь Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын Дэлүүн сумын 3 дугаар бригадад 1978 оны 01 дүгээр сарын 21-нээс 1983 оны 11 дүгээр сарын 30-ны хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар:
-Баян-Өлгий аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан 1978 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Баян-Өлгий аймгийн мал эмнэлгийн газрын даргын 10 дугаартай тушаалын 2 дахь заалтаар ... Дэлүүн сумын 3 дугаар бригад хариуцсан эмчээр Заводыг 01 дүгээр сарын 21-нээс эхлэн тус тус томилсон байдал,
-1976 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн 337276 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэхэд Серенай Завод, 1957 онд төрсөн, гишүүний гарын үсэг гэдэг дээр Завод гэж бичсэн, Ховд аймгийн ҮЭ-ийн Зөвлөлийн даргын гарын үсэгтэй, тус аймгийн ҮЭ-ийн тамгыг дарж баталгаажуулсан ба 1975 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл, 1982 оны 01 дүгээр сараас 1984 оны 12 дугаар сар хүртэл татвар төлж байсан байдал,
-хүсэлт гаргагчийн 1977 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Баян-Өлгий аймгийн мал эмнэлгээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн 2-3 дугаар хуудаст Баян-Өлгий аймгийн мал эмнэлгийн газрын даргын 1978 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 тоот тушаалаар 1978 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс Дэлүүн сумын 3 дугаар бригадын малын бага эмчээр томилсон, мөн даргын 1983 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 30 тоот тушаалаар 1983 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 3 дугаар бригадын малын бага эмчийн ажлаас өөр ажилд шилжих болсон тул чөлөөлсөн тухай тус тус бичилт хийгдэж хөдөлмөрийн дэвтэр нь холбогдох тамга тэмдгээр баталгаажсан, тухайн үеийн цээж зураг наагдсан болон уг дэвтрийн 6-7 дугаар хуудсанд 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нь хүсэлт гаргагчийн улсад ажилласан хугацааг 17 жил 10 тооцов гэж бичиж гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулсан байдал,
-хамт ажилласан гэх БЖ******* регистрийн дугаартай М.К, БЖ****** регистрийн дугаартай Т.Ж, БЖ********* регистрийн дугаартай М.Т нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод:С.З нь 1977 оны 9 дүгээр сараас эхлэн 1983 он хүртэлх хугацаандаа 3 дугаар багийн малын бага эмчээр ажиллаж байсан нь үнэн. Миний бие М.Т тус сумын ерөнхий зоотехникч, зоо мал эмнэлгийн салбарын ажилтан, Т.Ж би Дэлүүн сумын 3 дугаар багийн малын бага эмчээр тус тус ажиллаж байсны хувьд баталж тодорхойлолт олгов гэсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
-Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 289 дугаартай архивын лавлагаанд: Аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1983 оны тушаалыг шүүн үзэхэд иргэн С.Зыг ажлаас чөлөөлсөн тухай баримт гараагүй болно гэжээ.
Хэдийгээр Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1983 оны тушаалаас шүүн үзэхэд хүсэлт гаргагчийн ажлаас чөлөөлсөн тухай тушаал гараагүй боловч хүсэлт гаргагч С.З нь Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын Дэлүүн сумын 3 дугаар бригадад 1978 оны 01 дүгээр сарын 21-нээс 1983 оны 11 дүгээр сарын 30-ны хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хавтас хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн 1977 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1976 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгосон Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэх, 1978 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Баян-Өлгий аймгийн мал эмнэлгийн газрын даргын 10 дугаартай тушаал зэрэг нотлох баримтад хүсэлт гаргагчийн нэрийг Заводхаан, Завод гэж дуудлагаар янз бүрээр бичсэнийг 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон БЖ***** дугаартай иргэний үнэмлэхэд бичсэнээр Серенай Заводхан гэж зөвтгөн бичих нь зүйтэй байна.
Иймд хүсэлт гаргагч С.З нь Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын Дэлүүн сумын 3 дугаар бригадад 1978 оны 01 дүгээр сарын 21-нээс 1983 оны 11 дүгээр сарын 30-ны хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан БЖ***** регистрийн дугаартай, Жантекей тайлах овогт С.Зы Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын Дэлүүн сумын 3 дугаар бригадад 1978 оны 01 дүгээр сарын 21-нээс 1983 оны 11 дүгээр сарын 30-ны хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг нь тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Зы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ