Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2018/ДШМ/18

 

   Б.М холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд прокурор Э.Н, нарийн бичгийн дарга Г.Э, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч А.Б нарыг оролцуулан

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгч Б.Баттулга, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолтой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 2.7, 2.10 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.М холбогдох 1817000370020 дугаартай эрүүгийн хэргийг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгч А.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Т нарын давж заалдах гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хаалттайгаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.М нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн 1-20 тоотод өндөр настай хохирогч Ж.Т-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан, хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн,

2018 оны 02 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн 1-20 тоотод өндөр настай хохирогч Ж.Т-ыг хүчиндэхдээ хохирогч Ж.Т-ын биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай уруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.10-т зааснаар хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Боржигин овогт Б М хүний биед биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнд гэмтэл санаатай учруулсан, хүчиндэх гэмт хэргийг урьд нь үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 8 /найм/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хугацаа дуустал хадгалахыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, давж заалдах гомдол эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Говьсүмбэр аймгийн анхан шатны шүүхээс 8 жилийн хорих ялаар шийтгэж, буруутгасан. Би энэ гэмт хэргийг хийгээгүй. Энэ тухайгаа анхан шатны шүүхэд ч хэлсэн. Ямар ч эрүүл хүн төрсөн эмээгээ хүчиндэх санаатай үйлдэл хийхгүй шүү дээ. Тухайн үед ийм явдал болоогүй талаар эмээ маань олон хүнд ярьсан байдаг. Хоролсүрэн, Ганцэцэг, Гандолгор, Тунгаамаа нарт ярьсан байдаг боловч тэр хүмүүсээс огт мэдүүлэг аваагүй. Миний бие тухайн өдөр газар унаад ёолж байсан эмээгээ орон дээр нь өргөж тавьсанаас өөр үйлдэл хийгээгүй. Иймд хэргийг шалгаж, үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заахдаа “Мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасаны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан бөгөөд дээрх хуулийн заалтын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаануудыг хийгээгүй байна. Үүнд: үнэхээр энэ үйлдлийг хийхдээ бусдын бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг хандаж хийсэн үү, гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг ямар нэг байдлаар дургүйцэж энэ үйлдлийг хийсэн үү гэдгийг шалгаж гэмт хэрэг үйлдэгчийн сэдэлт санаа зорилгыг тогтоогоогүйгээс хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байна. Учир нь мөрдөн байцаалтын шатанд Б.М-г тухайн үед бэлгийн харьцаанд орж эр, эмийн ажил хийх чадвартай байсан эсэх, 85 настай эмээдээ дургүйцэх, өширхөх зэрэг ёс бусаар авирлах урьд өмнө нь таарамжгүй харьцаа байсан эсэх, гэмт хэрэг гарах үед тэр хоёр хир зэрэг удаан хамт байсан, энэ үед хоорондоо маргалдсан уу, эмээ нь аашилсан уу, сургамжийн болон хараалын үг хэлсэн үү гэх мэт асуудлуудыг талийгаачийг амьд ахуйд сайтар асууж тогтоох ёстой байсан боловч энэ ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийгээгүй. Мөн хэргийн газарт очиж үзлэг хийсэн  шүүх эмнэлгийн шинжээч эмч Жаргалтогтох болон бусад шинжээч нар нь хохирогчийн биеэс, түүний хэвтэж байсан ор дэр, хувцас хэрэглэлээс нь М-н хуруу хумснаас нь хохирогч болон холбогдогч талын ДНХ-ийн ул мөр үлдсэн эсэхийг шалгаж нягтлан бэхжүүлж шинжилгээ хийх ёстой байхад дутуу үзэж, мөн бэлэг эрхтэнд үзлэг хийгээгүй шинжлэн буруу дүгнэлт гаргасан. Иймээс шинжлэх ухааны үндэслэлтэй нотолсон шинжээчийн дүгнэлтгүйгээр зөвхөн гэрчүүдийн дамжмал аман мэдүүлэг, ач хүүгээ архи уусанд дургүйцэж гомдсон өндөр настай эмээгийн бусдын ятгалганд орж хэлсэн байж болзошгүй аман мэдүүлгээр “85 настай эмээгээ ач хүү нь хүчиндэж хүнд гэмт хэрэг үйлдсэн” гэж буруутгасныг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Шүүх урьд нь Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцож байсан бөгөөд 85 настай, авга эмээ Ж.Т-н хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба Б.М нь 15 жилийн өмнө хүчингийн гэмт хэрэг үйлдэж, ялаа эдэлж дууссан, өмнөх хуулийн үед хэрэглэж байсан “ялтай байдал” гэх ойлголт эрүүгийн хуулиас бүр мөсөн хасагдсан. Одоогийн Эрүүгийн хуульд заасан “урьд нь Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан”  гэх ойлголтыг яаж хэрэглэх хэрэгжүүлэх талаар хуулийн тайлбар гараагүй, шүүхийн практик тогтоогүй, “хууль хэрэглэхэд эргэлзээ гарч байна” гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч 85 настай Ж.Т нь 2017 оны 12 дугаар сард хөдөө байхдаа  явганаас унаж бэртэн нуруугаа гэмтээж хэвтрийн байдалд байсан. Тухайн үед унинаас гаргасан уяанаас татаж өндийгөөд, бандан түшиж босон гэр дотроо ойр зуурын хөдөлгөөн хийдэг байсан, баруун хөлөө хугалахын өмнө босож байгаад өөрөө газар унасан гэдгээ мэдүүлсэн, хохирогчийн биеийн эрүүл мэнд ийм байдалтай байсан талаар гэрчүүд ч нотолсон байдаг ба хамгийн анх ач хүү нь эмээгээ ёолохоор нь очиж тусласан өргөж орон дээр тавихдаа эвгүй хатуу ширүүн хөдөлсөнөөс эмээ нь уурлан өвтгөлөө гэж загнасан, тэгээд маргаж муудалцсан талаар анх ярьж байсан талаар дээр дурдсан. Гэвч “хэргээ хүлээвэл, ялгүй гардаг хуулийн заалт шинээр орсон, тийм ч учраас хорьж шалгахгүй байгаа юм” гэсэн мэдээлэлд төөрөгдөн “эмээгийнхээ бэлэг эрхтэн рүү хуруугаа хийсэн” гэж гэрч Нарантуяагийн болон эмээгийнхээ хэлсэн үгийг баталгаажуулж мэдүүлэг өөрөө өөрийнхөө эсрэг өгсөн боловч эмээгийнхээ хөлийг нь хугалж гэмтээгээгүй гэдгээ тууштай мэдүүлдэг. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хохирогчийн баруун хөлний түнхний хугарал гэмтэл нь өөрөө унахад нь үүссэн байх магадлал их байгаа юм. Гэтэл шинжээч эмч Ж хаанаас чиглэлтэй ямар хүч үйлчилсэнээс уг гэмтэл учирсан байх боломжтой талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийгээгүй, өөрийн таамаглалаа дүгнэлт болгон мэдүүлсэн нь шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон. Иймээс хохирогчийн биед хөлийг нь хугалсан хүнд гэмтлийг Мсанаатайгаар учруулсан уу, хохирогч өөрөө унахдаа хугарч бэртсэн үү, М өргөж орон дээр нь гаргахдаа болгоомжгүйгээр бэртээсэн үү гэх мэтийн аль хэлбэрээр нь үүссэн болох нь эргэлзээтэй байгаа юм. Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.23-ны өдрийн 2018/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Т давж заалдах гомдолдоо: Миний төрсөн ах Б.М 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би ээжийгээ асарч байсан ба тухайн үед сар шинийн баяр болж байсан болохоор ач дүүг ирэхээр нь өргөж босгоод бие засуулчих хүн байгаа юм чинь гэж бодоод айлаар золгуут хийхээр гарсан. Ээж маань насны доройтолд орсон, байнгын хүний тусламжтайгаар босож суудаг, эвгүй хөдөлбөл бэртэж гэмтээд байдаг яс нь хэврэгшсэн, энэ байдлаасаа болоод дэмийрч буруу зөрүү, худал ярьдаг, их уур уцаартай болсон байсан. Бас заримдаа хүний дургүй хүрэхээр зүйл ч хэлдэг байсан юм. Ээж маань нас барахаасаа өмнө надад захиж хэлэхдээ “М буруугүй шүү, цагдаад хэлж өгөөрэй. М зүгээр байхад над руу уурлаж загналаа гэж уурлан согтуудаа эмээтэйгээ маргахаар нь ээж нь гомдохдоо бас тэтгэвэрийн зээлтэй байсан учир эмчилгээний зардалд хэрэг болох байх гэж бодоод хөл дарсан, бэлэг эрхтэн рүү хуруугаа хийсэн гэж худлаа хэлсэн юм аа, ээж нь өөрөө ойчоод хөл өвдөөд хөдлөхөө больчихоор нь хэдэн хүүхдүүдээ эмчилгээний мөнгө гэж зовоогоод яах уу  ингээд хэлчвэл хэдэн цаас авчих байх гэж бодоод ярьчихсан шүү, энийг заавал хэлээрэй” гэж захиж хэлсэн юм. Энэ талаар цагдаад ээж маань ийм юм ярьсан үнэн зөвийг нь хэлий гэтэл одоо оройтсон, дахиж мэдүүлэг авахгүй гэсэн. Харин анхан шатны шүүх хуралдааны өглөө архи ууцан болоод ухаан санаа орж гараад, хэзээ хэлэхээ мэдэхгүй сууж байтал нэг мэдсэн хурал дуусчихсан байсан. Ээж маань тэгж хэлсэн болохоор М-г буруугүй гэж бодож байна. Иймээс ээжийн маань үгээр ач хүүг нь яллахгүй байхыг хүсч, дүүг минь шоронгоос суллаж өгнө үү гэжээ.

Прокурор Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон прокурорын тайлбартаа: Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч А.Б, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч А.Т нарын гаргасан гомдолд дурдсан асуудлууд нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1. Шүүгдэгч Б.М-н хувьд үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлгийг өгч мэдүүлэг нь хэрэгт хавсаргагдсан байна. Хэдийгээр шүүгдэгч Б.М нь үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй ч түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдсон тохиолдолд нотлох баримтаар авч үзэх үндэслэлтэй юм. Харин гомдолд дурьдсан нэр бүхий иргэд нь гэмт хэрэг үйлдэгдэх үед байгаагүй учир мэдүүлэг авах шаардлага үүсээгүй, мөн энэ талаар хүсэлт гаргаагүй болно. Харин бусдаас сонссон, мэдсэн асуудлын талаар мэдүүлэг гаргах эрхтэй хэдий ч тухайн хэрэг гарсаны маргааш хохирогчтой уулзсан шаардлагатай гэрч нарын мэдүүлгийг авч хэрэгт хавсаргасан болно.

2. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч А.Т-н гомдолд бичсэн асуудал нь нотлох баримтын ач холбогдолгүй байна. Учир нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг бусад баримтуудыг ямар баримт, эх сурвалжаар үгүйсгэж байгаа болох нь тодорхойгүй, анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар огт мэдүүлээгүй, хэлэлцэгдээгүй учир үнэлэх боломжгүй юм.

3. Өмгөөлөгч А.Б-н гэмт хэрэг үйлдэгчийн сэдэлт, санаа зорилгыг тогтоогоогүй гэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь гэмт хэрэг үйлдэгчийн үйлдэл нь бусад нөхцөл байдлуудаар сэдэлтийг тогтоох бөгөөд хэрэгт шүүгдэгч Б.М нь хохирогч Ж.Т-н хажууд нь очиж хэвтэх, өмдийг тайлах, хөлийг 2 тийш нь алцайлгаж татах, гараа хийсэн зэрэг нөхцөл байдлууд нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдэж нотлогдсоноор сэдэлт, зорилго тодорхойлогдсон гэж үзэхээр байна. Мөн гомдолд дурьдсанаар шүүгдэгч Б.М нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэхдээ “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” хийх аргаар үйлдэгдсэн тул хохирогчоос заавал дээж авах шаардлага үүсээгүй, мөн тухайн үед хохирогчоос дээж авах боломжгүй байсан зэрэг нь хэрэгт тусгагдсан болно. Шүүгдэгч Б.М-н хувьд хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацаанд Дундговь аймагт байж байгаад мөрдөн байцаалтанд дуудагдан ирсэн учир дээж авах ач холбогдолгүй буюу илрэхгүй болсон гэж үзэхээр байна. Шүүгдэгч Б.М нь урьд хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан болох нь ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Гомдолд дурьдсан өмнөх болон шинэ хуулийн хүчиндэх гэмт хэрэг гэж ялгаж тайлбарлагдахгүй бөгөөд дээрх үйлдэл нь 2002 болон 2015 оны Эрүүгийн хуулийн алинд нь ч гэмт хэрэгт тооцогдож байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар зүйчлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн энэ талаар өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралд мэтгэлцээгүй, хэлэлцэгдээгүй болно. Хохирогчийн мэдүүлэгт “...биед хөлийг алцайлгаж татсан, татах үед баруун хөлний дунд чөмөгний толгойн үе буюу түнхний хэсэг өвдөлт хүчтэй мэдрэгдсэн. Газарт унах үед өвдөгний дээд талд зовиурласан...” талаар тодорхой мэдүүлэг хэрэгт авагдсан. Дээрх хугарал гэмтлийг ямар үед үүсэх боломжтой талаар шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр “тухайн хугарал гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн, чиглэлийн хувьд алцайлгаж татах үед үүсэх боломжтой" талаар тодруулсан байх ба өөрөөр дээрх гэмтлийг авсан буюу үгүйсгэгдэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч А.Б, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч А.Т нараас гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:      

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

          Шүүгдэгч Б.- г “Хүний биед биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнд гэмтэл санаатай учруулсан, хүчиндэх гэмт хэргийг урьд нь үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож”, түүнд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 /таван/ жил, 12.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ жил хорих ял тус тус оногдуулж, хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 найман/ жилээр тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон, түүнд оногдуулсан ял шийтгэлийн хувьд хүнд биш, хэргийн зүйлчлэлийг  зөв зүйлчилсэн байна  гэж үзлээ.

         Шүүгдэгч Б.М нь архи ууж согтуурсан үедээ 2018 оны 02 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Төгрөгийн 1-20 тоотод өөрийн эмээ болох өндөр настан /85/ Ж.Т-н бэлэг эрхтэнд хуруугаа хийсэн, уг үйлдлийг хийх буюу хохирогчийн хөлийг алцайлгах явцдаа хохирогчийн баруун хөлийн дунд чөмөгийг хугалсан байх ба түүний энэ үйлдэл хохирогчийн мөрдөн байцаалтанд хохирогчоор байцаагдахдаа өгсөн “ ...тэгээд тэр миний хоёр өвдгийг хоёр тийш нь болгоод алцайлгаад 2 гараараа хүчтэй татсан. Тэгэхэд л миний баруун хөлийн дээд хэсгээр /түнхний орчим/ аягүй болоод явчихсан. Тэгээд М намайг алцайлгаж байгаад чинийх битүүрсэн үү гээд 2-3 хуруугаа миний эрхтэн рүү хийгээд буцаагаад аваад байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгчийг анх гэрчээр асуухад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдэж шийтгэх тогтоолд дурдагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Б.М нь урьд нь Дундговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор бусдыг зовоон тарчлааж хүчиндсэн гэм буруутайд тооцож, 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг биечлэн эдлэж Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дугаар шүүгчийн захирамжаар 07 сар 24 хоногийн ялыг тэнсэн суллагдсан байх ба түүний энэхүү нөхцөл байдлыг 2015 оны Эрүүгийн хуулийн  хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор хуульд тусгасны дагуу хэргийг зөв зүйлчлэн шийдвэрлэсэн байна гэж үзлээ.

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.ОДНЯМАА

                                           ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА

                                                                                            Г.ТЭГШСУУРЬ