Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0477

 

2016 оны 7 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0477

Улаанбаатар хот

 М.Э-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 335 дугаар шийдвэртэй, иргэн М.Э-н нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 335 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн М.Э-г төрийн албанаас халах тухай Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Э-г Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгал хариуцсан байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоожээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: ... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тэтгэврийн байцаагч С.Б, Х.А, Т.Ч нарын тайлбарыг үндэслэн М.Э-г халсан гэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан материалуудад нь хэлтэст ажилладаг сангийн нягтлан бодогч Ж.Н-н тайлбар Э эгч би амраад хөдөө байна, 16 дугаар хороонд найзынхаа тэтгэврийг өгсөн байгаа, байцаагчид хэлсэн байгаа, наад тэтгэврээ ахлах руу авч ороод хурдан үзүүлээд өгөөч ... бусдад үүрэг даалгавар өгсөн нь тогтоогдож байна. Сангийн нягтлан бодогч Ж.Н-н ажил тэтгэвэр тогтоохтой ямар ч холбоогүй. Мөн З.Х-н М.Э-с 17 хүний материал хурдан гаргуулах гэж гуйсан нь үнэн гэж бичгээр өгсөн тайлбар, сангийн нягтлан бодогч Ж.Н-н тайлбар, Д.Г ахлах руу 2, 3-аар нь өөрөө барьж орж гуйсан гэсэн тайлбар мэдүүлэг зэрэг өөр тайлбар мэдүүлэг байхад нотлох баримтын шаардлага хангагдаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

М.Э-н Гагцхүү гараа хугалсан, ядарсан З.Х гэх настай эмээ над дээр ирж ... тэтгэврийн дэвтрийг нь боломжтой бол хурдан гаргаж өгөхийг ахлах байцаагчаас хүссэн зүйл бий гэж тайлбар, дээрх тайлбаруудыг нягтлан шинжлэхгүйгээр тушаал гарсан үндэслэлийг тэтгэврийн байцаагч С.Б, Х.А, Т.Ч ... нарын тайлбар гэж байгаа нь буруу гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар М.Э нь төрийн жинхэнэ албан хаагч түүний эрх зүйн байдал Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдана. Тус хэлтсийн дээд газар болох Нийгмийн даатгалын ерөнхий газар М.Э-н асуудлыг шалган тогтоосон дүгнэлтээ албан бичгээр, мөн Хүн Амын Хөгжил Нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны Салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолоор давхар тогтоогдсон ажлаас халсан шийдвэр үндэслэлтэй гэж гарсан байхад Нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил ёс зүйг хянан шийдвэрлээгүй М.Э-г Төрийн албаны тухай хуулийг барьж шийтгэл ногдуулсан нь хууль бус гэж байгааг зөвшөөрөхгүй байна.

Мөн өөрийн ажил үүргээс гадуур хөдөөгөөс утасдан үүрэг даалгавар өгч, хамт ажилладаг хамт олны итгэлээр тоглон, итгэх итгэлийг ашиглан миний хамаатан, найз байгаа юм хурдан гаргаад өгөөч гэж гуйж өөрийн бүрэн эрхийн хүрээнээс давж бусдад нөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл. Энэхүү хууль бус үйлдлийн төлөө гаргасан шийдвэрийг хууль бус гэж шүүх үзсэнийг зөвшөөрөх боломжгүй байна

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай магадлал гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Э-г бусдад нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглуулах боломж олгон, нийгмийн даатгалын санд нийт 11.947.531 төгрөгийн хохирол учруулахад хүргэсэн зөрчил гаргасан гэж үзэж, эрүүл мэндийн даатгал хариуцсан байцаагчийн албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.                                                         Нэхэмжлэгчээс “миний бие тэтгэврийн улсын байцаагч биш, хянах эрх бүхий этгээд биш, хэрхэн яаж нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хууль бусаар ашигласан, бусдад ашиглуулсан нь ойлгожгүй байна” гэж, хариуцагчаас “М.Э нь Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрмийн 2.5.2 дахь хэсэгт заасан “Ажилтан нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах, бусдад ашиглуулах боломж олгох, түүнд хамтран оролцох” гэж заасныг зөрчсөн, санамсаргүй тохиолдлоор 11 иргэний бүрдүүлсэн тэтгэврийн материалууд нь Э-д таарна гэж байх уу. Яг ижил архивын лавлагаатай тэтгэврийн бүрдэл хувийн хэргийг 2, 3-аар нь бөөнд нь барьж хянуулах гэж явсан” хэмээн ажлаас халсан тушаалын үндэслэлээ тайлбарлан маргажээ.

            Хариуцагч нэхэмжлэгчийн одоо эрхэлж буй эрүүл мэндийн даатгал хариуцсан байцаагчийн хэрэгжүүлж буй чиг үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулаагүй, харин нэр бүхий 11 иргэний тэтгэвэр тогтооход оролцож, даатгалын сангийн хөрөнгийг бусдад ашиглуулахад боломж олгосон гэж буруутгаж байх бөгөөд хэрэгт авагдсан нэр бүхий тэтгэврийн байцаагч С.Б, Х.А, Т.Ч, В.М нарын тайлбарт тэтгэвэр авагч 11 иргэний тэтгэврийг хянан баталгаажуулахад нэхэмжлэгч М.Э ямар нэгэн байдлаар оролцсон гэснээс үзэхэд Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрмийн 2.5.2 дахь хэсэгт заасан “Ажилтан нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах, бусдад ашиглуулах боломж олгох, түүнд хамтран оролцох” гэж заасныг зөрчсөн эсэх нь тэдгээрийн тухайн үед гаргаж байсан тайлбараас өөрөөр тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчаас нийгмийн даатгалын байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм зөрчсөн болох нь улсын байцаагч нарын тайлбар, даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж тогтоогдсон гэж тайлбарласан байхад шүүх нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэлийг шалгаж тогтоолгүйгээр сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр ногдуулсан нь хууль бус болжээ гэсэн дүгнэлт хийж маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.                 Зүй нь шүүх улсын байцаагч нарын тайлбартай холбогдуулан тэдгээрээс гэрчийн мэдүүлэг авах, үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай улсын байцаагчийн актад  иргэдийн хуурамч баримт бүрдүүлэхэд иргэн З.Х гэх иргэн зуучилж, хуурамч баримт бичиг бүрдүүлэн өгсөн нь тайлбар баримтаар нотлогдож, шалгалтын явцад тогтоогдсон нөхцөл байдал, Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт нэр бүхий 20 иргэн хуурамч баримт бүрдүүлэн хортой нөхцлөөр тэтгэвэр тогтоон улсад 25 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд З.Х болон нэхэмжлэгч М.Э нар сэрдэгдэн шалгагдаж байгаа талаарх баримт зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь маргаж буй тушаалд заагдсан зөрчил гаргасан эсэхийг хариуцагчийн тайлбарт дурдсанаар шалган тогтоож, холбогдох этгээдээс тайлбар, мэдүүлэг авах замаар тодруулсны дараа маргаан бүхий тушаалын хууль бус эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Түүнчлэн хариуцагчаас давж заалдах гомдолдоо “...З.Х-н М.Э-с 17 хүний материал хурдан гаргуулах гэж гуйсан нь үнэн гэсэн бичгээр өгсөн тайлбар, нягтлан бодогч Ж.Н-н Д.Г ахлах руу 2, 3-аар нь өөрөө барьж орж гуйсан гэсэн тайлбар мэдүүлэг байхад нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, М.Э-н ядарсан З.Х гэх настай эмээ над дээр ирж, тэтгэврийн дэвтрийг хурдан гаргаж өгөхийг ахлах байцаагчаас хүссэн зүйл бий гэх тайлбаруудыг шинжлээгүй...” гэсэн, мөн хэргийн 68, 70, 72, 73 дугаар хуудсанд авагдсан “...Хорлоо гэж хөгшинд тэтгэвэр гаргуулахаар 300.000 төгрөг өгсөн, гарсан тохиолдолд 200.000 төгрөг өгнө”, “Хорлоо гэдэг хүн тэтгэвэрт оруулж өгнө гэж хэлээд урьдчилгаанд 300.000 төгрөг, дараа дэвтэрээ авчихаад 200.000 төгрөг авсан” гэх тайлбарууд нь энэ хэрэгт буруутгагдаж буй нэхэмжлэгч М.Э-тэй хамааралтай эсэхийг холбогдох хүмүүсээс тодруулсны дараа ажлаас халсан шийдвэр үндэслэлтэй гарсан гэсэн хариуцагчийн гомдолд дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Мөн хэрэгт авагдсан 15-16, 18-42, 62-66, 68, 70, 72-73, 92-93 дугаар хуудас дахь баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт ач холбогдолтой эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА    

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН     

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ