Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/02283

 

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/02283

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаа гудамжинд оршин байх, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,   

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 7а байр, 61 тоотод оршин байх, “Маралкоммодити” ХХК /РД:5250447/-д  холбогдох,

 

5,038,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Прокурор Б.Мэндсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Маралкоммодити” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 4 дүгээр сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 3,358,800 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж, шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулахталаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар 1.2-т заасан заалтын дагуу “Маралкоммодити” ХХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 3,358,800 төгрөг хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан алданги 1,679,400 төгрөг, бүгд 5,038,200 төгрөгийг “Маралкоммодити” ХХК-иас гаргуулж Төрийн банкин дахь тус хэлтсийн 105100004490 тоот дансанд шилжүүлж шимтгэлийн өрийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Марал коммодити” ХХК-тай шүүхийн шатанд эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянганшүрт шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хажидмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянганшүрт бид хоёр шүүхийн шатанд эвлэрлийн гэрээг байгуулж эвлэрсэн тул хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Энэхүү гэрээг А талаас Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Б талаас “Маралкоммодити” ХХК дараах зүйлсийг харилцан тохиролцож байгуулав.

1. Б тал нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1,17 дугаар зүйлийн 1.1, 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 3,358,800 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна.

2. А тал нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т заасан заалтын дагуу Б талын дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 3,358,800 төгрөг, алданги 1,679,400 төгрөг, нийт 5,038,200 төгрөгийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжилсэн. Б тал нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1,579,400 төгрөг 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 1,679,400 төгрөгийг бүрэн төлж барагдуулан эвлэрэх хүсэлт гаргаж байна.

3. Б тал гэрээний 2-т заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд үлдэгдэл нийгмийн даатгалын шимтгэлийг болон алдангийг нэмж төлнө.

4. Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.

5. Энэ гэрээ нь гэрээний 2-т заасан үүргээ Б тал бүрэн биелүүлснээр, төлбөр хохирлыг арилсанд тооцож, талууд эвлэрснийг гэрчилнэ.

6. Гэрээний үүрэг бүрэн биелж, хохирол арилсан үед үндсэн гэрээний адил хэлбэрээр нотариатаар гэрчлүүлснээр дуусгавар болж, талууд эвлэрснийг гэрчилнэ.

7. Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин арбитрт болон шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй.

8. Энэ хэлцэл нь эрүүгийн хэрэг үүсээгүй буюу ЭХ-ийн 17.2, 70, 71, ЭБШХ-ийн 24, 25-р зүйлд заасан үйлдэлд хамаарна гэжээ.

 

Прокурор Б.Мэндсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч “Маралкоммодити” ХХК-д холбогдох иргэний хэрэгт төрийг төлөөлж миний бие оролцож байна. Талуудын эвлэрлийн гэрээ болон хэрэгт цугларсан баримтуудтай танилцлаа. Эвлэрлийг хуульд заасны дагуу баталгаажуулах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.  

 

Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

  

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Маралкоммодити” ХХК-д холбогдуулж нийгмийн даатгалын өр төлбөрт 5,038,200 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Маралкоммодити” ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1,579,400 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 1,679,400 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар, харин тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага болох 5,038,200 төгрөгийг бүхэлд нь нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй,  хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Хариуцагч “Маралкоммодити” ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1,579,400 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 1,679,400 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар, харин тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага болох 5,038,200 төгрөгийг бүхэлд нь нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст төлөхөөр харилцан тохирч, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                                                               

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 95,561 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.   

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

 

 

     ДАРГАДАГЧ ШҮҮГЧ                                                                   Н.ХАНГАЛ