Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 102/2018/02986/И |
Дугаар | 001/ХТ2019/00887 |
Огноо | 2018-06-11 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2019/00887
А.Б-, Э.Э- нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/03827 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 505 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч А.Б-, Э.Э- нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох,
Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-7 тоот тушаалыг хүчингүй болгуулах, А.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 28 354 097 төгрөг, Э.Э-ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 22 637 775 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх, А.Б-ийн сайн дурын нийгмийн даатгалын гэрээг хүчингүй болгуулж, сайн дурын нийгмийн даатгалд төлсөн 318 800 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, В.Сарангуа нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Сарангуа, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагоны авто угсраанд туслах найруулагч хавчуулагдан нас барсан авто осол гарсан. Энэхүү осолтой холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол-Орос хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын Б-Н-07 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал гарч, нэхэмжлэгч Э.Э-, А.Б- нарыг ажлаас нь үндэслэлгүй халсан байдаг.
Нэхэмжлэгч А.Батбилэр, Э.Э- нарын 4 хүнд холбогдуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд 3 шатны шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч нарыг гэм буруугүй болохыг тогтоосон. Нэхэмжлэгч нарын гэм буруутай болохыг тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг шүүхээс тогтоосон.
... Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасны дагуу “ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдвол ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь ажилгүй байсан 14 сар 22 хоногийн цалингаа хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б-ийн сарын дундаж цалинг 1 913 466 төгрөг, нэхэмжлэгч Э.Э-ын сарын дундаж цалинг 1 607 591 төгрөг болох нь нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтээс харагдаж байна.
Нэхэмжлэгч А.Б-ийн ажилгүй байсан 14 сар 22 хоногийн дундаж цалин 28 354 097 төгрөг, нэхэмжлэгч Э.Э-ын ажилгүй байсан 14 сар 22 хоногийн дундаж цалин 22 637 775 төгрөг болж байна.
Иймд хариуцагч Монгол-Орос хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-07 дугаар Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин 26 253 031 төгрөг, нэхэмжлэгч Э.Э-ын ажилгүй байсан хугацааны цалин 20 536 710 төгрөг нийт 46 789 742 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч А.Б-ийн нийгмийн сайн дурын даатгалын гэрээг хүчингүй болгож, нийгмийн даатгалд төлсөн 318 800 төгрөгийг буцаан олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч А.Б-, Э.Э- нь Сайншанд татах хэсэгт машинчаар ажиллаж байсан. Нэхэмжлэгч А.Б-ийн хувьд 2016 оны 6 дугаар сард зөрчил гаргасны улмаас 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сайншанд татах хэсгийн даргын 376 дугаар тушаалаар үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл авагдаж байсан. Ингээд үүний дараа буюу сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Шивээ-Овоо татах хэсэгт галт тэргийн зүтгүүр салгах сэлгээний ажил хийх явцдаа зүтгүүр болон вагоны хооронд 24 настай туслах найруулагч н.Баатаржав хавчуулагдаж амь нас хохироход энэ хүний буруутай үйлдэл нөлөөлсөн учраас машинч А.Б- болон туслах машинч Э.Э- нарт Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 269607 тоот тушаалаар холбогдох журам, Улаанбаатар төмөр замын даргын А/55 тушаалд заасныг мөрдөж ажиллаагүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзээд хөдөлмөрийн гэрээ цуцалсан.
... Сайншанд татах хэсгийн хөдөлмөрийн дотоод журмын 13.5-д Хөдөлмөрийн тухай хуулийн 2.3-т заасан нөхцөлийг дурдсан байдаг. Энд бол осол аваар гаргасан, хөдөлмөрийн дотоод журам ноцтой зөрчсөн, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм ноцтой зөрчиж хүн болон хөрөнгөд хохирол учруулсан зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй байдаг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/03827 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б-, Э.Э- нарын хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан гаргасан сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-7 тоот тушаалыг хүчингүй болгуулах, А.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин 28 354 097 төгрөг, Э.Э-ын ажилгүй байсан хугацааны цалин 22 637 775 төгрөгийг тус тус гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх, А.Б-ийн сайн дурын нийгмийн даатгалын гэрээг хүчингүй болгуулж, сайн дурын нийгмийн даатгалд төлсөн 318 800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 505 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/03827 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
... Нэхэмжлэгч А.Б-, Э.Э- нар нь ажлаас халсан тухай шийдвэрийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авсантай маргаагүй. Тэдний гомдлоо шүүхэд гаргах хугацаа 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дууссан байхад 1 жил 5 сарын дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргасан. А.Б-, Э.Э- нар нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар шийтгэх тогтоолоор мөн оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хуанлийн 57 хоног буюу ажлын 42 өдөр цагдан хоригджээ.
Энэ цагдан хоригдсон 57 хоногийг дээр дурдсан 1 жил 5 сараас хасаж тооцоход 1 жил 3 сарын хугацаа байх ба энэ хугацаанд тэд нар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан учраас ажлаас буруу халсан тухай гомдлоо шүүхэд гаргах боломжтой байсан.
...Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно, шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан үеэс үүснэ.
...нэхэмжлэгч нараас шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл байхгүй тул анхан шатны шүүхээс мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болсон байна.
Нэхэмжлэгч А.Б-, Э.Э- нар нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нар осол аваар гаргасан, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийг ноцтой зөрчиж, хүний амь нас болон хөрөнгөд хохирол учруулсан тул хөдөлмөрийн сахилгын шийтгэл үндэслэлтэй ногдуулсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахдаа анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчигдсөн, хэрэгт авагдсан зарим нотлох баримт хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаагүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзжээ. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3.-т заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 505 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН