Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 54

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,

Улсын яллагч:  С.Мөнхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч:  Д.Дашдооров

Шүүгдэгчийн өмгөөлөгч:  М.Алтанцэцэг

Шүүгдэгч: Д.Ганбаяр, Б.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ганбаяр, Б.Болдбаатар нарт холбогдох 201616000025 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

Монгол улсын иргэн, 

Шүүгдэгч Д.Ганбаяр, Б.Болдбаатар нар бүлэглэн улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх эд зүйл болох хонь, үхэр, ямааны нийт 4 тонн 524 килограмм 16.883.000 төгрөгийн үнэ бүхий махыг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомтоор 10-92 БНА улсын дугаартай Хино маркийн автомашинд тээвэрлэж, шунахайн сэдэлтээр Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн  гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:”...Тухайн өдөр намайг гэртээ байж байхад манай найз ирээд Ганбаяр гэж хүний 2 сая төгрөгний хөлстэй ачаа ачих ажил байна очиж уулз гэсэн. Тэгээд би очиж уулзаад Өмнөговь аймгийн Гурвэнтэс сум руу явахаар болсон. Машинд мах ачсан зах дээр очиж чихэр ачсан ойролцоогоор 4 тонн мах байсан байх. Ганбаяр хил рүү миний машиныг унаж орсон. Би бие засчихаад буцаад ирэхэд хил рүү орчихсон байсан. Яваад очиход хоёр эмэгтэй хүн дагуулж ирээд машин шалгаад тавцан дээр зогс гэсэн. Тэгээд цайны цаг боллоо гээд хоёр эмэгтэй явсан. Тэгээд удалгүй хоёр цагдаа ирж шалгаад бид хоёрыг Гурвантэс сум руу авч явсан.  

Шүүгдэгч Д.Ганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Баянхонгор аймаг дээр мах хямдхан байсан учраас би авсан махаа зарж чадахгүй байсан. Хүнээс Өмнөговь аймгийн Шивээ хүрэн хилийн боомт дээр мах үнэтэй байна гэж сонссон. Тэгээд би махаа Гурвантэс сум руу явж борлуулахаар болсон. Тэгээд очиход цагаан сар болох гээд хүмүүс явчихсан байсан учраас мах авах хүн олдохгүй байсан. Ганбаатартай хил дээр таараад ах нь мах зарах гэсэн юм аа мах авах хүн байсан уу гэж асуусан. Ганбаатар надад Насаа гэх хүний утсыг өгсөн. Тэгээд Насаатай ярихад мах авна гэсэн. Тэгсэн өглөө нь Насаа гэж хүн яриад та хаана байгаа юм бэ одоо  хил дээр хүрээд ир гэсэн. Тэгээд хил дээр очоод гадаа нь зогсоод ирчихлээ хүрээд ир гэсэн чинь одоо хашааруугаа машинтайгаа ороод ир гэсэн. Аль хашаа гэсэн чинь цэрэг зогсож байгаа хашаа гэсэн. Хаалгаар нь ороход хориглосон барьсан зүйл байгаагүй. Тэгсэн наад махыг чинь байшин дотор бүртгэдэг юм та бүртгүүлээтэх гэж хэлсэн. Тэр байшин руу нь ороод мах бүртгүүлэх гэсэн юм хаана бүртгүүлэх вэ гэж асуухад хоёр хүүхэн зааж өгсөн. Тэгээд тэр хоёр хүүхэн дээр очиход махыг чинь үзье гэсэн. Тэгээд машин дээр ирээд арынхаа хаалгыг онгойлго гээд онгойлгож хараад энэ чинь их мах байна. Тэгээд тэр шалгаж байсан хүүхэн чонын мах борын мах байгаа юм уу яг  юу юуны мах байна гээд байсан. Би үхрийн мах, хонь, ямааны мах байгаа гэж хэлсэн. Би тэгээд чонын мах байхгүй би тийм чононы мах зардаг хүн биш гэсэн чинь байх ёстой шалгана гэсэн. Цагдаа нар ирээд бас чонын мах байгаа юм уу л гээд байсан. Чонын мах байвал чамайг шалгана чонын мах байхгүй бол чамайг явуулна гээд байсан. Тэгэхээр нь бид хоёр гялс буулгаад үзүүлсэн. Тэгээд Гурвантэс сумруу авч явна гээд аваад явсан. Би бол хилээр нэг ч удаа гарч орж үзээгүй. Ганбаатар бол наад хүн чинь Монголд байдаг энд ирээд авчихдаг юм л гэж хэлсэн.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Амангельдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:“...2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10-62 БНА улсын дугаартай автомашинаар 4 тонн 524 килограмм малын мах гаргах гэж байгаад мэргэжлийн хяналтын байцаагч нарт баригдсан гэж сонссон. Шивээхүрэн хилийн боомтоор зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байвал мах гаргаж болно. Бусдаар хориглосон байдаг. Гаалийн хяналтын бүс гэж хилийн цэргийн хашаа, гаалийн үйл ажиллагаа явуулж байгаа хашааг гаалийн хяналтын бүс гэнэ. Гаалийн бүсэд зөвшөөрөлгүй эд зүйл авч нэвтэрсэн  бол  гэмт хэрэг, улсын хилийг зөрчсөн гэж үзнэ. Ганбаяр гэх хүний авч явсан гэх 4 тонн 524 кг малын мах нь гаалийн хяналтын бүсэд мэргэжлийн хяналтын байцаагч шалгаж ирүүлсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Алимаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:“...Уг автомашин нь банкны өмчлөлд байгаа ба автомашиныг нэхэмжилнэ. Гомдол гэх зүйл байхгүй. банкны өмчлөлд байгаа эд хөрөнгийг банк өөрөө захиран зарцуулах эрхтэй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/

Гэрч О.Урандарь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...Би 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Шивээхүрэн хилийн боомт дээр ажилтай байсан. Машинууд гаалийн хяналтын талбайд очерлож байсан. Тухайн үед 10-62 БНА улсын дугаар бүхий бүхээгтэй ачааны автомашины хажууд зогсож байсан хоёр залуутай очиж уулзаад бүртгүүлсэн юм уу гэхэд үгүй гэсэн. Тэгэхээр би дотогшоо ороод бүртгүүлчихээд гараад ир гэж хэлсэн. Тэгээд нэг залуу нь бүртгүүлэх гээд орсон чинь удаад байхаар нь араас нь ороход Туул гэх мэргэжлийн хяналтын байцаагчид бүртгүүлж байсан. Би тэр хүнээс та нар юу авч яваа юм бэ гэж асуухад махтай явж байна гэж хэлсэн. Зөвшөөрөлгүй мах гаргахгүй зөвшөөрлийн бичиг баримт байгаа юм уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгээд Ганбаяр гэх хүнтэй хамт Туул бид хоёр гараад 10-62 БНА улсын дугаар бүхий автомашин дээр очоод бичиг баримтаа гэхэд автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон Ганбаяр гэх нэртэй гадаад паспорт өгсөн. Тэгээд би бүхээгний ар талын хаалгаа нээж үзүүл гэхэд машины ар талын хаалгыг онгойлгож харуулсан хаалганы цаад талд хайрцагтай чихэрнүүд өрсөн байсныг буулгаад харахад цаад талд нь их хэмжээний малын мах байсан. Туулд шилжүүлж өгсөн.  ...Ганбаяр нь тухайн үед Болдбаатар гэх хүнтэй хамт явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ын 31-32-р хуудас/,

Гэрч Ж.Туулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...Би 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би Шивээхүрэн хилийн боомт дээр ажилтай байсан ба гаднаас Ганбаяр гэж хүн орж ирээд бүртгүүлсэн махтай явна гэж хэлсэн. ...Үхэр, хонь, ямааны мах байсан нийлээд 4524 кг малын мах байсан. Ганбаяр гэх хүн тухайн үед Болдбаатар гэх хүнтэй хамт явж байсан. ...Гаалийн хяналтын бүсэд Шивээхүрэн хилийн боомт болон тойрсон хашаан доторх бүсийг тооцно. Гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөлгүй эд зүйл нэвтрүүлэх юм бол Монгол улсын хил зөрчсөн гэж үздэг. Тухайн мах гаалийн хяналтыг талбайн бүсэд нэвтэрсэн байсныг шалгаж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ын 34-35-р хуудас/,

Гэрч Ц.Мөнхнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ганбаатар гэх хүн миний утас руу залгаад мах худалдаж авах уу гэж асуухаар нь тэгнэ гэж хэлсэн.Тэгэхэд энд махтай хүн ирчихсэн байна би чиний дугаарыг өглөө гэж хэлсэн.  Удалгүй Ганбаяр гэх хүн утасдаад надад ямааны мах байна худалдаж авах уу гэж хэлсэн. Тухайн үед би Хятад улсад байсан тул ороод ирэхээр нь үзэж байгаад авна гэж хэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр миний дугаарлуу залгасан....мэргэжлийн хяналтын байцаагч Туул гэх хүн надтай утсаар яриад энэ мах бичиг баримтгүй байна таньд байгаа юм уу гэж асуусан тэгэхэд нь Ганбаяр надад зарах гээд байсан мах нь хилээр гарах зөвшөөрлийн бичиг баримтгүй юм байна гэж мэдсэн. Тэгээд надад бичиг баримт байхгүй яаж хаанаас хилээр гарах зөвшөөрлийн бичиг баримт авдаг юм гэж асуухад Улсын мэргэжлийн хяналтын газраас байхаа зөвшөөрөл авдаг гэж хэлж байсан Ганбаяр гэх хүнтэй утсаар ярихдаа Хятад улсад оруулаад ирвэл л худалдаж авна гэж ярьсан. Би Ганбаяр гэх хүнийг огт танихгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/

Гэрч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт“...2016 оны 02 дугаар сарын 01-02-ны үеэр би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомт дээр байхад Ганбаяр ачаа ачих унаа байна уу гэж асуухаар нь 2-3 хүн рүү яриад найз Болдоо гэх хүн ачихаар болсон чинь орой болоод явах гэсэн чинь ажил нь амжаагүй өөр машин явуулсан байсан. Тэгээд Ганбаяр ах намайг хил дээр ирчихээд мах авах хүн байна уу гэж асуухаар нь би Насаа гэх хүний дугаарыг өгсөн. Ганбаяр Насаатай ярьсан би тэгээд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймаг явсан. ...Ганбаяр гэх хүн над руу 2016 оны 02 дугаар сарын 02,03-ны үеэр надруу ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/

Шүүгдэгч Д.Ганбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгт:”...2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл худалдаж болон зээлж авсан махнуудаа Гурвантэс суманд борлуулахаар болсон. ...01 дүгээр сарын 29-ний орой Гурвантэс сумын төвд ирсэн. Тэгээд Ганбаатартай утсаар яриад ирчихсэн байна гэхэд ...Поошиг гэх газар хүрээд ир, энд буудал нь хямдхан байдаг гэж хэлсэн. ...Тэгээд Ганбаатартай уулзаж малын мах зарах гэсэн юм авах хүн байгаа болов уу Хятад улс руу зарвал яадаг юм бол гэж асуухад Ганбаатар хилээр гаргаж болохгүй нэмэргүй та энэ хавьд худалдаж авах хүн байвал өгсөн дээр гэж хэлсэн. ...таны авч яваа махыг бөөнөөр нь худалдаж авч магадгүй гэж хэлээд Насаа гэх хүний 99542029 гэсэн дугаар өгсөн. Тэгээд би тэр дугаар руу нь залгаад мах зарах гээд явж байна гэж хэлэхэд ойлголоо би эргээд залгая гэж хэлсэн. Тэгээд Ганбаатар Баянхонгор аймаг руу явлаа гэж хэлээд явсан. Маргааш нь Насаа гэх хүн 99542029 гэсэн дугаараас миний 88319898 утас руу залгаад та хаана байгаа юм гэж асуухаар нь Поошиг гэх газар байна гэж хэлэхэд та яаралтай хил дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь Болдбаатарын хамт Шивээхүрэн хилийн боомт дээр очиод Насаа гэх хүний дугаарлуу залгаад хүрээд ирлээ гэж хэлэхэд та хаалгаар ороод ир гэсэн ямар хаалгаар орох юм гэж асуухад хоёр цэрэг зогсож байгаа хаалгаар гэж хэлсэн ...Тэгээд машинуудын хойд талд оочирлоод зогсож байхад Насаа гэх хүн миний дугаар луу залгаад чи хажуу талын байшин руу ороод ир тэнд бүртгүүл гэж хэлсэн би ороод мах бүртгүүлэх гэсэн юм хаана бүртгүүлэх юм гэж асуухад хоёр эмэгтэй хүнийг зааж өгсөн ...Тухайн үед машинд Болдбаатар сууж явсан хоёр хүн машин дээр ирээд шалгаад эхэлсэн ..Насаагийн мах байгаа юм гэж хэлсэн тойрч шалгаж байгаад яваад өгсөн ...Тэгээд байж байтал нөгөө хоёр хүн ирээд наад махныхаа эзнийг яриулаатах гэж хэлсэн ...Насаа гэх хүн миний машиныг шалгасан хүнтэй нь утсаар ярьсан эхлээд зүгээр ярьж байгаад сүүлдээ хэрэлдээд байх шиг байсан миний утсыг өгөөд та байж бай таныг шалгана цагдаад мэдэгдэнэ гэж хэлсэн. ...Тэгээд Гурвантэс сумын цагдаагийн тасаг дээр ирээд үзэхэд 4-тонн 524 кг байсан. Шивээхүрэн хилийн боомт руу ороход гааль дээр шалгаад барьсан юм. Хууль бус зүйл хийсэндээ их харамсаж байна тухайн үед би үнэхээр мэдэлгүй хилийн бүсрүү орсон юм” гэсэн мэдүүлэг /хх-ын 62-64-р хуудас/,

Шүүгдэгч Б.Болдбаатар мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгт:”...2016 оны 01 дүгээр сарын 28-ны орой гэртээ байхад миний танил над дээр ирээд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомт руу ачаа ачих унаа хайгаад байна гэж хэлсэн. Тэгээд би очиж уулзаад Ганбаяр гэх хүний малын мах, чихэр гээд нийт 4 тонн гаран ачаатай явахаар болсон. Тэгээд шөнө бараагаа ачаад Баянхонгор сумаас гарсан. 2016 оны 01 дүгээр сарын 29-ний орой 17 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ирээд шууд Шивээхүрэн хилийн боомт руу явсан. Поошиг гэх газар очоод нэг айлд хоносон. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өглөө Ганбаяр ах Ганбаатар гэх хүн рүү залгаж яриад Шивээхүрэн хилийн боомт дээр хүрээд ир гэж хэлсэн би машинаа жолоодоод Ганбаяр ах миний хажууд суугаад хил дээр очиход Ганбаатар гарч ирээд нэг айл зааж өгөөд тэнд очоод байж бай хүн байхгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд өөрөө Хятад улс руу явсан. Тэгээд маргааш өдөр нь Ганбаатар гэх хүн ирээд би Баянхонгор аймаг руу буцлаа гэж хэлээд Ганбаяр ахад нэг дугаар өгөөд явсан тэгээд Ганбаатар ахын өгсөн дугаар луу Ганбаяр ах залгаад яриад байсан тэр хоёр юу ярьсан талаар нь мэдэхгүй. Тэгээд маргааш нь буюу 02 дугаар сарын 03-ны өглөө нэг хүн Ганбаяр ах руу утасдаад хүрээд ир гэж хэлсэн тэгээд Шивээхүрэн хилийн боомт руу Ганбаяр ах машин жолоодоод би хажууд нь суугаад явсан. Явах замдаа нөгөө хүнтэйгээ утсаар яриад байсан. Нөгөө хүн нь хоёр цэрэг зогсож байгаа хаалгаар ороод ир гэж хэлсэн. Тэгэхдээ цагаан хуудас өгнө тэрийг нь аваад ирээрэй гэж хэлсэн. Тухайн үед Ганбаяр ахтай утсаар ярьж байсан эмэгтэй хүний хэлж байгаа нь сонсогдож байсан. Ганбаяр ах нөгөө эмэгтэй хүнтэй утсаар ярьчихаад тэнд байсан байшин руу орсон удалгүй хоёр эмэгтэй хүн дагуулаад ирсэн тэр хоёр эмэгтэй хүн ирээд ард талын хаалгаа онгойлго гэж хэлээд машин шалгасан тэгээд махны эзнийг дууд гэж хэлсэн. Ганбаяр ах нөгөө эмэгтэй рүү залгаад нөгөө хоёр эмэгтэй хүнийг нэгийг нь яриулсан. Тэгээд нөгөө эмэгтэй утсаар ярьж байхдаа цагдаа дуудлаа гээд байсан. Удалгүй цайны цаг болчихсон гээд яваад өгсөн Ганбаяр ах бид хоёр нөгөө хашаанаас гарч хүлээж байгаад цайны цагийн дараа нөгөө хоёр эмэгтэйтэй уулзсан тэгээд машинд суугаад байж байтал цагдаа нар хүрээд ирсэн. Тухайн үед 2 сая төгрөгний төлбөр авахаар болсон тэгээд 1 сая төгрөг аваад бензин хийж идэх уух юм авсан. Үлдсэн 1 сая төгрөгийг дараа нь авна гэж тохирсон байсан. Миний машин амбаартай юм тэгээд махыг цаад талд нь ачаад хайрцагтай чихэрнүүдийг хойд талд нь хаалган талдаа өрсөн байсан би тухайн үед байгаагүй юм. Тухайн үед орохоосоо өмнө Монгол улсын хил гэдгийг мэдэж байсан гэхдээ цаанаас нь Ганбаяр ахтай хүн яриад байсан болохоор бичиг баримт нь болчихсон юм байх гэж бодсон. Тухайн автомашин миний автомашин” гэсэн мэдүүлэг /хх-ын 66-68-р хуудас/,

Өмнөговь аймаг мал эмнэлгийн итгэмжлэгдсэн лабораторийн 2016 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн №08 дугаартай дүгнэлтээр:...Дээрх үхэр, хонь, ямааны мах нь Монгол улсад мөрдөгдөж буй Махны хяналтын дүрмийн 16-бүлгийн 19.2 дахь заалтад нийцэж байгаа бөгөөд MNS 4255:1995, MNS  4891:1999, MNS 4835:1999, стандартуудаар батлагдсан арга зүйн дагуу шинжлэхэд мал эмнэлэгийн эрүүл ахуйн ариун цэврийн шаардлагыг хангасан хүнсний хэрэгцээнд хэрэглэхэд нийцэж байна. Иймд Гурвантэс сумын ЗДТГ-н дэргэдэх “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг шийдвэрлэх” орон тооны бус зөвлөлд шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй. Цаашид хадгалах, худалдаалах горимыг чанд баримтлан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг зөвлөж байна гэжээ. /хх-ийн 52х/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9-р хуудас/

Хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 16-19-р хуудас/

    Хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 20-р хуудас/

    Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 21-22-р хуудас/

    Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 23-р хуудас/

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын засаг даргын дэргэдэх орон тооны бус үнэлгээний комиссын дүгнэлтэнд: Тус суманд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үхрийн мах 1кг 4000 төгрөг, хонины мах 1кг 4000 төгрөг, ямааны мах 1 кг нь 3000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тодорхойлов гэжээ. /хх-ийн 47-р хуудас/

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын засаг даргын дэргэдэх орон тооны бус үнэлгээний комиссын дүгнэлтэнд: 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тус суманд Маяти маркийн автомашин худалдаалдаггүй бөгөөд зах зээлийн ханшийг судлахад тухайн автомашин нь 5.000.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тодорхойлов гэжээ. /хх-ийн 49-р хуудас/

Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэнд: ... Дээрхи үхэр, хонь, ямааны мах нь Монгол улсад мөрдөгдөж буй Махны хяналтын дүрмийн 16-р бүлгийн 19.2 дахь заалтад нийцэж байгаа бөгөөд М№ 4255:1995, МЫ5 4891:1999, МЫ5 4835:1999 стандартуудаар батлагдсан арга зүйн дагуу шинжпэхэд мал эмнэлгийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангасан хүнсний хэрэгцээнд хэрэглэхэд нийцэж байна. Иймд Гурван тэс сумын ЗДТГ-ын дэргэдэх “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг шийдвэрлэх” орон тооны бус зөвлөлд шилжүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй. Цаашид хадгалах, худалдаалах горимыг чанд баримтлан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг зөвлөж байна гэжээ. /хх-ийн 52-р хуудас/

Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 75-р хуудас/

 Хяналт шалгалтаар хураагдсан эд зүйлийг устгасан тухай акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 76-79-р хуудас/

 Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн засаг даргын Д.Ганбаярын талаар гаргасан тодорхойлолт /хх-ийн 90-р хуудас/

 Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн засаг даргын Д.Ганбаярын талаар гаргасан тодорхойлолт /хх-ийн 91-р хуудас/

Шүүгдэгч Д.Ганбаярыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101-р хуудас/

 Шүүгдэгч Б.Болдбаатарыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102-р хуудас/

     Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 103-р хуудас/

          Юнител ХХК-иас Цагдаагийн газарт ирүүлсэн лавлагаа /хх-ийн 104-120-р хуудас/,

          Өмнөговь аймгийн Гурвэнтэс сумын Татварын газрын харьяа дансанд махны үнэ төлсөн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 128-р хуудас/,

          Шүүгдэгч Б.Болдбаатарын Баянхонгор аймгийн Хас банкны зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 149-171-р хуудас/,

          Хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 173-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Ганбаяр, Б.Болдбаатар нар нь бүлэглэн улсын хилээр тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх эд зүйл болох хонь, үхэр, ямааны нийт 4 тонн 524 килограмм 16.883.000 төгрөгийн үнэ бүхий махыг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомтоор 10-92 БНА улсын дугаартай Хино маркийн автомашинд тээвэрлэж, шунахайн сэдэлтээр Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Амангельдын:“...2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10-62 БНА улсын дугаартай автомашинаар 4 тонн 524 килограмм малын мах гаргах гэж байгаад мэргэжлийн хяналтын байцаагч нарт баригдсан гэж сонссон. Шивээхүрэн хилийн боомтоор зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байвал мах гаргаж болно. Бусдаар хориглосон байдаг. Гаалийн хяналтын бүс гэж хилийн цэргийн хашаа, гаалийн үйл ажиллагаа явуулж байгаа хашааг гаалийн хяналтын бүс гэнэ. Гаалийн бүсэд зөвшөөрөлгүй эд зүйл авч нэвтэрсэн  бол  гэмт хэрэг, улсын хилийг зөрчсөн гэж үзнэ. Ганбаяр гэх хүний авч явсан гэх 4 тонн 524 кг малын мах нь гаалийн хяналтын бүсэд мэргэжлийн хяналтын байцаагч шалгаж ирүүлсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

Гэрч О.Урандарийн:”...Би 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Шивээхүрэн хилийн боомт дээр ажилтай байсан. Машинууд гаалийн хяналтын талбайд очерлож байсан. Тухайн үед 10-62 БНА улсын дугаар бүхий бүхээгтэй ачааны автомашины хажууд зогсож байсан хоёр залуутай очиж уулзаад бүртгүүлсэн юм уу гэхэд үгүй гэсэн. Тэгэхээр би дотогшоо ороод бүртгүүлчихээд гараад ир гэж хэлсэн. Тэгээд нэг залуу нь бүртгүүлэх гээд орсон чинь удаад байхаар нь араас нь ороход Туул гэх мэргэжлийн хяналтын байцаагчид бүртгүүлж байсан. Би тэр хүнээс та нар юу авч яваа юм бэ гэж асуухад махтай явж байна гэж хэлсэн. Зөвшөөрөлгүй мах гаргахгүй зөвшөөрлийн бичиг баримт байгаа юм уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгээд Ганбаяр гэх хүнтэй хамт Туул бид хоёр гараад 10-62 БНА улсын дугаар бүхий автомашин дээр очоод бичиг баримтаа гэхэд автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон Ганбаяр гэх нэртэй гадаад паспорт өгсөн. Тэгээд би бүхээгний ар талын хаалгаа нээж үзүүл гэхэд машины ар талын хаалгыг онгойлгож харуулсан хаалганы цаад талд хайрцагтай чихэрнүүд өрсөн байсныг буулгаад харахад цаад талд нь их хэмжээний малын мах байсан. Туулд шилжүүлж өгсөн.  ...Ганбаяр нь тухайн үед Болдбаатар гэх хүнтэй хамт явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ын 31-32-р хуудас/,

Гэрч Ж.Туулын:”...Би 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би Шивээхүрэн хилийн боомт дээр ажилтай байсан ба гаднаас Ганбаяр гэж хүн орж ирээд бүртгүүлсэн махтай явна гэж хэлсэн. ...Үхэр, хонь, ямааны мах байсан нийлээд 4524 кг малын мах байсан. Ганбаяр гэх хүн тухайн үед Болдбаатар гэх хүнтэй хамт явж байсан. ...Гаалийн хяналтын бүсэд Шивээхүрэн хилийн боомт болон тойрсон хашаан доторх бүсийг тооцно. Гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөлгүй эд зүйл нэвтрүүлэх юм бол Монгол улсын хил зөрчсөн гэж үздэг. Тухайн мах гаалийн хяналтыг талбайн бүсэд нэвтэрсэн байсныг шалгаж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ын 34-35-р хуудас/,

Гэрч Ц.Мөнхнасангийн:”...2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ганбаатар гэх хүн миний утас руу залгаад мах худалдаж авах уу гэж асуухаар нь тэгнэ гэж хэлсэн.Тэгэхэд энд махтай хүн ирчихсэн байна би чиний дугаарыг өглөө гэж хэлсэн.  Удалгүй Ганбаяр гэх хүн утасдаад надад ямааны мах байна худалдаж авах уу гэж хэлсэн. Тухайн үед би Хятад улсад байсан тул ороод ирэхээр нь үзэж байгаад авна гэж хэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр миний дугаарлуу залгасан....мэргэжлийн хяналтын байцаагч Туул гэх хүн надтай утсаар яриад энэ мах бичиг баримтгүй байна таньд байгаа юм уу гэж асуусан тэгэхэд нь Ганбаяр надад зарах гээд байсан мах нь хилээр гарах зөвшөөрлийн бичиг баримтгүй юм байна гэж мэдсэн. Тэгээд надад бичиг баримт байхгүй яаж хаанаас хилээр гарах зөвшөөрлийн бичиг баримт авдаг юм гэж асуухад Улсын мэргэжлийн хяналтын газраас байхаа зөвшөөрөл авдаг гэж хэлж байсан Ганбаяр гэх хүнтэй утсаар ярихдаа Хятад улсад оруулаад ирвэл л худалдаж авна гэж ярьсан. Би Ганбаяр гэх хүнийг огт танихгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/

Гэрч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт“...2016 оны 02 дугаар сарын 01-02-ны үеэр би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомт дээр байхад Ганбаяр ачаа ачих унаа байна уу гэж асуухаар нь 2-3 хүн рүү яриад найз Болдоо гэх хүн ачихаар болсон чинь орой болоод явах гэсэн чинь ажил нь амжаагүй өөр машин явуулсан байсан. Тэгээд Ганбаяр ах намайг хил дээр ирчихээд мах авах хүн байна уу гэж асуухаар нь би Насаа гэх хүний дугаарыг өгсөн. Ганбаяр Насаатай ярьсан би тэгээд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймаг явсан. ...Ганбаяр гэх хүн над руу 2016 оны 02 дугаар сарын 02,03-ны үеэр надруу ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/

Шүүгдэгч Д.Ганбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр:”...2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл худалдаж болон зээлж авсан махнуудаа Гурвантэс суманд борлуулахаар болсон. ...01 дүгээр сарын 29-ний орой Гурвантэс сумын төвд ирсэн. Тэгээд Ганбаатартай утсаар яриад ирчихсэн байна гэхэд ...Поошиг гэх газар хүрээд ир, энд буудал нь хямдхан байдаг гэж хэлсэн. ...Тэгээд Ганбаатартай уулзаж малын мах зарах гэсэн юм авах хүн байгаа болов уу Хятад улс руу зарвал яадаг юм бол гэж асуухад Ганбаатар хилээр гаргаж болохгүй нэмэргүй та энэ хавьд худалдаж авах хүн байвал өгсөн дээр гэж хэлсэн. ...таны авч яваа махыг бөөнөөр нь худалдаж авч магадгүй гэж хэлээд Насаа гэх хүний 99542029 гэсэн дугаар өгсөн. Тэгээд би тэр дугаар руу нь залгаад мах зарах гээд явж байна гэж хэлэхэд ойлголоо би эргээд залгая гэж хэлсэн. Тэгээд Ганбаатар Баянхонгор аймаг руу явлаа гэж хэлээд явсан. Маргааш нь Насаа гэх хүн 99542029 гэсэн дугаараас миний 88319898 утас руу залгаад та хаана байгаа юм гэж асуухаар нь Поошиг гэх газар байна гэж хэлэхэд та яаралтай хил дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь Болдбаатарын хамт Шивээхүрэн хилийн боомт дээр очиод Насаа гэх хүний дугаарлуу залгаад хүрээд ирлээ гэж хэлэхэд та хаалгаар ороод ир гэсэн ямар хаалгаар орох юм гэж асуухад хоёр цэрэг зогсож байгаа хаалгаар гэж хэлсэн ...Тэгээд машинуудын хойд талд оочирлоод зогсож байхад Насаа гэх хүн миний дугаар луу залгаад чи хажуу талын байшин руу ороод ир тэнд бүртгүүл гэж хэлсэн би ороод мах бүртгүүлэх гэсэн юм хаана бүртгүүлэх юм гэж асуухад хоёр эмэгтэй хүнийг зааж өгсөн ...Тухайн үед машинд Болдбаатар сууж явсан хоёр хүн машин дээр ирээд шалгаад эхэлсэн ..Насаагийн мах байгаа юм гэж хэлсэн тойрч шалгаж байгаад яваад өгсөн ...Тэгээд байж байтал нөгөө хоёр хүн ирээд наад махныхаа эзнийг яриулаатах гэж хэлсэн ...Насаа гэх хүн миний машинийг шалгасан хүнтэй нь утсаар ярьсан эхлээд зүгээр ярьж байгаад сүүлдээ хэрэлдээд байх шиг байсан миний утсыг өгөөд та байж бай танийг шалгана цагдаад мэдэгдэнэ гэж хэлсэн. ...Тэгээд Гурвантэс сумын цагдаагийн тасаг дээр ирээд үзэхэд 4-тонн 524 кг байсан. Шивээхүрэн хилийн боомт руу ороход гааль дээр шалгаад барьсан юм. Хууль бус зүйл хийсэндээ их харамсаж байна тухайн үед би үнэхээр мэдэлгүй хилийн бүсрүү орсон юм” гэсэн мэдүүлэг /хх-ын 62-64-р хуудас/,

Шүүгдэгч Б.Болдбаатар мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр:”...2016 оны 01 дүгээр сарын 28-ны орой гэртээ байхад миний танил над дээр ирээд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомт руу ачаа ачих унаа хайгаад байна гэж хэлсэн. Тэгээд би очиж уулзаад Ганбаяр гэх хүний малын мах, чихэр гээд нийт 4 тонн гаран ачаатай явахаар болсон. Тэгээд шөнө бараагаа ачаад Баянхонгор сумаас гарсан. 2016 оны 01 дүгээр сарын 29-ний орой 17 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ирээд шууд Шивээхүрэн хилийн боомт руу явсан. Поошиг гэх газар очиод нэг айлд хоносон. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өглөө Ганбаяр ах Ганбаатар гэх хүн рүү залгаж яриад Шивээхүрэн хилийн боомт дээр хүрээд ир гэж хэлсэн би машинаа жолоодоод Ганбаяр ах миний хажууд суугаад хил дээр очиход Ганбаатар гарч ирээд нэг айл зааж өгөөд тэнд очоод байж бай хүн байхгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд өөрөө Хятад улс руу явсан. Тэгээд маргааш өдөр нь Ганбаатар гэх хүн ирээд би Баянхонгор аймаг руу буцлаа гэж хэлээд Ганбаяр ахад нэг дугаар өгөөд явсан тэгээд Ганбаатар ахын өгсөн дугаар луу Ганбаяр ах залгаад яриад байсан тэр хоёр юу ярьсан талаар нь мэдэхгүй. Тэгээд маргааш нь буюу 02 дугаар сарын 03-ны өглөө нэг хүн Ганбаяр ах руу утасдаад хүрээд ир гэж хэлсэн тэгээд Шивээхүрэн хилийн боомт руу Ганбаяр ах машин жолоодоод би хажууд нь суугаад явсан. Явах замдаа нөгөө хүнтэйгээ утсаар яриад байсан. Нөгөө хүн нь хоёр цэрэг зогсож байгаа хаалгаар ороод ир гэж хэлсэн. Тэгэхдээ цагаан хуудас өгнө тэрийг нь аваад ирээрэй гэж хэлсэн. Тухайн үед Ганбаяр ахтай утсаар ярьж байсан эмэгтэй хүний хэлж байгаа нь сонсогдож байсан. Ганбаяр ах нөгөө эмэгтэй хүнтэй утсаар ярьчихаад тэнд байсан байшин руу орсон удалгүй хоёр эмэгтэй хүн дагуулаад ирсэн тэр хоёр эмэгтэй хүн ирээд ард талын хаалгаа онгойлго гэж хэлээд машин шалгасан тэгээд махны эзнийг дууд гэж хэлсэн. Ганбаяр ах нөгөө эмэгтэй рүү залгаад нөгөө хоёр эмэгтэй хүнийг нэгийг нь яриулсан. Тэгээд нөгөө эмэгтэй утсаар ярьж байхдаа цагдаа дуудлаа гээд байсан. Удалгүй цайны цаг болчихсон гээд яваад өгсөн Ганбаяр ах бид хоёр нөгөө хашаанаас гарч хүлээж байгаад цайны цагийн дараа нөгөө хоёр эмэгтэйтэй уулзсан тэгээд машинд суугаад байж байтал цагдаа нар хүрээд ирсэн. Тухайн үед 2 сая төгрөгний төлбөр авахаар болсон тэгээд 1 сая төгрөг аваад бензин хийж идэх уух юм авсан. Үлдсэн 1 сая төгрөгийг дараа нь авна гэж тохирсон байсан. Миний машин амбаартай юм тэгээд махыг цаад талд нь ачаад хайрцагтай чихэрнүүдийг хойд талд нь хаалган талдаа өрсөн байсан би тухайн үед байгаагүй юм. Тухайн үед орхоосоо өмнө Монгол улсын хил гэдгийг мэдэж байсан гэхдээ цаанаас нь Ганбаяр ахтай хүн яриад байсан болохоор бичиг баримт нь болчихсон юм байх гэж бодсон. Тухайн автомашин миний автомашин” гэсэн мэдүүлэг /хх-ын 66-68-р хуудас/, Өмнөговь аймаг мал эмнэлэгийн итгэмжлэгдсэн лабораторийн 2016 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн №08 дугаартай дүгнэлт, /хх-ийн 52-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9-р хуудас/, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 16-19-р хуудас/, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 20-р хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 21-22-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 23-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ганбаяр, Б.Болдбаатар нарыг бүлэглэн хязгаарласан эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.  

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Тус эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ч.Амангельд нь ”...Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч Д.Ганбаяр, Б.Болдбаатар нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг ...эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан боловч гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх 10-62 БНА улсын дугаартай Рэнжир Хино маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь Баянхонгор аймгийн Хас банк болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул 10-62 БНА улсын дугаартай автомашины №01088495 дугаартай тээврийн хэрэгслийг гэрчилгээг Баянхонгор аймгийн Хас банкинд шилжүүлж шийдвэрлэв.

 Харин уг тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын засаг даргын дэргэдэх орон тооны бус үнэлгээний комиссын дүгнэлтээр ...5.000.000 /таван сая/  төгрөгөөр үнэлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5.000.000 /таван сая/ төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хуваарилж, шүүгдэгч Д.Ганбаяраас 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Болдбаатараас 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Ганбаяр, Б.Болдбаатар нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 101-102-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.     

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул

шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй,  шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ганбаяр, Б.Болдбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг дурьдаж шийдвэрлэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 тонн 524 кг махын зарим хэсгийг устгаж, зарим хэсгийг улсын орлогод оруулж, махны үнэ болох 6.960.200 төгрөгийг Өмнөговь аймгийн татварын газрын 5589002818 тоот дансанд тушаасан болох нь Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овгийн Дамбажанцангийн Ганбаяр, Сүх овгийн Бадмаагийн Болдбаатар нарыг бүлэглэн хязгаарласан эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганбаярт 500.000 /таван зуун мянга/ төгрөгний эд хөрөнгө хурааж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Болдбаатарт 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгний эд хөрөнгө хурааж 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганбаяр, Б.Болдбаатар нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч  Б.Болдбаатар, Д.Ганбаяр нар бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5.000.000 /таван сая/ төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хуваарилж, шүүгдэгч Д.Ганбаяраас 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Болдбаатараас 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод, Өмнөговь аймгийн татварын газрын 5589002818 тоот дансанд тушаасан 6.960.200 төгрөгийг уг данснаас гаргуулан улсын орлогод тус тус оруулахыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10-62 БНА улсын дугаартай автомашины №01088495 дугаартай тээврийн хэрэгслийг гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Баянхонгор аймгийн Хас банкны салбарт олгож, хуулбарыг хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганбаяр, Б.Болдбаатар нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Д.Ганбаярыг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Болдбаатарыг 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганбаяр, Б.Болдбаатар нарын засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Баянхонгор аймгийн Цагдаагийн хэлтэст даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганбаяр, Б.Болдбаатар нарт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

    11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА