Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 01932

 

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2017/01932

 

 

"МХТ" ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/01398 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч "МХТ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "ЭТ" ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 773 944 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шуүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: У.У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"МХТ" ХХК нь "ЭТ" ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр элс хайрга худалдах, худалдан авах гэрээ байгуулан бараа материалаа нийлүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээнд бид гарын үсэг зуран нотариатаар батлуулсан. Гэрээнд заасны дагуу төлбөр тооцоо хийх хугацаа хэтэрсэн боловч худалдан авагч "ЭТ" ХХК нь төлбөрөө төлөөгүй өнөө хүрч байна.

Худалдах худалдан авах гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,03 хувийн алданги тооцож 704 хоногийн алданги 1 153 944 төгрөг, үндсэн төлбөр 4 620 000 төгрөг нийт 5 773 944 төгрөгийг хариуцагч "ЭТк" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би тус компанитай 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр элс, хайрга худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулан 0,5 мм-ийн хайргыг 1 куб.м-ийг нь 9 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон, гэрээний төсөлд 1 куб.м хайрганы үнийг 10 000 төгрөг гэж байсныг харилцан 9 000 төгрөг болгон гараар засаж 2 хувь үйлдэн нэг нэг хувийг нь авсан юм.

Гэрээний дагуу нийт 4 199 м.куб хайрга худалдан авч 9 000 төгрөгөөр тооцон нийт 37 791 000 төгрөгийг нэхэмжлэгч компанид төлсөн болно. Энэ хугацаанд "МХТ" ХХК-иас манай компанид хандан нэг ч удаа энэ талаар мэдэгдэж байгаагүй. Тухайн үед эдийн засгийн хямралт байдал, хөрөнгө оруулалтаас шалтгаалан барилга, бүтээн байгуулалтын ажлууд зогсонги байдалд орж хайрагны үнэ буурсан байсан. Нэхэмжлэгч компани хэдий хэмжээний хайрга шилжүүлэн өгсөн, хэдэн төгрөгөөр тооцож зөрүү гарган шүүхэд хандаад байгааг мөн хайрганы дүн, манайхаас төлсөн дүн зэрэг эрс зөрүүтэй ойлгомжгүй байна.

Манай компани бол гэрээгээр хүлээсэн үүргээ тухай бүрд нь гүйцэтгэж төлбөрийг бүрэн төлсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тооцоо нийлсэн актыг манай компанитай огт хийгээгүй. Тооцоо нийлсэн актаар хэдэн м.куб хайрга шороо өгснөө ч эд өөрсдөө нотолж чадахгүй байна. Харин манай компани гэрээний дагуу үүргээ гүйцэтгээд 4 199 м.куб хайрга худалдан авч, үнийг төлсөн. Үнэхээр тооцооны акт болон манай мөнгө төлсөн баримтаар тооцож үзвэл 291 000 төгрөгийн зөрүү байгаа. Энэ мөнгийг бид төлнө. Бусдаар бол манайх үүргийн гүйцэтгэлийг хангасан.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгтзаасныг баримтлан хариуцагч "ЭТ" ХХК-иас 5 438 288 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "МХТ" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 335 656 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 101 963 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж

нотлох баримтууд дутуу буруу үнэлж шийдвэрлэсэн мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талууд гэрээнд заасны дагуу нийлүүлсэн тооцоо нийлсэн акт үйлдсэн байх бөгөөд уг актад "...бүтээгдэхүүний нэр 0-5 мм хайрга, ...нэгж үнэ 10 000" гэснээс үзэхэд 1 м.куб хайргын үнэ 10 000 төгрөг гэж тайлбарласан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд уг актад "ЭТ" ХХК-ийн захирал Ё.Б гарын үсэг зуржээ." гэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд өгсөн дээрхи тооцооны хуудас бол харилцан тооцоо нийлсэн акт биш ба "ЭТ" ХХК-ийн захирал Ё.Бийн гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй төдийгүй дээрхи тооцооны хуудастай ижил баримт хэрэгт хэд хэд хавсаргасан. Хэвлэж гаргасан огноо нь янз бүр байхад зөвхөн шүүхэд шинээр гаргаж өгсөн нэг баримтыг л үндэслэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Талууд гэрээний үнэд 10 000 төгрөгийг, 9 000 төгрөг болгон өөрчлөлт оруулаад нэг нэг хувийг авсан ба хариуцагч талаас өөрт байгаа 9 000 төгрөгийн үнэ бүхий гэрээний хувийг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Мөн шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэж байх явцад буюу 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч талд байгаа гэрээний үнэд 9 000 төгрөг гэж засвар оруулсан гэрээний хувийг авч нэхэмжлэгч "МХТ" ХХК-ийн гэрээний хуулбар хувь гэж бичүүлэн тамга дарж баталгаажуулсан гэрээг шүүхэд нотлох баримтаар өгсөөр байхад анхан шатны шүүх хэрхэн яаж дүгнэсэн нь тодорхойгүй орхигдуулсан байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрхэн яаж, үнэлж дүгнэсэн нь ойлгомжгүй, шүүхийн хэлэлцүүлгийн үе дууссан байхад нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэж хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч "МХТ" ХХК нь хариуцагч "ЭТ" ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 773 944 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр "Элс хайрга худалдах, худалдан авах гэрээ" байгуулагдаж, нэхэмжлэгч "МХТ" ХХК нь 0-5 мм

 элс, хайргыг тохирсон хугацаанд худалдан авагчид нийлүүлэх, хариуцагч "ЭТ" ХХК нь төлбөрийг төлөх, талууд үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Зохигчид 4199 м.куб элс, хайргыг нэг тал хүлээлгэж өгсөн, нөгөө тал хүлээн авсан болон хариуцагч "ЭТ" ХХК нь 37 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар маргаангүй байна.

 

Харин 1 м.куб элс, хайргыг нэхэмжлэгч 10 000 төгрөгөөр, хариуцагч 9 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэж маргаж, хариуцагч нь нэхэмжлэгчтэй тооцоо нийлээгүй гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч талаас баримтаар гаргасан гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 9-10 дахь тал/-ын 4.7 дахь хэсэгт үнийг “10 000 төгрөг” гэснийг хар өнгийн балаар гараар засварлаж “9 000 төгрөг” болгосон байх бөгөөд гэрээний энэ засвартай дүнтэй хэсэгт хэн аль нь гарын үсэг зурах, эсхүл тамга дарж баталгаажуулаагүй тул уг гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй, үнэн зөв гэж дүгнэх боломжгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч тал нь нэхэмжлэгч талаас баталгаажуулж өгсөн гэх гэрээний хувийг баримтаар гаргасан /хх 44-45 дахь тал/ боловч уг гэрээний эхний болон гурав дахь нүүр хэсэгт “МХТ” ХХК-ийн тамга дарагдсан боловч маргаж буй үнэ бичигдсэн 2 дахь нүүр хэсэгт уг тамга дарагдаагүй байх тул уг баримтыг эргэлзээтэй гэж дүгнэхээр байна.

 

Хэргийн 46-47 дахь талд гэрээний зүйлийг нийлүүлэн хүлээж авсан огноо, хэмжээ, нэгжийн үнэ, хүргэсэн автомашины дугаар бүхий бичгийн баримтад хариуцагч талыг төлөөлж захирал Ё.Бгарын үсэг зурсан боловч уг баримтыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн үе дууссан байхад гаргаж өгсөн, уг баримтыг анхан шатын шүүх дүгнэсэн гэж хариуцагч давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл дээрх баримтыг нэхэмжлэгч нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгсөн /хх 49 дэх тал/ боловч хариуцагч талд хэзээ, хэрхэн танилцуулсан нь тэмдэглэлд бүрэн тусгагдаагүй ч хариуцагч уг баримттай танилцсан нь түүний шүүх хуралдаан завсарлахаас өмнө хэлсэн тайлбарт тусгагдсан, уг баримттай холбоотой тайлбар, үгүйсгэх нотлох баримт гаргаж өгөх хүсэлт гаргаагүй байна. Иймд дээрх зөрчлийг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх “ноцтой”-д тооцох үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

Дээрх тооцоо нийлсэн гэх баримтад 1 м.куб хайрганы үнийг 10 000 гэж тодорхойлсон нь гэрээний үнэтэй нийцэж байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний үнийг 0-5 мм элс хайргыг 1 м.куб тутамд 10 000 төгрөгөөр тохиролцсон гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Түүнчлэн гэрээнийн 4.5 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч нь зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.03 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 490 000 төгрөг, алдангид 948 288 /4.490.000Ч03%Ч704хоног/ төгрөг, нийт 5 438 288 төгрөгийг хариуцагч "ЭТ" ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч "МХТ" ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/01398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 101 963 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД                                                      Б.НАРМАНДАХ

 

Э.ЗОЛЗАЯА