Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2017/00444

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2017/00444

Баян-Өлгий аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч Б.Мангилик, шүүгч А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Буянт сумын ** дүгээр багт оршин суух, БЕ******* регистрийн дугаартай, Ш****** овогт С.Ан нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Буянт сумын ** дүгээр багт оршин суух, БЕ*******, У****** овогт Т.Б,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Буянт сумын 01 дүгээр багт оршин суух, МК*******, Ө***** овогт Д.Унарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саулегүл, түүний өмгөөлөгч С.Алтай, хариуцагч Т.Б, Д.У, иргэдийн төлөөлөгч Ж.Х, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Т.Б, Д.У нараас хулгайд алдсан эд зүйлийн үнэ болох 1750000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.А би Буянт сумын 1 дүгээр багийн хөх эрэг дэх Улаанхад гэдэг газарт 000660307 тоот гэрчилгээгээр 0.07 га газар эзэмшдэг билээ. Энэ газарт хашаа, хороо, байшин зэрэг үл хөдлөх эд хөрөнгөтэй байгаад сумын төвд түр хугацаагаар эмчлүүлэх зэрэг гачигдлаар түр нүүж ирсэн юм. Гэтэл Д.У, Т.Б нар дээрх үл хөдлөх хөрөнгөнөөс минь 1750000 төгрөгийн эд зүйлийг хулгайлж авч явсныг Цагдаагийн байгууллага шалгаж, Прокурор хянаж тогтоосон юм. Хулгайлсан үйлдлээ Д.У, Т.Б нар хүлээж хохирлыг төлж өгөхийг зөвшөөрсөн юм. Хэргийг шалгаад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн байдлаар эрүү үүсгэн шалгахаас татгалзан хаасан юм. Харин хохирлыг төлж өгөхгүй бол шүүхэд хандаж аваарай гэж зөвлөсөн тул шүүхэд хандаж байна. Иймд Д.У Т.Б нараас 1750000 төгрөгийг гаргуулан авч өгөх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саулегүл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ хашаа хороо манай хадам аавын хашаа хороо байсан. Бид 2003 он хүртэл тэнд амьдарч байгаад 2003 онд эрүүл мэндийн байдлаас болж Буянт сумын төвд нүүж ирсэн. 2013 онд эдгээр хүмүүс хашаа хороог буулгаж зөөгөөд ачаад аваад явсан байна. Бид нарын усан онгоц хариуцагч нарт байхад манай хадам аав үзээд таниад ирсэн. 2014 онд Досжан гэх цагдаагийн төлөөлөгчид гомдол гаргаж байсан боловч тэр хүн ажлаас солигдсон. Дараа нь Тилекберди гэх цагдаа ирээд тэр хүнд гомдол гаргахад хулгайд алдагдсан эд зүйлийг олж өгсөн. 2017 онд холбогдох материалаа бүрдүүлээд шүүхэд хандсан. Би хариуцагч нараас олон зүйл нэхэмжлэхгүй. Хуулийн дагуу тогтоогдсон 1,750,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Т.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.А нь хулгайд алдсан эд зүйлийн үнэ болох 1750000 төгрөг төлүүлэхээр нэхэмжилсэн нь ор үндэсгүй зүйл бөгөөд нэхэмжлэлд дурдсан Буянт сумын 1 дүгээр багийн нутаг дахь Улаан хад гэдэг эзэмшил гэрчилгээтэй газраас ямар нэгэн эд зүйл хулгайлж аваагүй тул нэхэмжилж байгаа мөнгөн төлбөрийг төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Т.Б миний бие 2004 онд иргэн С.Оюугаас Шошгорын өвөлжөөг хашаа, байшин, эзэмшил газрын гэрчилгээний хамт С.Оюу, О.Лувсаншарав нарын өмч хувьчлалаар хувьцаанд авсан. Нохойн хэвтрийн хашааг хашаа, хороо эзэмшүүлсэн гэрчилгээний хамт өөрийн эзэмшилд худалдан авч, 2004 оны 3 дугаар сараас одоо хүртэл эзэмшиж байгаа. Т.Б миний бие иргэн Д.Уы хүссэнээр 2013 онд нохойн хэвтрийн чулуун хашааг зөөвөрлөн авахыг зөвшөөрсөн бөгөөд миний бие тус хашаанаас үлдсэн чулууг зөөвөрлөн авч, тугалын хашаа барьсан болно гэжээ.

Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2004 онд одоогийн өөрийн өвөлжиж байгаа эзэмшил Шошгор гэх газарт хашаа байшин газрын гэрчилгээтэй, хажуу талын өвөлжөө болох 500 м.кв зайтай Нохойн хэвтэр гэх газарт байдаг чулуун хашааг өмч хувьчлалын гэрчилгээний хамт 2004 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэн Оюу гэх хүнээс худалдаж авсан. Улмаар 2004 оны 3 дугаар сараас эхлээд тухайн газарт нүүж ирээд өнөөдөр хүртэл амьдарч байгаа. 2004 оны намар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саулегүлийн нөхөр Бауыржан гэр бүлээрээ нүүж ирсэн. Тэдгээр хүмүүс нүүж ирэхэд үед тухайн өвөлжөөнд 3х4 хэмжээтэй амбаар байсан. Би тэр чулуу хашааг Оюу гэх хүнээс худалдаж авахад хонины чулуу хашааг өмч хувьчлалаар авсан гээд Нар мандах нэгдлийн хувьцаанд хувьчлагдсан газрын гэрчилгээг надад шилжүүлж өгсөн. Тэгээд би тэр хашаа хороог хүнээс худалдаж авсан миний эзэмшлийн хашаа гэж бодож байсан. Намар 10 дугаар сард Бауыржан нүүж ирээд 1 сар суугаад 11 дүгээр сард буцаад нүүгээд явсан. Тэгэхэд Бауыржан надад энэ бол манай эзэмшил газар, та үүнийг нэг гунжин үхэрт худалдаж аваарай гэж санал хэлсэн. Тухайн үед би хэрвээ чиний эзэмшил газар юм бол газрын гэрчилгээг гаргаад ир гэж хэлэхэд надад газрын гэрчилгээ байхгүй гэж хэлсэн. Тийм учраас би хэрвээ танд газрын гэрчилгээ байхгүй бол надад энэ газрыг худалдаж авах шаардлага байхгүй гээд саналыг нь хүлээж аваагүй. Тэгээд Бауыржаны гэр бүл нүүгээд явсан бөгөөд тэрнээс хойш дахиж нүүж ирээгүй. 2005 оны намар Төлепберген гэдэг хүн нүүж ирээд 1 сар суугаад буцаад нүүгээд явсан. Тэрнээс хойш тэр өвөлжөөнд ямар нэгэн хүн ирж суугаагүй. 2006 оны 6 дугаар сарын сүүлээр, 7 дугаар сарын эхээр бид нар зусландаа нүүгээд гарсны дараа 3х4 байшинг нүүлгээд явсан байсан. Үүнийг хэзээ хэн хаашаа нүүлгэж явсан болохыг мэдээгүй. Энэ талаар сумын цагдаагаас асуухад С.А гуай ирээд нүүлгээд ачаад аваад явсан гэж хэлсэн. Тухайн газарт хэн нэгэн хүн газар эзэмших гэрчилгээтэй байсан гэдгийг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан үед мэдсэн. Би хүний хашаа хороог хулгайлсан гэх хэрэгт шүүхийн өмнө дуудагдаж ирсэнд гайхаж байна. Өөрөөр хэлбэл хүнээс худалдаж авсан газраа бусдаас хулгайлж авсан болж байгааг ойлгохгүй байна. 2007-2008 он хүртэл ямар нэгэн хүн амьтан байгаагүй. 2009 онд багийн төвийн фондын хашааг нөхөн сэргээхэд багийн ИНХ-ын шийдвэрээр тухайн газрыг хэн нэгэн эзэмшээгүй байсан, 3 жил хэн нэгэн эзэмшээгүй бол дараагийн иргэнд эзэмшүүлдэг журамтай юм байна лээ. Багийн ИНХ-ын шийдвэрээр багийн өвс тэжээлийн фондын хашааг сэргээж барихад Даваа гэдэг хүний машинаар төслийг хэрэгжүүлэгч хүмүүс чулуу нурааж барьсан байна. Тэгэхэд би энэ талаар гомдол хэлэхэд багийн ИНХ-ын шийдвэр гарсан, энэ бол таны өмч биш гэж хэлсэн. Би өөрөө өвөлжөө, намаржаатай учир тухайн чулуун хашааны тухай дахиж маргаан гаргаагүй. 2013 онд Д.У гуай багийн ИНХ-д өргөдөл гаргаснаар түүнд шийдвэрлэж өгсөн. Тэгээд Д.У гуай хашааны чулууг нурааж авахад би өөрөө очиж энэ хашаа бол Оюу гэх хүн өмч хувьчлалаар авсан юм байна, тухайн үеийн өмч хувьчлалын гэрчилгээ надад байгаа, тийм учраас миний зөвшөөрөлгүйгээр авах боломжгүй гэдгийг хэлсэн. Гэвч Д.У хүлээж аваагүй. Тэгэхээр нь би хэл ам гаргаагүй, та нурааж авбал аваарай, харин надад өртэй шүү гэснээр чулууг нурааж авсан. Харин үлдсэн чулууг би нурааж аваад хашаа барьсан гэв.

Хариуцагч Д.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие С.Агийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би хулгай хийгээгүй, үл хөдлөх эд хөрөнгийг эвдэж, сүйтгээгүй учир нэхэмжилсэн 1750000 төгрөгийг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

Хариуцагч Д.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би тухайн газрыг хэн нэгэн олон жил эзэмшээгүй байсан учир хашаа барьсан. Хуульд ямар зохицуулалттай байдаг гэдгийг мэдэхгүй. Гэрчилгээ хуурамч гэж хэлж байна. Гэхдээ хуурамч эсэхийг мэдэхгүй байна. Би тухайн үед эзэнгүй хашаа хороо гэж бодсон. Гэхдээ Т.Б гуай минийх гэж бас маргаж байсан боловч би дуугараагүй орхисон. 2003-2013 он хүртэл айл суугаагүй хашаа байсан. Тухайн газраас 5 ширхэг цементэн худгийн суурь авсан. Үүнийг хашаанд хийсэн, хэрэг нэхэмжлэгч тал зөвшөөрвөл буцаагаад хашааг нь барьж өгнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Т.Б, Д.У нараас хулгайд алдсан эд зүйлийн үнэ болох 1750000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 1997 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 19 тоот шийдвэрийг үндэслэж М.Анейд нэгж талбарын 83040813 дугаар бүхий 700 м.кв газрыг 60 жилийн хугацаатай Буянт сумын Хөх эрэг багийн хуучин эмчилгээний тэжээлийн цэг гэх газарт өвөлжөө, хашаа байшин барих зориулалтаар эзэмшүүлэхээр 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын газрын даамлаас олгосон Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000660307 дугаартай гэрчилгээ, 1997 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр олгосон 228 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч С.А нь Буянт сумын Хөх эрэг багийн хуучин эмчилгээний тэжээлийн цэг гэх газрыг эзэмшдэг болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч С.А нь хүндэтгэн үзэх буюу хүү болох Бауыржаны сэтгэцийн өөрчлөлттэй өвчний улмаас Буянт сумын төвд эмчийн хяналтад байж уг газарт 2013 оноос хойш өвөлжөөгүй болох нь Буянт сумын хөх эрэг багийн Засаг дарга Г.Гэрэлчулууны тодорхойлолт болон зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Агийн Буянт сумын Хөх эрэг багийн хуучин эмчилгээний тэжээлийн цэг гэх газарт байсан чулуун хашаанаас хариуцагч Т.Б нь портер маркийн машинаар 6 удаагийн тээвэрлэлтээр, хариуцагч Д.У нь ЗИЛ-130 маркийн машинаар 6 удаагийн тээвэрлэлтээр тус тус чулууг ачиж авч явж, уг чулуугаар хариуцагч нар хашаа барьсан мөн хариуцагч Д.У нь 5 ширхэг бетоноор хийгдсэн усны онгоцыг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд

-2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч Ж.Тилекбергений эмчилгээ тэжээлийн цэг гэх газарт байсан хашааны сууринд үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, үзлэг хийхэд бэхжүүлж авсан фото зураг,

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Буянт сум дахь хэсгийг төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Ж.Тилекбергений чулуу хашаанд үзлэг хийсэн тэмдэглэлд: ...уг эмчилгээ тэжээлийн цэг гэх газраас урд зүг руу 400 метрийн зайтай иргэн Д.Угийн зөөвөрлөж ирж барьсан гэх уст үзүүр гэх газарт байв. ...Хашаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл мөн уг хашааны сууринд нийт 5 ширхэг 3 метрийн урттай бетоноор хийгдсэн усны савнууд байсан тухай тэмдэглэл, схем зураг, үзлэг хийхэд бэхжүүлж авсан фото зураг,

-2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч Ж.Тилекбергений хашаанд үзлэг хийсэн тэмдэглэлд: ... иргэн Т.Бгийн өвөлжөө нь эмчилгээ тэжээлийн цэг гэх газраас баруун урд зүг руу 500 метрийн зайтай газарт байв. Уг газарт байсан эмчилгээ тэжээлийн цэг гэх газраас зөөвөрлөж ирж барьсан гэж иргэн Т.Бгийн зааж үзүүлсэн хашаанд үзлэг хийхэд уг хашаа нь нийт 10+2.4=12,4 метрийн хэмжээтэй байх бөгөөд зөөвөрлөж ирсэн чулуугаар зөвхөн урд талын болон зүүн талын ханыг барьсан бусад хашаанууд нь урьд нь байсан хашааных гэж иргэн Т.Б зааж үзүүлэв. Уг хананы зүүн талын хана 10 метр урт талын хана нь 2.4 метрийн хэмжээтэй, өндөр нь 1 метр, өргөн нь нь 30 см-ийн хэмжээтэй байсан талаарх болон үзлэгийн явцад зурсан схем зураг, үзлэг хийхэд бэхжүүлж авсан фото зургаар, уг хашаанд үзлэг хийхэд хариуцагч Т.Б өөрөө биечлэн байлцаж гарын үсэг зурсан байдал,

-хариуцагч Д.Уртанасангийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ:... иргэн С.А нь эмчилгээ тэжээлийн цэг гэх газарт сүүлийн 10-аад жил болсон байх огт ирээгүй учраас эзэмшилд нь байхгүй байх гэж бодоод л 2014 онд байх чулуу хашааны чулууг нь зөөвөрлөж ачиж авсан минь үнэн. Уг газарт байсан хашаа нь нэлээн том хашаа байсан. ЗИЛ-130 маркийн машинаар 6 удаа явж буулгасан байна. Би уг Анейгийн хашааг зөөвөрлөж чулуугаар нь өөрийнхөө уст үзүүр гэх газарт өвөлжөөний хашаа хороо барьсан юм. Би чулууг нь зөөвөрлөж авч явахад 2 машин орчим чулуу үлдсэн байсан, түүнийг Т.Б гэх хүн ачиж явсан юм. Уг газарт байсан 5 ширхэг байх усны савыг би авсан маань үнэн.Одоо уг цементэн усны савнуудын бүгдийг нь хашааны сууринд хийчихсэн байгаа гэх мэдүүлэг болон шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбараар,

-хариуцагч Т.Бгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ:... 2013-2014 оны үед байх Багийн иргэдийн нийтийн хурлаас Д.У гэх хүн уг газрын /эмчилгээ тэжээлийн цэг/-ийн дээд талд байдаг Уст үзүүр гэх газрыг эзэмшихээр болж шийдвэр гараад тэр жилд нь Анейгийн уг чулуу хашааг нь Д.У зөөвөрлөж авч явж өөрөө хашаа барьж авсан юм. Түүнээс үлдсэн чулууг нь би 2015 оны 10 дугаар сарын үед ачиж явж өвөлжөөндөө тугалын хашаа барьсан юм. Уг газраас би портер маркийн машинаар 6 удаа л чулуу ачсан. Бусад чулуунуудыг бүгдийг нь Д.У авсан юм. Би 3 дугаар багийн иргэн Галиндаваа гэх хүний машинаар чулууг ачсан гэх мэдүүлэг болон хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбараар,

-Б.Галиндаваа, Г.Гэрэлчулуун, Т.Төлепберген нарын аймаг дахь Цагдаагийн газарт өгсөн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саулегүлийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

-мөн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 5/42 дугаартай прокурорын тогтоолоор: ... иргэн С.Саулегүлийн гаргасан ...манай эзэмшлийн эмчилгээ тэжээлийн цэг нэртэй газарт байрлах чулуун хашааг Т.Б, Д.У нар зөөвөрлөж авч явсан тухай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн дагуу шалгасан материалтай танилцахад Баян-Өлгий аймгийн Буянт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу Хөх эргийн эмчилгээ тэжээлийн цэг гэдэг нэртэй газарт байрлах иргэн С.Саулегүлийн хадам эцэг С.Ан эзэмшлийн чулуун хашааг болон мал услах зориулалтаар хийгдсэн 5 ширхэг бетонон онгоцыг тус багийн иргэн Д.У 2014 онд ЗИЛ-130 маркийн машинаар 6 удаагийн, үлдсэн чулууг иргэн Т.Б 2015 оны 10 дугаар сард Портер маркийн машинаар 6 удаагийн тээвэрлэлтээр тус тус ачиж зөөвөрлөж авсан нь хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон иргэн С.Саулегүл, Т.Б, Д.Уртанасан, Б.Галиндаваа, Г.Гэрэлчулуун, Т.Төлепберген, Т.Даваа нарын өгсөн тайлбар, Буянт сумын 1 дүгээр багийн Засаг дарга Г.Гэрэлчулууны өгсөн тодорхойлолт, 000660307 дугаартай гэрчилгээгээр тус тус тогтоогджээ. ...С.Ан гэр 2003 онд сумын төв рүү нүүж яваад хааяа ирж намарждаг байснаа 2006 оноос хойш уг хашаандаа огт амьдраагүй олон жил болсон тул Т.Б, Д.У нар хаягдсан эзэнгүй хашаа гэж бодож чулууг нь зөөвөрлөж авсан байна. Энэ үйлдэлд бусадтай маргах явцдаа эрхээ дураараа хэрэгжүүлсэн гэх шинж байхгүй, мөн хулгайн гэмт хэргийн субъектив талын шинж болон нууц далд аргаар үйлдэх объектив талын шинж тус тус үгүйсгэгдэж байгаа тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл алга байна. Харин иргэн С.А, С.Саулегүл нар нь өөрт учирсан хохирлыг иргэн Т.Б, Т.Уртнасан нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж Б/0876 дугаартай иргэн Т.Б, Д.У нарт холбогдох гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Агийн чулуун хашаанаас хариуцагч Т.Б нь портер маркийн машинаар 6 удаа, хариуцагч Д.У нь ЗИЛ-130 маркийн машинаар 6 удаагийн тээвэрлэлтээр тээвэрлэж авсан чулууны үнэ, мөн 5 ширхэг бетоноор хийгдсэн усны онгоцын үнийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр:

1. Т.Бий портер маркийн машинаар 6 удаа ачиж тээвэрлэж ирж уг чулуугаар барьсан нийт урт нь 12,4 метрийн урттай, өндөр нь 1 метр хашааны хананы өргөн /зузаан/ нь 30 см-ийн хэмжээтэй гэх чулуун хашааны үнэлгээг 2015 оны байдлаар 80000-100000 (наян мянгаас нэг зуун мянган) төгрөгөөр тогтоов.

2. Иргэн Д.Угийн эмчилгээ тэжээлийн цэг гэх газраас ЗИЛ-130 маркийн машинаар 6 удаа явж тээвэрлэж ирж Уст үзүүр гэх газарт барьсан гэх нийт урт нь 61 метр, өндөр нь 130 см хананы өргөн нь 40 см-ийн хэмжээтэй чулуун хашааны үнэлгээг 2014 оны байдлаар 900000-1000000 (есөн зун мянгаас нэг сая) төгрөгийн үнэлгээтэй тогтов.

3.Мал услахад зориулагдсан бетоноор хийгдсэн усны онгоцыг мөн 2014 оны байдлаар 120000-130000 (нэг зуун хорин мянгаас нэг зуун гучин мянган) төгрөгийн үнэлгээтэй тус тус тогтоосон байх тул уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хариуцагч нараас нэхэмжлэгч С.Ад учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагч Т.Б нь нохойн хэвтэр гэдэг газарт байгаа хашааг би С.Оюу гэх хүнээс худалдаж авсан ба уг хашааны чулууг иргэн Д.Уы хүссэнээр би зөвшөөрснөөр 2013 онд чулуун хашааг зөөвөрлөж авсан, харин үлдсэн чулууг би өөрөө зөөвөрлөж авсан гэж маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1-д зааснаар хариуцагч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Д.Баяндүүрэн нь Хөх эргийн эмчилгээ тэжээлийн цэг гэдэг нэртэй газар болон Нохойн хэвтэр гэх газар нь нэг газар эсэх талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй тул түүнд дүгнэлт хийх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд хариуцагч Т.Бгээс портер маркийн машинаар 6 удаа тээвэрлэсэн чулууны үнэ 80000 төгрөг, хариуцагч Д.Угаас ЗИЛ-130 маркийн машинаар 6 удаа тээвэрлэсэн чулууны үнэ болон 5 ширхэг усны онгоцны үнийн хамт 1020000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Ад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 650000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээ болох хариуцагч Т.Бгээс 80000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг, хариуцагч Д.Угаас 1020000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 29030 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Бгээс 80000 /наян мянган/ төгрөг, хариуцагч Довчингийн Уртнасангаас 1020000 /нэг сая хорин мянган төгрөг/-ийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Ад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 650000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бгээс 4550 төгрөг, хариуцагч Д.Угаас 29030 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК

ШҮҮГЧИД Б.МАНГИЛИК

А.ЖАРХЫНГҮЛ