Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 184

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Ханджав

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох 2130000000218 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр  сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

                    Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-..., эхийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* гэх газарт тоотод оршин суух, урьд  Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 59 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, РД:.......... *******.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* эзэмшлийн ....... УНП улсын дугаартай Hyandai Porter маркийн автомашины салхины шил, хаалганы шил, толь зэргийг модоор цохиж хагалах байдлаар хууль бусаар устгаж, бусдад бага бус хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйгаад хохирлын мөнгийг бэлнээр аваачиж өгсөн гэв.

1. Хохирогч *******: “... 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өвөлжих газар болох “*******” гэх газар луу хонины хашаа үүдний амбаар зэргийг буулгачхаад хойшоо яваад төрсөн ээж *******гийн гэрт ирээд байж байхад ******* эгч мотоциклтой ганцаараа ирээд “та нарыг ******* гэх газар буулгахгүй, тэр газар чинь манай малын бэлчээр” гэсэн. Би “тэр өвөлжөөний эзэн нь намайг буу гэсэн юм, танд хамаагүй наад өвөлжөө чинь бол Түвшинширээ сумын нутаг манай найз *******ын өвөлжөө” гэж хэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би эхнэр , охин   нарын  хамт өвөлжөөн дээрээ  аргал түлээ буулгаж байхад ******* эгч, хүү *******тай ирээд мотоциклоо данхраадаж тавьчхаад ******* нь гартаа мод бариад аргал хөрзөн ачиж ирсэн ...... унп улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы шилийг  модоор цохиж хагалахаар нь  манай эхнэр “болиоч машин дотор жаахан хүүхэд байгаа” гэхэд ******* нь “хохь нь писда минь” гээд машины урд талд гараад салхины шилийг модоор 3 удаа цохиод хагалчихлаар нь би бууж очоод *******ыг би заамдаж аваад түлхээд машинаасаа холдуулсан. ******* нь “та нарыг энд буулгахгүй гэж хэлсэн биз дээ” гэж хэлэхэд нь би “энэ газар та нарт ердөө хамаагүй газар энэ чинь өөр айлын өвөлжөө” гэхэд ******* нь “танайхыг энд гэрээ авчирч буувал би танай гэрийг чинь шатааж голомтоор чинь самарна шүү” гэсэн. Тэгээд бид хоёр заамдалцаж байгаад би заамыг нь тавьсан чинь ******* нь машин руу  буцаж очоод жолооч талын хаалганы арын шил болон толийг цохиж модоор цохиж хагалсан. Тэгэхээр нь би очоод барьж авч холдуулахад манай эхнэр нь “эндээс явъя” гэхээр нь би хөрзөнгөө буулгачхаад явна гээд машин дээрээ гарч хөрзөнгөө буулгасан. Ийм үйлдэл болж байхад ******* эгч хүү *******ыг болиулахгүй байсан. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг 2018 онд Түвшинширээ сумаас гэх хүнээс худалдаж авч байсан. Нэрийг нь шилжүүлж амжаагүй байна. Би тээврийн хэрэгслийнхээ эд зүйлийг би зах зээлийн ханшаар үнэлнэ. Мөн тээврийн хэрэгслээ Хэнтий аймаг руу орж засварт засварчнаар засуулна, Хэнтий ороод буцаж ирэх бензиний мөнгөө бас нэхэмжилж байна. Би зүгээр байж байгаад өөрийн эд хөрөнгөө эвдүүлсэндээ гомдолтой байна. Би тээврийн хэрэгслээ засуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 х/,       

2. Гэрч ын:  “... 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өвөлжих газар болох ******* гэх газар луу хонины хашаа үүдний амбаар зэргийг буулгачхаад хойшоо яваад хадам ээж *******гийн гэрт ирээд байж байхад ******* эгч мотоциклтой ганцаараа ирээд “та нарыг Хөх-өндөр гэх газар буулгахгүй, тэр газар чинь манай малын бэлчээр, та нар шиг писда нарыг буулгахгүй” гээд манай нөхөр ыг хараагаад босож ирээд манай хүнийг заамдаад авсан. Тэгэхэд манай нөхөр “та болиоч” гэж гарыг нь тавиулсан. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би нөхөр , охин   нарын  хамт өвөлжөөн дээрээ  аргал түлээ буулгаж байхад ******* эгч, хүү *******тай ирж байх шиг харагдсан. ******* нь гартаа мод бариад аргал хөрзөн ачиж ирсэн унп улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы шилийг  модоор цохиж хагалахаар нь  би  орилоод “машин дотор хүүхэд байгаа аллаа ш дээ болиоч” гээд машин дээрээс уйлаад буухад  ******* нь “хохь нь писда минь” гээд машины урд талд гараад салхины шилийг модоор 3-4 удаа цохиод хагалчихаар нь манай нөхөр бууж ирээд *******ыг заамдаж аваад түлхээд машинаасаа холдуулсан. ******* нь “та нарыг энд буулгахгүй гэж хэлсэн биз дээ” гэхэд манай нөхөр “энэ газар та нарт ердөө хамаагүй газар энэ чинь өөр айлын өвөлжөө” гэхэд ******* нь “танайхыг энд гэрээ авчирч буувал би танай гэрийг чинь шатааж голомтоор чинь самарна шүү” гэж байх шиг байсан. Тэгэхээр нь би Т.Балжинямыг “хүүхэд аллаа ш дээ” гээд орилоход тоохгүй байсан. ******* нь машин руу  буцаж очоод жолооч талын хаалганы арын шил болон толийг цохиж модоор цохиж хагалсан. Тэгэхээр нь би нөхрийгөө явъя гэхэд манай хүн “хөрзөнгөө буулгачхаад явъя” гээд машин дээр гараад хөрзөнгөө буулгаж дуусгасан. Тэндээс хөдлөөд хөдөө гэр лүү очиж ачааны машинаа орхиод жижиг тэрэгтэй цагдаад хэлье гээд сум руу ирсэн. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы шил, нүүрний салхины шил, жолооч талын хаалганы арын шил, мөн толийг хагалж гэмтээсэн. ******* намайг болон манай нөхрийг зодож цохисон зүйл байхгүй. Машин дотор хүүхэд байхад хүүхдийн нүдэн дээр танхайрч айлгасан, мөн эд хөрөнгөө эвдүүлсэндээ гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 х/,

3. Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ........... дугаартай: “... Huyndai Porter маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг 150.000 төгрөгөөр, хаалганы шилийг 100,000 төгрөгөөр, хаалганы арын шилийг 45,000 төгрөгөөр гадна талын толийг 35,000 төгрөгөөр, шил солих, наах ажлын хөлс 120,000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт эд зүйлсийн үнэлгээг 450,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 28-34 х/,

4. Яллагдагч *******ын: “... Би өөрийн ээж З.*******ын хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, сумын төвөөс баруун тийш 50 орчим километр зайтай ******* гэх газар мал маллан нутагладаг юм. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ээжтэйгээ хонио хариулаад явж байтал гэх залуу эхнэр Золжаргалын хамт манай хонины бэлчээр дээр буюу гэх газар хөрзөн буулгаад байж байхаар нь ээж бид хоёр очиж, ээж Батжаргалд хандан “Батжаргалаа би чамайг энд битгий буу гэж олон удаа хэллээ. Би чамайг энд өвөлжүүлэхгүй. Энэ манай малын бэлчээр шүү дээ” гэхэд “Батжаргал нь “Та нарт огт хамаагүй. Би энд өвөлжинө” гэж уурлан ээжийн өөдөөс хэрэлдээд байхаар нь “аа манай ээж чамд 2-3 хоног энд буулгахгүй гэж хэллээ. Чи биднийг хүн бүл муутайгаар нь дээрэлхээд байгаа юм уу?” гэж хэлээд бид хоёр маргалдан, би уурандаа цохих гэснээ бөөн асуудал болох байх гэж бодоод тэнд байсан тохой хэрийн урттай, шургаа модыг дундуур нь хуваасан тийм мод байхаар нь газраас аваад Батжаргалын машины нүүрний шил, жолооч талын хаалганы шил, толь, хаалганы арын нугасны жижиг цонх зэргийг нь тухайн модоор цохиж хагалсан. Би үнэхээр их уурлаж, уураа барьж тэвчилгүй цохичихсон юм. Учир нь тэр нутагт ээж бид хоёулхнаа хүн бүлгүй, хэдэн малтайгаа амьдардаг бөгөөд тэр өвөлжөөн дээр манай ээжийн аав, ээж, ах дүү нар нь 30 гаран жил нутаглан амьдарч байгаа юм. Манайх тэр газраа жилийн дөрвөн улирал нутагладаг. Гэтэл Батжаргалд энэ тухайгаа ээж хэлэн удаа дараа хэлж, ойлгуулах гээд сүүлдээ загнаж, зандарч, уурлаж, гуйж янз янзаар хэлсэн юм. Би ээжийг Батжаргалтай уулзах тэр үед нь хөндлөнгийн байр сууринаас хүлээцтэй хандаж байсан. Гэтэл ээжийн үгийг үл тоон, огтхон ч хүн гэж бодохгүй байхаар нь уурандаа тийм зүйл хийчихсэн. Ээж Батжаргалд манай хонины бэлчээр байгаа юм битгий энд буу, чи буух газар байхгүй тэнд энд буу гэж хэд хэдэн газар өвөлжөө зааж өгсөн боловч заавал энд бууна гэж зүтгэсээр байгаад ийм зүйлд хүргэсэн. Эд зүйлийн үнэлгээтэй танилцсан. Хохирлын үнэлгээ 450.000 төгрөг болсон байна. Би хохирлыг бүрэн төлж барагдуулна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-48-49/,

Шүүгдэгч *******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51 х/

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 х/

Шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 53 х/

*******ын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 54-56 х/

Шүүгдэгч *******ын  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 х/

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-63 х/

Шүүгдэгч *******ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 71 х/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021  оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 95 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 72-73 х/

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 96 дугаартай санал /хх-ийн 74 х / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* эзэмшлийн УНП улсын дугаартай Hyandai Porter маркийн автомашины салхины шил, хаалганы шил, толь зэргийг модоор цохиж хагалах байдлаар хууль бусаар устгаж, бусдад бага бус хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч   , гэрч нарын мэдүүлэг, “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2103246 дугаартай: “... Huyndai Porter маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг 150.000 төгрөгөөр, хаалганы шилийг 100,000 төгрөгөөр, хаалганы арын шилийг 45,000 төгрөгөөр гадна талын толийг 35,000 төгрөгөөр, шил солих, наах ажлын хөлс 120,000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт эд зүйлсийн үнэлгээг 450,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх  дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч ******* нь хохирогч ыг өөрийн өвөлжөөтэй ойрхон буух гэлээ буулгахгүй гэж маргалдсаны улмаас хохирогчийн  эзэмшлийн Hyandai Porter маркийн автомашины салхины шил, хаалганы шил, толь зэргийг модоор цохиж хагалсан үйл баримт тогтоогдох бөгөөд тэрээр бусдын эд хөрөнгөнд хууль бусаар халдах, устгаж, гэмтээж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулан, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

        Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ын хохирогчийн автомашины салхины шил, хаалганы шил, толь зэргийг модоор цохиж хагалсан үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

*******ын үйлдлийн улмаас хохирогч ******* эд хөрөнгөнд 450,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд  хохирлыг төлж барагдуулсан тул хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг прокурорт гаргажээ.

Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч *******ын гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  *******д мэдэгдэж, тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР