Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 189

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

улсын яллагчаар хяналтын прокурор М.Ханджав,

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Батсайхан, Б.Түвдэндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджавын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Г.Ган-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Батсайхан, Б.Түвдэндорж нарт холбогдох 2030001490134  дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, 19 оны .. дүгээр сарын ..-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зуухны оператор, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-.., эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлантын 5 дугаар гудамж 13б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, РД:НШ92091715 Сартуул овогт Ганбүргэдийн Ган-Эрдэнэ,

 

2. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын -ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын харилцааны ажилтан мэргэжилтэй, “Таван толгой” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 33-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, РД:НШ920362819 Өндөрийнхөн овогт Баасанцэрэнгийн Түвдэндорж,

 

3. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын -ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Жавхлант гэх газарт оршин суух хаягтай, одоогоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ….. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:НШ91102816, Харчин овогт Ганзоригийн Батсайхан

 

4. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, дүүгийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Баянлиг 2-3 тоотод оршин суух хаягтай, одоогоор Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, ….. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:НШ92100211, Өндөрийнхөн овогт Ганболдын Амгаланбаатар,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Г.Батсайхан, Г.Ган-Эрдэнэ, Б.Түвдэндорж, Г.Амгаланбаатар нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Төмстий сэрвээ” гэх газар Приус-20 маркийн 68-92 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очиж, тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид нар алт гарч байгаа гэсэн сургаар очсон. Шороо авчхаад буцаж замдаа Сүхбаатар сумын Байгаль орчны байцаагчид баригдсан. Тухайн үед машиныхаа номерыг аваагүй, зугтах үйлдэл гаргаагүй гэв.

 

 Шүүгдэгч Г.Амгаланбаатар нар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн гэв.

 

 Шүүгдэгч Г.Батсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн гэв.

 

Шүүгдэгч Б.Түвдэндорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Тухайн үед машиныхаа номерыг аваагүй, эсэргүүцэл үзүүлээгүй. Машиныхаа номерыг авсан машинууд байсан. Тэдгээр хүмүүс зугтаасан учраас араас нь цагдаа нар хөөж барьсан. Бид нарын хувьд цагдаа зогсоохоор зогсож, зохих журмын дагуу шалгуулсан. Цагдаагийн газар луу явъя гэхээр нь дагаад явсан гэв

 

2030001490134 дугаартай эрүүгийн хэргээс:

 

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “... хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын байрнаас патрол маркийн 00-04 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн спидометрийн заалтыг тэглэж ертөнцийн зүгээр зүүн урд зүгт явахад 140 км зайд байрлах Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Төмстий сэрвээ” гэх газар байх бөгөөд тухайн газрын уртраг, өргөргийн солбицлыг үзэхэд N4629436, E11452940 гэсэн солбицлыг зааж байв. Тухайн газрын эргэн тойрныг тодорхойлбол дов, толгой ихтэй газрын хөрс хуурай, өндөрлөг, өвслөг, ургамалтай ойролцоогоор 35 градусын налуу байрлалтай толгод байх бөгөөд тухайн өндөр толгодын ертөнцийн зүгээр урд энгэр хэсэгт ухаж эвдэгдсэн, хөрсийг сийрүүлж хөрсний шороог тараасан байдалтай байна. Тухайн ухагдсан газрын өргөн, урт, гүний хэмжээг метрээр хэмжиж үзэхэд өргөн 5.9 м, урт нь 6.5 м, гүн нь 2.05 м байв. Ухагдсан нүхний урд хэсгийн амсар дээр Солонгос улсад үйлдвэрлэгдсэн HYUNDAI маркийн улсын дугааргүй 3600LC-3 загварын ……. арлын дугаартай экскаватор буюу газар ухагч шанагатай гинжит дугуйгаар явагч том оврын механизм ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байдалтай харсан зогсож байв. Тухайн экскаваторын эргэн тойронд газрын хөрснөөс гаргасан байж болзошгүй асгаж талхлагдсан байдалтай байлаа. Урагдаж эвдэгдсэн нүхийг нар зөв тойрч уртраг өргөргийн солбицлыг тодорхойлоход нүхний зүүн хойд булан хэсэгт N4640950, E11316068 зүүн урд буланд N4629417, E11452436, баруун урд буланд N4629418, E11452952, баруун хойд буланд N4629425, E11452936 дугаарын солбицол зааж байв. Уг ухсан нүхнээс ертөнцийн зүгээр хойд зүгт 4.57 м зайд урт нь 1.2 м, өргөн нь 0.9 м, гүн нь 1.5 м хэмжээтэй баруун, зүүн тийш хөндлөн байрлалтай дөрвөлжин ухсан нүх байв. Экскаваторын зогсож байгаа байрлалаас ертөнцийн зүгээр урагш 20 м зайд 1.53 м урттай, 0.80 м өргөнтэй, 0.45 м гүнтэй дөрвөлжин ухсан нүх, уг нүхнээс ертөнцийн зүгээр урагш 22.5 м зайд 1.2 м урттай, 0.85 м өргөнтэй, 0.5 метрийн гүнтэй дөрвөлжин ухсан нүх, уг нүхнээс баруун тийш 4.2 м зайд 1.4 м урттай, 0.8 м өргөнтэй, 0.7 метрийн гүнтэй нүх байх бөгөөд уг нүхнээс 7.8 м зайд 0.9 м урттай, 0.8 өргөнтэй, 0.2 метрийн гүнтэй дөрвөлжин ухсан нүх, уг нүхнээс 1.2 м зайд 2.6 м урттай, 0.8 өргөнтэй, 0.85 метрийн гүнтэй дөрвөлжин ухсан нүх, энэ нүхнээс ертөнцийн зүгээр зүүн тийш 4 м зайд 3 м урттай, 0.78 м өргөнтэй, 0.75 метрийн гүнтэй нийт 7 тооны ухсан нүх байв. Шороог тараасан талбайн гадна талын талбайн хэмжээ 62x12 хэмжээтэй байв. гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-14-17/

 

          2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...приус-20 маркийн улсын дугааргүй саарал өнгийн тээврийн хэрэгсэл /68-95 УБС/ арын суудлын дор ногоон өнгийн жижиг шуудайтай чулуу байсныг эд мөрийн баримтаар хураан авч аймгийн Стандарчлал хэмжилзүйн газрын стандартын жин дээр үзэхэд 16 кг жинтэй байв. Машины арын багажийг нээж үзэхэд мөн ногоон өнгийн шуудайтай чулуу байсан тул эд мөрийн баримтаар хураан авч аймгийн аймгийн Стандарчлал хэмжилзүйн газрын стандартын жин дээр үзэхэд 42.7 кг жинтэй байв. гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-18-20/,

 

          3. Иргэний нэхэмжлэгч Э.Жаргалсайханы: “...Хууль бусаар ашигт малтмал олборлосон үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу  нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Газрын хэвлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий нь төрийн өмч өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн” гэсэн заалт байдаг, мөн тус хуулийн 10 дугаар зүйлийн 2-т “газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна” гэсэн заалттай. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн гэж хуульчилсан. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж заасан байдаг тул дээрх тохиолдол нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйлдэл мөн гэж үзэж байна. Учир нь эдгээр хүмүүс нь ашигт малтмал ашиглах эрх олгосон ямар нэгэн баримт бичиггүйгээр газрын гадаргуу болон түүний хэвлийгээс  эрдсийн агуулгатай чулуу, шороо тээвэрлэж яваад саатуулагдсан учраас Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл. Миний хувьд байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1х, хх-27-28/,

         

          4. Иргэний нэхэмжлэгч Ц.Алтанзулын: “... Миний бие Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн ахлах нягтлан бодогч ажилтай. 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хэрэг бүртгэлтийн 203000149 дугаартай хэрэгт хураан авсан шороо чулууг Улаанбаатар хотын Геологийн төв лабораторид угаалгах зорилгоор Голомт банкны 2900002220 дугаарын данс руу 289.360 төгрөг шилжүүлсэн тул тус мөнгийг дээрх хэргийн гэм буруутай хүмүүсээс нэхэмжилж буцаан улсын төсөвт төвлөрүүлэх шаардлагатай байгаа тул 289.360 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1х, хх-32/,

 

          5. Гэрч Б.Бямбажавын: “...2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6-р багийн  нутаг  “Төмстий сэрвээ” гэдэг газарт Сүхбаатар сумын олон нийтийн цагдаа Б.Амарбаатар, Сумын байгаль хамгаалагч С.Ганбулган, сумын ЗДТГ-ын жолооч Батжаргал, сургуулийн слесарь Д.Сүхбат, 4-р багийн засаг дарга Отгонбаатар нарын хамт 6-уулаа сумаас барьж өгсөн гэрт байрлаж алт гарсан гэх уг газраас иргэд хууль бусаар чулуу, шороо олборлохоос урьдчилан сэргийлж, таслан зогсоох үүрэгтэй ажиллаж байсан. Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад “Төмстий сэрвээ” гэдэг газарт машинтай хүмүүс ирж машинаасаа бууж байгаа чимээ сонсогдохоор нь бид гэрээс гарч очтол 8 машинтай 30 орчим хүн ирээд шууд ухсан нүх рүү орчихсон чулуу түүж байсан. Тэгэхээр нь бид тэдэн дээр очиж  шаардлага тавьж бүгдийг нь нүхнээс гаргасан. Тэд шаардлага биелүүлж нүхнээс гарсан боловч “бид хол газраас ирсэн, буцах бензиний мөнгө байхгүй, бид алт, мөнгөний төлөө явж байгаа учраас бүгдийг чинь хүлж орхиод машины чинь дугуйг хагалчхаад явна шүү, энэ газрыг бид ухахгүй бол удахгүй нэг хятад юм уу танай цагдаагийн нэг том дарга ирээд ухна” гэсэн утгатай зүйлүүдийг яриад эргэж орно гээд бидэнтэй 20 орчим минут маргалдаж байтал гэнэт нэг залуу дэгээ төмөр бариад ухна гээд нүх рүү үсрээд орж иртэл бусад нь дагаад дайрч ороод ухаж эхэлсэн. Энэ үед гартаа төмөр дэгээ болон янз бүрийн багаж барьсан 30 орчим хүнийг бид зогсоож дийлэхгүйгээ ойлгоод машиндаа сууж хөдлөөд ойр байсан айлд очиж тэдний суурин утсаар хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Э.Мөнхнасан болон Цагдаагийн газрын жижүүрийн 99442102 дугаарын утас руу нэмэлт хүч дуудаж дуудлага өгчхөөд буцаад нүхэн дээрээ 04 цагт очсон. Тэгэхэд бүгд тараад явчихсан байсан. Төмөр барьж бусдыгаа уриалж, турхирч дайрч орж ирсэн хүн нүүрэндээ масктай, намхан махлагдуу эрэгтэй байсан. Тэнд нэг том жийп байсан бусад нь дандаа цайвар цагаан өнгийн приус-20, приус-30 маркийн машинууд харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1х, хх-51-53/, 

         

          6. Гэрч С.Ганбулганы: “...Би 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6-р багийн  нутаг  “Төмстий сэрвээ” гэдэг газарт Сүхбаатар сумын цагдаа Б.Бямбажав, Олон нийтийн цагдаа Б.Амарбаатар, сумын ЗДТГ-ын жолооч Д.Батжаргал, сургуулийн слесарь Д.Сүхбат, 4-р багийн засаг дарга Ө.Отгонбаатар нарын хамт 6-уулаа сумаас барьж өгсөн гэрт байрлаж алт гарсан гэх уг газраас иргэд хууль бусаар чулуу, шороо олборлохоос урьдчилан сэргийлж, таслан зогсоох үүрэгтэй  ажиллаж байсан. Томилогдож очоод гурав дахь шөнөдөө үүрэг гүйцэтгэж байтал 2020 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цаг өнгөрөөд 03 цаг дөхөж байхад “Төмстий сэрвээ” гэдэг газарт  машинтай хүмүүс ирж машинаасаа бууж байгаа чимээ сонсогдохоор нь эхлээд Бямбажав цагдаа бид хоёр гэрээс гарч очтол 8-9  машинтай 28-29 орчим хүн ирээд шууд ухсан нүх рүү орчихсон чулуу түүж байсан. Тэгэхээр нь бид хоёр тэдэн дээр очиж  шаардлага тавьж цагдаа Бямбажав нүх рүү үсэрч ороод тэднийг  бүгдийг нь нүхнээс гаргасан. Энэ үед гэрт бидэнтэй хамт ажиллаж байсан хүмүүс араас гарч ирчихсэн байсан бөгөөд олон нийтийн цагдаа Амарбаатар мөн нүх рүү орсон.Биднийг тэр хүмүүс хашиж зогсчхоод нүх рүү ойртуулаагүй. Тэд өөрсдөө нүхний амсар дээгүүр тойроод зогсчихсон байсан. Бямбажав цагдаа энэ үед тэднийг оруулахгүй, чулуу шороо ухуулахгүй гэж тэдэнтэй 20 гаруй минут маргалдаад өөрөө нүхэн дотроо олон нийтийн цагдаагийн хамт зогсож байгаад олон нийтийн цагдаагаа гэр рүү ороод куртик аваад ир гээд явуулахад нь би олон нийтийн цагдаатай хамт гэр рүү ороод “наад хүмүүс чинь яаж ч мэдэх хүмүүс байна шүү, хэдүүлээ бүгд машиндаа суугаад хөдөлсөн нь дээр юм байна. Өндөр дээр гарч утсаар ярья” гэж хэлүүлсэн. Тэгээд Отгонбаатар, Батжаргал бид гурав машиндаа суугаад машинаа асаах гэтэл тэд бүгд машин тойроод бүчиж аваад машиныг нь хөдөлгөж болохгүй дугуйг нь хагал, цонхыг нь хагал гэх зэргээр бархиралдаж эхэлсэн. Тэр дундаас нэг хүн та нар машинд нь хүрч болохгүй зүгээр байцгаа гэж хэлтэл болиод нүх рүү явцгаасан. Удаагүй Бямбажав цагдаа нүхнээс гарч ирээд надад хэдүүлээ яах вэ гэхээр нь би түүнд “одоо наад хэдийгээ орхи наадуул чинь биднийг яаж ч мэдэхээр хүмүүс байна шүү, худлаа хэлж аргалж байгаад хэдүүлээ хөдлөөд тусламж дуудъя” гэж зөвлөсөн. Түүний дагуу Бямбажав цагдаа тэд нарт хандан “Бид нар энэ газарт байгаагүй болъё харин та нар ганцхан цаг ухчхаад хурдан яваарай, бид энд байж болохгүй асуудалд орно” гэж худлаа хэлсэн.Тэд тэр үед “Та нар нэмэлт хүч дуудахгүй биз” гэхээр нь бид үгүй гэж хэлээд бүгд фургондоо сууж хөдлөөд хойд талд 4 км-т байсан Баяндэлгэр сумын Эрдэнэжав гэдэг айл дээр очиж сумын хэсгийн төлөөлөгч Мөнхнасан болон цагдаагийн газрын жижүүр рүү тус тус дуудлага өгөөд буцаад газар руугаа хөдөлж 05 цагийн үед  очиход тэд бүгд хөдлөөд явчихсан байсан. Урьд ухсан нүхний дотор талд  хойд зүгт нь  хоёр жижиг нүх ухсан байсан. Харин биднийг буцаад ирэхэд тэр нүх 50-60 см орчим нэмж ухагдсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1х, хх-54-57/,

 

          7. Гэрч Ө.Отгонбаатарын: “...Би 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр сумаас томилогдсон 5 алба хаагчийн хамт “Төмстий сэрвээ” нэртэй газар эхлээд машинтай очиж үүрэг гүйцэтгэж байгаад сумаас 03 дугаар сарны 30-ны  өдөр гэр баригдаж сумын цагдаа болон холбогдох албаны хүмүүстэй үүрэг гүйцэтгэж байтал 2020 оны 04 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө 02 цагийн үед гэнэт 8-9 машинтай 30 орчим хүмүүс хүрч ирээд зөвшөөрөлгүй нүх ухаж чулуу авч эхэлсэн. Бид тэдэнд шаардлага тавьж болиулах гэсэн боловч тэд бидний шаардлагыг биелүүлэхгүй байсан. Сүүлдээ тэдний дунд байсан ганц нэг согтуу хүмүүс нь наадуулыг чинь алчихаад чулуу аваад явъя гэх зэргээр хашхираад нөхцөл байдал эвгүй болоод ирэхээр нь манай цагдаа тэд нарыг аргалаад “та нар ганц цаг ухаарай бид хөндий очоод зогсож байя” гээд бид бүгд машиндаа сууж хөдлөөд аймаг болон сум руу ярьж дуудлага өгсөн. Ер нь тэр хүмүүс биднийг яаж ч мэдэхээр эвгүй хүмүүс байсан. Бүгд толгойдоо битүү юм угласан, нүүр ам нь танигдахгүй бас машинуудынхаа улсын дугаарыг тайлаад авчихсан байсан. Бид сүлжээтэй газар очиж дуудлага өгчхөөд 05 цагийн үед эргээд ирэхэд тэд хөдлөөд явчихсан байсан. Ер нь тэд багцаагаар 1 цаг гаруй хугацаанд ухаад л явцгаасан. Бид тэднийг хөдлөөд явсан зүг чигийг нь араас нь ч гэсэн харах санаатай урд өндөр дээр гартал урд зүгээс хоёр машин ирж яваа харагдсан. Тэднийг амдаж очоод уулзах гэтэл биднээс зугтаасан. Машинаараа араас нь хөөж байгаад приус-11 маркийн 1 тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад 2 хүн байсан ба тэд шуудайны тал шороо ардаа хийчихсэн, мөн 54-38 УНЦ гэсэн улсын дугаараа машиндаа авч хийсэн байсан. Тэднийг саатуулж хэсгийн төлөөлөгч Э.Мөнхнасанд хүлээлгэж өгч аймаг руу явуулсан. Сумын засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өглөө 08 цагийн үед бидэн дээр ирсэн ба замдаа хоёр гурван машин саатуулаад аймгаас ирж байсан цагдаагийн алба хаагчдад хүлээлгэж өглөө гэж хэлж байсан. Нэлээн олон хүн гартаа үзүүртэй дэгээ төмөр барьсан байсан. Нүх ухах зориулалттай төмөр байсан байх...” гэх мэдүүлэг /1х, хх-61-63/,

 

          8. Гэрч Д.Сүхбатын: “...Миний бие 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6-р багийн  нутаг “Төмстий сэрвээ” гэдэг газарт Сүхбаатар сумын цагдаа дэд ахлагч Б.Бямбажав, олон нийтийн цагдаа Амарбаатар,сумын ЗДТГ-ын жолооч Д.Батжаргал,4-р багийн засаг дарга Ө.Отгонбаатар, сумын Байгаль хамгаалагч С.Ганбулган нарын хамт 6-лаа алт гарсан гэх уг газраас иргэд хууль бусаар чулуу, шороо олборлохоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй ажиллаж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 02 цагийн үед гадаа баахан машинтай хүмүүс ирж байгаа чимээ гарахаар нь бид бүгд хувцсаа өмсөөд гараад очтол 10 орчим машинтай 30 орчим хүмүүс ирчихсэн өмнө нь экскаватороор ухсан нүхэн дотор ороод чулуу түүж байхаар нь цагдаа Бямбажав тэднийг хөөж гаргаад өөрөө нүхэнд орж зогссон. Ингээд тэр хүмүүс орж чулуу авна бид өгөхгүй гэж 20 орчим минут маргалдаж байгаад тэд гэнэт бөөндөө нүх рүү зэрэг дайраад ороод ирэхээр нь бид ер нь эднийг дийлэхгүй юм байна гэж бодоод бүгд машиндаа сууж хөдлөөд сүлжээтэй айл дээр очоод нэмэлт тусламж  дуудсан...” гэх мэдүүлэг /1х, хх-64-66/,

 

          9. Гэрч М.Гэрэлт-Одын: “...Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг Төмстий сэрвээ нэртэй газарт эрх бүхий байгууллага буюу Ашигт малтмал газрын томны газар, аймгийн Засаг даргын зүгээс ашигт малтмалын болон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдоогүй...” гэх мэдүүлэг /1х, хх-69-71/,

 

          10. Монгол Улсын Геологийн төв лабораторийн Хими, физикийн тасгийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ХФ2020/0844 захиалгын дугаартай, лабораторийн 8815 дугаартай хэргийн газрын үзлэгээр түр хураан авч, шинжилгээнд зориулан дээж болгон авч шинжилгээнд хүргүүлсэн 203000149-6 дугаартай 2 кг чулуун дээжид алтны агууламж тодорхойлуулсан шинжилгээний дүн /1х, хх-79-80/,

 

          11. Монгол Улсын Геологийн төв лабораторийн Хими, физикийн тасгийн химийн инженер Д.Адъяабатын “...Би 2007 онд Монгол Улсын их сургуулийн химийн ангийг хүнсний химич мэргэжлээр төгссөн. Геологийн төв лабораторийн Хими, физикийн тасагт химийн инженерээр 2008 оноос хойш ажиллаж байна. Би 12 жил тус албан тушаалдаа шинжилгээний ажил эрхэлж байгаа. ХФ2020/0844 захиалгын дугаартай, лабораторийн 8815 дугаартай шинжилгээний дүнд тусгагдсан AU нь химийн томьёо бөгөөд алт үгийг тодорхойлдог. 25.48 гэсэн тоо нь тухайн шорооноос гарсан алтны агууламжийг заасан тоон үзүүлэлт байгаа юм. Энэ нь 1 килограмм чулуунд 25.48 милограмм буюу 1 тонн чулуунд 25.48 грамм алт агуулагдаж байна гэсэн үг юм. Энэ тоон үзүүлэлт нь захиалагчаас ирүүлсэн тухайн дээжид хамаарна...” гэх мэдүүлэг /1х, хх-85-86/,

 

          12. Монгол Улсын Геологийн төв лабораторийн 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хэрэгт хураагдсан шороо, чулууг гравитацийн аргаар баяжуулалт хийсэн тэмдэглэлд: “...хэрэгт хураагдсан 56 кг шороо, чулууг сорьц баталгааны хэсэгт хүлээн авч дээжийг 3 шатны буталгаагаар болох СБ-27, СБ-26, СБ-25, rocklabs-ын хацарт бутлуур дээр буталсны дараа дахин жигнэх баяжуулах хэсэгт нийт 2 ширхэг лотоктой дээжийг хүлээж авсан. Буталсны дараах лоток хассан жин 53.7 кг боллоо. Сэгсрэх ширээгээр угаагаад гарсан устай нойтон баяжмалын жин-770 гр, үлээлтийн хаягдал 16.56 гр, цэвэр металлын жин 3.56 гр...гэх /хх-152-153/,

 

          13. Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2103133 дугаартай: “...3.56 гр алтны зах зээлийн үнийг 543.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /1х, хх-96-105/,

 

          14. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03/2021 дугаартай: “...нийт 58.7 кг жинтэй шороо чулуу нь 0.02348 м3 эзлэхүүнтэй буюу 0.5 м2 талбайд боломжтой. Тухайн газарт нөхөн сэргээлт хийхэд 50.000 төгрөг, ажлын хэмжээ бага тул тусгай техник шаардахгүйгээр өдрийн хөлсөөр хүний хүчээр хийхээр тооцов. Уг хэргийн газарт учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-156 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу хохирлыг тооцож үзэхэд 587.197,3603555475*3=1.761.592 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.5-т заасны дагуу газарт учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцов...” гэх дүгнэлт /1х, хх-89/,

 

          15. Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2103101 дугаартай: “...68-92 УБС улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 8.408.500 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /1х, хх-111-122/,

 

          16. Яллагдагч Г.Ган-Эрдэний: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн үед Улаанбаатар хотоос 68-92 УБС улсын дугаартай приус 20 маркийн автомашинтай найзууд болох Г.Батсайхан, Б.Түвдэндорж, Г.Амгаланбаатар нарын хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт алт гарсан гэдгийг сонсоод “Төмстий Сэрвээ” гэдэг газар руу нэг очсон. Биднийг 03 цагийн үед тэнд очиход 7-8 машинтай 20 гаруй хүмүүс бөөгнөрөөд ухсан нүхний аман дээр зогсож байсан бөгөөд зарим нь нүхэн дотор ороод чулуу түүж байсан. Батсайхан бид хоёр нүх рүү орж ойролцоогоор тус бүрдээ 15 орчим килограмм жинтэй 2 хэсэг чулуу авч машиндаа хийгээд Сүхбаатар сум руу чиглэж 04 цагийн үед хөдөлж яваад Дарханхаан уулын цаана цагаан патролтой ногоон эрээн хувцастай 3-4 хүнд баригдаж сумын төв дээр ирээд байж байтал удалгүй цагдаа ирээд цагдаагийн байран дээрээ авч ирээд үзлэг хийгээд аймгийн төв рүү авч явсан. Би холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байна, хэргээ хурдан шийдүүлмээр байна ...” гэх мэдүүлэг /1х, хх-207-208/,

 

          17. Яллагдагч Б.Түвдэндоржийн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн үед  Улаанбаатар хотоос 68-92 УБС улсын дугаартай приус 20 маркийн автомашинтай найзууд болох Г.Батсайхан, Б.Түвдэндорж, Г.Амгаланбаатар нарын хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт алт гарсан гэдгийг сонсоод “Төмстий Сэрвээ” гэдэг газар руу нэг очсон. Алт байгаа гэх газарт очиход 7-8 машинтай 20-30 хүн бужигналдаад байж байсан. Тус газар экскаватор машин харагдсан, гэрийн буйрны хэмжээтэй нүх ухчихсан тэр нүх рүү тэнд байсан хүмүүс бүгдээрээ орсон байсан. Харанхуй байсан учраас харагдах орчин хязгаарлагдмал байсан. Тэгээд Ган-Эрдэнэ, Амгаланбаатар, Батсайхан нар  экскаваторын урд талд шанаганы хажуу талд гаргасан байсан чулуу шорооноос шуудайнд гараараа түүж самардаж шуудайны талаар хийж аваад машиндаа сууж хөдөлсөн. Сүхбаатар сумын зүүн талд тус сумын Засаг даргад баригдаж сум дээр ирсэн. Тусгай зөвшөөрөл байгаагүй. Хохирлоо хувааж төлнө...” гэх мэдүүлэг /1х. хх-212-213/

 

          18. Яллагдагч Г.Батсайханы: “...Сүхбаатар аймагт алт гараад байна гэсэн яриа гараад байхаар нь уг газарт очиж үзэхээр 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Ган-Эрдэнэ, Түвдэндорж, Амгаланбаатар нарын хамт Түвдэндоржийн 68-92 УБС дугаартай приус 20 машинтай гарч Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд Ланд-100 таарсан. Тус машин алттай газар руу явж байна гэхээр нь дагаад алт гарсан газар руу очиход тэнд экскаватор, гэр 8-9 машин, 20 гаран хүмүүс байсан. Тэр хүмүүс нүх ухаж, тарамдсан газраар хайгч  бариад явж байсан. Бид 4 тэр экскаваторын шанаганы тэнд байх шороо чулуунаас гараараа самардаж шуудайнд хийж аваад машиндаа сууцгаагаад хөдөлсөн. Тусгай зөвшөөрөл байхгүй...” гэх мэдүүлэг /1х, хх- 217-218/,

 

          19. Яллагдагч Г.Амгаланбаатарын: “... 2020 оны 04 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн орчимд Улаанбаатар хотоос 68-92 УБС дугаартай тээврийн хэрэгсэлтэй Батсайхан, Ган-Эрдэнэ, Түвдэндорж нарын хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд ирж хоноод 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр алт гарсан гэх газарт ирсэн. Тэнд экскаватор, 7-8 машин, 20 орчим хүмүүс байсан ба тэр хүмүүс нүх ухаж, тарамдсан газраар хайгч бариад явж байсан. Бид нар  экскаваторын шанаганы тэнд байх шороо чулуу түүж шуудайнд хийж машиндаа оруулсан. Тусгай зөвшөөрөл байхгүй. Байгальд учруулсан хохирлоо хувааж төлнө...” гэх мэдүүлэг /1х, хх-222-223/

 

          2020 оны09 дүгээр сарын 14-ний өдрийн 5/43 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 72/

         

Г.Ган-Эрдэнийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 228 х/

 

Г.Ган-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-ийн 226 х/

 

 Г.Ган-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 167 х/

 

Д.Баатарын ам бүл, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 174 х/

 

Б.Түвдэндоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-ийн 231 х/

 

Б.Түвдэндоржийн  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 232 х/

 

Б.Түвдэндоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 233х/

 

Г.Батсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-ийн 236 х/

 

Г.Батсайхан оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 237 х/

 

Г.Батсайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 238 х/

 

Г.Амгаланбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-ийн 241 х/

 

Г.Амгаланбаатарын  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 242 х/

 

Г.Амгаланбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 243 х/

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 2-р хавтас 9  х/

 

Шүүгдэгч нарын хохирол хүлээлгэн өгсөн баримт  зэрэг нотлох баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Батсайхан, Б.Түвдэндорж нар нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Төмстий сэрвээ” гэх газар Приус-20 маркийн 68-92 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очиж, тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлосон болох нь шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Батсайхан, Б.Түвдэндорж  нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Жаргалсайхан, Ц.Алтанзул,  гэрч Б.Бямбажав, С.Ганбулган, Ө.Отгонбаатар, Д.Сүхбат, М.Гэрэлт-Од нарын мэдүүлэг, Монгол Улсын Геологийн төв лабораторийн Хими, физикийн тасгийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ХФ2020/0847 захиалгын дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Геологийн төв лабораторийн Хими, физикийн тасгийн химийн инженер Д.Адъяабатын мэдүүлэг, Монгол Улсын Геологийн төв лабораторийн 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хэрэгт хураагдсан шороо, чулууг гравитацийн аргаар баяжуулалт хийсэн тэмдэглэл, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03/2021 дугаартай дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2103101 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.          

           

Хэргийн дээрх баримтаар  Г.Ган-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Батсайхан, Б.Түвдэндорж нар нь Сүхбаатар аймгийн  Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Төмстийн сэрвээ” гэх газарт алт байгааг мэдэж байсан бөгөөд холбогдох газраас тусгай зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмал олборлосон гэмт хэргийг ашиг олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн бөгөөд аймгийн прокурорын газраас  Г.Ган-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Батсайхан, Б.Түвдэндорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Батсайхан, Б.Түвдэндорж нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч нар нь холбогдох газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд зориуд хохирол учруулсан байна.

         

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Батсайхан, Б.Түвдэндорж   нар нь Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Төмстийн сэрвээ” гэх гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг явуулж, байгаль орчинд 1,761,592 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

             Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Батсайхан, Б.Түвдэндорж  нар нь  тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд  шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно ” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Батсайхан, Б.Түвдэндорж  нар нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан 1,761,592 төгрөгийн хохирол, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 289,360 төгрөгийн хохирол учирсныг бүрэн төлж барагдуулсан байна.

Иймд  шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  шүүгдэгч Б.Түвдэндоржийн эзэмшлийн 68-92 УБС улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслийн үнэ 8,408,500 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний  5/43 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх хуулийн зохицуулалттай.

 

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Батсайхан, Б.Түвдэндорж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Батсайхан, Б.Түвдэндорж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлсөн иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов

 

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Батсайхан, Б.Түвдэндорж нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3,56гр хэмжээтэй алтыг улсын орлого болгож Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, иргэний баримт бичиг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Ганбүргэдийн Ган-Эрдэнэ, Өндөрийнхөн овогт Баасанцэрэнгийн Түвдэндорж, Харчин овогт Ганзоригийн Батсайхан, Өндөрийнхөн овогт Ганболдын Амгаланбаатар нарыг бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,  мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батсайхан, Г.Ган-Эрдэнэ, Б.Түвдэндорж, Г.Амгаланбаатар нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Г.Батсайхан, Г.Ган-Эрдэнэ, Б.Түвдэндорж, Г.Амгаланбаатар  нарт зан үйлээ засах, оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.Батсайхан, Г.Ган-Эрдэнэ, Б.Түвдэндорж, Г.Амгаланбаатар нарт мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Батсайхан, Г.Ган-Эрдэнэ, Б.Түвдэндорж, Г.Амгаланбаатар нарт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3,56гр хэмжээтэй алтыг улсын орлого болгож Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батсайхан, Г.Ган-Эрдэнэ, Б.Түвдэндорж, Г.Амгаланбаатар нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Түвдэндоржийн эзэмшлийн 68-92 УБС улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 8,408,500 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 5/43 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

8.Шүүгдэгч Г.Батсайхан, Г.Ган-Эрдэнэ, Б.Түвдэндорж, Г.Амгаланбаатар нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан экологийн хохирлыг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАЯРБААТАР