Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 176

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Ханджав

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Х.Дамдинбазар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Х.Дамдинбазарт холбогдох  2130000000217 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

       

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 20.. оны дугаар сарын ..-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын … дүгээр багт оршин суух, регистрийн дугаар ЛЗ01280559,  овогт Хурбаярын  Дамдинбазар.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Х.Дамдинбазар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Жамбий гэх газарт Г.Гэрэлт-Одын биед халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайд зулгаралт, няцрал хамрын болон баруун гарын эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Дамдинбазар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр найзтайгаа хамт сумын төвд очоод архи уусан. Юу болсон талаар мэдэхгүй байна гэв.

 

 Хохирогч Г.Гэрэлт-Одын: “... Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын дүгээр багийн малчин иргэн юм. 2021 оны 09 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн үед гэртээ байж байхад манайд Г.Ган-Очир гээд манай багийн дүү нэлээн согтуу ирсэн юм. Төд удалгүй араас нь Х.Дамдинбазар мөн ирээд Г.Ган-Очирыг авч явах гэсэн чинь Г.Ган-Очир нь явахгүй гээд уллаад байсан юм. Тэгээд манайхаас гараад гадаа хоорондоо маргалдаад байхаар нь би гарч очоод миний 2 дүү одоо гэртээ очоод сайхан амар, ах нь амрах гээд байна гэж хэлэхэд Х.Дамдинбазар нь намайг чи юу гээд байгаа юм бэ чи миний аавыг доромжилсон гээд над руу дайраад намайг багалзуурдаж заамдаж аваад хоолой боож байгаад гарын баруун талд байсан 40-ын бидонтой усны саван дээгүүр түлхээд унагаасан юм. Намайг газар ойчсон хойно дээрээс гараараа олон удаа цохиж зодсон юм. Би үнэндээ залуу хүүхдийн гарын аяыг дийлээгүй 40 литрийн бетоны араар толгойгоо хийгээд уг нь толгойгоо хамгаалах гээд байсан чадаагүй олон удаа толгой руугаа цохиулсан. Тэр үед Г.Ган-Очир нь Х.Дамдинбазарыг салгахгүй хажууд инээгээд зогсоод байсан юм. Тэгээд Х.Дамдинбазар нь зодохоо болихгүй байсан бөгөөд 40 литрийн бетон өргөөд намайг цохих гэхээр нь би салтаан доогуур нь арай чимээ гүйж гараад тэгээд би гэр рүүгээ орсон. Х.Дамдинбазар нь араас дагаад гэр рүү орж ирээд намайг тэврээд авдар дээгүүр шахаад “ална” гээд байхаар нь “ахынх нь бие эвгүй болчихлоо одоо миний дүү болио” гэж хэлэхэд намайг тавьсан юм. Тэгээд би гэрийн гадаа салхинд сууж байх хооронд Х.Дамдинбазар, Г.Ган-Очир нар нь яваад өгсөн. Тэгээд би сумын эмнэлэгт үзүүлээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Урьд өмнө нь бид 2 маргаж муудаж байгаагүй. Дамдинбазарын аав Хурбаяр бид 2 хоорондоо сайхан найзалдаг хүмүүс юм. Харин яагаад хүү нь ирээд намайг зодох болсныг гайхаж байна. Өс хонзонгийн шинжтэй асуудал байхгүй. Х.Дамдинбазар намайг гэрийн гадаа зодож байхад Г.Ган-Очир байсан. Манай эхнэр гэр дотор байсан. Өөр хүн байгаагүй. Баруун талын шанаа зулгарсан шархтай, хавантай, хамар мурийсан байна. Одоо миний толгой өвдөөд байгаа бөгөөд баруун гарын 1 дүгээр үе мэдээгүй болчхоод байна. Эмч үзээд тархи доргилт гэж хэлсэн бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэсэн. Х.Дамдинбазар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтуу байсан. Би Х.Дамдинбазарыг зодож цохиогүй. Х.Дамдинбазар нь дийлдэхгүй байна лээ. Х.Дамдинбазар нь миний эмчилгээний зардал мөнгийг бүгдийг нь төлж барагдуулна гэж тохирсон байгаа. Одоо надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Х.Дамдинбазар нь надаас уучлалт гуйж бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хурдан шалгаж өгөхийг хүсэж байна ...” гэх мэдүүлэг /хх-6-8/,

 

 Гэрч Ц.Сарангэрэлийн: “... Би Сүхбаатар сумын .. дүгээр багийн малчин иргэн юм. 2021 оны 09 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн үед би нөхөртэйгөө гэртээ байж байхад манайд Ган-Очир нэлээн согтуу мотоциклтой ирсэн. Араас нь Дамдинбазар мөн согтуу мотоциклтой ирсэн бөгөөд манайд ирээд гэрт дотор хоорондоо маргалдаад зодолдох гээд байсан. Манай нөхөр Гэрэлт-Од тэр хоёрыг хоорондоо маргалдаад зодолдох гээд байхаар гэрээс гаргаад миний 2 дүү одоо явж амар гэхэд Дамдинбазар нь манай нөхрийг гэрийн гадаа зодоод байсан. Гадаа харанхуй байсан учир би айгаад гарч очиж чадаагүй юм. Манай нөхөр чи нүүр рүү цохичихлоо гээд бархирч байсан. Би Ган-Очирыг “наад хоёроо салга” гэж хэлэхэд Ган-Очир нь харчхаад инээгээд зогсоод байсан. Тэгээд гэрийн гадаа баахан усны сав цохиж балбах чимээ гарч байгаад удаагүй Дамдинбазар нь мотоциклоо унаад яваад өгсөн. Ган-Очир нь манайд үлдээд жоохон сууж байгаад яваад өгсөн. Урьд өмнө маргаж муудаж байгаагүй. Өс хонзонгийн шинжтэй асуудал байхгүй. Уг нь Дамдинбазарын аав манай нөхөр 2 найзууд бөгөөд хоорондоо байнга уулзаж байдаг байсан хүмүүс юм. Дамдинбазар архи уугаад согтсондоо залуу хүүхэд алдаа гаргалаа гэж бодож байна. Намайг зодож цохиогүй. Дамдинбазар, Ган-Очир, манай нөхөр Гэрэлт-Од 3 гадаа байсан. Яг зодоон болох үед нь би гэртээ байсан. Өөр хүн байгаагүй. Манай нөхөр Гэрэлт-Од хүнтэй зодолдоод байхааргүй бие муутай хүн байдаг юм. Дамдинбазар, Ган-Очир нар нь архи, согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэсэн байдалтай шал согтуу байсан. Харин манай нөхөр Гэрэлт-Од бид 2-ын хувьд архи, согтууруулах ундаа хэрэглээгүй гэртээ амрах гэж байсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 х/,

 

 Гэрч Г.Ган-Очирын: “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын .. дүгээр багийн малчин иргэн юм. 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би найз Дамдинбазарын хамтаар сумын төвд мотоциклтой ирээд 2 найзын хамтаар 0.75 литрийн соёрхол нэртэй архи 2 шилийг хувааж уусан юм. Тэгээд орой 19 цагийн үед би гэр рүүгээ явсан юм. Мотоцикл дээр явж байгаад салхинд цохиулаад уусан архиндаа согтсон байсан. Манай гэр рүү явах замд Гэрэлт-Од ахын гэр байдаг бөгөөд 1 мэдсэн би тэднийд унтаж байсан. Тэгээд босоод гэр рүүгээ явсан. Гэрэлт-Од ахынд хэзээ очсоноо мэдэхгүй байгаа юм. Би Дамдинбазартай хамгийн сүүлд сумын төв дээрээс салснаа санаж байна. Дамдинбазарыг хэзээ Гэрэлт-Од ахынд ирсэн болон тэнд ямар асуудал болсон талаар үнэндээ надад санах юм байхгүй. Би уусан архиндаа тасарсан байсан байна. Нэг мэдсэн шөнө Гэрэлт-Од ахынд унтаж байгаад сэрсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 х/,

 

 Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 446 дугаартай: “... Г.Гэрэлт-Одын биед тархи доргилт, баруун чамархайд зулгаралт, няцрал, хамрын болон баруун гарын эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ... Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна... Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна... Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 х/,

 

 Яллагдагч Х.Дамдинбазарын: “... Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн малчин. 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би найз Ган-Очирын хамтаар сумын төвд мотоциклтэй ирээд 2 найзын хамт 0.75 литрийн архи 2 шилийг хувааж уусан. Би Гэрэлт-Од ахын эмчилгээний зардал болох 300.000 төгрөгийг төлж барагдуулсан. Г.Гэрэлт-Од ах бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 х/

 

Шүүгдэгч Х.Дамдинбазарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 х/

 

Х.Дамдинбазарын  оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38 х/

 

Шүүгдэгч Х.Дамдинбазарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 х/

 

Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогын баримт /хх-ийн 40-43 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Дамдинбазар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Жамбий гэх газарт Г.Гэрэлт-Одын биед халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайд зулгаралт, няцрал хамрын болон баруун гарын эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Г.Гэрэлт-Од, гэрч Ц.Сарангэрэл, Г.Ган-Очир  нарын мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 446 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Х.Дамдинбазар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Шүүгдэгч Х.Дамдинбазар нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

 Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Гэрэлт-Одыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь  тархи доргилт, баруун чамархайд зулгаралт, няцрал, хамрын болон баруун гарын эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Дамдинбазарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Х.Дамдинбазарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Х.Дамдинбазарын үйлдлийн улмаас хохирогч Г.Гэрэлт-Одын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Гэрэлт-Од нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Х.Дамдинбазарт зодуулсны улмаас хөнгөн хохирол учирсан. Дамдинбазар надад 300 000 төгрөг өгсөн би эм тариа авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.

Иймд шүүгдэгч Х.Дамдинбазарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч Х.Дамдинбазарт ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Х.Дамдинбазарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан  хохирол,  хор  уршгийн  шинж  чанар,  хувийн  байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Дамдинбазарт мэдэгдье.

 

 Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Х.Дамдинбазарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цоохор овогт Хурбаярын  Дамдинбазарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дамдинбазарт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Дамдинбазарт оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дамдинбазар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Х.Дамдинбазарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 6. Шүүгдэгч Х.Дамдинбазар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч Г.Гэрэлт-Од гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР