Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 01970

 

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2017/01970

 

 

З.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01369 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч З.Цын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГАнд холбогдох,

 

Тогтоол болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 15 байрны 52 тоот хаягт байрлах Ү-2203008850 тоот улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв хоёр өрөө орон сууцыг 2002 оноос хойш өмчилж байгаа. Уг орон сууцыг миний төрсөн ээж Д.У, мөн иргэн З.Мэргэн, З.Балжмаа нарын хамт өмчилдөг.

Гэтэл НШГАнаас миний өмчлөлийн орон сууцыг  албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгааг би интернэтээс мэдлээ.

Уг үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулахад өмчлөгч миний эрх, ашиг хөндөгдөж байхад намайг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй байгаад гомдолтой байна.

НШГА нь орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахдаа өмчлөгч надаас үнэлгээ аваагүй, албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаар надад огтхон ч мэдэгдээгүй.

Хамтран өмчлөгчийн хувьд З.Ц би албадан дуудлага худалдаанд оролцож, тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй. Гэтэл надад албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаар мэдэгдээгүйн улмаас миний эрх ашиг зөрчигдөж байна.

НШГА нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйл 47.2.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд эд хөрөнгийн үнэлгээ тогтоох, орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар захирамжаар Д.Угаас 48 877 330 төгрөгийг гаргуулж "Ориент инвест" ББСБайгууллагад олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Д.Угийн хамтран өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203008850 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 15 дугаар байрны 52 тоот хоёр өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2015/02 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2015/04 дугаартай тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч, төлбөр авагч талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон.

Хөндлөнгийн шинжээч 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар уг хоёр өрөө орон сууцыг 112 600 000 төгрөгөөр үнэлсэн.

Дээрх барьцаа хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцтгэх албанаас зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох зах зээлийн үнийн 70 хувиар бууруулан 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлэхэд төлбөр төлөгч Д.У нь үнэлгээнд гомдол гаргаж 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд хандсан бөгөөд 3 шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Мөн барьцаа хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцтгэх албанаас зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох зах зээлийн үнийн 70 хувиар бууруулан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлэхэд төлбөр төлөгч Д.У нь албадан дуудлага худалдааны тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 181/Ш32016/03393 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1107 дугаар шийдвэр, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр магадлалаар тус тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

НШГАнаас зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох зах зээлийн үнийн 70 хувь буюу 78 820 000 төгрөгөөр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, мөн иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн үнэлгээний 50 хувь буюу 56 300 000 төгрөгөөр 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус тус оруулахад худалдан борлогдоогүй.

Иймд төлбөр төлөгч Д.У нь үндэслэлгүйгээр удаа дараа гомдол гаргаж төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь уг маргаан Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн.

Энэ маргаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тогтоогдсон үйл баримт байгаа.

Дуудлага худалдаанд оролцох боломжтой. Нийтэд ил тод нээлттэй явагдаж байгаа. Дэнчингээр нь худалдаж авах бүрэн боломжтой. Тэргүүн ээлжинд худалдан авахад нь хориглосон заалт байхгүй. Үндсэн үнэлгээ нь 116 000 000 төгрөг, 50 хувиар нь дуудлага худалдаа хийх юм бол 50 000 000 гаран төгрөг төлөөд авах эрх нь нээлттэй байгаа.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс харахад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, төлбөр төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэв.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч НШГАны үнэлгээ тогтоох, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэгч З.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч З.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж чадаагүйд гомдолтой байна.

Шүүх хуралдаанд өмгөөлөгч авч оролцох хүсэлт гаргахад хууль буруу тайлбарлан хүсэлтийг нь хүлээж аваагүй. Хурлыг өмгөөлөгчгүйгээр явуулсанаар З.Цын эрх ашгийг ноцтой зөрчсөн учир шүүхийн шийдвэр үнэн зөв үндэслэлтэй болж чадаагүй

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасан заалт зөрчигдсний улмаас эрх ашиг хохирсон улмаар шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүх хэргийн материалтай бүрэн танилцаж судалгаа шинжилгээ хийж чадаагүй гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

   Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

   Нэхэмжлэгч З.Ц нь хариуцагч НШГАнд холбогдуулан тогтоол болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд “О ИББСБ” ХХК нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаар захирамжаар Д.Угаас 48 877 330 төгрөгийг гаргуулж “О ИББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой Д.Угаас гаргасан гомдлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00445 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 475 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 00502 дугаар тогтоолоор шийдвэрлэж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 15 дугаар байр, 52 тоотод оршин байрлах 2 өрөө орон сууцны дуудлага худалдаагаар санал болгох доод үнийг 112 638 600 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчинтэй гэж тогтоосон.

 

Дээрх иргэний хэргийн маргаанд нэхэмжлэгч З.Ц оролцоогүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгчээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгчөөс үнийн санал авах ажиллагаа явуулсан, өмчлөгч З.Цэнджав нь уг орон сууцны албадан дуудлага худалдааны доод үнэлгээг 150 000 000 төгрөгөөр тодорхойлж 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр саналаа гаргажээ.

 

Төлбөр төлөгч Д.У төлбөр авагч “О ИББСБ” ХХК болон бусад өмчлөгч /З.Ц/ нар үнэлгээний талаар тохиролцоогүй тул хариуцагч байгууллага шинжээч томилсон ажиллагаа хуульд нийцсэн талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн, уг мэдэгдлийг авснаар үнэлгээнд гомдол гаргах эрхтэй болох бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар өмчлөгч З.Ц үнэлгээтэй холбоотой гомдлыг 7 хоног буюу 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дотор гаргах байжээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахын өмнө хийвэл зохих ажиллагаа болох зар гаргах, холбогдох тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлэх ажиллагааг хариуцагч байгууллага хуульд заасан журмын дагуу явуулсан, тогтоолыг өмчлөгчид хүргүүлэх ажиллагаа хийхийг хуулиар зохицуулаагүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Харин анхан шатны шүүх 2017 оноос өмнө явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дүгнэхдээ 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтын хүрээнд дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

 

Мөн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч тэрээр хүсэлтээсээ өөрөө татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байх тул өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээж аваагүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01369 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА