Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 173

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Ханджав /цахим/

Шүүгдэгч Д.Будмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д.Будмаад холбогдох 2130001200172 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 20.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл ..,  эцэг, эх, ах, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, “Шинэ худаг” гэх газар  оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /ЛБ00283105/ Үст Дамдин овогт Дүүрэнбилэгийн Будмаа.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Д.Будмаа нь 2021 оны 05 дугаар сарын 03-наас 05-ны өдрүүдэд  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын дүгээр баг Хайлаастын 301 тоотод байх нагац эгч М.Тодцэцэгийн гэрт амьдарч байхдаа түүний ХААН банкны 5641009065 дугаартай дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, данснаас нь 3 удаагийн үйлдлээр 715 000 төгрөгийг гүйлгээ хийж, нийт 715 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Д.Будмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 500 000 төгрөг бэлнээр үлдсэнийг нь дансаар өгсөн гэв.

 

 

  • Хохирогч М.Тодцэцэгийн  “... 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс манай төрсөн дүүгийн хүүхэд Будмаа манайд амьдрахаар ирсэн. 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн үед Будмаагийн хамт АТМ-с мөнгө авахаар явсан. Тэгээд дээж худалдааны төвийн АТМ дээр ирээд хаан банкны виза картаа Будмаад өгөөд 120,000 төгрөг аваад өгөөч гээд картын нууц дугаараа хэлж өгсөн. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн ХААН банкны данснаас Төрийн банк руу мөнгө хийлгэх гээд Будмааг гуйгаад АТМ руу  явсан. АТМ-ын гадаа ирээд картаа өгөөд данс хооронд гүйлгээ хийгээд өг зээлээ төлөх гээд байна гэхэд таны дансанд мөнгө чинь орохгүй, болохгүй байна гэсэн. Тэгэхээр нь ямар учраас мөнгө хийж болохгүй талаар асууж тодруулахад Хаан банкинд гэмтэл гарсан байна гэсэн. Мөн таны утсанд Хаан  банкнаас гэмтэл гарсан гэсэн мессеж ирсэн байна гэхээр нь буцаад гэр рүүгээ явсан. 05 дугаар сарын 06-нд дахин ирэхэд дахиад тэгж хэлсэн. Хаан банк олон хоног гэмтэл гардаггүй болохоор танил дүүгээсээ миний дансанд мөнгө байгаа эсэхийг шалгаад өг мессеж ирэхгүй байна гэхэд таны мэдээлэл ирдэг мессежийг болк хийсэн байна таны дансанд 102 000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд би данснаасаа мөнгө алдсан тухайгаа мэдсэн. Энэ талаар дүү Будмаагаас асуухад таны данснаас мөнгө авч өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан гэж хэлсэн. Би зээлээ төлөх гэж байсан мөнгө чи хурдан төл гэхэд төлж чадахгүй гэж хэлсэн тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Хамгийн сүүлд Будмаагаар мөнгө авхуулаад виза картаа авдартаа хийсэн. Миний Хаан банкны 5641009065 дугаартай дансны виза картыг хулгайлан авч 3 удаагийн үйлдлээр 715 000 төгрөг хулгайлсан байсан...Будмаа нь миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх /хх-ийн 09-10, 12 х/

 

М.Тодцэцэгийн Хаан банкны 5641009065 дугаартай данснаас 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 115, 000 төгрөг, 05 дугаар сарын 04-ний өдөр 300,000 төгрөг, 05 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг нийт 715,000 төгрөгийн зарлага гаргасан тухай дансны хуулга /хх-ийн 49 х/

 

  • Яллагдагч Д.Будмаагийн: “ ... 2021 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төв рүү Тодцэцэг эгчтэй хамт  мөнгө шилжүүлэхээр бэлэн мөнгөний машин дээр бид 2 очсон Тодцэцэг эгч надад виза картаа өгөөд нууц кодоо хэлээд банк хоорондын гүйлгээ болон 120,000 төгрөг бэлнээр авхуулсан. Тэр үед би нууц кодыг цээжилсэн. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 03-наас 05-ны хооронд Тодцэцэг эгчийн куртикнээс виза картыг нь авч 3 удаа мөнгө авсан нийт 750 000 төгрөг авсан. Би авсан мөнгөө бүрэн төлсөн. Би Фаберлек гэдэг гоо сайхны сүлжээний бараа зардаг өөрийнхөө мөнгөөр бараа захиалдаг надад бэлэн мөнгө байхгүй учраас эгчийн мөнгийг авсан хэлбэл надад өгөхгүй байх гэж бодоод хэлэхгүй авсан. Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна... ” гэх /хх-ийн 41 х/

 

  • Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 20/03/109 дугаартай Хаан банкны виза картын үнэ  3,000 төгрөг” гэж үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-29 х/

 

  • Дүүрэнбилэгийн Будмаагийн Хаан банкны 5648075928 тоот дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 45-46 х/

 

  • Махгалын Тодцэцэгийн Хаан банкны 5641009065 тоот дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 47-49 х/

 

  • Шүүгдэгч Д.Будмаагийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 53 х/

-Шүүгдэгч Д.Будмаагийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах

тэмдэглэл /хх-ийн 54 х/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

  • Шүүгдэгч Д.Будмаа нь 2021 оны 05 дугаар сарын 03-наас 05-ны өдрүүдэд  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 301 тоотод байх нагац эгч М.Тодцэцэгийн гэрт амьдарч байхдаа түүний ХААН банкны 5641009065 дугаартай дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, данснаас нь 3 удаагийн үйлдлээр 715 000 төгрөгийг гүйлгээ хийж, нийт 715 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох шүүгдэгч Д.Будмаагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч М.Тодцэцэгийн мэдүүлэг,  М.Тодцэцэгийн ХААН банкны 56410009065 дугаартай данснаас 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 115 000 төгрөг, 05 дугаар сарын 04-ний өдөр 300 000 төгрөг, 05 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөгийн зарлага гарсан тухай  иргэн М.Тодцэцэгийн ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.Будмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Д.Будмаа нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох, өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор иргэн М.Тодцэцэгийн гэрээс Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар хулгайлан картан дахь мөнгийг авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч Д.Будмаагийн, хохирогч М.Тодцэцэгийн Хаан банкны картыг хулгайлж мөнгийг нь авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Тодцэцэгт учирсан 715 000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн “ Д.Будмаагаас 715 000 төгрөгийг бэлнээр авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Будмааг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Будмаагийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зохицуулсан байна.

 

Шүүгдэгч Д.Будмаагийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэм хэргийн ангилалд хамаарах бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан эдийн хохирлыг 715 000 төгрөгийг төлж барагдуулсан, тухайн хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ...гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заажээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт  “энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.Будмаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг 2021 оны 05 дугаар сарын 03-наас 05-ны өдөр үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Тэнссэн хугацаа нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан эрхийн хязгаарлалт тогтоох, үүрэг хүлээлгэх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй. 

 Шүүгдэгч Д.Будмаа энэ хэргийн улмаас 5 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ….. овогт Дүүрэнбилэгийн Будмааг  бусдын эд хөрөнгийг

хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Будмааг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан журмын дагуу шүүгдэгч Д.Будмаагийн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

 4. Шүүхийн шатанд шүүгдэгч Д.Будмаад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Д.Будмаа энэ хэргийн улмаас 5 хоног цагдан хоригдсон хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хохирогч М.Тодцэцэгт 715 000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР