| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2022/0004/э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2021-12-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч М.Сумъяа
Шүүгдэгч Э.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Мөнхтулгад холбогдох 2130002550250 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, .. настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Малын эмч мэргэжилтэй, Сүхбаатар сумын Түмэнцогт сумын ИТХ-ийн дарга ажилтай, ам бүл .., эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар баг, Баян-Овоо 3 дугаар байр, 6 тоотод оршин суудаг, урьд 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн шүүхийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь зүйлд зааснаар 1,404,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан ЛЙ85040873 Боржигон ургийн овогт Энхбаатарын Мөнхтулга.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Э.Мөнхтулга нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт А.Энхсайханы биед халдан, цохиж зодож эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хурууны 3 дугаар үеийн мултрал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Э.Мөнхтулгад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Мөнхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний буруу гэм буруу дээр маргаан байхгүй гэв.
1. Хохирогч А.Энхсайханы “...Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн үед Ганбат даргатай утсаар яриад хаана байгааг нь асуухад, “сумын зүүн дэнж дээр зогсож байна” гэсэн юм. Тэгээд би баяр хүргэх гэж Алтанхуяг, Шагай нарын хамт сумын зүүн дэнж рүү яваад очиход хурлын дарга Мөнхтулга, Зоригоо, Гаягаа, Азаа, Ганбат нар байсан. Бид гурвыг машинаас буугаад мэнд мэдтэл, Мөнхтулга машинаасаа бууж ирээд зүүн хөл рүү 2 өшиглөсөн мөн толгой руу тохойлдсон...Бид нар бушуухан тэндээс явж суманд ирээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний баруун гарын эрхий хуруу тулсан үүний улмаас хавдсан хөндүүртэй мөн толгой эргээд байгаа...” гэх мэдүүлэг / хх-ийн 12-13 х/
2. Хохирогч А.Энхсайханы “...Тухайн хүмүүстэй мэнд мэдэхийн завдалгүй Э.Мөнхтулга нь ирээд бид гурвыг цохиж зодсон. Хамгийн эхлээд намайг Э.Мөнхтулга нь алгадаад ардаас нь үргэлжлүүлэн баруун х /хонго руу/ хөл рүү өшиглөхөөр нь гараараа хаасан, тэгэхэд дахин өшиглөхөөр нь дахиж баруун гараараа хаахад гар эвгүй болсон. Тэгэхээр нь “хөөе Мөнхтулгаа миний баруун гарын эрхий хуруу эвгүй болчихлоо” гэж хэлж байсан. Тэгэхэд Э.Мөнхтулга түлхэхэд би газар унахдаа баруун гараараа тулаад унасан. Харин Хатанзоригт буюу Зоригоо миний гарын зүүн гарын булчин руу нэг удаа гараараа цохисон. Миний биед Э.Мөнхтулга гэмтэл учруулсан болохоос Зоригоо гэмтэл учруулсан зүйл байхгүй...Э.Мөнхтулгатай тааралдахад “дээрийн асуудалд уучлаарай” гэж хэлээд надаас уучлалт гуйсан. Мөн уг хэргийн минь түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Надад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 15-16/,
3. Гэрч Б.Алтмөнгөншагай “... 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр багийн даргын сонгууль болж хуучин багийн дарга Ганбат гэдэг хүн багийн даргаар дахин сонгогдсон юм. Орой 20 цагийн үед шиг санаж байна, багийн дарга Ганбат ахтай Сайхнаа ах утсаар яриад хаана байгааг нь асуухад сумын зүүн дэнж дээр байна гэсэн. Тэгээд намайг Энхсайхан, Алтанхуяг нар “хүргээд өгөөч ах нар нь архи уучихсан байна” гэхээр нь би машинаа бариад хамт явсан. Гэтэл Мөнхтулга “сайн уу” гэж мэндлэхийн завдалгүй “пизданууд минь бүгдийг чинь ална шүү” гээд Энхсайханыг машины урд түлхээд унагааж байсан. Тухайн үед Сайханаа ах “гар эвгүй болчихлоо” гэж байсан. Мөнхтулга ах, Алтанхуяг ах бид хоёрыг өшиглөсөн. Миний баруун гуя руу өшиглөсөн. Мөнхтулга ах Энхсайхан ахыг барьж аваад цааш түлхэхдээ гарыг нь мушгиж байсан тэгэхдээ тулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
4. Гэрч Б.Алтанхуягийн “...2021 оны 09 дүгээр сарын 22-ны багийн даргын сонгууль болж хуучин багийн дарга Ганбаяр гэдэг хүн гарсан юм. Орой 20 цагийн үед шиг санаж байна Ганбаяр ахтай Сайханаа утсаар яриад хаана байгааг асуухад сумын зүүн дээр байна гэсэн. Тэгээд Энхсайхан бид хоёр Алтанмөнгөншагайн хамт очсон юм. Бид хоёр машинаасаа буугаад “за юу байна” гэж мэндэлтэл Мөнхтулга бид гурвыг шууд цохисон. Тэгээд бид гурав айгаад энэ согтуу юм яах ч юм билээ гэж бодоод зугтааж сумын төвд ирж манай найз А.Энхсайхан цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
5. Гэрч Л.Ганбатын “...2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн даргын сонгууль болж миний бие багийн даргад нэр дэвшиж багийн олонхын иргэдийн саналаар багийн даргаар сонгогдсон. Орой 18 цагийн үед сумын хурлын дарга, Э.Мөнхтулга манайд ирээд ахад баяр хүргэе машинд суучих гэсэн. Гэтэл Мөнхтулга машинтайгаа намайг авч хөдлөөд сумын зүүн талд 1 км орчим газар очиж зогсоод нэг шил архи задалж өгсөн. Би уухгүй гэж хэлтэл та уусангүй гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл миний утас дуугараад автал “Энхсайхан байна, дарга хаана байна би танд баяр хүргэх гэсэн юм” гэж хэлэхээр нь би байршлаа зааж өгсөн. Удалгүй Энхсайхан, Алтанхуяг, Алтмөнгөншагай нар ирсэн. Гэтэл Мөнхтулга нь “Энхсайхан, Алтанхуяг муу сайн юмнууд яаж яваа юм бэ” гээд шанаа руу гараараа цохисон. Би “боль” гэж хэлээд Мөнхтулгыг арагшаа таттал Энхсайханы гарыг барьж аваад мушгиад тохойлдсон. А.Энхсайханы гарыг мушгихдаа хурууг тулгасан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
6. Гэрч Ж.Эрдэнэчулууны “...Манай нөхрийг машинаас буугаад очиход мэндийн зөрүүгүй шууд цохиод авсан гэж утсаар надад хэлсэн. Манай нөхрийн баруун гарын хуруу тулгарсан битүү хаван болсон байсан. Эмнэлэгт очоод хаван буулгадаг тариа хийлгэсэн гэсэн өөр бэртэл гэмтэл үүсээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,
7. Гэрч Хатанзоригт “...Оройны 21 цагийн үед танихгүй Пруис-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирцгээсэн. Тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь санахгүй байна. Тухайн тээврийн хэрэгслээс манай 2 дугаар багийн А.Энхсайхан, Б.Алтанмөнгөншагай, Б.Алтанхуяг нарын хүмүүс машинаасаа бууж ирсэн бөгөөд А.Энхсайхан нь 1 шил архи барьсан байсан. Тэгэхэд Э.Мөнхтулга нь “би та нартай архи уухгүй, авчирсан архийг чинь хүртэл уухгүй, та нар эндээс явцгаа” гээд гаднаас ирсэн хүн болгоныг алгадаж байсан...би тухайн үед согтуу байсан учраас өөрийнхөө хийсэн зарим үйлдлийг сайн мэдэхгүй санахгүй байна. Тэрнээс өөрийг нь цохиж зодоогүй байхад худал хэлж цохиж зодсон гэж мэдүүлэг өгнө гэж байхгүй. Иймд би тухайн хүнийг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
8. Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад А.Болор-Эрдэнийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 443 дугаартай “...А.Энхсайханы биед баруун гарын эрхий хурууны 3 дугаар үений мултрал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ...Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55/,
9. Яллагдагч Э.Мөнхтулгын “....Миний санаж байгаагаар 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн Засаг даргын сонгууль өдрийн 12 цагаас 17 цагийн хооронд тус сумын соёлын төвийн гадна талбайд зохион байгуулагдсан. Тус багийн даргаар хуучин дарга Л.Ганбат дахин сонгогдсон учраас найз Х.Хатанзоригт, П.Элбэгжаргал, Г.Ганхуяг нарын хамт Л.Ганбат дарга руу залгаад хаана байгаа талаар асуухад гэртээ байхаар нь би тухайн хүмүүстэй уг айлын гадна очоод тухайн хүнийг аваад бид нар бөөндөө сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн тийш ойролцоогоор 2 км орчим газарт очоод зогссон...Л.Ганбат даргад бүгдээрээ баяр хүргээд Врислон нэртэй 1 литрийн виски гаргаж ирээд бид ар бөөндөө тухайн вискийг дөнгөж уугаад дууссан. Тэгэхэд Л.Ганбат ах утсаараа хүнтэй ярьж байсан. Оройн 21 цагийн үед шиг санаж байна. Пруис-20 маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна. 3 залуучууд бууж ирэхээр нь тухайн хүмүүсийг харахад тус сумын 2 дугаар багийн иргэн А.Энхсайхан, Г.Ганхуяг, Б.Алтмөнгөншагай нарын хүмүүс байсан бөгөөд А.Энхсайхан нь тортой архи барьж ирэхээр нь “дүү нар эндээс яв, бид нар та нартай архи уудаг хүмүүс биш ээ” гэж хэлэхэд тухайн хүмүүс явахгүй байхаар нь тухайн хүмүүсийг бүгдийг нь тус бүр нэг удаа алгадсан... Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан учраас А.Энхсайханы биед халдан зодож, тухайн хүний биед уг гэмтлийг учруулсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшээд тухайн хүнээс өөрийн биеэр очиж уучлалт гуйгаад бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...Мөн тухайн хүмүүсийг яв гэхэд явахгүй байхаар нь А.Энхсайханыг машиныг өмнө нь гараараа цээж рүү түлхэж унагахад гараа дараад унаж байсан. Одоо бодоод үзэхэд тухайн хүнийг алгадахад гар нь гэмтэхгүй, харин түлхэж унагасны улмаас гар нь гэмтсэн юм байна гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/
Шүүгдэгч Э.Мөнхтулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78 х/
Э.Мөнхтулгын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 77 х/
Шүүгдэгч Э.Мөнхтулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 х/
2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн шүүхийн 84 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 72-73 х/
Шүүгдэгч Э.Мөнхтулгын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 108 х/
Хохирогч А.Энхсайханы гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн /хх-ийн107 х/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 67-68 х/
“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 106 дугаартай санал /хх-ийн 111 х / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Мөнхтулга нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт А.Энхсайханы биед халдан, цохиж зодож эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хурууны 3 дугаар үеийн мултрал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч А.Энхсайхан, гэрч Б.Алтанмөнгөншагай, Б.Алтанхуяг, Ж.Эрдэнэчулуун, Х.Хатанзоригт нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 443 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.Мөнхтулга нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Э.Мөнхтулга нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Энхсайхантай түүнийг гараараа цохиж, өшиглөж зодон эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хурууны 3 дугаар үеийн мултрал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Мөнхтулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Мөнхтулгыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Э.Мөнхтулгын үйлдлийн улмаас хохирогч А.Энхсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч Э.Мөнхтулгыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч Э.Мөнхтулгад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Мөнхтулга нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч А.Энхсайхан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Мөнхтулгад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Мөнхтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Мөнхтулгад мэдэгдэнэ.
Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Э.Мөнхтулгад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон ургийн овогт Энхбаатарын Мөнхтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхтулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Мөнхтулгад оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхтулга нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Э.Мөнхтулгат таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Э.Мөнхтулга энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Э.Мөнхтулга энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч А.Энхсайхан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР