Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Ханджав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч О.Батхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар О.Батхуягт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2130000000203 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын -ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .. дугаар баг, Хайлаастын 1700 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:ЛЕ98111214, Бизъяа овогт Отгоны Батхуяг.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч О.Батхуяг нь 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын нутаг дугаар баг Байшинтын 1-10 тоотод хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж, 15 нас 1 сартай Э.Содгэрэлтэй бэлгийн харилцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон, 

мөн 2020 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө, 2021 оны 06 дугаар сарын дундуур болон 2021 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх-Ундраа” хүнсний дэлгүүрийн цонхыг хөшиж онгойлгох байдлаар 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд зүйлсийг хулгайлан авч, хохирогч Б.Сумъяа, Т.Эрдэнэсүх нарт нийт 379.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч О.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Содгэрэл бид  хоёр үерхдэг байсан одоо хотод үзүүлээд явж байгаа. Би Содгэрэлээс уучлалт гуйсан. Хохирогч Б.Сумъяад 2,000,000 төгрөг төлсөн гэв.

 

2130000000203 дугаартай хавтаст хэргээс:

 

1. Насанд хүрээгүй хохирогч Э.Содгэрэлийн:  “... Би аав В.Элбэгзаяа, ээж Ч.Наранцэцэг, ах Э.Содхүү, дүү Э.Туулайхүү нарын хамт Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр баг “Хараат” гэх газарт мал маллан амьдардаг.  2021 оны 06 дугаар сард Наран сумын 9а ангийн төгссөн. Одоо Баруун-Урт сумын дүгээр сургуулийн …. ангид элсэн суралцаж байгаа. Би 2020 оны 12 дугаар сард утасныхаа чатаар Батхуяг гэх хүнтэй танилцсан. Батхуяг нь Наран сумынх би өмнө нь Батхуягийг таньдаггүй байсан. Тухайн үед л чатаар танилцсан. Тэр өдрөөс хойш байнга чатаар харьцаж байгаа. 2021 он гаргаад Наран сумын төв дээрх гэрт нь хэд хэдэн удаа очиж уулзсан. Батхуяг нь гэртээ ганцаараа байдаг. Би яг уулзсан он сар өдрөө бол санахгүй байна. 2021 оны 05 дугаар сарын дундуур шиг санаж байна Батхуягийн гэрт орой 21 цагийн үед очсон. Тэр үед Батхуяг намайг хүрээд ирээч гэсэн, би өөрөө ч гэсэн зөвшөөрч очсон. /хэсэг чимээгүй доош харж суув 5-6 минут болов/, Тэр шөнө бэлгийн харилцаанд орсон. Батхуяг нь намайг  ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн зүйл бол байхгүй, бид хоёр сайн дураараа бэлгийн харилцаанд орсон гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /хх-138-139 х/,

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Элбэгзаяагийн: “... Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр баг “Хараат” гэх газарт эхнэр Ч.Наранцэцэг, том хүү Э.Содхүү, дунд охин Э.Содгэрэл, бага хүү Э.Туулайхүү нарын хамт амьдардаг. 2021 оны 06 дугаар сард дунд охин Э.Содгэрэл нь 9а ангийг суралцаж төгссөн. Одоо Баруун-Урт сумын дүгээр сургуулийн ангид элсэн суралцаж байна. Дунд охин Э.Содгэрэлийн хамт 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр аймгийн төвд сургуульд хүүхдээ оруулж өгөхөөр Наран сумаас Баруун-Урт сумын төвд ирсэн. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Э.Содгэрэлийг тухайн сургуулийн дотуур байранд оруулах гэтэл эмэгтэйчүүдийн үзлэгт оруулахгүй бол авахгүй гэхээр нь тус сургуулийн дотуур байрны эмчийн үзлэгт оруулсан. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр аймгийн төвөөс Наран сум руу явах гэж байхад 4 дүгээр сургуулийн дотуур байрны эмч нь над руу залгаад “яаралтай хүрээд ир” гэж хэлэхээр нь очоод тухайн эмчтэй уулзахад “танай охин Э.Содгэрэл нь жирэмсэн болсон байна” гээд жирэмсний тест харуулсан. Ийм учраас манай сургуулийн дотуур байранд танай хүүхдийг оруулах боломжгүй болсон талаар хэлсэн. Тэгэхээр нь уг асуудлын талаар охин Э.Содгэрэлээс асуухад 2021 оны 05 дугаар сарын сүүлээр тус сумын иргэн Батхуяг гэх хүнтэй харилцан тохиролцож бэлгийн харилцаанд нэг удаа орсон талаар хэлэхээр нь дахин уг асуудлын талаар асуугаагүй. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж Э.Содгэрэлийг үзүүлэхэд 3 сартай жирэмсэн байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-141-142 х/,

 

3. Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 416 дугаартай: “... Э.Содгэрэлийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Э.Содгэрэлийн охин хальс хуучин урагдалтай байна. Э.Содгэрэл нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Э.Содгэрэл нь 16 долоо хоногтой жирэмсэн байна...” гэх дүгнэлт /хх-148-149 х/,

 

4. Насанд хүрээгүй хохирогч Э.Содгэрэлийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-168 х/,

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Содгэрэлийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 169 х/

 

5. Яллагдагч О.Батхуягийн: “... Би 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Уг прокурорын тогтоолоос асууж тодруулах зүйл байхгүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтэй үнэн зөв мэдүүлсэн бөгөөд 2020 оны 12 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр баг “Цагаан чулуут” гэх газарт байх гэртээ байхад ах Гантөмөрийнх рүү явж байгаад Э.Содгэрэлийг харж байсан. Тухайн үед Э.Содгэрэл нь Гантөмөр ахын хашаанд байдаг байсан. Тэгээд дүүгээсээ Э.Содгэрэлийн фейсбүүк хаягийг аваад тухайн үед бид хоёр фейсбүүк чатаар танилцаж байсан. Тэгээд бид хоёр хэд хоног чаталж байгаад уулздаг болсон. Уулзаж эхлээд бэлгийн харилцаанд орсон зүйл байхгүй. Сүүлдээ өдөр бүр уулздаг болсноос хойш Э.Содгэрэлд дасаад хайртай болж эхэлсэн. Тухайн үед Э.Содгэрэл нь 9 дүгээр сарын байсан учраас ихэвчлэн хичээлийг нь тарахаар нь гэрийнхэн хашааныхан гадаа уулздаг байсан. Хааяа нэг өдөр сумын төвд таарахаараа уулздаг. Бид хоёр 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үерхэж эхэлсэн. Хэд хэдэн удаа Э.Содгэрэл нь аав ээждээ найзындаа хонолоо гээд манайд ирээд надтай хамт хэсэг юм ярьж байгаад найзындаа очиж хонодог байсан. Манай сумын төв дээр гэрийн хаяг нь Наран сумын -р баг Байшинтийн 1-10 тоотод байдаг. 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шиг санаж байна, Э.Содгэрэл нь аав ээждээ найзындаа хонолоо гээд манайд хонож байсан. Тухайн өдрийн орой 21 цагийн үед бид хоёр үерхээд удаж байсан учраас хоорондоо харилцан тохиролцож бэлгийн харилцаанд орж байсан. Бэлгийн харилцаанд орохдоо бид хоёр бэлгэвч /хамгаалалтгүй/ орж байсан. Би тухайн үед Э.Содгэрэлд ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж, айлган сүрдүүлж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн зүйл огт байхгүй. Э.Содгэрэл нь надтай анх танилцаж байхдаа хэдэн нас болон хэддүгээр ангид суралцдаг талаараа хэлж байсан. Надтай бэлгийн харилцаанд орохдоо 9 дүгээр ангид сурч байсан бөгөөд 15 настай гэдгийг нь мэдэж байсан. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Э.Содгэрэл нь надтай бэлгийн харилцаанд ороод жирэмсэн болсон гэдгээ хэлсэн. Би уг асуудлын талаар зурагт болон цахим мэдээллийн хэрэгслээр мэдэж авч байсан. Би 16 насанд хүрээгүй Э.Содгэрэлтэй бэлгийн харилцаанд орж жирэмсэн болгосон нь миний буруу. Тэгэхдээ бид хоёр хайр сэтгэлийн харилцаатай учраас тухайн үед бэлгийн харилцаанд орж байсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-161-162/,

 

Яллагдагч О.Батхуяг нь 2020 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө, 2021 оны 06 дугаар сарын дундуур болон 2021 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Наран сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх-Ундраа” хүнсний дэлгүүрийн цонхыг хөшиж онгойлгох байдлаар 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд зүйлсийг хулгайлан авч, хохирогч Б.Сумъяа, Т.Эрдэнэсүх нарт нийт 379.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:...

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-75-80/

 

2. Хохирогч Б.Сумъяагийн: “... Миний бие Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн нутаг Дэнжийн 1-7 тоотод нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Манайх “Дэлгэрэх-Ундраа” гэх  хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2021 оны 07 дугаар сарын 12-ны орой нөхөр бид хоёр дэлгүүрийнхээ  амралтын өрөөнд унтаж байхад шөнө 00 цаг 23 минутын үед дэлгүүр дотор чимээ гарах шиг болохлоор нь нөхөр бид хоёр сэрээд дэлгүүрийн амралтын өрөөнөөс дэлгүүрийн заал руу ороод очтол манай дэлгүүрийн урд талын жижиг цонхыг хөшиж нээгээд үл таних нэг хүн орж ирээд лангуун дээрээс 2 савтай бэлэн гоймон аваад өөр ойр зуурын юм авах гээд дэлгүүр дотор явж байхад нь  манай нөхөр гараад очтол буцаад цонхоор үсрээд зугтаасан юм... Манай сумын 1 дүгээр багийн иргэн Отгоны Батхуяг гэх залуу мөн байсан... тухайн үед нөхөр бид хоёрт баригдаад авах гэж байсан бэлэн гоймонгоо шидээд буцаад цонхоор үсэрч гарч зугтаасан... 2021 оны 06 дугаар сарын сүүлээр мөн манай дэлгүүрээс дутсан гэх бараа нь “Нийслэл” гэх нэртэй пиво 6 ширхэг, “Экс” гэх нэртэй 0,75 литрийн архи 2 ширхэг, нарийн хар “ессе” гэх нэртэй тамхи 1 боодол, 2 ширхэг бэлэн гоймон, “Фанта” гэх нэртэй 2 литрийн ундаа 2 ширхэг, “Маскпод” гэх нэртэй шоколад 1 ширхэг, 2 хайрцаг тамхи ченж эссе 1, кастер 1 зэрэг бараа дараа нь дутсан байсан. О.Батхуяг нь манай дэлгүүрийг нийт 3 удаа ухсан гэдэг нь тогтоогдож байна. О.Батхуяг нь хэд хоногийн өмнө миний хохирлыг бүрэн барагдуулж дуусгасан тул надад тухайн хүнд холбогдуулан гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-10-11 х/,

 

3. Гэрч Э.Мягмарсүрэнгийн “...2021 оны 05 дугаар сарын 11-ний өглөө тус өдөр миний бие дэлгүүрт сууж байсан юм, өглөө  08 цагийн үед Д.Бүрнээбаяр цахилгааны разетка асууж орж ирсэн, асуусан бараа нь манайд байхгүй болохлоор буцаад гараад явсан. Орой 20 цагийн үед О.Батхуяг орж ирээд 1 хайрцаг эссэ нэртэй тамхи аваад гарсан юм, энэ хоёр надад сэжигтэй санагдаж байна. Би орой дэлгүүрээ хаахдаа бүх цонхоо хааж шалгаад гарсан...” гэх мэдүүлэг /хх-86-87 х/,

 

4. Гэрч Т.Эрдэнэсүхийн: “... Миний бие Сүхбаатар аймгийн Наран сумын …. дугаар багийн нутаг Дэнжийн 1-7 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Тус багийн нутаг дэвсгэрт “Дэлгэрэх-Ундраа” 8-н нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2021 оны 07 дугаар сарын 12-нд эхнэрийн хамт дэлгүүр доторх  амралтын өрөөнд унтаж байхад шөнө 00 цаг 23 минутын үед манай дэлгүүр дотор чимээ гарах шиг болохлоор нь сэрээд арын өрөөнөөс дэлгүүрийн зааланд ороод очтол манай дэлгүүрийн урд талын жижиг цонхыг хөшиж нээгээд үл таних нэг хүн орж ирээд лангуун дээрээс 2 савтай бэлэн гоймон аваад өөр бус юм эрж хайгаад байхлаар нь  би гараад очтол авах гэж байсан савтай гоймонгоо шидээд буцаад цонхоор үсрээд зугтаасан. Тухайн үед хэн гэдгийг нь таньсан болохлоор араас хөөж туугаагүй үлдсэн ...” гэх мэдүүлэг /хх-94-95 х/,

 

5. Гэрч Э.Сүхбатын: “... Би О.Батхуяг гэх хүнийг танина, манай сумын ах байна. Би 2021 оны 06 дугаар сарын дундуур шиг санаж байна, яг хэдний өдрөө санахгүй байна. Хөдөөнөөс сумын төв рүү орой 19 цагийн үед ирсэн юм. Гэтэл хамт явж байсан Лхагвадорж ах манай найзууд сумын төвийн хойно дуудаж байна, хоёулаа хамт явъя гэж хэлээд сумын төвөөс 3 орчим км газар очиход Батхуяг, Сайхнаа, Мөнх-Очир нар Экс нэртэй 0,75л архи тойруулаад сууж байсан. Тэгээд тэд нар архиа дуусгаад 2,5л пиво 4 савыг уусан тухайн үед ах нар намайг ууж хэрэггүй гэж хэлээд хажуудаа байлгаж байсан. Пиво ууж дуусаад 23 цагийн үед тарсан өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-20 х/,

 

6. Гэрч Э.Мөнх-Очирын: “... Би Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн нутаг Цөнг-Өрөг гэх газар ээж аавын хамт мал маллан амьдардаг. Би сумын төвөөс баруун хойд зүгт 12 км газарт байх хөдөө гэртээ байж байхад манай ангийн залуу болох Мөнхжаргал над руу залгаж “хүрээд ир, О.Батхуяг бид 2 хөдөө ганц нэгэн юм ууж байна” гээд намайг дуудсан, би удалгүй тэр хоёрын байгаа газар нь яваад очиход тэр хоёр Экс нэртэй 0,75л архи шил бүтэн мөн 2,5л Нийслэл нэртэй 4 пиво харагдаж байсан. Тэгээд бид нар тэрийг хувааж уугаад шөнийн 00 цагийн үед О.Батхуяг яваад өгсөн байсан, бид нар ч мэдээгүй. Тэгээд л удалгүй бид нар гэр гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-22 х/,

 

7. Гэрч Б.Лхагвадоржийн: “...Би Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн нутаг “Их-Өвөлжөө” гэх  газар ээж аавын хамт мал маллан амьдардаг юм. Би 2021 оны 06 дугаар сарын сүүлээр /яг хэдний өдрөө санахгүй байна/ орой 20 цагийн үед сумын төв рүү хөдөөнөөс ирж бензин аваад явж байгаад О.Батхуягтай тааралдаад би “ах ганц нэгэн шил архи юм уу пиво олдох арга байна уу” гэхэд “чи мөнгийг нь дараа нь өгнө гэвэл ах нь сагс пиво олоод ирье” гэж хэлэхлээр нь “би тэгвэл хамт явъя”  гэхэд “чи энд хүлээж бай, ах нь өөрөө яваад ирье” гэж хэлээд удалгүй Нийслэл нэртэй 2,5л сагс /6ширхэг/ пиво авч ирсэн. Тэгээд бид 2 сумын төвөөс хойш  хөдөө гараад Сүхбат, Батхуяг, Мөнхсайхан бид нар хамт хувааж уугаад шөнийн 03 цагийн үед харьсан...” гэх мэдүүлэг /хх-24 х/,

 

8. Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/20/01/05 дугаартай: “...10 тооны хар эссэ нэртэй тамхи, 6 тооны 2.5 л савлагаатай нийслэл нэртэй пиво, 1 тооны 0.75 литрийн савлагаатай Экс нэртэй архи, 2 тооны 2 литрийн багтаамжтай панда нэртэй ундаа, 1 тооны макспод нэртэй шоколад, 1 тооны кастер нэртэй тамхи, 2 тооны ченж эссэ нэртэй тамхины  зах зээлийн үнийг 154.533.33 буюу 155.000.0 /нэг зуун тавин таван мянга/ төгрөг гэж тооцлоо...” гэх дүгнэлт /хх-30-40 х/,

 

9. Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20/029 дугаартай: “... Ерөөл архи 5 шил нийт 60.000 төгрөг, зайдас 2 кг нийт 12.000 төгрөг, шонхор тамхи 40 блок 80.000 төгрөг, пиво 2.5 литр, 12 ширхэг 72.000 төгрөг, бүгд нийт 224.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-111-115 х/,

 

10. Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаартай: “... шинжилгээнд ирүүлсэн 7 гэж дугаарлаж цонхны раман дээрээс гэж бичсэн 1 ширхэг гарын мөр РД:ЛЕ98111214, Отгоны Батхуягийн баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна. 11 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр РД:ЛЕ98111214, Отгоны Батхуягийн зүүн гарын чигчий хурууны дардастай тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-100-106 х/,  

 

11. Яллагдагч О.Батхуягийн: “... Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлсэн бөгөөд надад өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр сумын төвөөс зүүн хойд зүгт ойролцоогоор 3 кмт “Цагаан Чулуут” гэх газарт байх гэртээ малаа маллаж байхад манай 10 жилийн ангийн хүүхдүүд ангийн фейсбүүк групп чат дээр өнөөдөр орой 18 цаг гээд соёлын төвийн гадаа уулзахаар болсон гэсэн чат бичсэн байсан. Тэгэхээр нь 18 цагийн үед хонио хотлуулаад хөдөө гэрээсээ сумын төвд ирээд соёлын төвийн баруун талд байх хүүхдийн тоглоомын талбай дээр ангийнхантайгаа уулзахад оройны 19 цагийн болж байсан. Намайг очиход надаас гадна 4 эрэгтэй хүүхдүүд байсан бөгөөд эдгээр хүмүүс нь 2.5 литрийн 5 ширхэг пиво авсан байсан. Харин пивоны нэрийг нь одоо санахгүй байна. /Уг асуудал нь 1 жил гаруй хугацааны өмнө нь болсон учраас зарим зүйлийг сайн санахгүй байж магадгүй өөрийнхөө санаж байгаа зүйлийг үнэн зөвөөр ярьж өгнө./ Тухайн пивонуудыг бид нар ууж байгаад шөнийн 00-01 цагийн хооронд хамт байсан хүмүүстээ би уусан пивондоо согтож байна гээд гэр рүүгээ явлаа гэж хэлээд хөдөө гэр рүү явах замд “Дэлгэрэх-Ундраа” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн урдуур мотоциклтойгоо явахад уг дэлгүүрийн гэрэл унтраалттай байхаар нь тухайн дэлгүүрийн зүүн хойд талд зогсоод дэлгүүрийн урд талд нь очоод цонхыг нь тогшиж байгаад юм авах гэтэл хүн байхгүй байсан. Тэгэхээр нь ойр орчмоор хүн байгаа эсэхийг шалгаж үзэхэд ямар ч хүн байхгүй байхаар нь дэлгүүрийн хамгийн зүүн талын цонхны баруун талд байх жижиг поорчигийг нь гараараа түлхэхэд онгойхоор уг поорчигоор ороод 2 горзгор /2 ширхэг/ нарийн хиам, 2 паалчиг буюу 2 хайрцаг Улаан шонхор нэртэй тамхи. /1 паалчигандаа 12 ширхэг хайрцагтай байдаг, тэгэхээр нийт 24 хайрцаг гэсэн үг/, Жи мобайлын 5000 нэгж картаар, Макс пан нэртэй шоколад 1 ширхэг, аваад бэлэн мөнгөний хайрцгийг татаж үзэхэд онгорхой байсан бөгөөд тухайн хайрцагт мөнгөний тоо хэмжээгээр тус тусад нь хийсэн байхаар нь тухайн мөнгөнүүдээс хэдэн ширхэг мөнгө аваад явсан. Гэртээ очоод мөнгөө тоолж үзэхэд нийт 42.000 төгрөг байсан. Уг Жи мобайлын 5000 нэгжийг төрсөн ах О.Нармандахад уг асуудал болсноос хойш хэд хоногийн дараа өгч байсан. Тухайн нэгжийг ахад өгөхдөө ээж танд өгсөн гээд өгч байсан. Би тухайн үед хөдөө гэрийнхээ илүү гэрт ганцаараа байдаг байсан бөгөөд ганцаараа сувай хонио хардаг байсан. Би тухайн дэлгүүрээс хулгай хийж авсан эд зүйлээ ганцаараа хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн бөгөөд уг асуудлын талаар хэнд ч хэлж байгаагүй. Мөн тухайн дэлгүүрийн цонхнууд нь гадуураа ямар нэгэн хаалт бэхэлгээ байхгүй байсан болохоор нэг удаа түлхэхэд амархан онгойсон. Дараа дахин тухайн дэлгүүрийн цонхоор ороод бэлэн гоймон авч байхад тухайн дэлгүүрийн эзэн Сумъяа, Эрдэнэсүх нарын хүмүүс утасны гэрэл асаахаар нь авсан юм аа хаяад тухайн цонхоор гаргаад зугтсан. 2021 оны 06 дугаар сарын 19, 20-ны үе шиг санаж байна. Уг дэлгүүрээс 2.5 литрийн 6 ширхэг буюу 1 хайрцаг пиво, экс нэртэй 0.75 литрийн архи, 1 литрийн түмний ундаа, хар эссэ 10 ширхэг тамхи 1 хайрцаг, шоколад 1, кастер  тамхи 1 хайрцаг, ченж эссэ тамхи 2 хайрцгийг авсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн гэмшиж уг дэлгүүрийн хохирлыг бүрэн төлж барагдуулж дуусгасан. Миний хэлсэн ярьсан зүйл үнэн...” гэх мэдүүлэг /хх-52-54, 124-125/,

 

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” 23 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 63-64 х/

 

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” 24 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 132-133 х/

 

О.Батхуягийн эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл /хх-ийн 165 х/

 

         О.Батхуягийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 175 х/

 

 О.Батхуягийн  иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 176 х/

 

Хохирогч Б.Сумъяагийн Прокурорын газарт гаргасан гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 193 х/ зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “ шүүгдэгч О.Батхуяг нь 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын нутаг 3 дугаар баг Байшинтын 1-10 тоотод хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж, 15 нас 1 сартай Э.Содгэрэлтэй бэлгийн харилцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон болох нь

1. Насанд хүрээгүй хохирогч Э.Содгэрэлийн:  “...2021 оны 05 дугаар сарын дундуур шиг санаж байна Батхуягийн гэрт орой 21 цагийн үед очсон. Тэр үед Батхуяг намайг хүрээд ирээч гэсэн, би өөрөө ч гэсэн зөвшөөрч очсон. /хэсэг чимээгүй доош харж суув 5-6 минут болов/, Тэр шөнө бэлгийн харилцаанд орсон. Батхуяг нь намайг  ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн зүйл бол байхгүй, бид хоёр сайн дураараа бэлгийн харилцаанд орсон гэж ойлгож болно...” гэх

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Элбэгзаяагийн: “...2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр аймгийн төвөөс Наран сум руу явах гэж байхад 4 дүгээр сургуулийн дотуур байрны эмч нь над руу залгаад “яаралтай хүрээд ир” гэж хэлэхээр нь очоод тухайн эмчтэй уулзахад “танай охин Э.Содгэрэл нь жирэмсэн болсон байна” гээд жирэмсний тест харуулсан. Тэгэхээр нь уг асуудлын талаар охин Э.Содгэрэлээс асуухад 2021 оны 05 дугаар сарын сүүлээр тус сумын иргэн Батхуяг гэх хүнтэй харилцан тохиролцож бэлгийн харилцаанд нэг удаа орсон талаар хэлэхээр нь дахин уг асуудлын талаар асуугаагүй. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж Э.Содгэрэлийг үзүүлэхэд 3 сартай жирэмсэн байна гэж байсан...” гэх,

3. Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 416 дугаартай: “... Э.Содгэрэлийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Э.Содгэрэлийн охин хальс хуучин урагдалтай байна. Э.Содгэрэл нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Э.Содгэрэл нь 16 долоо хоногтой жирэмсэн байна...” гэх дүгнэлт,

4. Насанд хүрээгүй хохирогч Э.Содгэрэлийн нас тоолсон тухай тэмдэглэл

Насанд хүрээгүй хохирогч Э.Содгэрэлийн төрсний гэрчилгээний хуулбар

5. Яллагдагч О.Батхуягийн: “...2021 оны 05 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед бид хоёр үерхээд удаж байсан учраас хоорондоо харилцан тохиролцож бэлгийн харилцаанд орж байсан. Бэлгийн харилцаанд орохдоо бид хоёр бэлгэвчгүй /хамгаалалтгүй/ орж байсан. Би тухайн үед Э.Содгэрэлд ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж, айлган сүрдүүлж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн зүйл огт байхгүй. Надтай бэлгийн харилцаанд орохдоо 9 дүгээр ангид сурч байсан бөгөөд 15 настай гэдгийг нь мэдэж байсан. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Э.Содгэрэл нь надтай бэлгийн харилцаанд ороод жирэмсэн болсон гэдгээ хэлсэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

Мөн 2020 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө, 2021 оны 06 дугаар сарын дундуур болон 2021 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх-Ундраа” хүнсний дэлгүүрийн цонхыг хөшиж онгойлгох байдлаар 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд зүйлсийг хулгайлсан болох нь

        Хохирогч Б.Сумъяагийн: “...2021 оны 07 дугаар сарын 12-ны орой нөхөр бид хоёр дэлгүүрийнхээ  амралтын өрөөнд унтаж байхад шөнө 00 цаг 23 минутын үед дэлгүүр дотор чимээ гарах шиг болохлоор нь нөхөр бид хоёр сэрээд дэлгүүрийн амралтын өрөөнөөс дэлгүүрийн заал руу ороод очтол манай дэлгүүрийн урд талын жижиг цонхыг хөшиж нээгээд үл таних нэг хүн орж ирээд лангуун дээрээс 2 савтай бэлэн гоймон аваад өөр ойр зуурын юм авах гээд дэлгүүр дотор явж байхад нь  манай нөхөр гараад очтол буцаад цонхоор үсрээд зугтаасан юм... Манай сумын 1 дүгээр багийн иргэн Отгоны Батхуяг гэх залуу мөн байсан... О.Батхуяг нь манай дэлгүүрийг нийт 3 удаа ухсан гэдэг нь тогтоогдож байна. О.Батхуяг нь хэд хоногийн өмнө миний хохирлыг бүрэн барагдуулж дуусгасан тул надад тухайн хүнд холбогдуулан гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх,

 Гэрч Э.Мягмарсүрэнгийн “...Орой 20 цагийн үед О.Батхуяг орж ирээд 1 хайрцаг эссэ нэртэй тамхи аваад гарсан юм, энэ хоёр надад сэжигтэй санагдаж байна...гэх,

 Гэрч Т.Эрдэнэсүхийн: “...2021 оны 07 дугаар сарын 12-нд эхнэрийн хамт дэлгүүр доторх  амралтын өрөөнд унтаж байхад шөнө 00 цаг 23 минутын үед манай дэлгүүр дотор чимээ гарах шиг болохлоор нь сэрээд арын өрөөнөөс дэлгүүрийн зааланд ороод очтол манай дэлгүүрийн урд талын жижиг цонхыг хөшиж нээгээд үл таних нэг хүн орж ирээд лангуун дээрээс 2 савтай бэлэн гоймон аваад өөр бус юм эрж хайгаад байхлаар нь  би гараад очтол авах гэж байсан савтай гоймонгоо шидээд буцаад цонхоор үсрээд зугтаасан...” гэх,

Гэрч Э.Сүхбатын: сумын төвөөс 3 орчим км газар очиход Батхуяг, Сайхнаа, Мөнх-Очир нар Экс нэртэй 0,75л архи тойруулаад сууж байсан. Тэгээд тэд нар архиа дуусгаад 2,5л пиво 4 савыг уусан тухайн үед ах нар намайг ууж хэрэггүй гэж хэлээд хажуудаа байлгаж байсан...” гэх,

Гэрч Э.Мөнх-Очирын: “...манай ангийн залуу болох Мөнхжаргал над руу залгаж “хүрээд ир, О.Батхуяг бид 2 хөдөө ганц нэгэн юм ууж байна” гээд намайг дуудсан, би удалгүй тэр хоёрын байгаа газар нь яваад очиход тэр хоёр Экс нэртэй 0,75л архи шил бүтэн мөн 2,5л Нийслэл нэртэй 4 пиво харагдаж байсан. Тэгээд бид нар тэрийг хувааж уугаад шөнийн 00 цагийн үед О.Батхуяг яваад өгсөн байсан, бид нар ч мэдээгүй...” гэх,

 Гэрч Б.Лхагвадоржийн: “...О.Батхуягтай тааралдаад би “ах ганц нэгэн шил архи юм уу пиво олдох арга байна уу” гэхэд “чи мөнгийг нь дараа нь өгнө гэвэл ах нь сагс пиво олоод ирье” гэж хэлэхлээр нь “би тэгвэл хамт явъя”  гэхэд “чи энд хүлээж бай, ах нь өөрөө яваад ирье” гэж хэлээд удалгүй Нийслэл нэртэй 2,5л сагс /6ширхэг/ пиво авч ирсэн. Тэгээд бид 2 сумын төвөөс хойш  хөдөө гараад Сүхбат, Батхуяг, Мөнхсайхан бид нар хамт хувааж уугаад шөнийн 03 цагийн үед харьсан...” гэх,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/20/01/05 дугаартай дүгнэлт

Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20/029 дугаартай дүгнэлт,

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  

Яллагдагч О.Батхуягийн: “...Тэгэхээр нь ойр орчмоор хүн байгаа эсэхийг шалгаж үзэхэд ямар ч хүн байхгүй байхаар нь дэлгүүрийн хамгийн зүүн талын цонхны баруун талд байх жижиг поорчигийг нь гараараа түлхэхэд онгойхоор уг поорчигоор ороод 2 горзгор /2 ширхэг/ нарийн хиам, 2 паалчиг буюу 2 хайрцаг Улаан шонхор нэртэй тамхи. /1 паалчигандаа 12 ширхэг хайрцагтай байдаг, тэгэхээр нийт 24 хайрцаг гэсэн үг/, Жи мобайлын 5000 нэгж картаар, Макс пан нэртэй шоколад 1 ширхэг, аваад бэлэн мөнгөний хайрцгийг татаж үзэхэд онгорхой байсан бөгөөд тухайн хайрцагт мөнгөний тоо хэмжээгээр тус тусад нь хийсэн байхаар нь тухайн мөнгөнүүдээс хэдэн ширхэг мөнгө аваад явсан. Гэртээ очоод мөнгөө тоолж үзэхэд нийт 42.000 төгрөг байсан. Уг Жи мобайлын 5000 нэгжийг төрсөн ах О.Нармандахад уг асуудал болсноос хойш хэд хоногийн дараа өгч байсан. Дараа дахин тухайн дэлгүүрийн цонхоор ороод бэлэн гоймон авч байхад тухайн дэлгүүрийн эзэн Сумъяа, Эрдэнэсүх нарын хүмүүс утасны гэрэл асаахаар нь авсан юм аа хаяад тухайн цонхоор гаргаад зугтсан. 2021 оны 06 дугаар сарын 19, 20-ны үе шиг санаж байна. Уг дэлгүүрээс 2.5 литрийн 6 ширхэг буюу 1 хайрцаг пиво, экс нэртэй 0.75 литрийн архи, 1 литрийн түмний ундаа, хар эссэ 10 ширхэг тамхи 1 хайрцаг, шоколад 1, кастер  тамхи 1 хайрцаг, ченж эссэ тамхи 2 хайрцгийг авсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн гэмшиж уг дэлгүүрийн хохирлыг бүрэн төлж барагдуулж дуусгасан. Миний хэлсэн ярьсан зүйл үнэн...” гэх мэдүүлгүүд, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тус тус нотлогдож байна.

 

Хэргийн дээрх баримтуудаар шүүгдэгч О.Батхуяг нь хохирогч арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, түүнийг жирэмсэн болгосон, мөн амар хялбар аргаар мөнгө олох буюу өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх-Ундраа” хүнсний дэлгүүрийн цонхыг хөшиж онгойлгох байдлаар 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд зүйлсийг хулгайлсан үйл баримтууд хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд шүүгдэгчийн хувьд тухайн гэмт хэргүүдийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогч Э.Содгэрэлийг сургуулийн сурагч, арван таван настай гэдгийг мэдсээр атлаа бэлгийн харьцаанд орж, түүнийг жирэмсэн болгосон,

Мөн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэх,  бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа эд зүйл, мөнгө авах зорилгоор хохирогч Б.Сумъяагийн үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх-Ундраа” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлж өмчлөгчийн эрхэд зориуд хохирол учруулсан байна.

 

 Тодруулбал хохирогч Э.Содгэрэл нь 2006 оны 03 дугаар 24-ний өдөр төрсөн, шүүгдэгч О.Батхуягтай бэлгийн харьцаанд орох үед 15 нас 1 сартай байсан нь түүний 10 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч О.Батхуягийн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж, 15 нас 1 сартай Э.Содгэрэлтэй бэлгийн харилцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  мөн “Дэлгэрэх-Ундраа” хүнсний дэлгүүрийн цонхыг хөшиж онгойлгох байдлаар 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд зүйлсийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулах тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Батхуягийн үйлдлийн улмаас хохирогч Б.Сумъяад 379.000 төгрөгийн хохирол учирсныг төлж барагдуулсан хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн  хохирогч Э.Содгэрэл жирэмсэн болж, ураг зулбуулан хор уршиг учирсан бөгөөд хохирогч Э.Содгэрэл болон түүний хууль ёсны төлөөлөгч В.Элбэгзаяа нарын зүгээс хохирол, хор уршигтай холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй ч цаашид гарах зардлаа иргэний журмаар  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

Шүүгдэгч О.Батхуягт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сумъяад учруулсан хохирлыг  төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч О.Батхуягийн үйлдсэн гэмт хэргүүд хангалттай нотлогдсон, тэрээр арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон, мөн  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан зэрэг гэмт хэргүүдийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 жил 8 сарын  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.

 

Шүүгдэгч О.Батхуяг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ………. Отгоны Батхуягийг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан,  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Батхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 8 сарын  хугацаагаар хорих ялаар,  ерөнхийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Батхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Батхуягт оногдуулсан 1 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч О.Батхуягт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Содгэрэл болон түүний хууль ёсны төлөөлөгч В.Элбэгзаяа нар нь хохирол, хор уршигтай холбогдуулан цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч О.Батхуяг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сумъяад учирсан 379 000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй..

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.БАЯРБААТАР