Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/188

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Ц.Сайнзаяа,

хохирогч Л.Э,

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ын Н-д холбогдох эрүүгийн ***************дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******************************************************************************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “************” дэлгүүрийн урд талын зам дагуу байрлаж үйл ажиллагаа явуулж байсан “Сүүн зайрмаг” нэртэй ТҮЦ-нд цэвэрлэгээ хийх зорилгоор түр гаргаж тавьсан хохирогч Л.Э-ийн эзэмшлийн 342.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3*3 хэмжээтэй, 2 метрийн өндөртэй улаан өнгөтэй хурааж, эвхсэн асар майхныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: “...Тэр газар миний бие 2 өдөр айраг зарсан. Тухайн үед ТҮЦ-ны дүү 9 өнгөрөөгөөд би 10 өнгөрөөгөөд явсан. Гадаа асар майхан гаргаад тавьсан байхаар нь мартчихаж гэж бодоод эхнэртээ “хүний юм алга болчих нь хоёулаа авч яваад Д-аас ирэхдээ өгье” гэж хэлээд аваад явсан. Д-д 3-4 хоног айраг цуглуулсан. Ирэхдээ асар майхныг нь өгье гэж бодсон ч өгч амжихгүй байж байгаад цагдаагийн байгууллагаас холбогдоод асар майхныг нь буцааж өгсөн. Би энэ хүний майхныг хулгайлгах зорилгоор аваагүй хулгайлах байсан бол хотод үлдээгээд явахгүй байсан…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Э мэдүүлэхдээ:

“...Миний бие 10-14 хоногийн хугацаанд өөрөө “Апекс” дэлгүүрээс эхлээд хорооллын эцсийн и мартын бүх камерыг шүүлгэж энэ хүнийг олсон. Улмаар Цагдаагийн байгууллагад хандаж энэ хүнийг олж авсан. Тухайн үед 10 хоног хайж фейсбүүкээр утасны дугаарыг нь хийгээд хайтал энэ хүний фейсбүүк хаяг нь гарч ирсэн. “Би асар майхны эзэн байна, ажлыг минь 10 гаруй хоног алдагдуулчихлаа, майхнаа авъя” гэж чат бичихэд “би чиний асрыг хулгай хийгээгүй хадгалж өгсөн” гэж хэлсэн. Миний бие гомдолтой байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Л.Э-ийн:

“...Би Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” гутлын дэлгүүрийн урд асар дотор бэлэн хувцас зардаг юм. 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ажлаа тарчхаад хажуудаа байрлах “Сүүн зайрмаг”-т худалдагч хийдэг эрэгтэй хүүхдэд өөрийнхөө асрыг хариуцуулж үлдээсэн. ...2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хувцсаа зарахаар хувцас зардаг байсан газраа ирэхэд нөгөө сүүн зайрмагийн худалдагч хүүхэд “миний асрыг хулгайд алдчихжээ” гэж хэлсэн. Тэр хүүхэд хэлэхдээ “асар хулгайлсан хүнийг гадарлаж байна. Би “Сүүн зайрмаг”-ны дотор талаа цэвэрлэхдээ асрыг чинь хальт гаргаад тавьчихсан байсан юм. Тэр үед манай “Сүүн зайрмаг”-ны гадна талд Портер машинтай айраг зардаг хүн байсан. Тэр хүн намайг цэвэрлэгээ хийчхээд асраа оруулах гэхэд явчихсан байсан бөгөөд асар бас алга болсон байсан” гэсэн. Би 2021 оны 07 дугаар сарын эхээр Нарантуул захаас 350.000 төгрөгөөр асраа худалдаж авч байсан. Миний асарт ямар нэгэн эвдрэл гэмтэл, уранхай цоорхой байгаагүй бөгөөд улаан өнгийн гадаргуутай, брезентийн материалтай асар байсан. Тухайн газрын ойролцоох “Апекс” их дэлгүүрийн гадна талын камерт гэмт хэрэг үйлдэгдэж байгаа нь бичигдсэн байсан бөгөөд нөгөө сэжиглэж байсан этгээд хулгайлсан байсан... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-36 дахь тал/,

2. Гэрч Б.Т-ийн:

“...Би 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүүн зайрмаг” зардаг ТҮЦ дээрээ ажлаа хийж байгаад орой 21 цагийн орчим цэвэрлэгээ хийхээр дотор байсан асар /майхан/-ыг түр гаргаад хаалгаа хаачихсан байсан. Би 22 цаг 20 минутын үед цэвэрлэгээгээ хийж дуусгачхаад асраа оруулах гэхэд алга болчихсон байсан. Тухайн асар нь миний хажууханд хувцас зардаг эгч Э-ийн асар байсан. Хэрэг гарахаас 1 хоногийн өмнө надад түр харж байгаач гээд үлдээгээд явсан байсан. ...Би тухайн асрыг хулгайд алдсан даруйдаа тэр хавиараа хайж байгаад олдохгүй болохоор нь Энхцэцэг эгчийг ирээд аваад явчихсан байна даа гэж бодоод явсан. Тэгээд нөгөөдөр нь буюу 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ ирээд Э эгчид “та асраа авчихсан юм уу” гэж асуухад “үгүй” гэж байсан. Хэрэг явдлыг тодруулахаар “Апекс” дэлгүүрийн камерыг шүүхэд Э эгч бид хоёрын хажууд айраг зардаг байсан ачааны машинтай ах аваад явж байгаа нь бичигдсэн байсан. Намайг цэвэрлэгээ хийж байхад хэн нэгэн хаалга татаж үзээгүй ямартай ч бидний хажууд 3 өдөр айраг зарсан, хэрэг гарснаас хойш тэр ах ирэхээ байчихсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

3. Гэрч Г.Б-ийн:

 “...2021 оны 07 дугаар сарын сүүлээр манай хүргэн Н нь манайд улаан өнгийн даавуун материалтай эд зүйл үлдээгээд Дархан руу явж байсан. Тухайн эд зүйлийг юу болохыг нь тодруулж асуухад “хүний юм байгаа юм” гэхээр нь “хэний эд зүйл юм бэ, хүнд өгөхгүй юм уу” гэхэд “байж байг” гэж хэлээд Дархан руу явчихсан, Тэгээд явснаасаа хойш 2 хоногийн дараа ирээд айргаа зарахаар гарсан. Тэгээд айргаа зарчхаад буцаад явсан бөгөөд би “майхнаа хүнд нь өгөхгүй юм уу” гэхэд бас л “байж байг ээ” гэсэн. Тэгтэл хэд хоногийн дараа Баянгол дүүргийн цагдаагаас залгаж “майхан нь танайд байгаа юу” гээд асуухаар нь би “байгаа” гэж хэлээд өгөхөөр болсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

4. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн БГ1-21-193 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 18-19-дэх тал/,

5. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 60-62 дахь тал/,

6. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 28 дахь тал/,

7. “Транскапитал” Банк бус санхүүгийн байгууллагын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 21/313 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

8. Хохирогч Л.Э-ийн цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 9 дэх тал/,

9. Шүүгдэгч Д.Н-ийн гэрчээр өгсөн:

“...Би хороололд 2 дахь өдрөө зогсоод байж байгаад орой 22 цагийн орчим буух гэтэл хажуу талын зайрмаг зардаг залуу өөрийн байраа цэвэрлэж байх үедээ саравчийг үүдэндээ гаргаж тавиад мартаад явахаар нь хүн авчих вий гэж бодоод аваад явсан. Тэгээд маргааш нь Дархан руу гэр лүү харих болоод нөгөө асрыг нь Улаанбаатар хотод циркийн хажууд байдаг хадам аав Б-д үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

10. Баянгол дүүргийн дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хороо хариуцсан цагдаа дэд ахлагч Ц.Далайцэрэнгийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 50 дахь тал/,

11. Шүүгдэгч Д.Н-ийн:

“...Нэг харахад тухайн зайрмагны ТҮЦ-ны хажууд улаан өнгийн эвхсэн байдалтай майхныг түшүүлж тавьсан байсан ба тухайн зайрмагны ТҮЦ-нд цэвэрлэгээ хийж байхдаа доторх эд зүйлийг гаргаж байхдаа тэр эрэгтэй худалдагч үлдээгээд, ТҮЦ-ээ түгжээд ажлаасаа буугаад явчихсан байсан. Би тухайн улаан өнгөтэй майхныг аваад автомашиныхаа тэвшин дээрээ тавиад асуухаар нь өгье гэж бодоод өөрийн хадам аав Б-ийн АСА циркийн хажууд байрлах орон сууцны гражинд аваачиж тавьсан юм. Би тухайн улаан өнгийн майхны эзэн нь ТҮЦ-ээ хаагаад мартаад явчихсан байсан учир алга болчихож магадгүй, асуухаар нь эргүүлээд өгье гэж бодоод аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

12. Д.Н-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 79 дахь тал/ зэрэг хэрэгт  авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Д.Н нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Л.Эт 342.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгор “Д.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан зүйчилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч тухайн майхныг хулгайлаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг авсан. Д.Н-ийн хувьд гээгдэл эд хөрөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө биет байдлаар буцааж төлсөн. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Н-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Н нь:

2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********” дэлгүүрийн урд талын зам дагуу байрлаж үйл ажиллагаа явуулж байсан “Сүүн зайрмаг” нэртэй ТҮЦ-нд цэвэрлэгээ хийх зорилгоор түр гаргаж тавьсан хохирогч Л.Э-ийн эзэмшлийн 342.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3*3 хэмжээтэй, 2 метрийн өндөртэй улаан өнгөтэй хурааж, эвхсэн асар майхныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь хохирогч Л.Э, гэрч Б.Т, Г.Б нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн БГ1-21-193 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.Н болон түүний өмгөөлөгч нар “майхныг хулгайлаагүй, майхнаа мартаад явсан байна гэж бодоод авсан” гэж хэргийн зүйлчлэлийн талаар маргасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд хохирогч Л.Э нь Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сөөхий” гутлын дэлгүүрийн урд бэлэн хувцас зардаг асар майхнаа түүний хажууд байрлах “Сүүн зайрмаг” ТҮЦ-ны худалдагч Б.Т-т хариуцуулж үлдээсэн. Б.Т нь тухайн үед асар майхныг түр гаргаж тавиад ТҮЦ-ндээ цэвэрлэгээгээ хийсэн бөгөөд цэвэрлэж дуусаад асар майхныг оруулах гэхэд алга болсон нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдсон, хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.Н нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Н-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Э-т 342.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.Н нь хохирогчийн асар майхныг биет байдлаар буцаан өгсөн байна. Иймд шүүгдэгч Д.Н-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Н-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч Д.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Н-д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ын Н нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ