Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/02251

 

2017 оны 08 сарын 16 өдөр

       Дугаар 102/ШШ2017/02251

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байр, 6 тоотод оршин суух, Боржигон овогт Ганбатын Учрал /РД:уц88070262/-ийн нэхэмжлэлтэй,

   

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19б байр, 28 тоотод оршин суух, Бууч овогт  Наранцогтын Мөнх-Эрдэнэ /РД:чр87033015/-д холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Учрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болор-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Учрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Учрал миний бие 2007 онд Н.Мөнх-Эрдэнэтэй танилцаад 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 1334 дүгээр дугаартай баталгаагаар гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү М.Соёмбо төрсөн. Бид зан харилцааны таагүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хүү маань миний асрамжид өсөж торнисон. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд хүүгийнхээ ирээдүйг бодоод хүүхдийн тэтгэлэг авах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Учрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Мөнх-Эрдэнэтэй 2007 онд танилцаж 2008 онд хуримаа хийгээд 2009 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү М.Соёмбо төрсөн. Бид хоёр харилцан тохиролцож гэрлэлтээ цуцлуулах болсон бөгөөд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би хүү М.Соёмбоо өөрийн асрамжид үлдээж Н.Мөнх-Эрдэнээс тэтгэмж авах хүсэлтэй байна. Бид хоёр 5 жил хамт амьдарч байгаад одоо 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Н.Мөнх-Эрдэнэ өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон гэсэн. Би хувийн байгууллагад борлуулагч хийдэг байсан харин сая 6 сараас ажлаасаа гарсан. Би одоо хүү, ээжтэйгээ хамт амьдарч байна. Би ажлын хувьд санаа зовохгүй байгаа бөгөөд хүүхдээ өөрийн асрамжид үлдээж асрана гэжээ.

 

Хариуцагч Н.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Мөнх-Эрдэнэ миний бие Г.Учралын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах, хүү Н.Соёмбыг эхийн асрамжид үлдээх, мөн хүүхдийн тэтгэмж авах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа. Хүү М.Соёмбыг эхийн асрамжид үлдээж, тэтгэмж төлөхийг зөвшөөрч байна. Талуудын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.  

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

          

Нэхэмжлэгч Г.Учрал нь хариуцагч Н.Мөнх-Эрдэнэд холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Г.Учрал, Н.Мөнх-Эрдэнэ нар 2007 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр албан ёсоор бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2009 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү М.Соёмбо төрсөн байна /хх 3-5 хуудас/.

 

Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэж шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.

 

Хүүхдийн асрамжийн талаар талууд харилцан тохиролцсон байдлыг харгалзан хүү М.Соёмбыг эх Г.Учралын асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгтэй харшлахгүй. 

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр эцэг Н.Мөнх-Эрдэнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү М.Соёмбод олгох нь хүүхдийн эрх, ашигт нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Бууч овогт  Наранцогтын Мөнх-Эрдэнэ, Боржигон овогт Ганбатын Учрал нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү М.Соёмбо /РД:уо09211838/-ыг эх Г.Учралын асрамжид үлдээсүгэй.

 

3.  Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2009 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү М.Соёмбод 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Н.Мөнх-Эрдэнээс гаргуулан олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                     Н.ХАНГАЛ