Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 01971

 

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2017/01971

 

 

Ч.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01452 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ЗТН” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох,

 

Дутуу олгогдсон тэтгэмж 5 779 896 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Г нь “ЗТН” ОНӨААТҮГ-ын “Автобус-1” баазад 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 04 тоот тушаалаар ажилд орж 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б/42 тоот тушаалаар 12 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан.

 “Автобус-1” ОНӨҮГ-н захиргаа, үйлдвэрчний хороо хоёрын хооронд хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5 дахь хэсэгт заасныг зөрчиж өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг дутуу олгосон.

Ч.Г 1 сарын дундаж цалин 616 033 төгрөг, хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заалтын дагуу 12 сарын тэтгэмж 7 392 396 олгох байтал 1 612 500 төгрөгийг олгосон.

Иймд олгогдоогүй 5 776 896 төгрөгний тэтгэмжийг тус тус байгууллагаас олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Г өндөр насны тэтгэвэрт суухад нь байгууллагаас 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 612 500 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/138 дугаар тушаалаар олгосон.

“Автобус-1” ОНӨААТҮГ болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан хамтын гэрээ нь 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан бөгөөд уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаарх албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3156 тоотоор 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн.

Яагаад гэхээр “Автобус-1” нь НИТХ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “ЗТН” ОНӨААТҮГ байгуулагдсан.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө” гэсэн  заалтыг баримтлаж ажилласан бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “ Аж ахуй нэгж  байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасны дагуу хуулиа мөрдөж ажиллаж байна.

Уг хамтын гэрээг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуйн нэгж байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээр хийж шийдвэрлэнэ” гэж заасан нь Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор “Автобус 1”, “Автобус 3”, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГазрууд нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар “Зорчигт тээврийн нэгтгэл” болон өөрчлөгдөн байгуулагдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт нийцэж байгаа юм.

Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээр байгууллага дээр хийгдээгүй, хамтын гэрээг шинээр байгуулах талаар хэлэлцээр хийгдэж 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн хорооноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай 01 тоот албан бичиг ирж 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 117 тоот албан бичгээр захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлж ажилласан.

 Мөн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/677 тоот албан бичгээр Үйлдвэрчний эвлэлийн хороонд хамтын гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл санхүүгийн тооцооллын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтын гэрээ байгуулаагүй энэ асуудлыг гацаанд оруулж байна. Цаашлаад ажил олгогчоос 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хамтын гэрээ байгуулагдахгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч “ЗТН” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас       4 837 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Голд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 942 396 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 92 320 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

“ЗТН” ОНӨААТҮГ-ын захиргаанаас байгууллагын үзэмжээр бодож гаргасан нэг сарын дундаж цалинг 537 500 төгрөгөөр тооцож, 942 396 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Ч.Г миний 1 сарын дундаж цалин 616 033 төгрөг болно. Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5 дахь хэсэгт зaacaн өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн хамтын гэрээндээ тусган оруулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг "ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар болон түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстөй тэнцэх тэтгэмж олгоно" гэсэн байна. Хуулийн заалтаас Хамтын гэрээндээ нэмэлтээр тусгаж оруулахдаа "нэг cap түүнээс дээш" гэсэн хэсгийг ажилласан жилээр тооцож оруулсан байна. Тус заалтын "дундаж цалин хөлстөй тэнцэх тэтгэмж олгоно "гэсэн заалтыг хамтын гэрээнд тусгаж заагаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэж шийдвэрлэхээр байна.

Иймд миний тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлс тодорхойлж 1 сарын дундаж цалин 616 033 төгрөгөөр бодож хамтын гэрээний нэмэлт өөрчлөлт 8.5 дахь заалтын дагуу 12 сарын 5 779 896 төгрөгийн тэтгэмжээс хэрэгсэхгүй болгосон 942 396 төгрөгийг нэмэгдүүлэн бүрэн олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Тодруулбал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана.

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Автобус нэг ОНӨҮГазрын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хамтын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 132 дугаар тогтоолд дурьдсан өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл дагаж мөрдөхөөр байна гэж дүгнэсэн атлаа хамтын гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж талууд тохиролцсон байна хэмээн тодоройлсон нь хууль хэрэглээний хувьд хуулийн зүйл заалтыг дэндүү явцуу хүрээнд харж байгаа нь тодорхой байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасны дагуу 2013 онд мөрдөж байсан Хамтын гэрээг хэвээр мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл хэлэлцээ хийгдээгүй болохыг тайлбарласан бөгөөд харин шинээр хамтын гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийгдэж талууд Хамтын гэрээнд оролцох төлөөллийг томилон гэрээний төсөл солилцсон баримтыг шүүхэд гарган өгснийг анхааралгүй хэт нэг талыг барьж тодорхойлсонд гомдолтой байна.

Цаашлаад Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор “Автобус 1”, “Автобус 3”, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГазарууд нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар ЗТН болон өөрчлөн байгуулагдсан нь дээрхи хуулийн заалт буюу хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг нийцэж байгаа юм. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч “ЗТН” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан дутуу олгосон тэтгэмж 5 779 896 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ч.Г нь Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн “Автобус-1” компанийн захирлын 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04 тоот тушаалаар кондуктороор ажилд орж, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/42 тоот “ЗТН” ОНӨААТҮГазрын захирлын тушаалаар тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг үндэслэн тус нэгтгэлийн Нэгдүгээр баазын Тээвэрлэлт үйлчилгээний албаны шалгагчаар ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Автобус-1” ОНӨҮГазрын эрх залгамжлан авсан этгээд нь “ЗТН” ОНӨААТҮГазар байх бөгөөд “Автобуснэг” ОНӨҮГазар нь ажилтны төлөөлөл болох Үйлдвэрчний эвлэлийн хороотой тохиролцон 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хамтын гэрээ байгуулж, талууд гэрээний холбогдох заалтуудад 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрчлөлт оруулахдаа 8.5 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан тэтгэмж олгохоор хэмжээ тогтоосон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 132 дугаар тогтоолд дурдсан өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдөхөөр заасан боловч Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хамтын гэрээний тал биш учир гэрээнд зохицуулсан харилцааг өөрчлөх эрхгүй болно. Хамтын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн Ерөнхий зүйлд “хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасан байх тул уг хамтын гэрээ нь хүчинтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Харин анхан шатны шүүх ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээг буруу тодорхойлсныг залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасныг баримтлаж, нэхэмжлэгч Ч.Год 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч байгууллагаас тодорхойлсон тэтгэмжийг цалин гэж тодорхойлсон нь буруу болжээ.

 

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7.а-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 616 033 /613.500+617.300+617.300=1.848.100:3сар/ төгрөг болох бөгөөд нэхэмжлэгч Ч.Г нь 12 жил ажилласан тул 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 7 392 236 /616 033Ч12сар/ төгрөг олгох юм. Иймд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр тэтгэмжид хүлээж авсан 1 612 500 төгрөгийг хасч тооцвол 5 779 896 төгрөгийг хариуцагч нь тэтгэмжид дутуу олгосныг зөвтгөж ажилтны зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01452 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ЗТН” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 5 779 896 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Год олгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “92 320” гэснийг “107 428” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ЗТН” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 92 320 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

 

       ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА