Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 55

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,

Улсын яллагч:  Н.Ундрах,

Иргэний нэхэмжлэгч Н.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Сундуй

Шүүгдэгч: Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212  дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******д холбогдох 201616000114 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 

Шүүгдэгч Х.******* нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр улсын дугаартай Фургон маркийн автомашиныг ашиглан Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* гэх газраас 387.5 килограмм нэн ховор ургамал болох ******* /цагаан гоёо/ ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 25.187.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр малдаа гоёо түүж тэжээл болгож өгөхөөр ******* сумын ******* багийн нутаг ******* гэх газарт фургон маркийн улсын дугаартай автомашинтай ганцаараа шөнө очиж хоносон. Тэгээд явах гээд машиндаа гоёогоо ачаад байж байтал ******* сумын цагдаа, хэсгийн төлөөлөгч хүрч ирсэн. Түүсэн цагаан гоёог аймгийн төв дээр ирээд хиллэхэд 387,5 кг болж байсан тэгээд хураалгасан гэв.

Иргэний нэхэмжлэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Цагаан гоёо бол нэн ховор ургамлын ангилалд хамаарагддаг. Байгалийн ургамын тухай хууль тогтоомжийг зөрчсөн хүн байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлж төлөх үүрэгтэй. Бид нар эхний мэдүүлэг дээрээ 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нэхэмжилсэн боловч шүүгдэгч Х.******* нь аймгийн засаг даргад өргөдөл гаргаснаар амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур өрх мөн ашиг олох зорилгоор цагаан гоёог түүгээгүй зэрэг байдлуудыг харгалзаад мөн дээрээс буюу хууль зүйн хэлтсээс ирсэн чиглэлийн дагуу 1 кг цагаан гоёоны суурь үнэлгээ буюу 65.000 төгрөгөөр нэхэмжилсэн байгаа. Нийт 25.187.500 төгрөг нэхэмжилж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Н.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас ургамлын санд хохирол учруулсан бол хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр хуульд зааж өгсөн байдаг. Экологи эдийн засгийн үнэлгээгээр цагаан гоёо нь 1 килограмм нь 65000 төгрөг байдаг. Байгаль хамгаалах тухай хуулийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлж тогтооно гэж заасан байдаг боловч холбогдогч Х.******* нь Өмнөговь аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан. Хууль зүйн хэлтсээс манай байгууллагад Х.******* нь хууль тогтоомжийн талаар мэдлэггүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу өрх бөгөөд амьжиргаагаа залгуулдаг цөөн тооны малаа тэжээх зорилгоор цөлийн аргамжин цэцгийг зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн нь ашиг хонжоо олох санаа зорилгогүй байсан зэргийг харгалзан үзэж *******гийн үйлдлийн улмаас ургамлын нөөцөд учруулсан хохирлыг экологи, эдийн засгийн суурь үнэлгээгээр тооцож өгнө үү гэсэн албан тоот ирүүлсний дагуу суурь үнэлгээ болох 65000 төгрөгөөр тооцон төлүүлэхээр нэхэмжилж байна. ...Х.******* нь цагаан гоёо түүх зөвшөөрөлгүй байсан. Цагаан гоёог эрдэм, шинжилгээний зориулалтаар түүж, бэлтгэх зөвшөөрлийг яамнаас олгодог” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

Гэрч Ч.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ”...2016 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдөр байх Х.******* нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс надаас ирж миний цагаан саарал өнгийн улсын дугаартай УАЗ 3962 маркийн фургон автомашиныг Гурвантэс сумаас сум руу гэрээ нүүлгэхээр гуйгаад авч явсан. Х.******* нь манай хадам аав, ээжийн малыг хөлсөөр маллаж байсан юм. Х.*******г Цагаан гоёо түүх гэж байгаа талаар огт мэдээгүй байсан. Ямар нэг санал, гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,

Сэжигтэн Х.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би Өмнөговь аймгийн сумын Ганзагат баг Улаантолгой гэх газар айлын мал хөлсөөр маллаж байсан юм. 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр малдаа гоёо түүж тэжээл болгож өгөхөөр ******* сумын ******* багийн нутаг ******* гэх газарт фургон маркийн улсын дугаартай автомашинтай ганцаараа шөнө очиж хоносон. Тэгээд өглөө эрт босоод цагаан гоёо түүж эхэлсэн. 11 цагийн үед 9 шуудай гоёо түүчихсэн байсан. Тэгээд явах гээд машиндаа гоёогоо ачаад байж байтал ******* сумын цагдаа, хэсгийн төлөөлөгч хүрч ирсэн. Түүсэн цагаан гоёог аймгийн төв дээр ирээд хиллэхэд 387,5 кг болж байсан тэгээд хураалгасан. ...Би цагаан гоёо ямар байдгийг хараад танина. Цэцэгтэй, цагаан цэнхэр толгойтой байдаг. Жижиг богино, модон иштэй, шовх үзүүртэй хүрзээр түүсэн. ...*******аас машиныг нь гэрээ нүүлгэхээр авсан байсан. ******* намайг гоёо түүхээр явсан талаар огт мэдэхгүй байсан. Би хуулийн мэдлэггүйгээс болоод ийм зүйлд холбогдсон учраас бусад хүмүүсийг битгий ийм алдаа гаргаасай гэж бодож байна.

          Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11-р хуудас/

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/

          Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн цагаан гоёо хураах тухай акт /хх-ийн 13-14-р хуудас /

         Засаг даргын тамгын газрын дэргэдэх Захиргааны зөвлөлд эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/

        Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 147 дугаартай албан бичиг /хх-ийн 19-р хуудас/

        Аймгийн засаг даргын дэргэдэх эд зүйлсийг хураах, улсын орлого болгох устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах орон тооны бус зөвлөлийн хурлын тэмлэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 20-30-р хуудас/,

        Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-р хуудас /

        Эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-37-р хуудас /

        Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээнд:”...2016 оны 05 дугаар сарын байдлаар УАЗ 3962 маркийн фургон машины зах зээлийн дундаж үнийг 3.000.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов гэжээ. /хх-ийн 52-54-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 70-71-р хуудас/,

         УАЗ 3962 маркийн 95-55 ӨМА улсын дугаартай фургон машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 72-р хуудас/,

         Шүүгдэгч Х.*******г ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Х.******* нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр улсын дугаартай Фургон маркийн автомашиныг ашиглан Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* гэх газраас 387.5 килограмм нэн ховор ургамал болох ******* /цагаан гоёо/ ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 25.187.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Иргэний нэхэмжлэгч Н.*******ийн:”...Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас ургамлын санд хохирол учруулсан бол хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр хуульд зааж өгсөн байдаг. Экологи эдийн засгийн үнэлгээгээр цагаан гоёо нь 1 килограмм нь 65000 төгрөг байдаг. Байгаль хамгаалах тухай хуулийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлж тогтооно гэж заасан байдаг боловч холбогдогч Х.******* нь Өмнөговь аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан. Хууль зүйн хэлтсээс манай байгууллагад Х.******* нь хууль тогтоомжийн талаар мэдлэггүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу өрх бөгөөд амьжиргаагаа залгуулдаг цөөн тооны малаа тэжээх зорилгоор цөлийн аргамжин цэцгийг зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн нь ашиг хонжоо олох санаа зорилгогүй байсан зэргийг харгалзан үзэж *******гийн үйлдлийн улмаас ургамлын нөөцөд учруулсан хохирлыг экологи, эдийн засгийн суурь үнэлгээгээр тооцож өгнө үү гэсэн албан тоот ирүүлсний дагуу суурь үнэлгээ болох 65000 төгрөгөөр тооцон төлүүлэхээр нэхэмжилж байна. ...Х.******* нь цагаан гоёо түүх зөвшөөрөлгүй байсан. Цагаан гоёог эрдэм, шинжилгээний зориулалтаар түүж, бэлтгэх зөвшөөрлийг яамнаас олгодог” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

Гэрч Ч.*******ын”...2016 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдөр байх Х.******* нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс надаас ирж миний цагаан саарал өнгийн улсын дугаартай УАЗ 3962 маркийн фургон автомашиныг Гурвантэс сумаас сум руу гэрээ нүүлгэхээр гуйгаад авч явсан. Х.******* нь манай хадам аав, ээжийн малыг хөлсөөр маллаж байсан юм. Х.*******г Цагаан гоёо түүх гэж байгаа талаар огт мэдээгүй байсан. Ямар нэг санал, гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,

Сэжигтэн Х.*******гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:”...Би Өмнөговь аймгийн сумын Ганзагат баг Улаантолгой гэх газар айлын мал хөлсөөр маллаж байсан юм. 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр малдаа гоёо түүж тэжээл болгож өгөхөөр ******* сумын ******* багийн нутаг ******* гэх газарт фургон маркийн улсын дугаартай автомашинтай ганцаараа шөнө очиж хоносон. Тэгээд өглөө эрт босоод цагаан гоёо түүж эхэлсэн. 11 цагийн үед 9 шуудай гоёо түүчихсэн байсан. Тэгээд явах гээд машиндаа гоёогоо ачаад байж байтал ******* сумын цагдаа, хэсгийн төлөөлөгч хүрч ирсэн. Түүсэн цагаан гоёог аймгийн төв дээр ирээд хиллэхэд 387,5 кг болж байсан тэгээд хураалгасан. ...Би цагаан гоёо ямар байдгийг хараад танина. Цэцэгтэй, цагаан цэнхэр толгойтой байдаг. Жижиг богино, модон иштэй, шовх үзүүртэй хүрзээр түүсэн. ...*******аас машиныг нь гэрээ нүүлгэхээр авсан байсан. ******* намайг гоёо түүхээр явсан талаар огт мэдэхгүй байсан. Би хуулийн мэдлэггүйгээс болоод ийм зүйлд холбогдсон учраас бусад хүмүүсийг битгий ийм алдаа гаргаасай гэж бодож байна. /хх-ийн 67-68-р хуудас/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11-р хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/, Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн цагаан гоёо хураах тухай акт /хх-ийн 13-14-р хуудас/, Аймгийн засаг даргын дэргэдэх эд зүйлсийг хураах, улсын орлого болгох устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах орон тооны бус зөвлөлийн хурлын тэмлэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-30-р хуудас/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-р хуудас/, зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Х.*******г нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Х.*******гийн их хэмжээгээр түүж бэлтгэсэн цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёо нь байгалийн нэн ховор ургамал болох нь Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтын нэн ховор ургамлын жагсаалтын 7-д цөлийн аргамжин цэцэг нь нэн ховор ургамалд орно гэснээр тогтоогдож байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтанд заасан Экологи эдийн засгийн үнэлгээгээр цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог 1 кг-ийг нь 65.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүгдэгч Х.*******гийн түүсэн 387.5 кг цагаан гоёоны экологи эдийн засгийн үнэлгээ нь 25.187.500 төгрөг болж байна.  

Иргэний нэхэмжлэгч Н.******* мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд “аймгийн засаг дарга болон хууль зүйн хэлтсээс өгсөн чигийн дагуу цагаан гоёоны үнийг тав дахин нэмэгдүүлж нэхэмжлэхгүй байгаа” гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгч байх боловч эрх зүйн хүчин чадлын хувьд Монгол улсын хуулийг шүүх баримтлан уг асуудлыг шийдвэрлэх бөгөөд төрийн албан тушаалтны өгсөн чиг үүргийн дагуу тав дахин нэмэгдүүлэх хуулийн заалтыг зөрчиж шийдвэр гаргах нь үндэслэлгүй юм.

Ийнхүү Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг баримтлан шийдвэрлэх нь Монгол улсын Эрүүгиийн хуулийн 5-р зүйлд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, 6-р зүйлд заасан шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж үзсэн болно.

Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын Экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн” төлүүлнэ гэж заасан ба 387.5 кг цагаан гоёоны экологи эдийн засгийн үнэлгээ болох 25.187.500 төгрөгийг тав дахин нэмэгдүүлж шүүгдэгч Х.*******гийн нөхөн төлөх хохирлыг 125.937.500 төгрөг байхаар тогтоож Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах санд оруулах нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.******* нь Байгаль хамгаалах санд 3.000.000 төгрөг төлсөн гэх тайлбар гаргаж байх боловч хавтаст хэрэгт тухайн баримт нь авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг ...эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан боловч гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх УАЗ 3962 маркийн 95-55 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь Х.******* болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул УАЗ 3962 маркийн 95-55 ӨМА улсын дугаартай фургон машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Х.*******д буцаан олгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгч Х.*******гийн хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч Х.******* нь гэрчээр “Миний машиныг Х.******* нь гэрээ нүүлгэх зорилгоор авч явсан бөгөөд цагаан гоёо түүх гэж байгааг нь би мэдээгүй. Гомдол санал байхгүй. Тэр машин хураагдаад улсын орлого болсон ч яахав. ******* нь манай хүргэн учраас би машинаа нэхэмжлэхгүй. Хураагдвал хураагдана биз” гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд Х.*******ыг шүүх иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй байна гэж үзэж гэрчийн мэдүүлгийг үнэлж шийдвэрлэсэн болно.  

Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээгээр УАЗ 3962 маркийн фургон машиныг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Х.*******гаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд баривчлах ял шийтгэж шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.         

Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт  шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******г нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт  шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3.000.000 /гурван сая/ төгрөгийг Х.*******гаас гаргуулж улсын орлогод оруулсугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг хэрэгсэл болох хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар УАЗ 3962 маркийн 95-55 ӨМА улсын дугаартай фургон машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Хан-Уулын 12-04 тоотод оршин суух Урчууд овгийн Чулуунбаатарын *******д /РД:КЮ84040317/ олгосугай.
  8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******гаас 125.937.500 /нэг зуун хорин таван сая есөн зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан Өмнөговь аймгийн Байгаль хамгаалах сангийн 110051407 тоот дансанд оруулсугай.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

           11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА