| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2021/0194/э |
| Дугаар | 192 |
| Огноо | 2021-12-16 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | М.Ханджав |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагчаар хяналтын прокурор М.Ханджав,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч С.Батхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар С.Батхуягт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2130000720228 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, .. настай, эрэгтэй, яс үндэс Дарьганга, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар баг “Дөхөм” гэх газар оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ЛБ92040756/ Түдэв овогт Сугарсүрэнгийн Батхуяг
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч С.Батхуяг нь 2020 оны 09 дүгээр сарын дундуур Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг “Нарангийн зүүн дэрс” гэх газраас Д.Эрдэнэбилэгийн өмчлөлийн мухар улаан халзан 1 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 503.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүх хуралдаанд мэдээлэг өгөхгүй. Хохирлоо нөхөн төлсөн гэв.
2130000720228 дугаартай хавтаст хэргээс:
- Хохирогч Д.Эрдэнэбилэгийн: “...2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Нарангийн зүүн дэрс” гэх газар өвөлжөөндөө их гэрээ аваачиж барьсан. Тэгэхэд манай үхэр дэрсэндээ байхаар би үхрээ очиж үзэхэд 1 тооны үхэр байгаагүй. Миний алдсан үхэр улаан халзан мухар хязаалан насны зүүн чих араас ганзага имтэй баруун чих имгүй. Гэдсээрээ цагаантай үхэр байгаа. Би үхрээ байхгүй болохоор тэр хавийн айлын үхрээр хайж мөн тэр хавийн газруудаар нэлээн хайж явсан. Сураг гараагүй. Манай үхэр тугалан цагаасаа бусад үхрүүдтэйгээ хамт байсан эх нь ч байгаа тийм болохоор ганцаараа тасарч явж байсан удаа байхгүй. Би алдсан үхрээ 1.500.000 мянган төгрөгөөр үнэлж байгаа. 2020 оны 11 дүгээр сард сумын төвд мал мах авдаг Ууганбаясгалан гэх хүнтэй уулзахад таны алдсан үхэртэй ижил төстэй үхрийн шир толгой манайд байгаа, та очиж үз гэхээр нь би үзэхэд миний алдсан үхрийн шир толгой байсан. Хэн өгсөн талаар асуухад Сугарсүрэн гэх хүний хүүхэд нэрийг нь мэдэхгүй байна хүмүүс Ооёо гэж дууддаг, тэр хүн өгсөн гэж хэлсэн. Би үхэр өгсөн залуугийн аав Сугарсүрэнтэй уулзан “танай хүүхэд манай үхрийг хулгайлан сумын төвд хүнд зарж борлуулсан байна” гэхэд Сугарсүрэн “би танай үхрийн хохирлыг барагдуулъя” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-37-38/,
... надад гомдол, санал байхгүй. нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 39-40 х/,
Гэрч Н.Ууганбаясгалангийн: “... Би 2020 оны сар өдрийг нь сайн санахгүй байна. Миний багцаагаар 10 сарын дундуур тус сумын иргэн Сугарсүрэн гэх хүний хүүхэд нь байна гэж мэдэхээс тухайн залуугийн нэрийг нь сайн мэдэхгүй. Би аавыг нь сайн танина. Үхэр өгдөг залуу нь эхнэртэйгээ хоёулаа ирж надтай өдөр сумын төв дээр уулзаад хоёр бяруу өгье гэхээр нь би зээлээр мөнгө төгрөг өгөхгүй та хэд авчраад өгвөл авъя гээд явуулсан. Тэр өдрөө орой нь 20 цагийн орчимд хөх цэнхэр өнгийн пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй мухар улаан халзан бяруу ачаад тус сумын 6 дугаар багийн иргэн Сугарсүрэнгийн гэх айлын хашаанд байхад ачаад ирсэн. Тэгээд үзэж хараад тэр айлын хашаанд авч үлдээд нөгөө залуугийн дансны дугаарыг нь авч мөнгийг нь шилжүүлсэн. Манай гэр бүлийн хүн Хандсүрэн хамт байсан.Тухайн бяруу өгсөн залуугийн нэр дансны дугаарыг нь бичиж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 х/,
Гэрч Л.Сугарсүрэнгийн: “... Манайх Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг “Хужирт” гэх газар өвөлжиж байхад 2020 оны 12 дугаар сарын дундуур тус сумын 4 дүгээр багийн иргэн Эрдэнэбилэг гэх хүн манай гэрт ирээд танай хүү Батхуяг манай мухар халзан улаан бярууг хүнд өгсөн байна гэсэн. Тэгэхээр нь би “одоо яах уу, та нар юу гэж бодож байна цагдаа, төлөөлөгчид хэлсэн үү” гэхэд “бид хэлээгүй байгаа, та нар манай үхрийн мөнгийг нь өгчихвөл болно гэсэн”. Тэрнээс хойш 2 хоногийн дараа Эрдэнэбилэг гэх хүнд сумын төвд ирсэн үед нь бэлнээр 1.200.000 төгрөг өгсөн. Тухайн үхрийн эзэн Эрдэнэбилэг гэх хүн ирснээс хойш хүү рүүгээ залгаж ямар учиртай юу болсон талаар лавлаж асуусан. Манай хүү Батхуяг нь “Замын-Үүдэд” байсан. Би чи энэ үхэр малын хэрэг гараад байна ямар учиртай юм гэхэд өөдөөс юм ярихгүй одоо тэгээд яах уу гэхээс өөр юм надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 х/,
Гэрч Э.Амарбатын: “...Би тус сумын 2 дугаар багийн нутаг “Бор толгой” гэх газар хөдөө гэртээ байхад 2020 оны 09 дүгээр сарын дундуур манай сумын С.Батхуяг нь сум орчхоод ирлээ гээд манайд эхнэрийн хамт ирсэн. Тэгээд таны машин хөдөлж байгаа юу “та сум ороод нэг бяруу буулгаад өгнө үү” гэхээр нь “ахынх нь машин асах болов уу түрж асаах байх, ах нь хонио ойртуулчхаад явж өгье” гэсэн. Тэгээд тэр хоёр миний машиныг түрж асааж өгчхөөд хөдөө гэр лүүгээ явсан.Намайг араас хүрээд очоорой гэсэн. Би хонио хотлуулчхаад нар шингэж байхад С.Батхуягийн гэрийн гадаа очиход араас дагаад хөдөлчих гээд сумын төвөөс урагшаа “Нарангийн дэрсний баруун хойд талын хоосон хашаан дээр очсон. Хашаан дотор эрээн нүүртэй мухар улаан халзан үхэр уяатай байсан. Би тухайн үед ямар настай үхэр байсан талаар сайн мэдэхгүй байна. С.Батхуяг нь надад хэлэхдээ “дүү нь нэг бяруу оруулж борлуулах гэсэн юм” гэсэн. Тэндээс нөгөө бярууг нь ачаад шууд сумын орж мал мах авдаг Ууганбаясгалан гэх хүнд өгсөн. Би тухайн үхрийг нь буулгаж өгчхөөд колонк орж 50.000 төгрөгт түлш хийлгээд хөдөө гэр лүүгээ явсан. С.Батхуяг нь эхнэрийн хамт суман дээр үлдсэн. Би тэр хоёртой эргэж уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 х/,
Яллагдагч С.Батхуягийн: “... Би 2020 оны 9 дүгээр сарын дундуур гэж санаж байна эхнэр Батцэцэгийн хамт Баяндэлгэр сумын төв рүү бензин тос авахаар өөрийн эзэмшлийн мотоциклтой явсан. Тэгээд хөдөө гэртээ буцаж ирэхдээ Амарбат гэх нутгийн таньдаг ахын гэрт очиж “Хүнээс нэг үхэр авах ёстой юм. Та ачаад сумын төв оруулаад өгөх үү? Бензин тосыг нь хийж өгье” гэсэн. Тэгээд би хөдөө гэр рүүгээ очиж эхнэрээ буулгачхаад гэрээсээ чанх урагшаа “Нарангийн дэрс” гээд үхэр бэлчдэг газар байдаг. Тэндээс нэг үхэр хулгайлах зорилготой ганцаараа мотоциклтой явсан. Нарангийн дэрсэнд ирэхэд арав гаран үхэр байсан ба бүгдийг нь хөөж Нарангийн дэрснээс баруун хойш 4 орчим байх айлын хаваржааны хашаанд бүгдийг нь хашиж байгаад 1 тооны мухар улаан халзан зүсмийн бяруу барьж уяж орхисон ба бусад үхрийг нь туугаад явуулчихсан. Тэгээд буцаж гэртээ очиход Амарбат ах Бонго пронтер маркийн ачааны машинтай ирсэн байсан. Тэгээд эхнэр Батцэцэгийг Амарбат ахын машинд суулгаад би өөрөө хажууд нь мотоциклтой дагаж яваад Нарангийн дэрс гэх газар очоод уяж орхисон үхрээ ачаад шууд сумын төв орсон. Баяндэлгэр сумын төв ороод үхрээ Ууганбаясгалан гэх мал мах авдаг хүнд аваачиж 450.000 төгрөгөөр зарсан ба Амарбат ахад 50.000 төгрөгөөр түлш хийж өгөөд явуулсан. Миний өөрийн эзэмшлийн мотоцикл. Надад аав ээж хоёр авч өгч байсан. Одоо тэр мотоцикл мотор нь эвдэрч зуурсан. Гэрийн гадаа арам нь байгаа. Би учруулсан хохирлоо нөхөж барагдуулж Эрдэнэбилэг гэх хохирогчид 1.200.000 төгрөг өгсөн. Надад өөр нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-90-91/
Н.Ууганбаясгалангийн 5374331167 дугаартай Хаан банкны данснаас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гүйлгээний утга /малын мөнгө/ гэж С.Батхуягийн Хаан банкны 5379214846 дугаартай дансанд 450.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх-10/,
С.Батхуягийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 12-19/
Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 210328 дугаартай: “... Даюун маркийн мотоцикл 1.500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /хх-22-32/,
Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2103067 дугаартай: “... 1 тооны 3 настай гунжин үхрийг 503.000 төгрөгөөр үнэлнэ..." гэх дүгнэлт /хх-68-77/,
С.Батхуягийн эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл /хх-ийн 92 х/
С.Батхуягийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 96 х/ зэрэг баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Батхуяг нь 2020 оны 09 дүгээр сарын дундуур Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг “Нарангийн зүүн дэрс” гэх газраас Д.Эрдэнэбилэгийн өмчлөлийн мухар улаан халзан 1 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 503.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Батхуягийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...Тэндээс нэг үхэр хулгайлах зорилготой ганцаараа мотоциклтой явсан. Нарангийн дэрсэнд ирэхэд арав гаран үхэр байсан ба бүгдийг нь хөөж Нарангийн дэрснээс баруун хойш 4 орчим байх айлын хаваржааны хашаанд бүгдийг нь хашиж байгаад 1 тооны мухар улаан халзан зүсмийн бяруу барьж уяж орхисон ба бусад үхрийг нь туугаад явуулчихсан. Тэгээд буцаж гэртээ очиход Амарбат ах Бонго пронтер маркийн ачааны машинтай ирсэн байсан...” гэх,
Хохирогч Д.Эрдэнэбилэгийн “...Миний алдсан үхэр улаан халзан мухар хязаалан насны зүүн чих араас ганзага имтэй баруун чих имгүй. Гэдсээрээ цагаантай үхэр байгаа...Би алдсан үхрээ 1.500.000 мянган төгрөгөөр үнэлж байгаа...Би үхэр өгсөн залуугийн аав Сугарсүрэнтэй уулзан “танай хүүхэд манай үхрийг хулгайлан сумын төвд хүнд зарж борлуулсан байна” гэхэд Сугарсүрэн “би танай үхрийн хохирлыг барагдуулъя гэсэн...” гэх,
Гэрч Н.Ууганбаясгалангийн “...орой 20 цагийн орчимд хөх цэнхэр өнгийн пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй мухар улаан халзан бяруу ачаад тус сумын 6 дугаар багийн иргэн Сугарсүрэнгийн гэх айлын хашаанд байхад ачаад ирсэн. Тэгээд үзэж хараад тэр айлын хашаанд авч үлдээд нөгөө залуугийн дансны дугаарыг нь авч мөнгийг нь шилжүүлсэн....” гэх,
Гэрч Л.Сугарсүрэнгийн “...Эрдэнэбилэг гэх хүн манай гэрт ирээд танай хүү Батхуяг манай мухар халзан улаан бярууг хүнд өгсөн байна гэсэн. Тэгэхээр нь би “одоо яах уу, та нар юу гэж бодож байна цагдаа, төлөөлөгчид хэлсэн үү” гэхэд “бид хэлээгүй байгаа, та нар манай үхрийн мөнгийг нь өгчихвөл болно гэсэн”. Тэрнээс хойш 2 хоногийн дараа Эрдэнэбилэг гэх хүнд сумын төвд ирсэн үед нь бэлнээр 1.200.000 төгрөг өгсөн...” гэх,
Гэрч Э.Амарбатын: “...С.Батхуягийн гэрийн гадаа очиход араас дагаад хөдөлчих гээд сумын төвөөс урагшаа “Нарангийн дэрсний баруун хойд талын хоосон хашаан дээр очсон. Хашаан дотор эрээн нүүртэй мухар улаан халзан үхэр уяатай байсан...”гэх мэдүүлгүүд,
Н.Ууганбаясгалангийн 5374331167 дугаартай Хаан банкны данснаас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гүйлгээний утга /малын мөнгө/ гэж С.Батхуягийн Хаан банкны 5379214846 дугаартай дансанд 450.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2103067 дугаартай: “...1 тооны 3 настай гунжин үхрийг 503.000 төгрөгөөр үнэлнэ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтаар шүүгдэгч С.Батхуяг нь амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хохирогч Д.Эрдэнэбилэгийн үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, өмчлөгчийн эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч С.Батхуягийн 1 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
“Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хулгайлагдсан 1 тооны 3 настай гунжин үхрийг 503.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогч Д.Эрдэнэбилэгт 1,200,000 төгрөгийг бэлнээр өгч хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгч С.Батхуяг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Батхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглаж мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Батхуягт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно
Иймд шүүгдэгч С.Батхуягийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай ба тэрээр ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эрдэнэбилэгт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.
Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 -т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.
Шүүгдэгч С.Батхуяг нь 2020 оны 09 дүгээр сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах бөгөөд түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарахгүй байна.
Иймд шүүгдэгч С.Батхуягийн үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байх тул түүнд оногдуулах 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Батхуягийг 2 жилийн хугацаанд Сүхбаатар аймгаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба С.Батхуяг нь гэмт хэрэг үйлдэхдээ Даюун маркийн мотоциклыг ашигласан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгдэгч С.Батхуягаас Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Батхуяг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Батхуягийг машин механизм ашиглан мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Батхуягийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.\
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Батхуягт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батхуягт оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батхуягийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Сүхбаатар аймгийн хилийн дээсээр тогтоож, 2 (хоёр) жилийн хугацаанд Сүхбаатар аймгаас гадагш явахгүй байх хязгаарлалт тогтоож түүнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батхуяг нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч С.Батхуягт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч С.Батхуяг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эрдэнэбилэгт 1,200,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батхуягийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклийг улсын орлогод оруулсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй..
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР