Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2017/00284/И |
Дугаар | 130/ШШ2017/00450 |
Огноо | 2017-06-29 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 130/ШШ2017/00450
2017 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 130/ШШ2017/00450 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багт оршин суух, С***** овогт З.Б ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч; Баян-Өлгий аймаг дахь Капитал банкны салбарын захирал Ө.М тад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; хариуцагч байгууллагын захирал Ө.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Халамжийн тэтгэврийн 2016 оны 11, 12, 2017 оны 1 ,2, 3, 4, 5, 6 дугаар сарын мөнгө 1728000 төгрөгийг гаргуулах, 2017 оны 5 дугаар сараас эхлэн тэтгэмжийн мөнгийг хууль бусаар барьцаалахгүй байхыг даалгахыг шаарджээ.
Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 2014 оны 10 дугаар сарын үед 2,4 хувийн хүүтэй 10 сая төгрөгийн зээл авч төлсөөр байгаад Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 493 тоот шийдвэрийн дагуу 352 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж эд хөрөнгө болох хашаа байшин , эзэмшил газраас хураалгаж шүүхийн шийдвэрт заасан бүх хохирлыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба бүрэн барагдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 37 тоот шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч дууссан юм.
Гэтэл Капитал банкны салбар З.Б миний 2016 оны 7-10 дугаар саруудын тэтгэмжийн мөнгө 4 х 216000 төгрөг, нийт 864000 төгрөг ба хүү Б.Еркехулан бид хоёрын иргэн бүрт олгосон 1072 ш хувьцааны мөнгө болох 405426 төгрөгийг өгөхгүй болохоор миний бие сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 769 дүгээр шийдвэрийн дагуу 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 84 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж дуусгавар болсон. Одоо 2016 оны 11, 12 дугаар саруудын ба 2017 оны 1-4 дүгээр саруудын халамжийн мөнгө болох 6 х 216000 төгрөг, нийт 1296000 төгрөгийг өгөхгүй намайг хохироож байна.
Капитал банкны салбар нь халамжийн тэтгэмжийн мөнгө болох 1296000 төгрөгийг хуул бусаар барьцаалж, миний эрхийг хоёр дахь удаагаа ноцтой зөрчиж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж хүсэх нь: 1. З.Б миний 2016 оны 11, 12, 2017 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудын халамжийн тэтгэмж болох 6 х 216000 төгрөг, нийт 1296000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Ирэх саруудад буюу 2017 оны 5 дугаар сараас эхлэн тэтгэмжийн мөнгийг хууль бусаар барьцаалахгүй байхыг хатуу даалгаж өгнө үү.
Мөн 2017 оны 5, 6 дугаар саруудын халамжийн мөнгө болох 2 х 216000 төгрөг= 432000 төгрөг нэмж нийт 8 сарын мөнгө 8 х 216000= 1728000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Ө.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа; Зээлдэгч З.Б нь манай банкнаас 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 10,0 сая төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2,4%-ийн хүүтэй гэр бүл ахуйн хэрэглээний нөхцөлөөр авсан байдаг билээ. Гэвч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, байнга шахаж шаардаж зээл төлүүлж байсан зээл муу ангилалд шилжсэн тул Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 493 тоот шийдвэрээр банкийг хохиролгүй болгох шийдвэр гарсан.
Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, барьцаа хөрөнгийг 2 удаагийн дуудлага худалдаагаар худалдаалах зар явуулсан боловч зарагдахгүй байсан тул 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр барьцаа хөрөнгө болох Өлгий сумын 4-р багт байршилтай 140 м.кв талбайтай хувийн сууцыг 1300 м.кв талбайтай газрын хамт банкны Өмчлөх бус үл хөдлөх хөрөнгийн дансанд шилжүүлэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 37 тоот тогтоолоор хөрөнгийг банканд хүлээлгэж өгсөн. Манай банкны 8,6 сая төгрөгийн зээлийн төлбөрт шилжүүлж өгсөн хөрөнгө болох хашаа байшин, газар одоог хүртэл зарагдахгүй бид гэрээт телевизийн сувгуудаар хөрөнгийг худалдаалах зар явуулж байгаа. Банкны Өмчлөх бус үл хөдлөх хөрөнгийн дансанд 8,6 сая төгрөг З.Бын нэр дээр бүртгэлтэй байна. Зээл хүү зогссон одоо ямар нэгэн хүү нэмэгдэхгүй байгаа тул та байшин, газраа буцаан авч тэтгэмжийн мөнгийг байшингийн үнэд шилжүүлж байвал 3 жилийн дотор таны өр төлбөр бүрэн төлөгдөж хашаа байшин, газраа өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжтой байгаа тухай муу зээлдэгч З.Бад банкны зүгээс санал тавьж байгаа боловч хүлээн зөвшөөрөхгүй банкны итгэлийг алдаж тусалж дэмжиж байсан харилцагч банкыг хохиролд учруулаад байна. Бид аль болох З.Бад ашигтай санал тавьж, хашаа байшин, газраа буцаан авах, их хэмжээний өрөнд орсон явдлаас хамтран чөлөөлөгдөх талаар саналаа тавьж ажиллаж байгаа болно.
Иймд зээлдэгчийн манай банк дахь зээл нь бүрэн хаагдаагүй байгаа тул зээлдэгч З.Бын тахир дутуугийн группын мөнгийг гаргаж өгөх боломжгүй байгаа ба цаашид ч бид барьцаа хөрөнгө худалдан борлуулагдаж банкны өмнө хүлээсэн өр төлбөрийн тооцоо дуусах хүртэл гаргаж өгөх боломжгүй болно гэжээ.
Хариуцагч Капитал банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Ө.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; З.Бад манай банкнаас 2014 онд 10 сая төгрөгийн зээл олгосон. Тэгээд төлөөгүй болохоор нь бидний зүгээс шүүхэд хандсаны дагуу шийдвэр гарч эд хөрөнгөөр төлсөн. Хашаа, байшин бол одоо манай банкны нэр дээр байгаа. Одоо 8,6 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас бид нарт хүлээлгэж өгсөн хашаа, байшинг одоо хүртэл борлуулж чадаагүй. Одоо хүртэл гэрээт телевизороор зар явж байгаа. Барьцаат хөрөнгийг борлуулж чадаагүй болохоор З.Быг бүрэн чөлөөлөгдсөн гэж үзэхгүй байгаа.
Банкны зүгээс З.Бад Та барьцаат хөрөнгөө та буцааж ав, халамжийн мөнгийг өгөх юм бол 3 жилийн дотор төлж дуусах юм байна. Одоо угаасаа зээлийн хүү нэмэгдэхгүй байгаа гэсэн боловч зөвшөөрөөгүй. З.Бад итгэл хүлээлгэж өгсөн зээлийг өгөхгүйгээр хуучин байшингаа барьцаалчхаад банкийг хохиролд оруулж байгаа. Мөн нэхэмжлэл дээр би 2 сая төгрөг өгөх гэхэд авахгүй, гэрээс хөөгөөд явуулсан. Тэгээд би олон хүнээс мөнгө авсан. Олон хүмүүсийн итгэлийг алдаж гомдоож байгаад нь гомдолтой байна гэсэн байсан. Тийм сайн хүн бол хүүхдүүдээ сургуулиа төгсгөөд нэг хүүхэд нь хуримаа хийхэд хамгийн ихээр тусалж 10 сая төгрөгийн зээл өгсөн банкийг хохиролгүй болгох ёстой гэж бодож байна. Мөн 7, 8 дугаар сараас эхлээд ямар нэгэн хаалт хийхгүйгээр шууд олгож байхыг шүүхээс даалгаж өгөхийг хүссэн байсан. Үүнийг бол үндэслэлгүй гэж бодож байгаа учраас хангах боломжгүй гэж үзэж байна. Харин одоогийн мөнгийг хуулийн дагуу шийдвэрлэж болох байх гэж бодож байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хариуцагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч З.Б нь Баян-Өлгий аймаг дахь Капитал банкны салбараас 2016 оны 11, 12 дугаар сарууд, 2017 оны 1-6 дугаар сар хүртэлх халамжийн мөнгө болох 1728000 төгрөгийг гаргуулах, 2017 оны 5 дугаар сараас эрхлэн тэтгэмжийн мөнгийг хууль бусаар барьцаалахгүй байхыг даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчаас З.Б нь тус банкнаас 2014 онд авсан зээлийн төлбөр болох 8.6 сая төгрөгийг зээлийн төлбөрт шилжүүлж өгсөн хөрөнгө болох хашаа байшин, газар нь одоог хүртэл зарагдахгүй байгаа бөгөөд урьд авч байсан зээл нь бүрэн хаагдаагүй байгаа ба түүний халамжийн тэтгэмжийн мөнгө болох 1728000 төгрөгийг зээлийн төлбөрт суутгаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараас үзэхэд З.Б нь Капитал банкны Баян-Өлгий салбараас 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хашаа байшин газраа барьцаалан 10.0 төгрөгийн зээл авч, үүнээс 8.1 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсныг Капитал банкны Баян-Өлгий салбар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 493 дугаартай шийдвэр гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн ба Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор эд хөрөнгөөр төлсөн гэсэн үндэслэлээр Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 493 дугаар шийдвэр, 352 дугаартай гүйцэтгэх баримт бичигтэй төлбөр төлөгч З.Б төлбөр авагч Капитал банканд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсон байна.
Мөн хариуцагч талаас зээлийн төлбөрийг төлөхөөр халамжийн тэтгэмжийг барьцаалсан, бусад хөрөнгөөр төлөх талаар тохиролцсон талаар нотлох баримт байхгүй байгаа тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.
Хариуцагч талаас З.Бын Нийгмийн халамжийн сангаас авах 2016 оны 11, 12 дугаар саруудын, 2017 оны 1-6 дугаар сар хүртэлх тэтгэмжийн мөнгө болох 1728000 төгрөгийг зээлийн төлбөрт суутгаж авсан талаар маргаагүй байна.
Иймд нэхэмжлэгч З.Бын Нийгмийн халамжийн сангаас авах 2016 оны 11, 12 дугаар саруудын, 2017 оны 1-6 дугаар сар хүртэлх тэтгэмжийн мөнгө болох 1728000 төгрөгийг Капитал банкны Баян-Өлгий салбараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин 2017 оны 5 дугаар сараас эхлэн тэтгэмжийн мөнгийг хууль бусаар барьцаалахгүй байхыг даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэхүү шаардлага нь тодорхой бус бөгөөд хариуцагч нэхэмжлэгч З.Бын нийгмийн халамжаас авах тэтгэмжийг барьцаалсан асуудал байхгүй бөгөөд харин Капитал банкны Баян-Өлгий салбар нь дээрх мөнгийг өөртөө шилжүүлж авсан байх тул барьцаалахгүй байхыг даалгах боломжгүй болно.
Иймд Капитал банкны Баян-Өлгий салбараас 1728000 төгрөгийг гаргуулан З.Бад олгож, нэхэмжлэгчийн тэтгэмжийн мөнгийг хууль бусаар барьцаалахгүй байхыг даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан Капитал банкны Баян-Өлгий салбараас 1728000 төгрөгийг гаргуулан З.Бад олгож, нэхэмжлэгчийн тэтгэмжийн мөнгийг хууль бусаар барьцаалахгүй байхыг даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч З.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49055 төгрөгийг, дутуу төлсөн 63743 төгрөгийг гаргуулан тус тус улсын орлого болгож, хариуцагч байгууллагаас 42598 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Бад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК