Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2017/00451

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2017/00451

Баян-Өлгий аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суух, ******* овогт Т.М ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Т.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 2239409 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ажил олгогчид даалгаж өгөхийг шаарджээ.

Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Монгол улсын иргэн Т.М би Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 110/ШШ2017/0027 дугаартай шийдвэрээр Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын ажилд эгүүлэн томилсон юм. Намайг ажилд томилоход Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга тушаал гаргадаг боловч миний цалингийн сан нь Ногооннуур сумын Засаг даргын тамгын газарт байдаг юм. Өөрөөр хэлбэл Т.М би өмнө ажиллаж байхад цалин хөлсөө Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын санхүүгээс авдаг байсан юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч, гуравдагч этгээд хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй учраас хуулийн хүчин төгөлдөр болжээ. Гэтэл Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Тд ажил олгогчид ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хүссэн боловч үл ойшоож өгөхгүй байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Т.М миний 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 22-ны хүртэл ажилгүй байсан хугацааны 5 сар, 17 хоногт ногдох цалин хөлс 2239409 төгрөгийг Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын санхүүгээс гаргуулж, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ажил олгогчид даалгаж өгөх тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ; Би 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар ажилд орсон. Аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалаар ажлаас халагдсан.

Үүний дагуу шүүхэд хандсанаар 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан. Тэр хүртэл 5 сар ажилгүй байсан. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 2239409 төгрөг гарсан байна. Уг мөнгийг Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс гаргуулж өгөхийг хүсэж байна. Ажил олгогчоос төлөгдөх нийгмийн даатгалын шимтгэл болох 223940 төгрөгийг нийгмийн даатгалын санд оруулахыг даалгаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа; Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн иргэн Т.Мийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг уншиж танилцлаа.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Т миний бие Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2017/0027 дугаартай шийдвэртэй 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр аймгийн шүүхэд биеэрээ очиж танилцсан болно. Шүүхийн шийдвэрийг аваагүй болно.

Нэхэмжлэгч Т.М нь Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Тд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгөх талаар хүссэн боловч үл ойшоосон гэсэн утгатай тайлбар гаргасан байна. Т Манарбек нь надад хандаж ямар ч хүсэлт гаргаж байгаагүй ба миний бие М.Т 2017 оны 5 дугаар сарын 25-ны пүрэв гарагт аймгийн шүүхэд биеэрээ очиж Т.Мийн гаргасан 2 хуудас нэхэмжлэлийг авсан юм. Иймд нэхэмжлэгч Т Манарбек нь 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 22-ны хүртэлх хугацааны 5 сар, 17 хоногийн цалин хөлс болох 2239409 төгрөгийг Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

1. Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын даамал Т.М төрийн албан тушаалыг эрхэлж бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө Засаг даргын тамгын газраас цалин хөлс авч ажиллаж байсан. Сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Т миний бие газрын даамал ажилтай Т.Мийг ажлаас халах тухай шийдвэр гаргаагүй учраас Т.Мийн сумын Засаг даргын тамгын газрын төсвөөс ажилгүй байсан хугацааны 2239409 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь хуулинд нийцээгүй гэж үзэж байна. Иймд цалин хөлсийг нөхөн төлж өгөх боломжгүй гэсэн тайлбарыг үүгээр хүргүүлж байна.

Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтан бол аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга К.Болатаар 2239409 төгрөгийг буцааж төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд шүүхээс хүсэх нь: Энэхүү төсөв. цалин хөлс, хохиролтой холбоотой маргааныг зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Т.М нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны олговор 2239409 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ажил олгогчид даалгаж өгөхийг хүсжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Т.Мийг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Ногооннуур сумын газрын даамлын албан тушаалаас халсан бөгөөд Т.М нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байх ба Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр үйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох-оор заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ. Нэхэмжлэгч Т.Мийн үндсэн цалин нь 380277 төгрөг болох нь Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч К.Жамалханы 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Т.М нь 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжилсэн бөгөөд 2017 оны 1 дүгээр сард ажлын 19 хоног, 2, 3, 4-р саруудад, 5 дугаар сард ажлын 15 хоног ажилгүй байсан тул 4 сар, 13 хоногийн олговрыг дээрх нягтлан бодогчийн тодорхойлолтыг үндэслэн тооцоход 4 сарын олговор 1521108 /380277х4=1521108/, ажлын 13 хоногийн олговор 235404 /380277:21=18108х13 хоног=235404/, нийт 1756512 төгрөг байх тул энэхүү мөнгийг Ногооннуур сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж Т.Мт олгох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн хэмжээгээр ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар тооцож нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажилтны сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 10 хувьтай тэнцэх шимтгэлийг даатгуулагчаас, 11 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг ажил олгогчоос тус тус төлөх тул 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд төлөх хувь хэмжээг тооцвол 175651 төгрөгийг даатгуулагч Т.Мээс, 193216 төгрөгийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газраас тус тус гаргуулан Нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газарт үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчаас Т.М нь Ногооннуур сумын Засаг даргын тамгын газраас төрийн албан тушаалыг эрхэлж бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө цалин хөлс авч байсан бөгөөд Засаг даргын тамгын газрын даргаас Т.Мийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй тул буруутай этгээдээс төлүүлэх учиртай гэж тайлбарласан байна. Нэхэмжлэгч болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчийн тодорхойлолтоор Т.М нь Ногооннуур сумын Засаг даргын тамгын газраас цалин авч байсан тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг Ногооннуур сумын Засаг даргын тамгын газраас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.2, 103.3-т заасан этгээд дээрх хохирлыг нэхэмжлэх эрхтэй тул энэ нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх боломжгүй болно.

Иймд Ногооннуур сумын Засаг даргын тамгын газраас 1756512 төгрөгийг гаргуулан Т.Мт олгож, илүү нэхэмжилсэн 482897 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 175651 төгрөгийг даатгуулагч Т.Мээс, 193216 төгрөгийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газраас тус тус гаргуулан Нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газарт үүрэг болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газраас 1756512 төгрөгийг гаргуулан Т.Мт олгож, илүү нэхэмжилсэн 482897 төгрөгийг хэрэгсэхгүй болгож , Нийгмийн даатгалын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан 175651 төгрөгийг даатгуулагч Т.Мээс, 193216 төгрөгийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газраас тус тус гаргуулан Нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газарт үүрэг болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51000 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газраас 43054 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Мт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК