| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/0196/э |
| Дугаар | 194 |
| Огноо | 2021-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ханджав |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
улсын яллагч М.Ханджав
өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 19... оны .. дүгээр сарын ..-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах, ам бүл-6, хадам аав, ээж, эхнэр, дүү хамт, Сүхбаатар аймгийн ******* сумын … дугаар баг ******* тоотод оршин суух, урьд
- Дорноговь аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн,
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж торгох ялыг биелүүлсэн, *******, РД:*******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар баг, Боловсрол хорооллын 211 тоотод хамтран амьдрагч *******ыг “утсаар ярихдаа асуултаа гүйцэд асууж чадсангүй” гэх шалтгаанаар зодож толгойн үстэй хэсгийн язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр эхнэр маань миний утсаар яриад намайг яриулахгүй байсан. Тухайн үед миний бие өвдсөн байсан. Цохьё гэж цохиогүй. Тухайн үед бие өвдөж байсан учраас уурлаад, эхнэрээ цохисон. Эхнэртэйгээ эвлэрсэн, одоо хамт амьдарч байгаа. Одоо хөдөө хүний мал маллаж байгаа. Гэм буруугийн талаар маргаан байхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэв.
2130000000212 дугаартай хавтаст хэргээс:
- Яллагдагч *******ий: Би 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ******* сумын 7 дугаар баг Боловсрол хорооллын 211 тоотод хадмын гэрт байхад миний утас дуугарсан. Манай эхнэр миний утсыг аваад ярьсан. Тухайн үед би амны цацлага захиалчихаад бас дээр нь эхнэртээ мэдэгдэхгүй гэнэтийн бэлэг барья гээд нэг бөгж захиалчихсан байсан. Эхнэр ******* нь миний утсаар ярьж байгаад амны цацлага Улаанбаатар хот “Тэнгэр плаза”-д хүргэж өгөх талаар ярьсан. Тэр үед бас миний бие өвдөөд, халуураад байсан. Манай эхнэр ******* нь тухайн үед шууд утсаа тасалчихаар нь “ би өөр юм явуулах ёстой байсан юм, яагаад дутуу яриад тасалчихваа” гээд утсаа авах гээд татахад цээжин хэсэг рүү тохойлдохоор нь хоол идээд сууж байсан аягаараа савахад толгойг нь цохичихсон. Эхнэр бид 2 л байсан. Гэр бүлийн бага зэрэг маргаан хааяа болдог. Гэхдээ хоорондоо зодолдож, цохилцох хэмжээнд бол хүрч байгаагүй. Би идэж байсан хоолны аягаар толгой хэсэг рүү нь цохичихсон. Тэгээд толгойг нь зүсчихсэн. Уг үйлдэлдээ би маш их гэмшиж байна. Тухайн үед бие тааруу байсан болохоор огцом уурлачихсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-28-29/
- Хохирогч *******ын: 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 15 минутанд нөхөр *******ий хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар баг, Боловсрол хорооллын 211 тоотод байх хүргэн Мөнхнаст ахын гэрт байсан. Тухайн үед нөхрийнхөө сим картыг өөрийнхөө гар утсанд хийчихсэн байсан тэр дугаар луу нь танихгүй дугаар залгахаар нь нөхөртөө харуулахад “танихгүй дугаар байна ав” гэхээр нь авахад “хүргэлтийн ажилтан байна, Тэнгэр плаза дээр байна, та цацлага захиалсан уу” гэхээр нь би нөхөр лүүгээ харахад манай нөхөр “тийм ээ” гэхээр нь за гэхэд тэр хүн “дансаа явуулчихъя” гээд утсаа тасалсан. Гэнэт нөхөр “бөгж дагалдана гэсэн, тэрийг нь асуусангүй, утсаар ярьж мэдэхгүй гичий” гэхээр нь “тийм бол өөрөө ярихгүй яасан юм” гээд гараараа далайхаар нь түлхээд холдуулахад ширээн дээр байсан хоолтой аягаараа миний толгой руу цохиод хагалчихсан. Тэгээд эмнэлэгт очиж 3 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-5-6/,
-Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 462 дугаартай “... *******ын биед толгойн үстэй хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-14-15/,
- *******ий эрүүгийнх хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-33-39/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багийн Боловсрол хорооллын 211 тоотод хамтран амьдрагч *******ыг “ утсаар ярихдаа асуултаа гүйцэд асууж чадсангүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэн түүний толгойн хэсэгт аягаар цохиж “ толгойн үстэй хэсгийн язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Тэр өдөр эхнэр маань утсаар ярьсан. Намайг яриулахгүй байсан. Тухайн үед бие өвдөж байсан учраас уурлаад, эхнэрээ цохисон. Гэм буруугийн талаар маргаан байхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ” гэх,
хохирогч *******ын “ нөхөр “бөгж дагалдана гэсэн, тэрийг нь асуусангүй, утсаар ярьж мэдэхгүй гичий” гэхээр нь “тийм бол өөрөө ярихгүй яасан юм” гээд гараараа далайхаар нь түлхээд холдуулахад ширээн дээр байсан хоолтой аягаараа миний толгой руу цохиод хагалчихсан. Эмнэлэгт очиж 3 оёдол тавиулсан...” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 462 дугаартай “... *******ын биед толгойн үстэй хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтаас үзэхэд, шүүгдэгч ******* нь гэр бүлийн ахуйн маргаанаас хамтран амьдрагч *******ыг аягаар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг аягаар цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих шалтгааны улмаас хохирогч *******ыг цохиж зодон эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч *******ий, хохирогч *******ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
*******ий үйлдлийн улмаас хохирогч *******т эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлсэн тул шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ий үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ... бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан “...Хохирогч, шүүгдэгч нар эвлэрсэн. Хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгуулийн ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөх боломжоор тогтоож өгнө үү ” гэх дүгнэлтийг хангах боломжтой гэж үзлээ.
Учир нь ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь түүний “...Одоо хөдөө хүний мал маллаж байгаа...” гэх мэдүүлгээр нотлогдох бөгөөд *******ий дээрх хувийн байдал, түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд нэг сард 83.333 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдъя.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч …. … *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд нэг сард 83.333 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН