| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02645/И |
| Дугаар | 102/ШШ2017/02247 |
| Огноо | 2017-08-16 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2017/02247
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Боржигон овогт Ариунаагийн Цэрэнбат /РД:вю57041379/-д холбогдох, 95,000 төгрөг гаргуулахыг хүссэн Ө.Ганчимэгийн нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ө.Ганчимэг нь “Хөх бүрд” СӨХ-нд жижүүрийн ажил хийж байсан. Тухайн үед “Хөх бүрд” СӨХ-ны байцаагч Р.Содном нь миний цалингаас амбаарын мөнгө гэж 70,000 төгрөг авсан. Тэгээд миний цалинг өгөхгүй СӨХ-ны дарга А.Цэрэнбат, байцаагч Р.Содном нар бие биерүүгээ түлхээд байна. Иймд миний цалин болох 95,000 төгрөгийг “Хөх бүрд” СӨХ-ноос гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч А.Цэрэнбат шүүхэд гаргасан тайлбартаа: Ө.Ганчимэгийн нэхэмжилж байгаа 95,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ө.Ганчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А.Цэрэнбатын хариу тайлбартай танилцлаа. 2017 оны 8 дугаар сарын 15-ны дотор миний нэхэмжилсэн 95,000 төгрөгийг төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Ганчимэг нь А.Цэрэнбатад холбогдуулж 95,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Цэрэнбат “нэхэмжлэлийн шаардлага болох 95,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны дотор нэхэмжлэгчид төлж барагдуулна” гэснийг Ө.Ганчимэг хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч А.Цэрэнбат “нэхэмжлэлийн шаардлага болох 95,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны дотор нэхэмжлэгчид төлж барагдуулна” гэснийг Ө.Ганчимэг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 2,250 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
|