| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/0193/э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2021-12-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Ханджав |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагчаар хяналтын прокурор М.Ханджав,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Ө.Батзоригт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Батзоригтод холбогдох 2130001320148 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19… оны .. дүгээр сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, … настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, охины хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн Баян-Овоогын задгайд оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Хатгин овогт Өвөөгийн Батзоригт /РД:ЛН80112511/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ө.Батзоригт нь 2021 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Их-Өргөө” нэрийн дэлгүүрийн агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч экс нэртэй 0.75 литр 4 шил архи, ерөөл нэртэй 0.5 литр 11 шил архи хулгайлан авч, 168.066,67 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ө.Батзоригт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би архи хааяа уудаг. Нийт 10 гаруй жил архи авсан. Шуудайнд хийгээд авч явсан. Би айлын мал хөлсөөр хардаг. Хохирлоо төлнө. Эхнэртэйгээ албан ёсны гэр бүл байсан. Эхнэр салаад 2 жил болох гэж байна. Эхнэр Улаанбаатар хотод ажил хийдэг. Би охинтойгоо хамт амьдардаг. Охин маань 2 дугаар ангид сурдаг. Прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй...гэв.
- Шүүгдэгч Ө.Батзоригт яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Тайваа, Эрдэнэмөнх, Эрдэнэбилэг гэх 3 залуугийн хамт Тайвнаагийн гэрт архи уусан. Уух юм дуусчихаар нь “Их Өргөө” дэлгүүр орж эзнээс нь архи зээлэх гээд шөнө 22 цаг өнгөрөөгөөд очиж гэрийнх нь хаалгыг балбасан боловч хаалгаа тайлж өгөөгүй. Дэлгүүрийнх нь арын агуулахын жижиг цонхыг гаднаас нь түлхэхэд онгойчихсон.Тэгэхээр нь гараа оруулаад тэмтэртэл хайрцагтай зүйл байсан. Хөдөлгөж үзэхэд шилтэй архи дуугарч байхаар нь архинаас авсан. Яг хэдэн шил архи авсныг нарийн тоолоогүй. Барагцаагаар 10 гаран шил байсан. Би М.Гантулгад учруулсан хохирлоо бүрэн гүйцэд барагдуулж хохиролгүй болгоно. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-58-59/,
- Хохирогч М.Гантулгын: Миний бие Түмэнцогт сумын “Их Өргөө” дэлгүүртээ өөрөө суудаг. 2021 оны 05 дугаар сарын 14-ний орой дэлгүүрээ хаачихаад гэртээ зурагт үзээд сууж байсан. Шөнө 22 цагийн үед гэрийн баруун талд хүн хашаа давж байгаа чимээ гарсан. Тухайн үед би манай дүүгийн хүүхэд хашаа даваад орж ирж байна гээд санаанд ороогүй. Тэгээд 00 цагийн үед нойл явахдаа дэлгүүрийн хаалгаа шалгаж гэр үүгээ орж унтсан. Өглөө үүрээр 05 цагийн үед дахин дэлгүүрээ орж шалгахад складанд байсан хайрцагтай архинууд нурчихсан, складны гадна талын цонх нь онгорхой дотор талын гялгар цаас нь урагдчихсан байсан. Эд зүйлээ бүртгэхэд склад байсан хайрцагтай Ерөөлийн 0.5 литрийн 11 шил архи алга болсон байсан. 0.5 литрийн 11 шил Ерөөл архи тус бүр 9000 төгрөг, Экс 0.75 грамм архи тус бүр 18.000 төгрөг, нийт 171.000 төгрөгийн архи алга болсон...гэх мэдүүлэг /хх-14-15/,
- Гэрч Н.Мөнхтуяагийн: Тухайн өдөр Батзоригийнх манай урд ирж буусан. Би Ариунболд, Тайванаа, Зоригоо нарын хамт гэр барьсан. Зоригоо гэр барьж өглөө гээд тухайн өдөр 2.5 литрийн 3 сав пиво хувааж уусан. Ариунболд, Зоригоо нар тасраад унтчихсан. Би үлдсэн пивийг гэр лүүгээ аваад явсан. Маргааш өглөө Зоригоо манайд согтуу ирэхээр нь “чи хаана архи уусан бэ” гэхэд Майнды эгчийнд шөнөжингөө архи уулаа гэсэн...гэх мэдүүлэг /хх-22-23/,
- Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2103145 дугаартай “...Экс архи 4 шил, 1 бүрийн үнэ 18.000, нийт 72.000 төгрөг, Ерөөл 0.5, 11 ширхэг, 1 бүрийн үнэ 8.733,33, нийт 96.066,67 төгрөг, бүгд 168.066,67 төгрөгөөр үнэлэгдсэн ” гэх дүгнэлт /хх-37-46/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Түмэнцогт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах ИХ ӨРГӨӨ дэлгүүрийн зураг /хх-5-9/
- Ө.Батзоригтын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-61/
- Ө.Батзоригтын Хаан банкны депозит дансны хуулга /хх-63/
- Ө.Батзоригтын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64/
- Ө.Батзоригтын Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “ Учруулсан хохирлоо барагдуулах гэсэн боловч одоогоор эрхэлсэн тодорхой ажил төрөл байхгүйн улмаас чадахгүй байна.Саяхнаас хөлсний мал нядлах ажил хийж эхэлсэн тул хохирогчийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна ” гэх хүсэлт зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Батзоригт нь 2021 оны 05 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Их-Өргөө ” нэрийн дэлгүүрийн агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 0.75 литрийн Экс архи 4 шил, 0.5 литрийн Ерөөл архи 11 шилийг хулгайлан авч 168.066,67 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ө.Батзоригтын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “Би нийт 10 гаруй жил архи авсан. Шуудайнд хийгээд авч явсан. Би айлын мал хөлсөөр хардаг. Хохирлоо төлнө. Прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй” гэх,
хохирогч М.Гантулгын “ 2021 оны 05 дугаар сарын 14-ний орой “Их Өргөө” дэлгүүрээ хаачихаад байхад шөнө 22 цагийн үед гэрийн баруун талд хүн хашаа давж байгаа чимээ гарсан. Тухайн үед би манай дүүгийн хүүхэд хашаа даваад орж ирж байна гээд санаанд ороогүй. Өглөө үүрээр 05 цагийн үед дэлгүүрээ орж шалгахад складанд байсан хайрцагтай архинууд нурчихсан, складны гадна талын цонх нь онгорхой дотор талын гялгар цаас нь урагдчихсан байсан. Эд зүйлээ бүртгэхэд склад байсан хайрцагтай Ерөөлийн 0.5 литрийн 11 шил, Экс 0.75 грамм 4 шил архи алга болсон байсан ” гэх,
гэрч Н.Мөнхтуяагийн “...Тухайн өдөр Батзоригийнх манай урд ирж буусан. Би Ариунболд, Тайванаа, Зоригоо нарын хамт гэр барьсан. Зоригоо гэр барьж өглөө гээд тухайн өдөр 2.5 литрийн 3 сав пиво хувааж уусан. Ариунболд, Зоригоо нар тасраад унтчихсан. Би үлдсэн пивийг гэр лүүгээ аваад явсан. Маргааш өглөө Зоригоо манайд согтуу ирэхээр нь “чи хаана архи уусан бэ” гэхэд Майнды эгчийнд шөнөжингөө архи уулаа гэсэн...” гэх мэдүүлгүүд,
хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2103145 дугаартай “...Экс 0.75л архи 4 шил, 1 бүрийн үнэ 18.000, нийт 72.000 төгрөг, Ерөөл 0.5л 11 ширхэг, 1 бүрийн үнэ 8.733,33 нийт 96.066,67 төгрөг, бүгд 168.066,67 төгрөгөөр үнэлэгдсэн...” гэх дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Түмэнцогт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах ИХ ӨРГӨӨ дэлгүүрийн зураг зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтаар тогтоогдож буй дээрх үйл явдлыг дүгнэхэд шүүгдэгч Ө.Батзоригт нь согтуурсан үедээ архи уухын тулд дэлгүүрийн агуулахын цонхоор хууль бусаар нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 15 шилтэй архийг авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон хийгээд гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр дэлгүүрийн агуулахад хууль бусаар нэвтрэх, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ архи уух зорилгоор дэлгүүрийн агуулахад нэвтэрч архи хулгайлан өмчлөгчийн эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Ө.Батзоригтын, иргэн М.Гантулгын эзэмшлийн Их өргөө дэлгүүрийн агуулахад хууль бусаар нэвтэрч архи хулгайлсан уг үйлдэл нь агуулахад нэвтэрч хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ө.Батзоригт болон түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нарын зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө өмчлөх эрхэд 168.066,67 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч М.Гантулгад учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Ө.Батзоригтоос 168.066.67 төгрөгийг гаргуулж хохирогч М.Гантулгад олгохоор шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2103145 дугаартай дүгнэлтээр “...Экс архи 4 шил, 1 бүрийн үнэ 18.000, нийт 72.000 төгрөг, Ерөөл 0.5 л, 11 ширхэг, 1 бүрийн үнэ 8.733,33 нийт 96.066,67 төгрөг, бүгд 168.066,67 төгрөг” гэж үнэлсэн үнэлгээний талаар талууд маргаагүй байна.
Дээрх үнэлгээ, тайлан нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.
Харин хохирогч М.Гантулга нь “уг хэрэгт шинжилгээ хийлгэхэд төлсөн 50.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх боловч шинжээчийн дүгнэлтийн хөлсний нэхэмжлэлийн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ тогтоолоор хангах боломжгүй хийгээд хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар холбогдох этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Шүүгдэгч Ө.Батзоригтод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ө.Батзоригтын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт “ хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар ” тогтоосон бөгөөд түүний үйлдсэн хэрэг нотлогдож, тогтоогдсон, тэрээр гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзвэл Ө.Батзоригтод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.Батзоригтод нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр болон дагаж мөрдөгдсөн ба уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ” 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн “ хүн энэ хуульд хамрагдахаар заасан бөгөөд шүүгдэгч Ө.Батзоригтын 2021 оны 5 дугаар сарын 14-ний шөнө үйлдсэн хулгайлах хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуульд хамрагдаж байна.
Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.Батзоригтод оногдуулсан нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг, мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ялаар солихоор тогтоолоо.
Учир нь Ө.Батзоригтын тус аймгийн Түмэнцогт суманд мал малладаг, мөн мал, мах гаргах ажлаар Баруун-Урт суманд ирдэг зэрэг нөхцөл байдлыг үндэслэн дээрх үүргийг хүлээлгэсэн ба үүнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулна.
Шүүгдэгч Ө.Батзоригт нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 “ Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно“ гэж заасан шаардлагыг хангасан байна.
Тухайлбал, Ө.Батзоригт нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, гэмт хэргийн улмаас хохирогч М.Гантулгад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтээ тус шүүхэд гаргасан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “ Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна “ гэснийг хангажээ.
Шүүгдэгч Ө.Батзоригт нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч …. Батзоригтыг агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.Батзоригтыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Батзоригтод оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. 2021 оны 07 дугаар арын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Ө.Батзоригтод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Батзоригтод оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхэд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Батзоригтоос 168.066.67 төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн иргэн М.Гантулгад олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Гантулга нь хэрэгт хохирлыг үнэлгээ, дүгнэлт гаргахад зарцуулсан үйлчилгээний хөлс буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар Ө.Батзоригтоос жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүгдэгч Ө.Батзоригтод шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН