Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 01961

 

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/01961

 

 

 “ИИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01309 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ИИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Нхолбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 104 148 942 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.Н нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай байгууллагаас 50 000 000 төгрөгийг, 30 хоногийн 5 хувийн хүүтэйгээр, мөн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр 12 сарын хугацаатайгаар, бизнесийн эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зориулалтаар зээлж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан.

 Хариуцагч нь гэрээний дагуу 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл үндсэн зээл 4 881 100 төгрөг, хүүнд 15 947 355 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 721 579 төгрөг төлсөн. Үүнээс хойш 675 хоног өнгөрсөн ч төлөлт хийгдээгүй тул үндсэн зээл 45 118 900 төгрөг, төлөөгүй хүү 50 608 368 төгрөг, төлөгдөөгүй нэмэгдүүлсэн хүү 8 421 674 төгрөг, нийт 104 148 942 төгрөг нэхэмжилж байна. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү.

Зээлийн гэрээг 1 сараар биш 12 сарын хугацаатайгаар харилцан тохиролцоод байгуулсан, үүнийг хариуцагч өөрөө мэдэж байсан тул гэрээ хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн гэсэн тайлбарыг зөвшөөрөхгүй. Хариуцагч нь зээлийн төлбөрийг төлнө, хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлтүүд нь бичгээр байгаа боловч шүүхэд өгөөгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “ИИ” ББСБ-аас 50 000 000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай зээлсэн.

Гэрээний хавсралт дээр буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 12 сарын хугацаатай буюу 1 жилийн хугацаатай хийсэн. Энэ нь Иргэний хуулийн гэрээний стандарт нөхцөл буюу 200, 201, 202 дугаар зүйлийг баримталж гэрээний стандарт нөхцлийг зөрчсөн гэж үзэж байна. Гэрээний стандарт нөхцөл гэрээний салшгүй хэсэг гэж тодорхой заасан байдаг. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлд стандарт нөхцлийг тайлбарлахдаа “үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол санал гаргагчид ашигтай байдлаар тайлбарлана” гэж заасан. Ингээд дээрх зүйл заалтыг буюу Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.2-д заасныг үндэслэж гэрээг бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа.

Дээрх зээлийн төлбөрөөс үндсэн зээлийн төлбөрт 4 881 100 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 15 497 355 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 721 579 төгрөгийг буюу нийт 22 100 033 төгрөгийг төлсөн.

Тиймээс нийт зээлсэн 50 000 000 төгрөгөөс буцаан төлсөн 22 100 033 төгрөгийг хасч, үлдэх мөнгийг төлөхөд татгалзахгүй, барьцааны гэрээний хувьд маргах зүйлгүй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Нгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 91 179 690 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ИИ” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 969 252 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678 695 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 613 848 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

          

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариу тайлбарт дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Миний бие 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "ИИ ББСБ” ХХК-иас 50 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр нэг сарын хугацаатайгаар зээлж авсан. Би нийт 22 100 033 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан. Миний бизнесийн үйл ажиллагаа уналтад орж зээлийг төлөх боломжгүй байгаа талаараа зээлдүүлэгчид тухай бүр нь мэдэгдэж байсан.

Анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ хуулийн холбогдох заалтуудыг зөрүүтэй байдлаар тайлбарлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иргэний Хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.5-д гэрээний ерөнхий хугацаа 1 cap гэж заасан нь хуульд зааснаар үгийн шууд утгаар тодорхой ойлгогдож байна.

Гэтэл зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх хавсралтдаа төлөлтийг 12 сараар тооцон төлбөр төлөх хуваарь гаргасан нь талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга нь хоорондоо зөрчилтэй байна дүгнэж байна.

Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасан байх бөгөөд хуулийн энэхүү заалтын дагуу хариуцагч миний бие санал хүлээн авагч тал гэж өөрийгөө үзэж байна.

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.2-д зааснаар тодорхой бус нөхцөлд стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байхаар заасан байна. Өөрөөр хэлбэл агуулгын хувьд өөр хоорондоо зөрчилтэй, үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхой бус байх нөхцөлийг гэрээнд тусгасан байх тул дээр дурдсан хуулийн заалтыг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан "Зээлийн гэрээ"-г хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

   Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч "ИИ ББСБ” ХХК нь хариуцагч Б.Н холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 104 148 942 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 50 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, төлөх нөхцөлтэй зээлийн гэрээг бичгээр, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 3 ширхэг эртний эдлэл болон бурхан барьцаалж барьцааны гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, талууд гарын үсэг зуран баталгаажуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, гэрээнүүд хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацааг 12 сараар талууд тохиролцсон гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэл гаргасан бол хариуцагч Б.Н нь зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа дууссан учир зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох ёсгүй, гэрээний стандарт нөхцөл болон гэрээний хугацаа зөрүүтэй, гэрээг стандарт нөхцлийг үндэслэж зээлдэгч талд ашигтай тайлбарлана гэж маргасан.

Зээлийн гэрээний 3.1.5 дахь заалтад гэрээний хугацааг 1 сар гэж бичигдсэн байх боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зээлийн гэрээний хугацааг 12 сараар тооцон бичсэн байх бөгөөд хариуцагч зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан, үүнтэй холбоотойгоор талууд үндсэн зээл 4 881 100 төгрөг, зээлийн хүүд 15 497 355 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 721 579 төгрөг, нийт 22 100 033 төгрөг төлсөн талаар маргаангүй байгаа байдлыг харьцуулан дүгнэвэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацааг 12 сар байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан гэрээг тайлбарлах журамтай нийцжээ.

 

Түүнчлэн иргэдийн зээл авахыг хүссэн өргөдөлд хариуцагч Б.Н нь 50 000 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж авахаар хүсэлт гаргасан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ИИ ББСБ” ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргаснаас зээлдэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан байх тул талууд зээлийн гэрээний хугацааг харилцан тохиролцсон гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.2 дахь хэсэгт зааснаар гэрээний стандарт нөхцөл өгөгдсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Харин анхан шатны шүүх зээлийн тооцооллыг хийхдээ нэмэгдүүлсэн хүүгийн талаар буруу дүгнэсэн ч энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг үндэслэн уг асуудлаар өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01309 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 613 848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА