Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

улсын яллагч П.Болормаа,

хохирогч О.Сүхболд,

шүүгдэгч С.Батхүү, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа /ҮД:0-596/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүхбатын Батхүүд холбогдох 201626010461 дугаартай,  188/2016/0010/Э индекстэй хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансарын 4-77 тоотод оршин суух, Боржигон овогт Сүхбатын Батхүү /РД: НЩ91101714/ 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

С.Батхүү нь 2016 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жанцангийн автобусны буудлын замын эсрэг талд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн хохирогч О.Сүхболдыг “хөлөнд дэгээ тавилаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь “зүүн нүдний доод зовхины цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч С.Батхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4-77 тоотод дүү Баярхүүгийн хамт гэртээ байж байтал Баярхүүгийн найз Сүхболд манай гэрт хонохоор ирсэн. …2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай найзууд Бадмаа, Ганцоож, Шонхор, Ангараг нар ирсэн. …Орой 18 цагийн үед Гандангийн автобусны буудлын хажууд байдаг нэрийг нь мэдэхгүй караоке ороод нэг цаг дуулаад пиво ууцгаагаад гарсан. Караокенаас гараад бааранд орохоор болоод таксинд сууж Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жи эм Жи нэртэй бааранд бөөнөөр ороход хүн байхгүй болохоор нь найзууд болон дүү нарын хамт гараад баруун талд нь байдаг нэрийг нь мэдэхгүй 0.75 литрийн нэг шил архи худалдаж аваад гудамжинд уусан. … 22 цагийн үед буцаад Жи эм Жи нэртэй бааранд ороод нэрийг нь мэдэхгүй 0.75 литрийн архи, 2 эмэгтэй нь 2 ширхэг пиво худалдаж аваад уунгаа бүжиглэж байсан чинь Сүхболд, Заяабаатар нар ариун цэврийн өрөөний ойролцоо маргалдаад байх шиг байсан. Сүхболд их согтсон байсан болохоор хувцсыг нь өмсгөөд баарнаас гараад Бадмаа, Ганцоож, Шонхор, Ангараг нар гэртээ харихаар Баярхүү, Сүхболд бид гурваас салаад явсан. Баярхүү бид хоёр Сүхболдыг 2 талаас нь сугадаад Жанцангийн автобусны буудлын замын эсрэг талд явж байсан чинь Сүхболд агсам тавиад байх шиг байсан. Сүхболд миний хөлд дэгээ тавиад байхаар нь тухайн үед уур хүрч байсан ч гэсэн тэвчээд өнгөрөөсөн. Дараа нь Сүхболд миний нүүрэн тус газар нэг удаа гараараа цохисон, хэсэг хугацааны дараа миний шанаа хэсэг рүү толгойгоороо мөргөөд авсан. Сүхболд миний хөлд дэгээ тавиад нүүрэн тус газар цохисон болохоор нь уур хүрээд эрүү хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиход Сүхболд газар унасан. Тэгээд би дээр нь гарч байгаад гараараа хэд хэдэн удаа нүүрэн тус газар нь цохисон. Баярхүү намайг хажуу талаас салгахаар нь би гэртээ харилаа гэж хэлээд яваад өгсөн. Сүхболд намайг хэд хэдэн удаа гараараа цохисны дараа газраас босохгүй байсан. Сүхболдыг Баярхүү араас аваад хүрээд ирнэ гэж бодсон. …Би хохирлын мөнгө гэж 1,489,000 төгрөгийг бэлнээр өгсөн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 х/

 

            Шүүгдэгч С.Батхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 01 дүгээр сарын 26-наас 27-ны өдөр 17-18 цагийн үед манай гэрээс гарсан. Тэгээд Гандан дээр очоод караокед ороод 1 цаг аваад нэг нэг пиво уусан. Тэгээд цаг дуусаад гараад Баянхошууны GMG бааранд ороё гээд очиход дотор нь ямар ч хүн байхгүй байсан. Тэгэхээр нь гараад Жанцангийн буудлын хажуугийн дэлгүүрээс 0.75 литрийн Арвай нэртэй архи авч гудамжинд уучихаад буцаад баар руу орсон. Ороод 0.75 литрийн архи авсан. Бид нартай 2 охин байсан. Тэр 2 пиво уусан. Тэгээд уугаад бүжиглээд байж байсан чинь Сүхболд, манай дүү Баярхүү 2 ариун цэврийн өрөө орохоор явсан. Ариун цэврийн өрөөний хажууд Шонхор зогсож байсан. Тэгээд 00-н хаалгаар орохдоо Шонхор Сүхболдтой мөргөлдсөн. Тэгсэн чинь Сүхболд аймаар уурлаад  намайг хэн мөргөчихвөө гээд байсан. Тэгэхээр нь би яваад очсон. Тэгээд Ганцоожийг Шонхорыг аваад гарч бай гэж хэлээд манай дүү Сүхболдыг 00-руу аваад орсон. Тэгээд Сүхболд буцаж ширээндээ ирээд уурласан, орилсон, манай дүүг цохисон. Тэгээд байхаар нь хүчээр авч гараад зам гараад нилээн алхаж байсан чинь Сүхболд над руу уурлаад байхаар нь би болиоч гэж жаахан чангахан дуугарсан чинь надад дэгээ тавьсан, тэгээд миний нүүр рүү цохисон. Тэгэхэд нь би зүгээр байсан. Тэр үед хажууд нэг машин ирж зогсоод нэг эгч та нар яагаад байгаа юм бэ? гэж асуухаар нь би тэр эгч дээр очоод манай найз жаахан согтуу байна. Зүгээр, зүгээр бид нар ингээд аваад явчихна гэж хэлсэн. Тэгээд буцаад очиход Сүхболд шууд миний шанаа руу мөргөсөн. Тэрэнд нь миний уур хүрээд буцаж цохиж газар унагаагаад 3, 4 цохисон. Манай дүү ирж намайг салгаад би дээшээ гэр рүүгээ алхаад явсан. …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Хохирогч О.Сүхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр найз Баярхүүгийн гэрт очсон. Ах Батхүү нь байж байсан тэгээд тэр өдөр Баярхүү, Батхүү бид гурав хамт хоносон. Маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баярхүүгийн гэрт Ангараг, Ганцоож, Бадмаа, Шонхор нар ирсэн. Бүгд Баярхүүгийн гэрт юм яриад сууж байгаад гэнэт караоке орохоор болоод гэрээсээ гараад Гандангийн автобусны буудлын ойролцоо байдаг нэрийг нь мэдэхгүй караоке орж хоёр хоёр ширхэг пиво уугаад нэг цаг дуулаад караокенаас гарсан. Бүгд бааранд орохоор болоод такси бариад Баянхошууны GMG нэртэй бааранд ороход хүнгүй байсан учраас бүгд гадагшаа буцаж гарсан. Жанцангийн автобусны буудлын ойролцоо байдаг нэрийг нь мэдэхгүй 8 нэрийн хүнсний дэлгүүр орж Арвай нэртэй 0.75 гр нэг шил архи худалдан авч зам гаран гудамжинд бөөнөөрөө зогсож байгаад худалдаж авсан архиа хувааж уусан. Архиа ууж дуусаад GMG нэртэй бааранд ороод Сархад нэртэй 0.75 гр нэг шил архи, хоёр пиво захиалаад хувааж уусан. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор тухайн өдөр болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Би нэг мэдсэн гэмтэл согог судлалын үндэсний төвд сэрсэн. Миний хажууд Баярхүү байсан. Баярхүүгээс юу болсон талаар асуухад “Чи ах Батхүүтэй маргалдаад хоорондоо зодолдоод тэгээд чи ухаан алдаж унаад чамайг авч явж дийлэхгүй болохоор нь түргэн тусламж дуудаж гэмтлийн эмнэлэгт авч ирсэн” гэж л надад хэлсэн. …Би Батхүүтэй ямар шалтгаанаар хоорондоо маргалдсан талаар сайн санахгүй байна. …Би шүүх эмнэлэгт үзүүлэх хүсэлт гаргасан боловч эрүүний рентген зураг авахуулах мөнгө байгаагүй. …Надад ямар нэгэн дарамт үзүүлсний улмаас шүүх эмнэлэгт үзүүлээгүй гэсэн юм байхгүй. …Би 1 жил эмнэлгийн хяналтанд байгаа, 1 жилийн дараа эрүүний хадаасыг авахуулна, бас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа учраас 5,000,000 төгрөг нэхэмжилж байна. …Надад хохирлын мөнгө гэж 1,489,000 төгрөг бэлнээр өгсөн өөр ямар нэгэн мөнгө өгөөгүй байгаа. …Миний хацар хэсэг рүү халуу дүүгээд, толгой өвдөөд байдаг болсон, эрүүний хагалгаанд ороод доод талын уруул мэдээгүй болсон. Миний эрүүний хэсэг л зовиуртай байгаа. …Нэхэмжилж байгаа мөнгийг өгчихвөл гомдол санал гээд байх зүйлгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22 х/

 

            Хохирогч О.Сүхболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 01 дүгээр сарын 25-нд Баярхүүтэй утсаар яриад гэрт нь очсон. Тэр өдрөө Батхүү, Баярхүү бид 3 эдний гэрт юм яриад хоносон. Маргааш орой нь Шонхор, Ганцоож нар Батхүүгийн гэрт орж ирсэн. Тэгээд Гандангийн ойролцоо караокед ороод 2 пиво аваад тэрийгээ тойруулж уусан. Тэгээд караокенаас гараад Баянхошууны Жанцангийн буудал дээр байдаг бааранд оръё гээд орсон чинь цаг эрт, хүн байхгүй байхаар нь гараад 1 шил архи авч хувааж уусан. Тэгээд буцаж бааранд ороод 1 шил архи авч уусан. Би их согтолттой байсан юу болсныг мэдэхгүй байна. Ихэнхи юмаа санахгүй байгаа. Ямар ч байсан 00 орсон гэдгээ санаж байгаа. Маргааш өглөө сэрсэн чинь гэмтлийн эмнэлэгт байсан. Тэгээд эмчээс нь би хаана байна вэ? гээд юу болсон талаар асуухад танай найз гадаа байгаа. Найзууд чинь чамайг зодсон байна лээ гэж хэлсэн. Тэгээд үүдэнд гарсан чинь Баярхүү сууж байсан. Юу болсон бэ? гэж асуухад Баярхүү “… агаа та 2 жаахан маргалдаад ийм юм болчихсон…” гэж хэлсэн. Тэгээд би өөрийгөө ямар болсныг мэдэхгүй, 00 ороод харсан чинь нүүр аймаар болсон байсан. Цаашид хагалгаанд орох учраас 5.000.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Гэрч С.Баярхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Сүхболд, ах Батхүү, найз Бадмаа, Ганцоож, Шонхор, Ангараг нарын хамт Баянхошууны GMG нэртэй бааранд бөөнөөрөө ороод “Сархад” нэртэй 0.75 гр нэг шил архи, 2 ширхэг пиво захиалаад хувааж уусан. Бид нар бүжиглэж байгаад баарнаас гарах гэсэн чинь Сүхболд согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байдалтай намайг үүдний хажууд зогсоод дуудаад байсан. Би яваад очиход намайг нүүрэн тус газар нэг удаа цохиод авсан. …би Сүхболдыг “чи яагаад намайг цохиод байгаа юм, гадаа гаръя” гээд аваад гарах гэсэн чинь ариун цэврийн өрөө ормоор байна гэхээр нь ариун цэврийн өрөө рүү хамт орсон. Ариун цэврийн өрөө рүү орж байхдаа Сүхболд манай ахын найз Шонхорыг мөрлөөд хоорондоо маргалдаад байсан. Би Сүхболдыг ах Батхүүтэй хамт хоёр талаас нь аваад гарсан. Зам гараад алхаж байгаад ах Батхүүтэй маргалдаж байгаад ахыг нүүрэн тус газар нь нэг удаа цохиод, мөргөөд байсан. Ах уурлаад Сүхболдын нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиход газар унасан. Батхүү ах Сүхболдыг газар ухаангүй хэвтэж байх үед дээр нь гараад гараараа хэд хэдэн удаа дараалан цохиод байсан. Тэгэхэд нь очоод салгасан. Ах Батхүү гэртээ харилаа гээд яваад өгсөн, би Сүхболдыг газар ухаангүй байхаар нь босгоод гэрлүүгээ авч явах гэсэн чинь босохгүй байхаар нь замын хажууд явж байсан хүмүүсээс гуйгаад үүрэх гэсэн чинь болохгүй болохоор нь түргэн дуудсан. …Сүхболд манай ах Батхүүг эхэлж өдөөд хөлөнд нь дэгээ тавиад нэг удаа цохисон. Тэгээд хоорондоо маргалдаад байсан. …Ах Батхүү бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, Сүхболд согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн, өөрийн гэсэн ухаангүй байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 х/

 

            Гэрч Х.Ангарагийн мөрдөн байцаалтын шатан өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр найз Батхүүгийн гэрт очиход Ганцоож, Батхүү, Сүхболд, Баярхүү, Бадмаа нар байсан. Бид нар Батхүүгийн гэрт юм ярилцаж байгаад …GMG гэх нэртэй бааранд ороод Сархад нэртэй 0.75 гр нэг шил архи, хоёр ширхэг пиво захиалж аваад баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь Сүхболд их согтсон байдалтай Шонхор гэх манай найзтай маргалдаад байсан, тэгсэн чинь Батхүү салгаад байх шиг байсан. Би Бадмаатай хамт баарнаас хувцасаа өмсөөд гэртээ харихаар явсан. Тухайн үед юу болсон талаар сайн мэдэхгүй байна.  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 х/

 

            Гэрч Д.Заяабаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр найз Баярхүү, Сүхболд, Батхүү, Ангараг, Ганцоож, Бадмаа нарын хамт …бааранд ороод Сархад нэртэй 0.75 гр нэг шил архи, хоёр шил пиво уусан. Намайг ариун цэврийн өрөө ороод буцаад гараад ирсэн чинь хажуугаар зөрөхдөө мөрлөөд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би Ганцоожтой хамт салаад цаашаа гараад явсан. Намайг гадаа байхад Сүхболд дахиж гарч ирээд цохих гээд байхаар нь би тоолгүй цаашаа Ганцоожийн хамт явсан. …Шонхор гэдэг миний хоч, намайг найзууд Шонхор гэж дууддаг. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 х/

 

            Гэрч С.Ганцоожын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баярхүү, Батхүү, Сүхболд, Бадмаа, Заяабаатар, Ангараг нарын хамт …GMG нэртэй бааранд ороод нэг шил Сархад нэртэй 0.75 гр нэг шил архи, хоёр ширхэг пиво захиалсан. Би гадагшаа гарч агаар амьсгалаад буцаад  бааранд ороод ирэхэд Заяабаатар Сүхболд нар хоорондоо маргалдаад ариун цэврийн өрөөнд байж байсан хажууд нь Баярхүү, Батхүү нар байж байгаад намайг Заяабаатарыг аваад гарч бай би Сүхболдыг аваад гаръя гэж хэлсэн. Тэгэхэд нь би Заяабаатарыг авч гараад хүлээгээд байж байсан. Намайг гадаа байж байсан чинь Сүхболд, Батхүү нар баарны гадна үлдсэн. Би болсон хэргийн талаар мэдэхгүй байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 х/

 

            Гэрч П.Даваадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Сүхболд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ирж эмчлэгдсэн. Хацар болон жажлуурын булчин доорх зайн нэвчээс оноштой ирсэн. …Нийт 10 хоног эмчлэгдсэн. …Хагалгаагаар идээт нэвчээсийг нээж угаасан. Боолт эмчилгээ хийлгэж биеийн байдал нь сайжирсан тул эмнэлгээс гарсан. Анх ирэхдээ биеийн байдал нь хүндэвтэр байсан. …Дахиж манай эмнэлэгт ирэхдээ ясны идээт үхжилт оноштой ирээд үхэжсэн ясыг хусан цэвэрлэж төмөр хадан мэс засал хийсэн. Эмчийн хяналтад 6 сар байж 6 сарын дараа эрүүний хагалгаанд орж төмөрөө авхуулах ёстой. Манай эмнэлэгт эмчилгээ хийлгэхэд үнэ төлбөргүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 х/

 

            Шинжээчийн1696 тоот дүгнэлт

            -Сүхболдын биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон /хх-ийн 35 х/

 

            Гэрч Э.Бадам-Манидарийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26 х/

            Хохирогч О.Сүхболдын гаргасан хүсэлт /хх-ийн 80 х/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 х/

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84 х/

            О.Сүхболдын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 96-112, 131-135 х/

            Хохирогчид хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 116 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас С.Батхүүд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх хуульзүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно. Учир нь:

 

Хохирогч О.Сүхболд архидан согтуурсан үедээ гэрч болох Заяабаатарыг мөрлөж улмаар хэл амаар доромжлох, гадаа гарсан хойно мөн түүнийг зодох гэж дайрах, бааранд үйлчлүүлж байхдаа гэрч С.Баярхүүгийн нүүрэн тус газар цохих, улмаар баарнаас гарч явахдаа шүүгдэгч С.Батхүүгийн хөлд нь дэгээ тавих, нүүрэн тус газар нь цохих зэргээр зүй бус зан авир гаргаж, бусдын бие махбодид халдаж байсан болох нь:

шүүгдэгч С.Батхүүгийн “…Сүхболд, Заяабаатар нар ариун цэврийн өрөөний ойролцоо маргалдаад байх шиг байсан. Сүхболд их согтсон байсан болохоор хувцсыг нь өмсгөөд баарнаас гараад Бадмаа, Ганцоож, Шонхор, Ангараг нар гэртээ харихаар Баярхүү, Сүхболд бид гурваас салаад явсан. Баярхүү бид хоёр Сүхболдыг 2 талаас нь сугадаад Жанцангийн автобусны буудлын замын эсрэг талд явж байсан чинь Сүхболд агсам тавиад байх шиг байсан. Сүхболд миний хөлд дэгээ тавиад байхаар нь тухайн үед уур хүрч байсан ч гэсэн тэвчээд өнгөрөөсөн. Дараа нь Сүхболд миний нүүрэн тус газар нэг удаа гараараа цохисон, хэсэг хугацааны дараа миний шанаа хэсэг рүү толгойгоороо мөргөөд авсан. Сүхболд миний хөлд дэгээ тавиад нүүрэн тус газар цохисон болохоор нь уур хүрээд эрүү хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиход Сүхболд газар унасан. Тэгээд би дээр нь гарч байгаад гараараа хэд хэдэн удаа нүүрэн тус газар нь цохисон. …” /хх-ийн 52-53 х/

 

Гэрч С.Баярхүүгийн “... Бид нар бүжиглэж байгаад баарнаас гарах гэсэн чинь Сүхболд согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байдалтай намайг үүдний хажууд зогсоод дуудаад байсан. Би яваад очиход намайг нүүрэн тус газар нэг удаа цохиод авсан. …би Сүхболдыг “чи яагаад намайг цохиод байгаа юм, гадаа гаръя” гээд аваад гарах гэсэн чинь ариун цэврийн өрөө ормоор байна гэхээр нь ариун цэврийн өрөө рүү хамт орсон. Ариун цэврийн өрөө рүү орж байхдаа Сүхболд манай ахын найз Шонхор /Заяабаатар/-ыг мөрлөөд хоорондоо маргалдаад байсан. Би Сүхболдыг ах Батхүүтэй хамт хоёр талаас нь аваад гарсан. Зам гараад алхаж байгаад ах Батхүүтэй маргалдаж байгаад ахыг нүүрэн тус газар нь нэг удаа цохиод, мөргөөд байсан. Ах уурлаад Сүхболдын нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиход газар унасан. Батхүү ах Сүхболдыг газар ухаангүй хэвтэж байх үед дээр нь гараад гараараа хэд хэдэн удаа дараалан цохиод байсан. …Сүхболд манай ах Батхүүг эхэлж өдөөд хөлөнд нь дэгээ тавиад нэг удаа цохисон. Тэгээд хоорондоо маргалдаад байсан. … Сүхболд согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн, өөрийн гэсэн ухаангүй байсан. ...” /хх-ийн 23-24 х/

 

Гэрч Х.Ангарагийн мөрдөн байцаалтын шатан өгсөн: “...бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь Сүхболд их согтсон байдалтай Шонхор гэх манай найзтай маргалдаад байсан, тэгсэн чинь Батхүү салгаад байх шиг байсан. Би Бадмаатай хамт баарнаас хувцасаа өмсөөд гэртээ харихаар явсан. Тухайн үед юу болсон талаар сайн мэдэхгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 х/

 

            Гэрч Д.Заяабаатарын “… Намайг ариун цэврийн өрөө ороод буцаад гараад ирсэн чинь хажуугаар зөрөхдөө мөрлөөд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би Ганцоожтой хамт салаад цаашаа гараад явсан. Намайг гадаа байхад Сүхболд дахиж гарч ирээд цохих гээд байхаар нь би тоолгүй цаашаа Ганцоожийн хамт явсан. …Шонхор гэдэг миний хоч, …” /хх-ийн 28 х/

 

Гэрч С.Ганцоожийн “… бааранд ороод ирэхэд Заяабаатар, Сүхболд нар хоорондоо маргалдаад ариун цэврийн өрөөнд байж байсан хажууд нь Баярхүү, Батхүү нар байж байсан …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 х/ зэргээр нотлогдон тогтоогдож байгаа мөн хохирогч О.Сүхболд нь согтуу байсан тул хэрэг гарах болсон нөхцөл байдал, хэрхэн зодуулсан талаараа тодорхой мэдэх зүйл байхгүй, гэрч С.Баярхүүгээс сонссон зүйлээ л хэлсэн гэдэг.

Иймд С.Батхүүгийн үйлдлийг хохирогчийн зүй бус ажиллагаанаас үүдэлтэй хувийн сэдэлттэй гэж шүүх дүгнэсэн.

 

С.Батхүү нь хохирогч О.Сүхболд болон бусад найзуудын хамт 2016 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жанцангийн автобусны буудлын ойролцоо гудамжинд болон “GMG” нэртэй бааранд архидан согтуурч улмаар тарж явахдаа хохирогч О.Сүхболдын зүгээс түүнийг дэгээдэж, улмаар нүүрэн тус газар нь цохисны улмаас зодож бие махбодид нь “зүүн нүдний доод зовхины цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

            Шүүгдэгч С.Батхүүгийн хэргээс хүлээн мэдүүлсэн “... Сүхболд миний хөлд дэгээ тавиад байхаар нь тухайн үед уур хүрч байсан ч гэсэн тэвчээд өнгөрөөсөн. Дараа нь Сүхболд миний нүүрэн тус газар нэг удаа гараараа цохисон, хэсэг хугацааны дараа миний шанаа хэсэг рүү толгойгоороо мөргөөд авсан. Сүхболд миний хөлд дэгээ тавиад нүүрэн тус газар цохисон болохоор нь уур хүрээд эрүү хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиход Сүхболд газар унасан. Тэгээд би дээр нь гарч байгаад гараараа хэд хэдэн удаа нүүрэн тус газар нь цохисон ...”,

Гэрч С.Баярхүүгийн “...Би Сүхболдыг ах Батхүүтэй хамт хоёр талаас нь аваад гарсан. Зам гараад алхаж байгаад ах Батхүүтэй маргалдаж байгаад ахыг нүүрэн тус газар нь нэг удаа цохиод, мөргөөд байсан. Ах уурлаад Сүхболдын нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиход газар унасан. Батхүү ах Сүхболдыг газар ухаангүй хэвтэж байх үед дээр нь гараад гараараа хэд хэдэн удаа дараалан цохиод байсан. …Сүхболд манай ах Батхүүг эхэлж өдөөд хөлөнд нь дэгээ тавиад нэг удаа цохисон. Тэгээд хоорондоо маргалдаад байсан. … Сүхболд согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн, өөрийн гэсэн ухаангүй байсан. ...”,

Хохирогч О.Сүхболдын “… Жанцангийн автобусны буудлын ойролцоо байдаг нэрийг нь мэдэхгүй 8 нэрийн хүнсний дэлгүүр орж Арвай нэртэй 0.75 гр нэг шил архи худалдан авч зам гаран гудамжинд бөөнөөрөө зогсож байгаад худалдаж авсан архиа хувааж уусан. Архиа ууж дуусаад GMG нэртэй бааранд ороод Сархад нэртэй 0.75 гр нэг шил архи, хоёр пиво захиалаад хувааж уусан. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор тухайн өдөр болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Би нэг мэдсэн гэмтэл согог судлалын үндэсний төвд сэрсэн. Миний хажууд Баярхүү байсан. Баярхүүгээс юу болсон талаар асуухад “Чи ах Батхүүтэй маргалдаад хоорондоо зодолдоод тэгээд чи ухаан алдаж унаад чамайг авч явж дийлэхгүй болохоор нь түргэн тусламж дуудаж гэмтлийн эмнэлэгт авч ирсэн” гэж л надад хэлсэн. …Би Батхүүтэй ямар шалтгаанаар хоорондоо маргалдсан талаар сайн санахгүй байна. …” гэсэн мэдүүлгүүд,

 

Шинжээчийн1696 тоот

            -Сүхболдын биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон /хх-ийн 35/ дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

С.Батхүү нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон.

 

Хохирогч О.Сүхболд нь 1,411,582 төгрөгийн эмчилгээ болон түүнтэй холбоотой бусад зардлын баримтуудыг хэрэгт хавсарган ирүүлсэн, шүүгдэгч С.Батхүү хохирлын төлбөрт 1,459,000 төгрөг өгсөн болох нь тус тус нотлогдон тогтоогдсон.

 

            Хохирогч О.Сүхболд нь цаашид гэмтлийн улмаас авахуулсан шүдээ суулгах, эрүүнд хадуулсан төмрөө авахуулах зэрэг зардалд 5,000,000 төгрөг нэхэмжилснийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

 

            Шүүгдэгч С.Батхүүгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохиролд 1,459,000 төгрөг төлсөн, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас С.Батхүүд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

  1. Боржигон овогт Сүхбатын Батхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар С.Батхүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,152,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар торгох ялаас санаатайгаар зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хорих ялаар солих боломжтойг С.Батхүүд мэдэгдсүгэй.

 

5.С.Батхүүгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1,459,000 төгрөг  төлсөн, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч О.Сүхболд цаашид гарах эмчилгээний зардлын баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан С.Батхүүд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ