| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/01407/И |
| Дугаар | 102/ШШ2017/02241 |
| Огноо | 2017-08-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2017/02241
| 2017 оны 08 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2017/02241 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Чингэлтэйн 7 дугаар гудамжны 170 тоотод оршин суух, Боржигин овогт Чоймзонгийн Нямцэрэн /РД:чг58091514/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүс, 42 дугаар байрны 64 тоотод оршин суух, Өндөр овогт Бат-Эрдэнийн Цолмонжаргал /РД:фа86011482/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 7,455,378 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Нямцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Нямцэрэн би Английн 100 хувийн хөрөнгө оруулалттай Аялал жуулчлалын “Паноромик-жерийс” ХХК-д өөрийн эзэмшлийн 24-41 УНД улсын дугаартай УАЗ фургон автомашинаар аялалын жолоочоор, гэрээгээр ажилладаг. 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 19 цаг орчимд Булган аймгийн Рашаант сумын нутагт Элсэн тасархай орчмын хатуу хучилттай замаар хувиарт аялалаараа явж байхад 93-22 УНН улсын дугаартай Тоёото Калдино автомашиныг жолоодон явсан Б.Цолмонжаргал нь эсрэг урсгалаас сөрж орж ирэн миний автомашиныг урд талаас мөргөсөн. Уг ослоос болж миний 24-41 УНД улсын дугаартай УАЗ фургон автомашинд маш их эвдрэл учирч өөрөөрөө явах боломжгүй болж ачааны автомашин хөлсөлж ачуулж Улаанбаатар хотод авчирсан. Булган аймгийн Цагдаагийн газрын харъяа Рашаант сум дахь сум дундын цагдаагийн тасгийн Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зохицуулагч Цагдаагийн ахмад Б.Ганбаатар нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны “ Ч.Нямцэрэнд хөнгөн зэргийн гэмтэл учирсан, тээврийн хэрэгсэлд 4,300,000 төгрөгийн хохирол учирсан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй” гэж үзэн Б.Цолмонжаргалд захиргааны журмаар 6 сараар эрхийг нь хасч, 96,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан тухай мэдэгдэл өгсөн. 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “ВЕНДО” ХХК-ны 5409 дугаартай үнэлгээгээр миний эзэмшлийн 24-41 УНД улсын дугаартай УАЗ фургон автомашины хохиролд 4,367,800 төгрөгийн гэмтэл учирсан байна гэж үзсэн. Гэтэл 24-41 УНД автомашин болон миний эрүүл мэндэд учруулсан хохирол төлбөрт осол гаргаж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хариуцагч Б.Цолмонжаргал нь 700.000 төгрөг л өгсөн. Энэхүү ослын улмаас миний бие 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Рашаант сумын эмнэлгээс 19,750 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан. Люкс Мед эмнэлэгт 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Рентген оношлогоо хийлгэсэн 30,000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 2016 оны 6 дугаар сарын 17-нд шинжээчид үзүүлэхэд төлсөн 3000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үзүүлсэн 80,000 төгрөг, нийт 132,750 төгрөг задал гаргасан. Энэхүү ослын улмаас хөрөнгийн үнэлгээний “ВЕНДО” ХХК-д үнэлгээ хийлгэхээр төлсөн 78,000 төгрөг, ослын газраас Улаанбаатар хотод эвдэрсэн автомашинаа хувь хүний ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж ирэхэд төлсөн хөлс 300,000 төгрөг, ослын газар дээр ачуулахад 60,000 төгрөг болон тээвэрлэж авчраад Улаанбаатар хотод буулгуулахад төлсөн 80,000 төгрөг, нийт 518,000 төгрөг. Гэрээгээр аялалын жолоочоор ажиллаж олох байсан орлогод 7,357,328 төгрөг, шүүхэд хандахад гарсан зардалд Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, баримт хуулбарлуулсан зардалд 20,000 төгрөг, эрэн хайхад зарцуулсан шатахууны зардалд 60,000 төгрөг. Иймд хариуцагч Б.Цолмонжаргалаас эрүүл мэндийн хохирол 132,750 төгрөг, тээврийн хэрэгсэлд гаргасан зардалд 518,000 төгрөг, олох байсан орлогод 7,357,328 төгрөг, нийт 8,008,078 төгрөгөөс өгсөн 703,000 төгрөгийг хасч 7,305,078 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Цолмонжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: нэхэмжлэгч гэрээгээр аялалын жолоочоор ажиллаж олох байсан орлогод 7.305.078 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шаардлагын үндэслэл болон олох ёстой байсан орлогыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна.
1/ Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014.12.05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т гэмтлийн хөнгөн зэрэг нь ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан шинжээр тогтоогдоно гэжээ. Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн дүгнэлтээр нэхэмжлэгч Ч.Нямсүрэн нь ослын үед хөнгөн зэргийн гэмтэл авсан нь тогтоогдсон тул эрүүл мэндийн шалтгаанаар ажил, үүргээ гүйцэтгэх боломжгүй байх хугацаа хамгийн ихдээ 28 хоног юм.
2/ Нэхэмжлэгчийн эзэмшлийн 2441 УНД улсын дугаартай УАЗ фургон маркийн автомашины эвдэрлийг засварлах ажлыг ямар байгууллагаар хэзээ гүйцэтгүүлсэн талаар ямарваа баримт байхгүй тул нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн ашиглах боломжгүй байсан хугацааг тооцох боломжгүй байна.
3/ Аялал жуулчлалын үйл ажиллагааг МУ-ын нутаг дэвсгэр дээр эрх бүхий байгууллагатай буюу автотээврийн үндэсний төвтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эрхэлдэг.
4/ Нэхэмжлэгчийг ажлаар хангадаг гэх “Панорамик Жернис” ХХК нь Автотээврийн үндэсний төвтэй 2016 оны 5 дугаар 25-ны өдөр №86/2016 дугаартай “Жуулчин тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ” байгуулсан байна. Нэхэмжлэгч болон “Панорамик Жернис” ХХК хоорондын ажлын харилцаа нь Автотээврийн үндэсний төвтэй байгуулсан гэрээний нөхцөлтэй нийцэхгүй байна. Тухайлбал:
“Жуулчин тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ”-ний 4.3-т “Панорамик Жернис” ХХК нь жуулчин тээвэрлэлтэнд ажиллаж байгаа жолооч нэг бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллах үүрэг хүлээсэн. Гэтэл “Панорамик Жернис” ХХК нь нэхэмжлэгч Ч.Нямцэрэнтэй хөдөлмөрийн гэрээ бус “Жолооч түр хугацаагаар хөлслөн ажиллуулах гэрээ” /хөлсөөр ажиллах гэрээ/-г байгуулсан.
“Жуулчин тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ”-ний 4.1-т Тээвэрлэгч нь жуулчин тээвэрлэлтийн мэдээллийн санд бүртгэлтэй, улсын стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэл болон мэргэшсэн жолоочийг ажиллуулах, жолооч нь таних тэмдэг авсан байх гэсэн 4 гол шаардлагыг хангаж ажиллах үүргийг Автотээврийн үндэсний төвийн өмнө хүлээсэн боловч нэхэмжлэгч нь “Панорамик Жернис” ХХК-ийн жолоочийн хувиар эдгээр шаардлагыг хангаж ажилласан тухай баримт байхгүй буюу эдгээр шаардлагыг хангаагүй.
“Панорамик Жернис” ХХК болон нэхэмжлэгч Ч.Нямцэрэн нарын хоорондын 2016 онд байгуулсан гэх “Жолооч түр хугацаагаар хөлслөн ажиллуулах гэрээ” /тодорхой огноо, дугаарлалтгүй/-нд Ерөнхий менежер Д.Хишигжаргал ажил олгогчийг төлөөлж гарын үсэг зурсан байна. Компанийн тухай хуулийн 83.8-д заасны дагуу гагцхүү гүйцэтгэх удирдлага итгэмжлэлгүйгээр гэрээ байгуулах, компанийг төлөөлөх эрхтэй байдаг. Бусад албан тушаалтны хувьд компанийг зөвхөн бичгээр олгосон нэхэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх, гэрээнд гарын үсэг зурах эрхтэй. Гэтэл уг этгээдийг тийнхүү гэрээ байгуулах эрхтэй болохыг нотлоогүй тул энэхүү гэрээ хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй.
5/ Дээр дурдсан хөлсөөр ажиллах гэрээ хүчин төгөлдөр байсан ч хөдөлмөрийн гэрээ бус, харин ажил олгогч шаардлага гарсан үед жолоочтой хамтарч ажиллах зорилготой байгуулагдсан байна. Уг гэрээгээр “Панорамик Жернис” ХХК нь жолоочийг өдрийн 100.000, хагас өдрийн 50.000 төгрөгийн хөлстэй ажиллуулахаар тохиролцсон боловч гэрээний хугацаанд хоног тасралтгүй ажлаар хангах тухай ямарваа эрх үүрэг байхгүй байна. Харин ажлын хөлсийг жолооч аялалд гарсан бол аялал дуусч, жолоочийн ажлын чанар, үр дүнг дүгнэж, холбогдох тооцоо нийлсний дараа төлдөг байхаар гэрээний 1.3-т тохиролцсон байна.
6/ “Панорамик Жернис” ХХК болон нэхэмжлэгч Ч.Нямцэрэн нь 2015.06.20-нд “Жолооч түр хугацаагаар хөлслөн ажиллуулах гэрээ” /хүчин төгөлдөр эсэх нь мөн л эргэлзээтэй/-г 4.1 дэх “Аяллын өдрийн 100.000 төгрөг, хагас өдрийн 50.000 төгрөг байна” гэсэн нөхцөлтэйгээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл хугацаатай байгуулсан байна. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгал төлөлтийн лавлагаанаас харахад түүний 2015 оны сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь тогтмол бус байх ба 2015 оны 6 дугаар сард буюу 30 хоногт авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь 485,185 төгрөг байсан байна.
7/ “Панорамик Жернис” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №16/062 тоот бичигт “Хэрвээ энэ осол болоогүй бол компани жолоочийг ажлаар таслахгүй, 100% ажлаар хангах байсан нь үнэн болно” гэжээ. Гэвч энэхүү бичгээр нэхэмжлэгчийг ямар ажлаар хангах байсан, ямар хугацаа зарцуулагдах байсан, тухайн ажлыг жолооч ямар чанартай гүйцэтгэх байсан, аяллын дүгнэлт хэрхэн гарах байсан, эцэст нь ямар хэмжээтэй хөлс олгогдох байсан зэрэг нөхцөлүүдийг тогтоох боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан үндэслэл, тооцоолол нь тодорхой бус нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаан ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Ч.Нямцэрэнгийн нэхэмжлэлтэй, Б.Цолмонжаргалд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Ч.Нямцэрэн, хариуцагч Б.Цолмонжаргал бид нар дараах нөхцөлтэйгээр сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
1. Хариуцагч Б.Цолмонжаргал нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,300,000 төгрөгийг төлнө.
2. Нэхэмжлэлийн шаардлагаас 2,300,000 төгрөгөөс үлдэх хэсгийг нэхэмжлэгч Ч.Нямцэрэн нь татгалзана.
3. Төлөхөөр харилцан тохиролцсон 2,300,000 төгрөгийн үлдэгдэл 50 хувь 1,150,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Нямцэрэнд гэрээ байгуулахад / бэлнээр, дансаар/ өгнө.
4. Төлөхөөр харилцан тохиролцсон 2,300,000 төгрөгийн үлдэгдэл 50 хувь 1,150,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 31-ны өдрөөс өмнө нэхэмжлэгчид төлнө.
5. Эвлэрлийг батлуулж, хэргийг хэрэгсэхгүй болгуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Нямцэрэн нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ч.Нямцэрэн миний нэхэмжлэлтэй Б.Цолмонжаргалд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч би нэхэмжлэлийн шаардлагаасаа багасгаж хариуцагчтай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Хариуцагч Б.Цолмонжаргал бид нар 2,300,000 төгрөгийн дүн дээр эвлэрсэн нэхэмжлэлийн үлдэх хэсгээс татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан дүнгээр эвлэрлийг баталсан захирамж гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Цолмонжаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ч.Нямцэрэнгийн нэхэмжлэлтэй, Б.Цолмонжаргал надад холбогдох иргэний хэрэгт талууд эвлэрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Нямцэрэн нь хариуцагч Б.Цолмонжаргалд холбогдуулж гэм хорын хохиролд 7,455,378 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч Ч.Нямцэрэн өөрийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,455,378 төгрөгийн 5,155,378 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч Б.Цолмонжаргал үлдэх 2,300,000 төгрөгийн тал хувь болох 1,150,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Нямцэрэнд бэлнээр, үлдэх 1,150,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тус тус харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид дээр дурдсан байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Нямцэрэн өөрийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,455,378 төгрөгийн 5,155,378 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч Б.Цолмонжаргал үлдэх 2,300,000 төгрөгийн тал хувь болох 1,150,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр, үлдэх 1,150,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
М.МӨНХТӨР