| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/0184/э |
| Дугаар | 180 |
| Огноо | 2021-12-02 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Ханджав |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
улсын яллагч М.Ханджав,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр төрсөн, … настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, “*******” ХХК-нд операторчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын …. дугаар багийн ******* хотхоны ******* тоотод оршин суух, регистрийн дугаар *******, Зээрднүүд овогт Жамбалсүрэнгийн *******,
.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт иргэн гийн эзэмшлийн Приус-20 маркийн СҮЭ улсын дугаартай автомашинд иргэн ын гээгдүүлсэн “Samsung A02” маркийн гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшиж бага хэмжээнээс дээш буюу 369.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Хэргийн зүйлчлэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цагдаагийн газарт байхдаа хохирогчид гар утсыг нь өгсөн...гэв.
******* дугаартай хэргээс
- Яллагдагч *******ийн: Би Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* хотхоны ******* тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цагийн үед эхнэр хүүхдийн хамт гэрийн урд талд байх халуун усны урд талаас такси аваад Хаан банкны байранд байдаг PC mall-ын салбар руу хүргүүлэхээр зам дээр гараа өргөхөд Приус-20 маркийн автомашинтай такси зогсохоор нь хүргүүлсэн. Бид гурав тухайн таксины ард талын суудал дээр суусан бөгөөд би жолоочийн ард талд, манай охин уг машины голын суудалд, харин эхнэр уг машины жолоочийн эсрэг талын арын суудал дээр сууж явж байсан. Номин худалдааны төвийн 4 замын уулзвар өнгөрөөд явж байхад миний суудлын шалавчны доор улаан өнгийн Самсунг маркийн гар утас байхыг хараад таксинаас буухдаа хэнд ч хэлэхгүйгээр тухайн утсыг аваад буусан. Тэгэхэд миний олсон утас руу залгахад дуудлагыг нь таслаад шууд унтраасан. Энэ асуудлын талаар эхнэр д хэлэхэд “ тухайн таксины жолоочид хэлээд авахгүй яаж байгаа юм бэ, машины жолоочийг таних уу” гээд уурлаад байхаар нь “ би ямар таксинаас хулгай хийгээд авсан биш, гайгүй байлгүй дээ” гэхэд “ таксины жолоочтой тааралдах юм бол буцааж наад утсаа өгөөрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь за гэж хэлээд тухайн гар утсыг форматлаад, өөрийнхөө сим картыг хийж ашигласан. Би хулгай хийж аваагүй, сууж явж байсан таксины шалавчин доор байсан учраас хувдаа ашиглах зорилгоор тухайн үедээ эхнэр, хүүхэд, тухайн таксины жолоочид хэлж мэдэгдээгүй. Уг утас нь асахдаа Самсунг А02 гэсэн бичиглэлтэй асаж байсан учраас утасны маркийг нь мэдэж авсан. Улаан өнгийн утас байсан, ямар нэгэн эвдрэл гэмтэл, сэв зураас байхгүй,дэлгэцэн дээрээ шилэн наалттай, кэйсгүй /гадуураа гэргүй/ утас байсан. Хэд хоногийн өмнө нь цагдаагийн дэслэгч нь надаас тухайн гар утсыг хураан авч уг утасны жинхэнэ эзэмшигчид хүлээлгэн өгсөн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-68-69/,
- Насанд хүрээгүй хохирогч ын: Би ******* сумын 5 дугаар баг тоотод гэр бүлийн хамт амьдардаг. Би 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд хичээлээ тараад 2 дугаар сургуулийн зам дээрээс такси бариад гэр рүү явсан. Гэртээ ороод утсаараа ярих гээд үзэхэд миний гар утас байхгүй байсан. Би тухайн таксины арын суудалд нь сууж явахдааа гар утсаараа оролдож байсан ба дүрэмт хувцасны карманд гар утас багтахгүй байсан тул таксины арын суудал дээр гар утсаа тавьж байснаа санаж байна. Таксинаас буугаад гэртээ ороод гар утсаа таксинд үлдээснээ санаад таксины ахын гэх дугаар руу залгаж асуухад залгаж асуухад “чиний дараа халуун усны тэндээс эхнэр нөхөр 2 хүүхэдтэйгээ суугаад Хаан банкны байрны тэнд буусан, машинд ямар нэгэн гар утас байхгүй байна” гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад ирж гомдол санал гаргасан. Samsung A02 маркийн, улаан өнгөтэй, шилэн наалттай, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, кэйсгүй гар утас байсан. Гар утас маань тоон кодтой. Таксинд үлдээх үед цэнэг нэлээн их байсан. , гэсэн хоёр дугаартай байсан. , имай кодтой. Би гээгдүүлсэн гар утасныхаа имай кодыг шалгуулах хүсэлтэй байна. 2021 оны 08 дугаар сард Мобикомоос 369.000 төгрөгөөр худалдан авч байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-22-24/,
...би өөрийн гар утсаа хүлээн авсан тул цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...”гэх дахин мэдүүлэг /хх-26/,
- Гэрч гийн: Би Сүхбаатар аймгийн ******* сумын төвд өөрийн Приус-20 маркийн СҮЭ улсын дугаартай автомашинаар таксинд явдаг. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд ******* сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн зүүн талын засмал замаас 3 хүүхэд суулгаад Мандах хороолол руу явсан. Тухайн 3 хүүхдийн нэг хүүхэд нь манай эхнэрийн эгчийнх нь охин байсан. Хүүхдүүд гурвуулаа хойд талд сууж явсан. Тэр гурван хүүхдийг буулгачихаад халуун усны тэнд явж байхад 2-3 нас орчмын хүүхэдтэй эхнэр нөхөр 2 хүн гар өргөөд таксинд явсан. Тухайн таксинд явсан хүмүүс нь эхлээд Цайртын байранд бууна гэж байснаа Оюу дэлгүүрийн тэр хавьд ирснээ гэнэт тухайн хүмүүс нь ахаа Цагдаагийн байрны энд буучихъя гээд буусан. Төд удалгүй Мандах хороолол руу таксинд явсан охин залгаад “ ахаа би машинд чинь гар утсаа үлдээчихсэн байна, та хараад өгөөч” гэхээр нь би машиныхаа арын суудал сандал доогуур гар утсыг нь хайж үзэхэд байхгүй байсан. Тухайн хүмүүсийг би огт танихгүй. халуун усны тэндээс гар өргөөд суусан. Таксины төлбөрөө бэлэн мөнгөөр төлсөн. Тухайн хүмүүсээс өөр хүн дараа нь таксинд яваагүй. Хүүхэд нь 2-3 настай ямар хувцастай байсан талаар нь сайн санахгүй байна /Масктай байсан. Нөхөр нь цагаан өнгийн хувцастай байсан шиг санаж байна. Хүүхэдтэй эхнэр нөхөр таксинд явахдаа машины ард сууж явсан. Би тухайн хүмүүсийг буулгаад машиныхаа толинд харахад Цагдаагийн байр руу орохгүй зүүн чиг рүү алхаж яваа харагдсан” гэх мэдүүлэг /хх-34-35/,
- Гэрч ын: 2021 оны 09 сарын 07-ны өдөр 13 цагийн үед нөхөр хүүхдийн хамт Хаан банкны байранд байх РС молл-ын салбар руу цахилгаан бараа сонирхохоор гэрээсээ гараад гэрийн урд талд байх халуун усны урд талын зам дээрээс такси барьсан. Тухайн такси нь саарал өнгийн Приус 20 загварын машин байсан. Бид гурав очих газрын гадаа очиж зогсоод бууцгаасан. Тэгэхэд нөхөр ******* нь Самсунг маркийн улаан өнгийн гар утсыг сая сууж явсан таксины жолоочийн ард талын суудлын шалавчнаас олсон талаар хэлэхээр нь “ яагаад таксины жолоочид хэлэхгүй авч байгаа юм бэ” гээд таксины жолоочийг дуудах гэтэл машин хөдлөөд яваад өгсөн. Тэгэхээр нь фэйсбүүкт зар тавиад өгөөрэй гэж хэлсэн. Би Улаанбаатар хот руу яваад 14 хоноод ирээд гар утсыг өгсөн үү гэхэд тухайн олсон гар утсыг форматласан хэсэг хугацаанд барьж байгаад эзэнд нь өгсөн гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-41-42/
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-12/
- Сүхбаатар аймгийн ******* сумын хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2103192 дугаартай: “... Samsung A02 маркийн гар утас зах зээлийн үнэлгээгээр 369.000 төгрөгөөр үнэлэгдэнэ...” гэх дүгнэлт /хх-45-55/
- *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-70/
- *******ийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/хх-73/
- *******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-78-82/
- Насанд хүрээгүй хохирогч , хууль ёсны төлөөлөгч ын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-92/
- *******ийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-93/ зэрэг баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт иргэн гийн эзэмшлийн Приус 20 маркийн СҮЭ улсын дугаартай автомашинд хохирогч ын гээгдүүлсэн Samsung A02 маркийн гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшиж бага хэмжээнээс дээш буюу 369.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн “...Хэргийн зүйлчлэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цагдаагийн газарт байхдаа хохирогчид гар утсыг нь өгсөн...” гэх мэдүүлэг,
насанд хүрээгүй хохирогч ын “ Би 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд хичээлээ тараад такси бариад гэр рүү явсан. Гэртээ ороод утсаараа ярих гээд үзэхэд миний гар утас байхгүй байсан. Таксины ах руу залгаж асуухад “чиний дараа халуун усны тэндээс эхнэр нөхөр 2 хүүхэдтэйгээ суугаад Хаан банкны байрны тэнд буусан машинд ямар нэгэн гар утас байхгүй байна” гэсэн. Samsung A02 маркийн, улаан өнгөтэй, шилэн наалттай, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, кэйсгүй гар утас байсан. Гар утас маань тоон кодтой, , гэсэн хоёр дугаартай байсан. , имай кодтой. 2021 оны 08 дугаар сард Мобикомоос 369.000 төгрөгөөр худалдан авч байсан ” гэх,
гэрч гийн “... Би 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд ******* сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн зүүн талаас 3 хүүхэд суулгаад Мандах хороолол руу таксинд явсан. Тухайн гурван хүүхэд гурвуулаа хойд талд сууж явсан. Тэр гурван хүүхдийг буулгачихаад халуун усны тэнд явж байхад 2-3 нас орчмын хүүхэдтэй эхнэр нөхөр 2 хүн суугаад Цагдаагийн байранд буусан. Удалгүй Мандах хороолол руу таксинд явсан охин залгаад “ ахаа би машинд чинь гар утсаа үлдээчихсэн байна, та хараад өгөөч” гэхээр нь машины арын суудал сандал доогуур гар утсыг нь хайж үзэхэд байхгүй байсан” гэх,
гэрч ын “... 2021 оны 09 сарын 07-ны өдөр 13 цагийн үед шиг санаж байна, нөхөр хүүхдийн хамт Хаан банкны байранд байх РС молл-ын салбар руу цахилгаан бараа сонирхохоор гэрээсээ гараад халуун усны урд талын зам дээрээс такси барьсан. Тухайн такси нь саарал өнгийн Приус 20 загварын машин байсан. Нөхөр ******* нь Самсунг маркийн улаан өнгийн гар утсыг сая сууж явсан таксины жолоочийн ард талын суудлын шалавчнаас олсон талаар хэлэхээр нь таксины жолоочид хэлэхгүй авч байгаа юм бэ гээд таксины жолоочийг дуудах гэтэл машин хөдлөөд яваад өгсөн. Тэгэхээр нь фэйсбүүкт зар тавиад өгөөрэй гэж хэлсэн. Би Улаанбаатар хот руу яваад 14 хоноод ирээд гар утсыг өгсөн үү гэхэд тухайн олсон гар утсыг форматласан хэсэг хугацаанд барьж байгаад эзэнд нь өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2103192 дугаартай “ Samsung A02 маркийн гар утас зах зээлийн үнэлгээгээр 369.000 төгрөгөөр үнэлэгдэнэ ” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
“Гээгдэл эд хөрөнгө” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж, орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй эд зүйл, эд хөрөнгийг ойлгодог.
Гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн объектив тал нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан эд хөрөнгийг олж авсан этгээд өөрийн өмч мэт захиран зарцуулах эрхтэй болж, ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд энэ хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байдаг.
Шүүгдэгч *******ийн таксины суудал дээр орхиж, гээгдүүлсэн гар утсыг бусдын өмчлөлийн болохыг мэдсээр байж авч, бусдад дамжуулсан үйлдэл нь гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн бүрэлдэхүүний дээр дурдсан шинжийг бүхэлд нь агуулах бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын хаягдаж гээгдүүлсэн гар утасыг авч өмчлөгчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч *******ийн, насанд хүрээгүй хохирогч ын таксинд гээгдүүлсэн Самсунг А02 загварын гар утсыг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Насанд хүрээгүй хохирогч ын Самсунг А02 загварын гар утсыг “Линзийн өгөөж” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2103192 дугаартай дүгнэлтээр 369.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний талаар талууд маргаагүй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч д учирсан 369.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн буюу гар утсыг биетээр буцаан өгсөн болох нь насанд хүрээгүй хохирогч ын “ би өөрийн гар утсаа хүлээн авсан тул цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, Самсунг А02 загварын гар утсыг өмчлөгч д хүлээлгэн өгсөн талаарх Эд зүйл/баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл зэргээр /хх-13/ нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ийн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, шүүгдэгч *******ийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд *******т холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” ,
1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******т хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдсон байна.
Тухайлбал, шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь “ дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай ба түүний бусдын гээгдэл гар утасыг авч завшсан үйлдэл хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон, тэрээр гэм буруугийн маргаагүй, завшсан гар утасыг биет байдлаар хохирогчид буцаан өгч хохиролыг бүрэн барагдуулсан хийгээд түүний хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг үндэслэн ялаас чөлөөлсөн нь хуулийн дээрх зохицуулалтанд хамаарах, нийцэж байгааг дурдъя.
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч д учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН