Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/02240

 

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/02240

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 34 дүгээр байрны 84 тоотод оршин суух, Содовын Алимаагийн нэхэмжлэлтэй,

 

Нас тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Алимаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Алимаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Содов овогтой Алимаа 1944 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эцэг, эхийн гар дээр өсөж, бага, дунд сургууль төгссөн. 1966 оноос 1974 он хүртэл Хоршоолол нийгэмлэгт тамирчнаар ажиллаж байсан. Миний бие 1974 оноос Унгар улсад амьдарч байсан бөгөөд Монгол улсынхаа иргэний бичиг баримтыг хулгайд алдсан. Би 1991 оноос хойш биеийн байдал муугаас шалтгаалан Монгол улсад ирж чадаагүй. Иймд миний хүсэлтийг хүлээн авч, намайг 1944 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Алимаа нь 1944 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Алимаа нь 1944 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн болох нь Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 03-2/1409 тоот лавлагаа, 1966 оны 3 дугаар сарын 10-ны өдөр түүнд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 07/17/38 тоот Монгол улсын элчин сайдын яамны тодорхойлолт, гэрч А.Чимэддорж, Л.Бадамсүрэн нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд С.Алимааг 1944 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрснийг тогтоож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 113.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг баримтлан нэхэмжлэгч Содовын Алимаа нь “1944 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн” болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                  Н.ХАНГАЛ