Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,                                                    улсын яллагч М.Сумъяа,­

шүүгдэгч Д.Баатарчулуун, Т.Мөнхжин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Баатарчулуун, Т.Мөнхжин нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2130000000224 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар.

 

Нэг.Монгол Улсын иргэн, 19 оны .. дүгээр сарын ..-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн Товчооны 2-6 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар СЭ91092635,Гонгор овогт Түвшинжаргалын Мөнхжин, 

 

Хоёр.Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эх хамт амьдрах, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалангийн 12-09 тоотод оршин суух хаягтай,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр суллагдсан, регистрийн дугаар ЛА80102316, Зээрднүүд овогт Дамдинсүрэнгийн Баатарчулуун,

               

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Д.Баатарчулуун согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Мандалын 105-15 тоотод Т.Мөнхжингийн биед халдаж, түүний эрүүл мэндэд хүзүү орчмын болон зүүн гарын зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол,

шүүгдэгч Т.Мөнхжин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Мандалын 105-15 тоотод Д.Баатарчулууны биед халдан архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь толгойн үстэй хэсгийн болон зүүн бугалганд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Д.Баатарчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө гээд, гомдол санал байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

 

-Шүүгдэгч Т.Мөнхжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө гээд, гомдол санал байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

 

- Яллагдагч Д.Баатарчулууны:  Би 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр айлын найранд орчихоод Баруун-Урт сумын 1 дүгээр баг Мандалын 105 дугаар байрны 15 тоотод байх Батдэлгэрийн гэрт орой 17 цагийн үед жаахан архи уучихсан нэлээд халамцуу очсон юм. Орой 20 цагийн үед Батдэлгэртэй хамт ажилладаг Оюунчимэг гэдэг эмэгтэй нөхөр Мөнхжингийн хамт гэрт нь ирсэн. Бид дөрвүүлээ 2 шил архи хувааж ууцгаасан. Би өмнө нь архи уусан согтуу байсан болохоор тэр архийг уугаад их согтсон учир зарим зүйлийг сайн санахгүй байгаа. Бид хэд юм яриад архи ууж байсан, хоол идэж байсныг санаад, цаашаа юу болсныг огт санахгүй байгаа юм. Нэг сэргэсэн чинь Мөнхжин бид хоёр аймгийн эмнэлэг дээр ирчихсэн, миний толгойноос их цус гарсан байдалтай, эмч нар миний толгойд оёдол тавьж байсан. Мөн тэр үед Мөнхжин цуг байсан бөгөөд түүний хүзүүнд оёдол тавьсан гэж байсан. Энэ үед жоохон ухаан орж Мөнхжин бид хоёр архи ууж байгаад хоорондоо муудсан юм байна гэдгийг мэдсэн. Тэр шөнөө цагдаа нар бид хоёрыг гэр гэрт нь хүргэж өгсөн. Би их согтуу байсан болохоор тухайн үед Мөнхжинтэй юунаас болж муудсан гэдгийг огт санахгүй байгаа юм. Маргааш нь харин Батдэлгэр нь Мөнхжин бид хоёрыг муудаж нэг нэгийгээ архины шилээр цохиж, гэмтээсэн тухай надад хэлсэн. Толгой зүүн дээд хэсэгт язарсан, зүүн гарын бугалган дээр зүсэгдсэн гэмтэл, шарх үүссэн байсан. Түүнээс өөр миний биед ямар нэгэн гэмтэл, шарх үүсээгүй. Мөнхжин бид хоёрын дунд ямар нэгэн хохирлын маргаан байхгүй бөгөөд бид хоёр архидан согтуурч, хэрүүл, маргааны улмаас харилцан бие биедээ гэмтэл учруулсан учир хэн хэндээ ямар нэгэн гомдолгүй эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-55-57/,

 

- Яллагдагч Т.Мөнхжингийн: Баатарчулуун нь тухайн үед их согтуу байсан, над руу дайрч намайг 2 удаа дух руу цохихоор нь би уурандаа ширээн дээр байсан хоосон архины шилээр түүний толгойн тус газар нь 1 удаа цохиход архины шил хагарч толгойноос нь цус гарсан. Баатарчулуун хагарсан шилний амсар хэсгийг аваад дайрахад би гарнаас нь барьсан боловч дийлэхгүй миний хүзүүний баруун талд 2, зүүн хэсэгт 1 газар зүсчихсэн. Зүүн гарын сарвууны эрхий хурууны ар хэсэгт 2 газар зүсэгдсэн байсан. Бид хоёрын дунд ямар нэгэн хохирлын маргаан байхгүй...гэх мэдүүлэг /хх-65-67/,

 

- Хохирогч Т.Мөнхжингийн: Би 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажил тараагүй байхад манай эхнэр болох Оюунчимэг над руу яриад “Ажил чинь тарах болж байна уу? Дээгий би бид хоёрыг гэртээ хүрээд ир гээд дуудаад байна” гээд байхаар нь орой ажлаа тараад 20 цаг өнгөрч байхад Батдэлгэрийн 5 шар буюу Мандалын 105 дугаар байрны 15 тоотод байх гэрт нь Оюунчимэгийн хамт ирэхэд Батдэлгэр, түүний нөхөр нь гэх Баатарчулуун гэдэг залуу, хүүхдийн хамт гурвуулаа байж байсан. Бид хоёрыг тэднийд ирэхэд Баатарчулуун, Батдэлгэр нар нь архи уучихсан согтуу байсан бөгөөд Баатарчулуун орон дээр 0.5 литрийн тал шил архи бариад сууж байсан. Тэгээд бид хоёрт цай хийж өгчихөөд, Батдэлгэрийг хоол хийж байх хооронд архи хийж өгсөн. Тэр архийг ууж дуусахад дахин 0.5 литрийн архи задалж, хоол, цай ууж, идчихээд Оюунчимэг, Батдэлгэр хоёр дэлгүүр рүү гарч 0.75 литрийн Хараа архи авчирч уусан. Баатарчулуун нь анх гэрт нь орж ирсэн цагаас л жаахан томрох гээд эвгүй эвгүй зан гаргаад байсан. Би гарч тамхи татчихаад гаднаас орж ирэхэд Баатарчулуун нь манай эхнэр Оюунчимэгийг ор руу түлхэж байхыг хараад “Та нар яагаад байгаа юм бэ? Юу гэж эхнэр түлхээд байгаа юм бэ?” гэхэд Баатарчулуун нь “Чамд огт хамаагүй. Чи муу хаанахын хэн бэ?” гээд над руу агсрах гээд байсан юм. Баатарчулуун нь тухайн үед их согтуу байсан бөгөөд над руу дайрч намайг 2 удаа дух руу цохихоор нь би уурандаа ширээн дээр байсан хоосон архины шилээр түүний толгойн тус газар нь нэг удаа цохиход аохины шил хагарч,толгойноос нь цус гарсан. Надад гаргах гомдол, санал байхгүй. Бид хоёр харилцан бие биедээ гэмтэл учруулсан учир одоо бидний дунд ямар нэгэн маргаан байхгүй эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-8-9/,

 

- Хохирогч Д.Баатарчулууны: Би 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баруун-Урт сумын 1 дүгээр баг Мандалын 105 дугаар байрны 15 тоотод байдаг өөрийн найз эмэгтэй Батдэлгэрийн гэрт орой 17 цагийн үед айлын найранд орчихоод жаахан халамцуу очсон. Орой 20 цагийн үед Батдэлгэрийн хамт ажилладаг эмэгтэй нөхөр Мөнхжингийн хамт ирж, хоол цай идэж, ууцгааж дөрвүүлээ 2 шил архи хувааж ууцгаасан. Би өмнө архи уусан согтуу байсан болохоор их согтсон учир зарим зүйлийг сайн санахгүй байна. Нэг сэргэсэн чинь Мөнхжин бид хоёр эмнэлэг дээр ирчихсэн, миний толгойноос их цус гарсан байдалтай миний толгойд оёдол тавьж байсан. Мөн Мөнхжингийн хүзүүнд оёдол тавьж байхаар нь Мөнхжин бид хоёр архи ууж байгаад хоорондоо муудсан гэдгийг мэдсэн. Тэр шөнөө цагдаа нар бид хоёрыг гэр гэрт нь хүргэж өгсөн. Би их согтуу байсан болохоор тухайн үед Мөнхжинтэй юунаас болж муудсан гэдгийг огт санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-13-14/,

 

- Гэрч Х.Батдэлгэрийн: Би 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Мандалын 105-15 тоотод гэртээ байхад Баатарчулуун орой 19 цагийн үед “айлын найранд ороод ирлээ” гээд нилээн согтуу орж ирсэн. Би хоол цай хийгээд цуг ажиллаж байсан Оюунчимэгийг нөхрөө дагуулаад манай руу хүрээд ир, ярьж сууя гэж дуудаж, Оюунчимэг, түүний нөхөр Мөнхжин нар манайд 20 цаг болж байхад ирсэн. Бид дөрөв хоол, цай идээд 2 шил 0.5 литрийн архи хувааж ууцгаасан. Гэтэл Баатарчулуун, Мөнхжин хоёр морь мал, элдвийн зүйл ярьж байгаад хоорондоо маргалдаж эхэлсэн. Баатарчулуун өмнө нь уусан согтуу байсан учир Мөнхжинд ахархаж, согтуурхаад байсан. Мөнхжин, Оюунчимэг 2 манайд ирэхдээ эрүүл ирцгээсэн. Баатарчулуун, Мөнхжин 2 тэр өдөр анх бие биетэйгээ танилцсан. Тэр хоёр муудаж, маргалдаж байгаад Баатарчулуун, Мөнхжингийн түүрэн тус газар нэг удаа баруун гараараа цохиход, Мөнхжин газар байсан архины шилийг аван Баатарчулууны толгой руу цохиход архины шил нь хагарч, Баатарчулууны толгойноос их цус гарч, хоорондоо зууралдаж, ноцолдоод гэрээр дүүрэн цус болж, үгэнд орохгүй, дийлдэхгүй болохоор нь хүүгээ цагдаа дуудаарай гээд гаргасан. Төд удалгүй цагдаа нар ирж бид дөрвийг эмнэлэг рүү хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-17-18/,

 

          - Гэрч Д.Оюунчимэгийн: Би 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Товчооны 2-6 тоотод гэртээ байхад надтай хамт ажиллаж байсан Батдэлгэр эгч “чи нөхөртэйгөө манайд хүрээд ирээч, манай нөхөр ирчихсэн хэдүүлээ юм ярьж, сууя” гэхээр нь Мөнхжин бид хоёр Батдэлгэр эгчийн гэрт 19 цаг 30 минутын үед очсон. Гэрт нь Батдэлгэр, нөхөр Баатарчулуун нар гэртээ согтуу байсан. Батдэлгэр эгч бас халамцуу согтуу байсан. Манайд ажиллаж байхдаа Батдэлгэр архи уугаад ажлаасаа халагдсан. Бид хэд хоол, цай идээд 2 шил архи уусан. 0.5 литр дараа нь дахиж 0.75 литрийн архи уусан. Баатарчулуун нь их согтуу байсан учир манай нөхөртэй юм ярьж байхдаа нэг л эвгүй зан гаргаад байсан. Намайг 00-д бие засчихаад ирэхэд тэр хоёр муудаж, Мөнхжингийн хамрыг цусалчихсан байхаар нь бид хоёр явлаа гээд гарахад, одоо тэгэхгүй гээд араас нь гарч оруулж ирсэн. 0.75 литр архи ууж дуусах үед би нэлээд согтож цааш юу болсныг огт санахгүй байна. Унтаад сэрэхэд өглөө гэртээ сэрсэн. Гэртээ яаж харьсан, өнгөрсөн шөнө юу болсон талаар огт юу ч санахгүй байгаа. Маргааш нь харин Мөнхжингөөс Баатарчулуунтай муудсан гэдгийг нь сонссон...” гэх мэдүүлэг /хх-21-22/,

 

  • Яаралтай тусламжийн хуудас /хх-32/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 487 дугаартай: “...Д.Баатарчулууны биед толгойн үстэй хэсгийн болон зүүн бугалганд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-34-35/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 486 дугаартай: “...Т.Мөнхжингийн биед хүзүү орчмын болон зүүн гарын зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-40-41/,   

 

          -Т.Мөнхжингийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-70/

 

          -Т.Мөнхжингийн иргэний лавлагаа мэдээлэл /хх-74/

 

          -Т.Мөнхжингийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-71/

 

          -Т.Мөнхжингин Хаан банкны дэлгэрэнгүй лавлагаа /хх-72/

 

          -Т.Мөнхжингийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-73/

         

          -Т.Мөнхжингийн зөрчлийн хэрэгт холбогдсон талаарх лавлагаа /хх-75-89/

 

          -Д.Баатарчулууны иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-94/

 

          -Д.Баатарчулууны зөрчлийн хэрэгт холбогдсон талаарх лавлагаа /хх-97-106/

 

          -Д.Баатарчулууны урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-107/

          -Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 07 сарын 27-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоол /хх-109-110/

 

          - Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай Прокурорын 2021 оны 11 сарын 18-ны өдрийн 97 дугаартай санал /хх-123/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Баатарчулуун, Т.Мөнхжин нар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Мандалын 105-15 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан харилцан зодолдож Д.Баатарчулуун нь Т.Мөнхжингийн биед архины хагарсан шилээр цохиж эрүүл мэндэд “ хүзүү орчмын болон зүүн гарын зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол, Т.Мөнхжин нь Д.Баатарчулууны толгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь “ толгойн үстэй хэсгийн болон зүүн бугалганд зүсэгдсэн шарх ” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч Д.Баатарчулууны “ ...Мэдүүлэг өгнө гээд, гомдол санал байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх, шүүгдэгч Т.Мөнхжингийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мэдүүлэг өгнө гээд, гомдол санал байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... ” гэх,

гэрч Х.Батдэлгэрийн “...Баатарчулуун, Мөнхжин маргалдаж байгаад Баатарчулуун, Мөнхжингийн нүүрэн тус газар нэг удаа баруун гараараа цохиход, Мөнхжин газар байсан архины шилийг аван Баатарчулууны толгой руу цохиход архины шил нь хагарч, Баатарчулууны толгойноос их цус гарч, хоорондоо зууралдаж, ноцолдоод гэрээр дүүрэн цус болж, үгэнд орохгүй, дийлдэхгүй болохоор нь хүүгээ цагдаа дуудаарай гээд гаргасан ” гэх,

          гэрч Д.Оюунчимэгийн “ Баатарчулуун нь их согтуу байсан учир манай нөхөртэй юм ярьж байхдаа нэг л эвгүй зан гаргаад байсан. Тэр хоёр муудаж, Мөнхжингийн хамрыг цусалчихсан байхаар нь бид хоёр явлаа гээд гарахад, одоо тэгэхгүй гээд араас нь гарч оруулж ирсэн. 0.75 литр архи ууж дуусах үед би нэлээд согтож цааш юу болсныг огт санахгүй байна. Маргааш нь харин Мөнхжингөөс Баатарчулуунтай муудсан гэдгийг нь сонссон...” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 487 дугаартай “...Д.Баатарчулууны биед толгойн үстэй хэсгийн болон зүүн бугалганд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх, шинжээчийн 486 дугаартай “...Т.Мөнхжингийн биед хүзүү орчмын болон зүүн гарын зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлтүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаар шүүгдэгч Д.Баатарчулуун, Т.Мөнхжин нар хамт архи уух явцдаа Д.Баатарчулуун нь хэт согтуурсаны улмаас аархаж, үл ялих зүйлээр маргаан үүсгэн, улмаар Т.Мөнхжингийн нүүрэн тус газарт цохиж зодооны эхлүүлсэн хийгээд энэ үйлдлийн эсрэг Т.Мөнхжин нь Д.Баатарчулууныг архины шилээр цохиж, мөн Д.Баатарчулуун уг архины шилний хагархайгаар Т.Мөнхжингийн хүзүүнд зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч нар гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэдгээр нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг архины шилээр цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсэн боловч хохирогчийн зүй бус үйлдлээс  шалтаглан  харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

  

Шүүгдэгч Д.Баатарчулуун, Т.Мөнхжин нарын согтуурсан үедээ харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байх тул тэдгээрийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Д.Баатарчулуун, Т.Мөнхжин нар харилцан зодооны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд тэдгээр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн талаараа хэрэгт мэдүүлсэн /хх- 09,14,/ тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Баатарчулуун, Т.Мөнхжин нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос Д.Баатарчулуун, Т.Мөнхжин нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба тэдний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Д.Баатарчулуун, Т.Мөнхжин нарын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хоорондоо эвлэрсэн, бие биеэсээ “ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эвлэрсэн ” гэдгээ илэрхийлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд Д.Баатарчулуун, Т.Мөнхжин нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналууд нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэж зохицуулжээ.

 

Шүүгдэгч Д.Баатарчулуун, Т.Мөнхжингийн нараас шүүхээс оногдуулах торгуулын ялыг хэсэгчлэн төлөх төлөөр хүсэлт гаргаагүй, энэ нөхцөл байдал хэргийн баримтаар үүсээгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар тэдгээрт оногдуулсан торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйгээр тогтоолоо.  

 

Шүүгдэгч Д.Баатарчулуун, Т.Мөнхжин нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд тэдгээрт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баатарчулуун, Гонгор овогт Мөнхжин нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баатарчулуун, Т.Мөнхжин нарыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч Д.Баатарчулуун, Т.Мөнхжин нар нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баатарчулуун, Т.Мөнхжин нар нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5.Шүүхийн шатанд шүүгдэгч Д.Баатарчулуун, Т.Мөнхжин нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Д.Баатарчулуун, Т.Мөнхжин нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН