Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

улсын яллагч М.Ханджав,

шүүгдэгч Д.Гандогсом,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гандогсомд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2130002210215  дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, .. настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн Жаргалантын 212 тоот гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЛМ72040815 регистрийн дугаартай, Хавхчин ургийн овогт Донойгийн Гандогсом.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Д.Гандогсом нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн үед Сүхбаатар аймгийн Онгон сумын 4 дүгээр багийн Жаргалант хорооллын 212 тоотод хамтран амьдрагч Ж.Ганцэцэгийг зодож эрүүл мэндэд нь зүүн гарын бугалганд цус хуралт, урагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Д.Гандогсом шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эхнэртээ мал дээр харъя гэж хэлэхэд эхнэр муу айлын мал харахгүй гээд байсан. Тэгээд бид хоёр маргалдсан.Эхнэрээсээ уучлалт гуйсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би хөлсөөр мал малладаг, торгох ялыг хуулийн хугацаанд төлөх боломжтой...гэв.

 

- Яллагдагч Д.Гандогсомын: 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Болдоо гэх хүний гэрт 2.5 литрийн Боргио нэртэй пиво уусан. Тэгээд тухайн өдрөө 16 цагийн үед гэртээ очиж амарч байгаад орой 20 цагийн үед сэрээд эхнэр Ж.Ганцэцэгт хандаж “Эрдэнэцагаан суманд хөдөө айлын мал харъя” гэж хэлсэн. Гэтэл Ж.Ганцэцэг нь “ наад айл чинь муу айл, тэнд очиж мал харахгүй ” гээд байсан. Тэгээд хоорондоо маргалдаад зуухан дээр тавьсан байсан тал тоосгыг эхнэр Ж.Ганцэцэг рүү шидчихсэн. Мөн аргалын авдарт хийсэн байсан галын хайчийг аваад зүүн мөрний хэсэгт 1 удаа, гараараа зүүн мөрөн хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Миний буруу, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өөрийн эхнэр Ж.Ганцэцэгтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

 

- Хохирогч Ж.Ганцэцэгийн: Манай нөхөр Д.Гандогсом 2021 оны 08 дугаар сарын 21-ний өглөөний 10 цагийн үед “айлд очиж мотоциклоо засаад ирье” гээд гэрээсээ гарч яваад тухайн өдрийн 16 цагийн үед согтуу ирээд унтсан. Орой 20 цаг өнгөрөөж сэрэхээр нь би “чи усандаа яваач” гээд намайг уурлахад манай нөхөр Д.Гандогсом нь “би танай усанд явах ёсгүй” гээд намайг янхан гэх зэргээр элдэв муу үгээр доромжилсон. Гэрийн зуухны хажууд байсан галын хайч болон гэрт байсан тал тоосго зэргийг над руу шидсэн. Тэгээд би гэрээсээ гарч явахад манай нөхөр Д.Гандогсом нь миний араас гарч ирээд “гэртээ ор” гэхээр нь би гэртээ ороход манай нөхөр Д.Гандогсом нь намайг барьж аваад зүүн хөлийн дотор тал руу хөлөөрөө өшиглөсөн. Мөн намайг газар унахад гараараа миний зүүн гарын булчин хэсэг 4-5 удаа, толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Манай нөхөр Д.Гандогсом нь намайг урьд өмнө зодож цохиж байгаагүй. Харин 2-3 удаа хэрэлдэж маргалдаж байсан.Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй.Манай нөхөр Д.Гандогсом нь намайг зодож цохисны улмаас миний зүүн гарын булчингийн хэсэг, далны хэсэг, зүүн хөлийн гуяны дотор хэсэг зэрэг хөхөрч хавдсан, толгой их өвдөж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

-Гэрч Д.Цэндсүрэнгийн: Би 2021 оны 08 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед Онгон сумын 5 дугаар баг Жаргалатын 211 тоотод байх өөрийн гэртээ байж байхад манай хашааны зүүн талд байх Д.Гандогсомын эхнэр Ж.Ганцэцэг нь чарлаад намайг дуудаад байхаар гэрт ороход Ж.Ганцэцэг нь баруун орон дээр суусан, харин нөхөр Д.Гандогсом нь зүүн талын орны хажуу талд зогсож байсан. Д.Гандогсом нь гэрийн дунд байх ширээн дээр байсан жижиг цагаан савтай усыг эхнэр Ж.Ганцэцэг рүү шидэхэд савтай ус Ж.Ганцэцэгийн биеийнх нь зүүн гарын хэсэгт оносон. Ж.Ганцэцэг нь гэрээсээ гарч зугтаахад нөхөр Д.Гандогсом нь араас гарч гэртээ оруулж ирсэн. Д.Гандогсом гаднаас орж ирэхдээ то0осгоны булан барьж орж ирээд эхнэр Ж.Ганцэцэг рүү шидсэн нь оноогүй. Тэгээд би тэр хоёрыг салгах гээд барахгүй байсан тул гэрлүүгээ орсон. Өөр юу болсны би мэдэхгүй байна. Д.Гандогсом намайг байхад өөрийн эхнэр Ж.Ганцэцэгийг зодож цохисон зүйл байхгүй.Д.Гандогсомыг урьд өмнө өөрийн эхнэр Ж.Ганцэцэгийг зодож цохиж байсан талаар надад мэдэх юм байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

  • 2021 оны 08 сарын 22-ны өдрийн Эмчийн тодорхойлолт /хх-24/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 403 дугаартай “... Ж.Ганцэцэгийн биед зүүн гарын бугалганд цус хуралт, урагдсан шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,

 

-Д.Гандогсомын иргэний үнэмлэхийн хуулбар/хх-43/

 

-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-04-08/

 

-Д.Гандогсомын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/

 

-Д.Гандогсомын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-52/

 

- Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай 2021.10.29-ний өдрийн 91 дугаартай санал /хх-56/ зэрэг баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн,өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Гандогсом нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн үед Сүхбаатар аймгийн Онгон сумын 4 дүгээр багийн Жаргалант хорооллын 212 тоотод хамтран амьдрагч Ж.Ганцэцэгийн биед халдан зодож эрүүл мэндэд нь “ зүүн гарын бугалганд цус хуралт, урагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Д.Гандогсомын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн “...Эхнэртээ мал дээр харъя гэж хэлэхэд эхнэр муу айлын мал харахгүй гээд байсан. Тэгээд бид хоёр маргалдсан.Эхнэрээсээ уучлалт гуйсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би хөлсөөр мал малладаг, торгох ялыг хуулийн хугацаанд төлөх боломжтой...” гэх,

хохирогч Ж.Ганцэцэгийн “ манай нөхөр Д.Гандогсом нь намайг барьж аваад зүүн хөлийн дотор тал руу хөлөөрөө өшиглөсөн. Намайг газар унахад манай нөхөр гараараа миний зүүн гарын булчин хэсэг 4-5 удаа, толгой хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Манай нөхөр Д.Гандогсом нь намайг зодож цохисны улмаас миний зүүн гарын булчингийн хэсэг, далны хэсэг, зүүн хөлийн гуяны дотор хэсэг зэрэг хөхөрч хавдсан, мөн толгой их өвдөж байна...” гэх,

гэрч Д.Цэндсүрэнгийн “ Д.Гандогсом нь гэрийн дунд байх ширээн дээр байсан жижиг цагаан савтай усыг эхнэр Ж.Ганцэцэг рүү шидэхэд тухайн шидсэн савтай ус Ж.Ганцэцэгийн зүүн гарын хэсэгт оносон. Д.Гандогсом гаднаас орж ирэхдээ тоосгоны булан барьж орж ирээд эхнэр Ж.Ганцэцэг рүү шидэхэд оноогүй...” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 403 дугаартай “... Ж.Ганцэцэгийн биед зүүн гарын бугалганд цус хуралт, урагдсан шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд, шүүгдэгч Д.Гандогсом нь согтуурууулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн ахуйн маргаанаас эхнэр Ж.Ганцэцэгтэй маргаан үүсгэн, улмаар гараар цохих, өшиглөх зэргээр цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих шалтгааны улмаас хохирогч Ж.Ганцэцэгийг цохиж зодон эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч Д.Гандогсомын, хохирогч Ж.Ганцэцэгийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Д.Гандогсомын үйлдлийн улмаас хохирогч Ж.Ганцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Гандогсомыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Гандогсомд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос Д.Гандогсомд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Д.Гандогсомын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ж.Ганцэцэг “Би гомдолгүй, шүүх хуралдаанд суухгүй ” гэж хэрэгт мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд Д.Гандогсомд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

Д.Гандогсомын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүгдэгч Д.Гандогсом энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гандогсомыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гандогсомыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Д.Гандогсом нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гандогсом нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Д.Гандогсомд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.Гандогсом энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ж.Ганцэцэг гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН