Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/02230

 

2017 оны 08 сарын 14 өдөр

       Дугаар 102/ШШ2017/02230

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчны гудамж, 1-3 тоотод оршин байх, “Тэнүүн Өлзий” ХХК /РД:2721317/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Ажилчны гудамж, “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн байр, 302 тоотод оршин байх, “Жи пи ди” ХХК /РД:5581427/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Хангал, хариуцагчийн төлөөлөгч Г.Гантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тэнүүн Өлзий” ХХК нь төмрийн худалдаа, төмөр хийцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба “Жи пи ди” ХХК-ийн захирал Г.Гантөгс манай компани дээр ирж “Скруббер-100” буюу үнэт металл баяжуулах төхөөрөмж худалдан авах талаар тохиролцсон. Үүний дагуу хоёр компани 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 2016 дугаартай “Бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулан “Скруббер-100” маркийн үнэт металл баяжуулах төхөөрөмж нэг ширхэгийг 90,000,000 төгрөгөөр худалдан авсан. Манай талаас гэрээний зүйлийг нийлүүлж худалдан авагч тал болох “Жи пи ди” ХХК захирал Г.Гантөгс гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 10,000,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 8 үе шаттайгаар 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл график гарган төлөхөөр тохиролцсоны дагуу манай компаниас үнэт металл баяжуулах төхөөрөмж Скруббер-100 төхөөрөмжийг авч явсан. “Жи пи ди” ХХК-тай байгуулсан бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээ 3 дугаар зүйл 3.2-т заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр болоход манай талд графикаар тохирсон 10,000,000 төгрөгийг төлөлт хийгээгүй ба утсаар лавлахад “... Манайх арай болоогүй байна түр хүлээж байгаач...” гэсэн хариу өгсөн. Үүний дагуу үүссэн асуудлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг зорьсон. Гэрээний хоёр тал хэд хэдэн удаа уулзаж манай талаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй. “Жи пи ди” ХХК нь гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу графикийн дагуу төлөлтийг хийхгүй байж байгаад нэг удаа 30,000,000 төгрөг төлсөн ба түүнээс төлөлт хийгээгүй байна. Иймд “Жи пи ди” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, ямар нэгэн төлөлт хийлгүй байгууллагыг хохироосоор байгаа тул гэрээнээс учирсан хохирол болох 50,000,000 төгрөг, гэрээний 6.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцно гэж заасны дагуу нийт 25,000,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйл 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтын дагуу алданги 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг “Жи пи ди” ХХК-иас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Хангал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа бөгөөд хариуцагчтай одоо эвлэрэн хэлэлцэх ямар ч боломж байхгүй. Бид хариуцагч талд хангалттай хугацаа өгсөн боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй, нэхэмжлэгчийг хохироож байна. 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гэрээний зүйл болох төхөөрөмжийг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Алдангийг бид 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үлдэгдэл төлбөр болох 50,000,000 төгрөгөөс тооцсон бөгөөд нийт 180 хоногийн алдангийг хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүй тооцож байгаа. 1 өдрийн алданги нь 250,000 төгрөг болж байгаа юм. Бид нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнээс учирсан хохирол гэсэн боловч энэ шаардлага нь гэрээний үүргийг шаардсан шаардлага юм гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь “Тэнүүн өлзий” ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж “100 Скруббер” буюу үнэт металл баяжуулах төхөөрөмж авсан. Тус төхөөрөмжөөр Төв аймгийн Заамар сумын “Өгөөмөр” багийн нутаг, Их хэтийн шороон алтны ордод олборлолтын үйл ажиллагаа явуулсан боловч геологийн нөөц бага байсны улмаас олборлолтын үйл ажиллагаа зогссон. Одоогийн байдлаар уг төслийн нөөц баталгаажуулах ажил дууссан бөгөөд олборлолтын шатанд бэлтгэгдэж байгаа юм. Бидний зүгээс тус компанид төлөх 50,000,000 төгрөгийн төлбөрийг цаг хугацаандаа төлөөгүйдээ гүнээ хүлцэл өчье. Манай компанийн санхүүгийн байдлын хүндэрсний улмаас ийм байдалд хүрээд байгаа юм. Нэхэмжлэлээс бид алдангийн 25,000,000 төгрөгийн хэмжээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Та бүхнээс тус үнийн дүнг хасаж өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Гантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тэнүүн өлзий” ХХК-иас 2016 оны 8 дугаар сард “100 Скруббер” буюу үнэт металл баяжуулах төхөөрөмжийг бараа худалдах-худалдан авах гэрээгээр авсан. Манайх үйл ажиллагаагаа 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд металлыг угааж  эхлүүлэхээр график гарган ажиллаж байсан боловч тухайн үед угсралтын ажил сунжирсан. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн анх металлыг угааж эхэлсэн. Угааж эхэлсний дараа усны бохирдолт явагдаад баяжуулах үйл ажиллагаа нэлээд удааширсан. Үүнтэй зэрэгцэн геологийн үйл ажиллагаа, хайгуулын нөөц нь батлагдаагүйн улмаас уурхай алдагдалтай ажиллаж эхэлсэн. Үүнээс үүдэн 12 сард үйл ажиллагаагаа зогсоосон. Бид нар үйл ажиллагаагаа явуулаагүй ч гэсэн ямар ч байсан үлдэгдэл мөнгийг өгөх ёстой гэж шийдээд 30,000,000 төгрөгийг өөрсдийнхөө боломжоороо гаргаж өгсөн. Бид нар нэг ордтой металл угаах гэрээгээр хамтарч ажиллаж байсан. Энэ оны 4 дүгээр сараас эхлээд олборлолтын үйл ажиллагаагаа явуулах байсан боловч тэр газар маань цаашид гэрээгээ сунгахгүй гэсэн тул үйл ажиллагаа маань зогссон. Зогссоноос хойш ордын эзэн уурхайг шилжүүлж аваад ашиглахыг санал болгосон. Геологийн нөөц нь батлагдахгүй байсан учраас хайгуулын ажлыг нэмж хийсэн. Хайгуулын үйл ажиллагаа үе шаттай явагдаад нэмэлт нөөц батлагдаж орж ирж байгаа. Үүний дараа төлбөрөө төлье гэсэн санал гаргасан. Бидний зүгээс гэрээг байгуулж төхөөрөмж авсан, гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй болон хүлээж авсан төхөөрөмж доголдолтой байсан эсэх тал дээр маргаан байхгүй. Харин бидний ажлын нөхцөл байдлыг харгалзан алдангийг багасгаж өгөхийг шүүхээс хүсч байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Тэнүүн-Өлзий” ХХК нь хариуцагч “Жи пи ди” ХХК-д холбогдуулж талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг буюу төлбөрийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг нийт 75,000,000 төгрөгийг шаардаж шүүхэд хандсан. 

 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “Тэнүүн-Өлзий” ХХК болон хариуцагч “Жи пи ди” ХХК-иуд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр №2016 тоот “Бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр “Тэнүүн-Өлзий” ХХК нь 90,000,000 төгрөгийн үнэ бүхий “100 Скруббер” буюу үнэт металл баяжуулах төхөөрөмжийг “Жи пи ди” ХХК-д нийлүүлэх үүргийг хүлээснээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. 

 

Зохигчид дээр дурдсан гэрээг байгуулсан болон уг гэрээ хүчин төгөлдөр эсэх, мөн гэрээний дагуу 90,000,000 төгрөгийн үнэ бүхий “100 Скруббер” буюу үнэт металл баяжуулах төхөөрөмжийг хариуцагч “Жи пи ди” ХХК нь нэхэмжлэгч талаас хүлээн авч хэрэглэсэн боловч гэрээгээр тохирсон төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй талаар маргаагүй.   

Түүнчлэн, худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба нэхэмжлэгч болон хариуцагч нарын зүгээс нийлүүлсэн бараа буюу үнэт металл баяжуулах төхөөрөмж нь ямар нэг доголдолтой байсан эсэх талаар маргаагүй.    

 

Хариуцагч талаас “...бидний ажил эхлээгүй байгаа тул гэрээний дагуу төлөх ёстой алдангийг багасгаж өгнө үү” гэсэн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаж байна. 

 

Хариуцагч “Жи пи ди” ХХК нь нэхэмжлэгчээс авсан “100 Скруббер” буюу үнэт металл баяжуулах төхөөрөмжийн үнийг гүйцэд төлөөгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Түүнчлэн, хариуцагчаас гэрээний хариуцлага буюу алданги 25,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан №2016 тоот “Бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний 6.2,  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчийн гэм буруу, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг тодорхой хэмжээгээр бууруулах боломж хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдоогүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар ийм нөхцөл байдал үүссэнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно. 

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Жи пи ди” ХХК-иас 75,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тэнүүн-Өлзий” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Жи пи ди” ХХК-иас 532,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тэнүүн-Өлзий” ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                      Н.ХАНГАЛ