Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/02229

 

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/02229

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Намъяанжү гудамж, 170 дугаар байр, 66 тоотод оршин суух, Цагаан лам овогт Намсрайн Энхтуяа /РД:цг86111169/-гийн нэхэмжлэлтэй,

   

Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 23б байр, 28 тоотод оршин суух, Баатар

өөлд  овогт Батжаргалын Эрдэнэбат /РД:чм87102718/-д холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Энхтуяа, хариуцагч Б.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр Б.Эрдэнэбаттай 2015 онд анх танилцсан. Би 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр БНСУ-руу ажиллах, суралцах зорилгоор явсан боловч 1 сар болж байхад намайг хардан сална гэж заналхийлсний улмаас ирж 14 хоноод эвлэрэн буцаад БНСУ-руу хичээлдээ явсан. Намайг БНСУ-руу ажиллах, суралцах зорилгоор явсны дараа найз залуу Б.Эрдэнэбат 2016 оны 5 дугаар сарын 31-ны өдөр 3 сарын аяллын визээр БНСУ-д ирсэн. Бид хамтран амьдраад 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр БНСУ-д гэр бүл болсон ба гэрлэлтээ батлуулсан юм. Энэ хугацаанд Эрдэнэбатад тус улсад аяллын 3 сарын визийг өөрийн оюутны виз, гэрлэлтийн баталгааг үндэслэн 1 жилийн виз болгон өөрчилсөн.  Бид гэр бүл болон хамтран амьдарч эхэлсэн цагаас эхлэн нөхөр Б.Эрдэнэбат нь архи ууж согтууран хардаж, хэл амаар доромжилж гар хүрэх  болсон ба энэ байдал улам даамжирсаар 2016 оны 9 дүгээр сард намайг хэл амаар доромжлон зэрлэгээр зодож, 7 давхар дээрээс унагахаар оролдсон. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр намайг ажлын цаг дуусаагүй байхад ажлаас дуудан гаргаж ирж хэл амаар доромжлон нүүр ам, гар хөлгүй зодсоны улмаас үүр хавдаж, нүд хөхрөн хөл болон бөгсөн хэсэг няцран урагдаж 7 хоног доголж, босч чадахгүй хэвтэрт орсон. Мөн энэ явдлаас болж ажлын хамт олондоо нэр хүндгүй болж удалгүй ажиллаж байсан ажлаасаа халагдсан. Миний бие хүний нутагт амь насаа алдахаас өмнө Монгол руу 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зугтаж ирсэн. Би Солонгос улсад суралцаж байх хугацаандаа давхар ажил хийж амьдралаа авч явж байсан бөгөөд нөхөр Б.Эрдэнэбат нь тогтвор суурьшилтай ажил хийхгүй байнга архи их ууж байнга агсам согтуу тавьж гар хүрэх болсон. Би Монголд ирээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд мөн л намайг утсаар дарамталж заналхийлж огт гэмшсэн шинжгүй байсан. Дахин чамайг гадаад зорчих эрхгүй болгоно гэж занал хийхээс гадна эцэг эх, ах эгчрүү минь залгаж “...танай янхан дүү...” гэх мэтээр хэл амаар доромжилно гутааж ар гэрийнхнийг минь айлган ичээдэг болсон. Миний нөхөр болох Б.Эрдэнэбат нь намайг “...Монголд очоод ална, чамайг тэгж жаргаахгүй...” гэх мэтээр байнга сүрдүүлж эхэлсэн бөгөөд би үргэлж дарамтад байсаар айж зүрх минь өвдөж ажлаа хиж байхдаа гар минь салаглан чичрэх болсон. Б.Эрдэнэбат намайг байнга хаана байгааг олж мэдэн дарамталж сэтгэл санаагаар хохироож байна. Иймд би Б.Эрдэнэбатын энэ байдлаас үнэхээр айж, залхаж өөрийн эрүүл мэнд, амь насаа хамгаалах зорилгоор гэрлэлтээ цуцлуулан эрхээ хамгаалуулах хүсэлтэй байна. Бидний хооронд ямар нэгэн эд хөрөнгө, үр хүүхдийн маргаан байхгүй. Иймд цаашид бид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон бөгөөд байнгын хүчирхийлэл дарамтаас айж өөрийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул хор уршиг учирч болзошгүй тул эвлэрэх хугацаа шаардлаггүйгээр гэрлэлт цуцалж хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагчтай 2015 онд танилцаад 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Солонгос улсын Сөүл хот дахь Монголын элчин дээр гэр бүлээ батлуулсан. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг шилжих шөнө хэрэлдээд намайг зодсон. Нүүрэн дэх шарх сорвио гайгүй болгож байгаад Монголд ирсэн. Дундаасаа хүүхэд байхгүй, эд хөрөнгийн маргаангүй. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Б.Эрдэнэбат шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн үндэслэлтэй уншиж танилцлаа. Үнэнээс хол зөрүүтэй юм бичиж тайлбарласан байгаад үнэхээр харамсалтай байна. Бид анх 2015 оны 8 дугаар сарын сүүлээр танилцаж хэн хэндээ дурлаж хайрлаж сайхан үерхэж мөн цаашдын амьдралаа төлөвлөж, амьдрал руу хамтдаа зоригтой хөл тавьж орсон. Миний эхнэр болох Н.Энхтуяа нь 10 гаруй жилийн өмнөөс БНСУ-руу орж гарч мөн тэнд амьдарч суралцаж байсан туршлагатай хэл ус гаргууд мөн Монголд Улаанбаатар их сургуулийг орчуулагч мэргэжлээр төгссөн нь бидний хувьд БНСУ-д ажиллаж амьдрахад давуу тал байсан гэдгийг бид олж харсан. Миний эхнэр мөн өөрийн хүсэл сонирхлын дагуу маникюр сурахаар БНСУ-руу танилцаад удаагүй байхад түрүүлж суралцахаар явсан. Би 2016 оны 5 дугаар сарын сүүлээр Монгол дахь бүх юмаа орхиод аяллын визээр орж ирсэн бөгөөд мөн оны 8 дугаар сарын 11-ний өдөр БНСУ-д суух Монголын элчин сайдын яаманд гэрлэлтээ батлуулан, эхнэр магистерт орон миний виз жилийн хугацаатай дагалдан виз гарсан. Гэрлэлт хийх өдөр дөхөж байхад би эхнэрээ урьд нь Солонгос хөгшин хүнтэй гэр бүл болж байсан гэдгийг мэдсэн. Монголд байхаас эхлэн нэгэн Солонгос хүнтэй харилцаад байдаг байсан хэн юм бэ гэхээр манай захирал гэж хэлсэн учраас би тоодоггүй байсан. Харин Солонгос улсад ирсны дараа бас харилцдаг байсан тул гайхаж эхэлсэн. Эхнэр маань ч би ахиж харилцахгүй гэж уйлаад ам өчиг өгсөн. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл хар ажил хийж ядарч зовж байгаагаа эхнэртээ хэлдэггүй, манай эхнэр ойлгодоггүй байсан. Эхнэр маань нөгөө захирал гэх хүнтэй нууцаар харилцаж мэссэж бичдэг байсныг би олж мэдсэн. Би эхнэрийнхээ өмнөөс захирал гэх хүн рүү нь ахиж битгий залгаарай гэж мессэж бичсэн. Тэгэхэд мөнгө ихтэй болчихоод надтай уулзахгүй гэж байгаа юм уу гэсэн мессэж ирсэн. Хааяа манай эхнэр надтай муудахаараа хэд хоногоор ч хамаагүй яваад өгдөг байсан. Тэр хүн миний эхнэрт мөнгө шилжүүлж, хамт далай явсан зургийг би олж харсан. Эхнэрээ сэмээрхэн дагаж гэрээс гадуур утсаар ярьдаг байсныг олж мэдсэн. Эхнэрийнхээ өмнөөс эмэгтэй найзтай нь харилцаж, Солонгос улсад уулздаг, унтаж хэвтдэг талаар олж мэдсэн. Эхнэртэйгээ ярилцъя гэхэд ярилцаагүй тул гэртээ ирээд нэг алгадаад, бөгс рүү нь хөшиглөсөн. Маргааш нь хөхөрсөн байсан тул өөрийгөө хараан зүхэж өвдөг сөгдөн уучлалт гуйсан. 7 хоног өнгөрөөд бид ч гайгүй болж хамт кино үзэн “хайраа” гэж зүгээр ярьж байсан. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өнөөг хүртэл уулзаагүй. Түүнээс хойш өдийг хүртэл амьдралаа авч үлдье гэж их хичээсэн боловч тэр хүн өөрийгөө өмөөрөн эвлэрэх хүсэлгүй мөн бичиж үлдээсэн үндэслэлийг нь  уншиж танилцаад надад бас энэ хүнтэй амьдрах мөн цаашилбал эхнэрийн талаас ээж, эгч гэсэн хүмүүс хүний амьдралд хэтэрхий их оролцож буй нь таалагдахгүй байна. Иймд бидний цаашдын амьдрал үргэлжлэх боломжгүй болсон гэдгийг харуулж байна. Тиймээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд үр хүүхэд, эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргалдаад таарч тохирохгүйн улмаас салахаар шийдсэн. Би нэг, хоёр удаа нэхэмжлэгчид гар хүрсэн нь үнэн. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ. 

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

          

Нэхэмжлэгч Н.Энхтуяа нь хариуцагч Б.Эрдэнэбатад холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан байна. 

 

Гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсоноос бусад тохиолдолд гэрлэлт цуцлах тухай асуудалд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам үйлчилж,  эвлэрүүлэн зуучлах ажиллагаа зайлшгүй хийгдэхээр, хэрэв тухайн ажиллагаа амжилтгүй болвол гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийг шүүх иргэний хэрэг үүсгэн ердийн журмаар шийдвэрлэхийг Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3,  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгүүдэд заажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гэр бүлийн хүчирхийлэл, дарамт байгаа талаар дурдсан, холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн тул шүүх Н.Энхтуяагийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

 

Н.Энхтуяа, Б.Эрдэнэбатад нар 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон бөгөөд гэрлэгчид шүүхэд болон шүүх хуралдаанд “эд хөрөнгийн маргаангүй”, “дундаасаа хүүхэдгүй” гэсэн тайлбарыг гаргасан. 

 

Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гаргах ба иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага нь хүсэлтийг хянан үзэж 30 хоногийн дотор гэрлэлтийг цуцалж болохыг Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсгүүдэд заасан хэдий ч гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа, мөн гэр бүлийн хүчирхийлэл байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэж шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Өөлд  овогт Батжаргалын Эрдэнэбат, Цагаан лам овогт Намсрайн Энхтуяа нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                Н.ХАНГАЛ