Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2221000000069 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн шүүхийн 1990 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 41 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

мөн 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 6 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, 1992 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 4 жил 4 сар 15 хоног хорих ялаар,

Хэрлэн сумын Сум дундын шүүхийн 1996 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 646 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 4 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны орой 20 цаг 30 минутын орчим Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар баг, “Ямаат” гэх газарт ******* зурагтын суваг сольсон гэх шалтгааны улмаас маргаж улмаар нуруу руу нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэр үед ******* ахад “Та яах гээд ингээд байдаг юм бэ, би бас киногоо үзмээр байна шүү дээ” гэж хэлээд босоход ******* ах над руу ирээд миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би ******* ахыг заамдаад авахад ******* ах өмдний карманаасаа хутга гаргаад намайг хатгах шиг болсон. Халуун оргиод харсан чинь цус гарч байсан. ...Надад гаргах гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг барагдуулсан. Би шүүх хуралдаанд оролцохгүй...” гэжээ. /хх-ийн 16-19/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн орчим би морио тавих гээд гэрээс гарсан. Намайг гэрээс гарахад ******* гэрийн зүүн хэсэгт газар суугаад хоол хийх гээд мах хэрчээд сууж байсан. Харин гэрийн баруун хойд хэсэгт зурагт үзээд газарт хэвтэж байсан. Би гэрээс гараад морио чөдөрлөөд 10-20 минут болоод ирсэн. Гэтэл ******* ах ганцаараа байсан ба надад “би ******* хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яасан юу болсон бэ” гэж асуухад “миний үзэж байсан зурагтын суваг солиод бид хоёр хоорондоо маргалдаад би барьж байсан хутгаараа хатгачихлаа” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 26-27/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 93 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед нуруунд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 32-33/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны орой Амармөрөнгийн адууг хардаг залуутай хамт зурагт үзээд сууж байхад зурагтын суваг сольсон. Би “чи яагаад суваг сольж байгаа юм бэ, удирдлага өг” гэхэд “өөрөө удирдлагаа ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь би заазуураар мах хэрчиж байгаад заазуураа бариад удирдлага авах гэсэн чинь “чи намайг заазуураар шаадаг хүн биш, би ч бас хутгатай” гээд хутга гаргаад ирсэн. Би эргээд ширээн дээр махны хажууд байсан хар иштэй төмөр хутга аваад айлгах гэсэн чинь өөдөөс хүрээд ирэхэд нь нуруу хэсэгт нь нэг удаа хатгасан...” гэжээ. /хх-ийн 41/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11/

Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 12/

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/

Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 34/

*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 42 /

Ял шийтгэлийн лавлагаа, тогтоолын хуулбарууд /хх-ийн 45, 46-60/

*******ын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 69/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар ирүүлсэн хутга 1 /нэг/ ширхгийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Боржигон овогт ******* ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 20 цагийн орчим Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар багийн нутаг “Ямаат” гэх газарт хохирогч ******* зурагтын суваг сольсон гэх шалтгааны улмаас маргаж улмаар хутгаар хутгалж, нуруунд нь хатгагдсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ийн “...Би эргээд ширээн дээр махны хажууд байсан хар иштэй төмөр хутга аваад айлгах гэсэн чинь өөдөөс хүрээд ирэхэд нь нуруу хэсэгт нь нэг удаа хатгасан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ын “...Би тэр үед ******* ахад “Та яах гээд ингээд байдаг юм бэ, би бас киногоо үзмээр байна шүү дээ” гэж хэлээд босоход ******* ах над руу ирээд миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би ******* ахыг заамдаад авахад ******* ах өмдний карманаасаа хутга гаргаад намайг хатгах шиг болсон. Халуун оргиод харсан чинь цус гарч байсан...” гэх, гэрч *******ы “...Би гэрээс гараад морио чөдөрлөөд 10-20 минут болоод ирсэн. Гэтэл ******* ах ганцаараа байсан ба надад “би ******* хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яасан юу болсон бэ” гэж асуухад “миний үзэж байсан зурагтын суваг солиод бид хоёр хоорондоо маргалдаад би барьж байсан хутгаараа хатгачихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эмчийн үзлэгийн тодорхойлолт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 93 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 93 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч ******* *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заа снаар шүүгдэгч *******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 100,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогчид 100,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА