Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/92

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт ******* т холбогдох эрүүгийн 2221000000070 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 242 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 848 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Бичээч овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны орой 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “......” ХХК-ийн дугуй худалдааны дэлгүүрийн гадна өрөөтэй байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Портер маркийн тээврийн хэрэгслийн “5,00 R 12 загварын 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 520,000 (таван зуун хорин мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг үйл ажиллагаа явуулах “.....” ХХК-ийн автомашины дугуй худалдааны дэлгүүрийг 2018 онд нээж одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Харин өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны орой манай ажилтан болох ******* надад “би 4 ширхэг портер машины 5.00 R12 загварын БНХАУ-д үйлдвэрлэсэн дугуй алдчихлаа” гэж миний гар утас руу залгаж хэлсэн. Би тухайн үед гадуур ажилтай байсан болохоор шууд дэлгүүр рүү очоод *******г дагуулж цагдаагийн байгууллагад ирсэн. Би нэг ширхэг дугуйг нь 130,000 төгрөгөөр 4 ширхэг дугуй нийт 520,000 төгрөгөөр үнэлж байна...” гэжээ. /хх-ийн 14-15/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дорнод аймагт ирж *******гийн дугуй худалдааны дэлгүүр дээр дугуй засварчнаар анх сарын 800,000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж эхэлсэн. Харин өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны орой 18 цаг 30 минутын орчим дэлгүүр дээрээ ганцаараа худалдаа, дугуй засвар үйлчилгээ хийж байгаад дэлгүүрээ хаах гэж гадаа худалдаанд байсан дугуйнуудаа оруулж байсан чинь 4 ширхэг дугуй дутсан. Тэгээд ямар дугуй дутсан талаар тоолж шалгахад Портер, Бонго маркийн тээврийн хэрэгсэлд ашигладаг БНХАУ-д үйлдвэрлэсэн 5.00 R12 загварын нэг бүрийн үнийг нь 130,000 төгрөгөөр зарж борлуулдаг 4 ширхэг дугуй алга болохоор нь эгч ******* хэлээд эгчийн хамт цагдаагийн байгуллага дээр ирсэн. Содон шинж тэмдэг гэхээр юм байхгүй. Харин дугуй дээр байгаа цаасан наалт нь ногоон өнгөтэй...” гэжээ. /хх-ийн 17/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн орчим миний ... дугаар руу ... гэх дугаараас “хов Зоригоо” гэх хочтой мэнд мэдээд “ахад нь Портер машины арын 4 ширхэг шинэ дугуй байна, мөнгөний хэрэг гарчихлаа, чи гайгүй үнээр худалдаад авчих боломж байна уу” гэхэд нь би “та аваад ирээ, би харъя” гэхэд удалгүй саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирэхэд нь тухайн 4 ширхэг дугуйг харахад манай дугуй худалдаанд 1 ширхгийг нь 80,000 төгрөгөөр худалддаг дугуй байсан. Би ахад хандаад “би 1 ширхгийг нь 70,000 төгрөгөөр авах юм байна” гэхэд ах “чи ядаж дөрвүүлэнг нь 300,000 төгрөгөөр авчих” гэхэд нь зөвшөөрсөн. Тухайн үед миний дансанд мөнгө байхгүй учир эхнэр Орхонтуяад ахын ХААН банкны дансыг мессежээр явуулаад эхнэр өөрийн ... тоот дансаар 300,000 төгрөгийг шилжүүлж би тухайн 4 дугуйг зарчих бодолтой худалдаж авсан юм...” гэжээ. /хх-ийн 20-21/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би олон жилийн турш нутагтаа ирээгүй тул 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн төвд ирсэн. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр найз Мөнгөнтэй уулзахаар “Шүр” худалдааны төв рүү очсон. Найзтайгаа уулзчихаад 17 цагийн орчим салаад би захаас хойш ганцаараа алхсан. Хойшоо явж байгаад “Sky”  нэртэй дэлгүүр орж 2 хайрцаг тамхи аваад хойшоо алхаж байхад замын зүүн талд байрлах дугуй худалдааны төвүүдийн хамгийн хойд талын дугуй худалдааны гадаа жижиг дугуйнууд тавиатай, ойр орчим нь хүн харагдахгүй байхаар нь тухайн үед мөнгө хэрэгтэй байсан учир Портер маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг аваад замын эсрэг тал руу гүйж дугуй засварын хашаанд оруулаад нууж тавьсан. Ингээд тухайн дэлгүүр рүү харахад хүн нь огт байхгүй байхаар нь буцаж очиж дахин 2 ширхэг дугуй авч дугуй засварын хашаанд авчирч тавьсан. Тэгээд хажуу замаас такси хөлсөлж аваад дугуйгаа зөөж хийгээд 8 дугаар сургуулийн хойд талын Хан-Уул хорооллын эхний эгнээнд байрлах буюу Дэлдээ гэх залуугийн дугуй худалдааны төв дээр ирээд тай уулзаад “ахынх нь дугуй байгаа юм, яаралтай мөнгөний хэрэг гарсан учир худалдаад авчих уу” гээд 1 ширхгийг нь 70,000 төгрөгөөр зарсан...” гэжээ. /хх-ийн 46-47/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8/

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тайлан /хх-ийн 28-35/

*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 48/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/

*******ийн ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 60/

*******гийн Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 70/

*******ийн байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар /1 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Бичээч овогт ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “.........” ХХК-ийн дугуй худалдааны дэлгүүрийн гадна байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Porter маркийн тээврийн хэрэгслийн “5.00 R 12 загварын 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 520,000 (таван зуун хорин мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ийн “...замын зүүн талд байрлах дугуй худалдааны төвүүдийн хамгийн хойд талын дугуй худалдааны гадаа жижиг дугуйнууд тавиатай, ойр орчим нь хүн харагдахгүй байхаар нь тухайн үед мөнгө хэрэгтэй байсан учир Портер маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг аваад замын эсрэг тал руу гүйж дугуй засварын хашаанд оруулаад нууж тавьсан. Ингээд тухайн дэлгүүр рүү харахад хүн нь огт байхгүй байхаар нь буцаж очиж дахин 2 ширхэг дугуй авч дугуй засварын хашаанд авчирч тавьсан. Тэгээд хажуу замаас такси хөлсөлж аваад дугуйгаа зөөж хийгээд 8 дугаар сургуулийн хойд талын Хан-Уул хорооллын эхний эгнээнд байрлах буюу Дэлдээ гэх залуугийн дугуй худалдааны төв дээр ирж тай уулзаад “ахынх нь дугуй байгаа юм, яаралтай мөнгөний хэрэг гарсан учир худалдаад авчих уу” гээд 1 ширхгийг нь 70,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******гийн “...2022 оны 01 дүгээр сарын 26-ны орой манай ажилтан болох ******* надад “би 4 ширхэг портер машины 5.00 R12 загварын БНХАУ-д үйлдвэрлэсэн дугуй алдчихлаа” гэж миний гар утас руу залгаж хэлсэн. Би тухайн үед гадуур ажилтай байсан болохоор шууд дэлгүүр рүү очоод *******г дагуулж цагдаагийн байгууллагад ирсэн. Би нэг ширхэг дугуйг нь 130,000 төгрөгөөр 4 ширхэг дугуй нийт 520,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх, гэрч *******ын “...саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирэхэд нь тухайн 4 ширхэг дугуйг харахад манай дугуй худалдаанд 1 ширхгийг нь 80,000 төгрөгөөр худалддаг дугуй байсан. Би ахад хандаад “би 1 ширхгийг нь 70,000 төгрөгөөр авах юм байна” гэхэд ах “чи ядаж дөрвүүлэнг нь 300,000 төгрөгөөр авчих” гэхэд нь зөвшөөрсөн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тайлан, *******ийн ХААН банкны депозит дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч ******* т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч ******* БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Porter маркийн тээврийн хэрэгслийн “5.00 R 12 загварын 4 ширхэг дугуйгаа алдаж, түүнд 520,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид 4 ширхэг дугуйг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бичээч овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* т 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА