Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 73

 

Д.С-, А.О- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                          Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар          

Прокурор                                        Г.Яндаг

Хохирогч                                        Г.Д-

Хохирогчийн өмгөөлөгч                Б.Чинбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ж.Оюунболд

                                                       М.Дэлгэрнасан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 264 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.О-гийн өмгөөлөгч Ж.Оюунболд, М.Дэлгэрнасан, хохирогч Г.Д- нарын гаргасан давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 220 дугаар 220.2-т /2002 оны/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-гийн С-, А-ын О- нарт холбогдох эрүүгийн 201509000606 тоот 4 хавтас хэргийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Х-  Д-гийн С-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай.

2. Монгол Улсын иргэн, Б- А-ын О-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай.

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.С- нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Цайдмын хөндий” гэх газарт 2015 оны 8 дугаар сарын 18-ны орой 18 цагийн орчим DAIHATSU/НIJЕT маркийн 4781 УБО улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.3/Б "жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ", 9-р бүлгийн 9.3 "тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна"-т тус тус заасныг зөрчиж зам тээврийн осол гарган зорчигч Д.Ц-ын амь насыг хохироосон,

Шүүгдэгч "Грейт грийн партнерс" ХХК-ны захирал А.О- нь компанийн үйл ажиллагаанд ашигладаг 4781 УБО улсын дугаартай НIJЕT маркийн тээврийн хэрэгслийг техникийн хувьд /автомашины хойд талын тэнхлэгт дугуйны хээ элэгдсэн, дугуйн хээ зөрүүлж тавьсан, ажлын тормосны хойд ялтас, накладка элэгдэлтэй/ бүрэн биш шаардлага, хангаагүй байхад ажилд гаргасны улмаас 2015 оны 8 дугаар сарын 18-ны орой зам тээврийн осол гарч зам тээврийн ослын улмаас иргэн Д.Ц-ын амь нас хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 264 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х- Д-гийн С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар, шүүгдэгч Б- А-ын О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 220 дугаар зүйлийн 220.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

-Шүүгдэгч Д.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан "автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь нас хохироосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан "хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь насыг хохироосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/жилийн хугацаагаар тэнсч,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.О-г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.О-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3, 4-т зааснаар шүүгдэгч Д.С-ын тэнссэн 2 жилийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 520 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Д.Б-ын талийгаачийн 49 хоног дуустал ар гэрийнхэнд нь үйлчилсэн гэх 700 000 төгрөг, талийгаачийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 16 200 000 төгрөг, илүү цагаар ажилласан хөлс 541 000 төгрөг, 8 нас хүрээгүй хүүхэд асарсан 2 жил 8 сарын 15 300 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,

  • Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.С-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор... шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч А.О-гийн өмгөөлөгч Ж.Оюунболд, М.Дэлгэрнасан нар шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хууль хэрэглээний асуудлаар:

Тус шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...Грейт грийн партнерс” ХХК-ийн захирал шүүгдэгч А.О- нь техникийн хувьд бүрэн биш тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь дээрх шинжээч нарын дүгнэлт болон шүүгдэгч Д.С-ын мэдүүлгээр няцаагдаж байна” гэж дүгнэжээ.

А.О- нь 4781 УБО улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг 2015 оны 07 сарын 08-нд худалдан авахдаа Төрийн эрх бүхий байгууллагын буюу Авто тээврийн газрын харъяа Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд оруулж Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын 39579 дугаартай дүгнэлт гаргуулж, уг дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгсэл нь бүх үзүүлэлтээр замын хөдөлгөөнд оролцоход тэнцсэн тухай баримт авагдсан байна.

Энэхүү нотлох баримт нь А.О- Төрийн эрх бүхий байгууллагын дүгнэлтэд итгэн сайн машин авсан гэсэн итгэл үнэмшилтэй явснаас биш, бүрэн биш тээврийн хэрэгсэл гэж огт ойлгоогүй, мэдээгүй мэдэх ч боломж байхгүй байна.

Учир нь А.О- өөрөө авто техникийн талаар анхны мэдэгдэхүүн байхгүй хүн юм. Хэрэв тээврийн хэрэгслийн чанарыг баталсан “техникийн хяналтын 39579 дугаартай дүгнэлт” байхгүй, бүрэн бус, чанаргүй байсан бол, А.О- худалдаж авахгүй, авсан ч засвар үйлчилгээг хийх байсан.

Мөн хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд гэрч З.Санчир "Оношлогоонд оруулаад авсан бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл байсан ...Машин авахдаа Японоос орж ирсэн хээ сайтай дөрвөн дугуй аваад уг машинд тавьсан уг машины үндсэн дугуйнаас хээ сайтай 2 дугуйг нь обудын хамт запас дугуй болгосон мөн уг машины өөрийнх нь үндсэн запас дугуй байсан” гэж мэдүүлдэг ба ийм л авто машиныг А.О- хүлээлгэж өгсөн байдаг. Дээрх нөхцөл байдлыг хэн ч ямар ч нотлох баримтаар үгүйсгэж маргаагүй.

А.О- нь машиныг жолоочид хүлээлгэн өгснөөс хойш 1 сар 10 хоногийн хугацаанд машиныг эргүүлж авч байгаагүй, эд ангийг солиогүй, А.О-гийн хүсэл зоригоос гадуур хийгдсэн үйлдэл байж болзошгүй байхад нягтлан шалгаагүй юм. Мөн тээврийн хэрэгслийн ашиглалтаас шалтгаалан нэг дугуй таллаж элэгдэхээр нөхцөл үүсгэх хэмжээний замыг уг машин туулаагүй байна.

Гэтэл 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр буюу 1 сар гарангийн дараа осол болж үзлэг шинжилгээ хийхэд “...Автомашины зүүн хойд талын дугуйн хээ харилцан адилгүй таллаж элэгдэж, элэгдлийн хязгаарт хүрсэн болох нь илэрсэн бөгөөд тухайн автомашины дугуйг жолооч нар муутган сольсон байх магадлал өндөр байхад мөрдөн шалгах ажиллагаагаар бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоогоогүй байж Шүүхийн шийтгэх тогтоолд дээрх шинжээчийн дүгнэлт болон адилхан шүүгдэгчээр оролцож байгаа этгээдийн мэдүүлгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн .

Гэхдээ шүүгдэгч Д.С-ын ямар мэдүүлэг нь А.О-г яллах нотлох баримт болохыг заагаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Д.С-ын зүгээс харахад А.О-г буруутгасан ямар нэгэн мэдүүлэг өгөөгүй байна.

Иймд шүүгдэгч А.О-г “...Автомашины зүүн хойд талын дугуйн хээ харилцан адилгүй таллаж элэгдэж, элэгдлийн хязгаарт хүрсэн дугуйтай машинаар ажилд гаргасан гэж буруутгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ба ЭХХШТХ-ийн 39.6 дугаар зүйлийг зөрчсөн.

Дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд А.О- нь техникийн хувьд бүрэн шаардлага хангасан тээврийн хэрэгслийг иргэн Д.Ц-т хүлээлгэж өгч ажилд гаргасан байдаг тул Д.Ц-ын амь нас хохирсон үйлдэлд А.О-гийн зүгээс нөлөөлсөн гэм буруугийн шалтгаант холбоо байхгүй байна. Магадгүй осол гарсан өдөр ч замдаа дугуйгаа муутган сольсон байхыг үгүйсгэхгүй.

Харин осол гаргасан жолооч Д.С- гэм буруугаа зөвшөөрч, эрүүгийн хариуцлага хүлээсэн, хохирол төлбөрөө хуулийн дагуу төлж барагдуулсан, тохирох ял шийтгэл хүлээсэн байтал А.О-г давхар буруутгах үндэслэлгүй болно. Д.Ц-ын амь насыг 2 өөр үйлдлээр 2 хүн тус тусдаа болгоомжгүй хохироосон гэж 2 өөр зүйл хэсгээр буруутган ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулана, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн зарчмуудыг зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн нотлоогүй, ЭХХШТХ-ийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхээс "хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасныг баримталж нотлох баримтыг тал бүрээс нь магадлан шалгалгүйгээр ял оногдуулсан.

2. Мөн шүүхээс А.О-гийн үйлдэлд дүгнэлт хийхдээ:

Шүүгдэгч А.О- нь Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн “ажилтанд ажил үүрэг гүйцэтгэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хангах, хөдөлмөрийн нөхцөл, орчин бүрдүүлэх” үүргээ биелүүлээгүйгээс автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага МNS 4598:2011 улсын стандартын 5.14.3 дахь заалтын шаардлага хангаагүй техникийн хувьд дугуйн хээ элэгдсэн, нэг тэнхлэг дээрх дугуйн хээ зөрүүтэй, ажпын тормосны хойд ялтас /накладка/ элэгдэлтэй тээврийн хэрэгсэл ажилд гаргаснаас зам тээврийн осол гарч хүний амь нас хохироосон эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 220 дугаар зүйлийн 220.2-т заасан “бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасны улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

2015 оны Эрүүгийн хуульд “бүрэн биш тээврийн хэрэгсэл ажилд гаргах, жолоодох эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах” гэсэн зүйл анги байхгүй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн хүндрүүлсэн, эрх зүйн байдлыг дордуулсан зүйл хэсгээр ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг зөрчжээ.

Яллагдагч Д.С-, А.О- нарт холбогдох эрүүгийн 201509000606 дугаартай эрүүгийн хэрэг нь цаг хугацааны хувьд 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн байдаг.

2002 оны Эрүүгийн хуулиар “бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасны улмаас хүний амь нас хохирсон” гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байсан хэдий ч шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулинд дээрх зүйл ангид заасан гэмт хэрэг нэрлэн тусгагдаагүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус заасан байх ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулинд нэрлэн заагдаагүй гэмт хэрэгт хуулийг төсөөтэй хэрэглэж Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулж дээрх хуулийн заалтуудыг зөрчжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заагдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох зарчим тусгагдсанаар барахгүй Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэж заагаагүй гэмт хэрэгт хүнийг хууль бусаар холбогдуулан шалгах, түүнчлэн тухайн хуулийг төсөөтэй хэрэглэж хүний эрхийг зөрчихгүй байх талаар хуулийн ерөнхий үзэл санааг буулган зохицуулсан ерөнхий зохицуулалт байдаг.

Иймээс А.О-д Эрүугийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 264 дугаар шийтгэх тогтоолын А.О-д холбогдуулан ял оногдуулсан хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хүчингүй болгож,” Тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч А.О- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:

“...2015 оны 08 сарын 18-нд манай компанид мэргэжилтнээр ажилладаг Д.С- Дархан-уйл аймаг, Цайдам өртөөний нутагт манай компанийн туслах ажилтан Д.Ц-ын амь нас хохирсон. Энэ хэрэгт миний биеийг хиний амь насыг болгоомжгүйгээр хохироосон хэмээн буруутгасан. Энэ хэргийг хянан үзэж миний гэм буруугүйг тогтоож өгнө үү. Тухайн осол гарах үед би жолоочийн хамт Энэтхэг улсаас ирсэн мэргэжилтэн болон зөвлөхийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум руу ажлаар явж байсан” гэжээ.

Хохирогч Г.Д- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:

“...А.О-д оногдуулж буй ял шийтгэл нь хүүгээ алдсан ээж миний бие болон гурван дүү нар нь цаг үргэлж ахааараа дутаж, өдөр бүр түшиг тулгуур нь үгүйлэгдэж буй уй гашуу, хагацал зовлонгийн дэргэд харьцуулашгүй зүйл юм. Мөн А.О-гийн хувьд үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хүний амь нас эрсдүүлсэндээ ганц ч удаа харамсахгүй байгаа ба бидэнд учруулсан асар их гарз хохирлоос бидний нэхэмжилж буй бодит нөхөн төлбөр, гэм хорыг арилгах сэтгэл гаргахгүй байгаа нь нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байна гэж үзэж байна. Иймд тус шүүхээс А.О-гийн гэм буруутай үйлдэлд хөнгөн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Шүүхийн шатанд ажил явдлын болон ирэх буцах унааны, бусад зардалд нотлох баримтаар хавсарган бөгөөд үүнээс гадна нэхэмжилж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1-д заасан хүүгийн минь 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болох 16.200.000 төгрөг, Хөдөлмөрийн хуулийн 52, 53 дугаар зүйлд заасан илүү цагаар ажилласан хөлс 541.000 төгрөг, Иргэний хуулийн 508.1.4-д заасан 8 нас хүрээгүй дүүг нь асарсан 2 жил 10 сарын 15.300.000 төгрөг зэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүхээр хангах боломжгүй гэж үзэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүхээр нэхэмжлэл гарга хэмээн орхисон нь бүтэн 3 жил энэ хэргийг үнэн зөв шийдүүлэхээр гурван шатны шүүхээр олон дахин орж, маш их хохирол чирэгдэл амсаж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй хамт тус хохирол гомдлын нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсч байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна... А.О-д холбогдох хэсгийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж гомдол гаргасан. Улсын дээд шүүхийн хуралдаанд орсон прокурор “А.О-д холбогдох хэсгийг гэмт хэргийн шинжгүй байна” гэж үзсэн. А.О- хэрэг гарангуут хохирлыг төлсөн. Анхан шатны шүүх хуралдаанд мөн хохирлыг тогтооход шууд төлсөн. А.О-д ял тулгаж, ял шийтгэлийг хүндрүүлж оногдуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. А.О-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд тайлбартаа:

“Давж заалдах гомдлоо дэмжиж байна. 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “дугуйны хээ элэгдсэн, дугуй зөрүүтэй тавигдсан, тормоз бүрэн бус байсан” гэдэг. Энэ шинжээчийн дүгнэлтийг учир дутагдалтай байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.Д- тайлбартаа:

“Ажил явдал болон шүүхийн шатанд гарсан зардал болох 2.612.600 төгрөг төлөгдөөгүй байгаа. Цалингийн 36 сартай тэнцэх хэмжээний нөхөн олговор 16.500.000 төгрөг, талийгаачийн төрсөн дүүг харж байгаа тэтгэлэг 15.300.000 төгрөг, мөн миний хүү болох талийгаач бүтэн, хагассайн өдөр амралтгүй ажиллаж байсан 541.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг зэргийг нэхэмжилж байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

“Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэээр үлдээж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор Г.Яндаг гаргасан тайлбар дүгнэлтэндээ:

“...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.С-ыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Цайдмын хөндий” гэх газарт 2015 оны 8 дугаар сарын 18-ны орой 18 цагийн орчим DAIHATSU/НIJЕT маркийн 4781 УБО улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.3/Б "жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ", 9-р бүлгийн 9.3 "тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна"-т тус тус заасныг зөрчиж зам тээврийн осол гарган зорчигч Д.Ц-ын амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 /2002 оны/-т зааснаар, шүүгдэгч А.О-г компанийн үйл ажиллагаанд ашигладаг 4781 УБО улсын дугаартай НIJЕT маркийн тээврийн хэрэгслийг техникийн хувьд /автомашины хойд талын тэнхлэгт дугуйны хээ элэгдсэн, дугуйн хээ зөрүүлж тавьсан, ажлын тормосны хойд ялтас, накладка элэгдэлтэй/ бүрэн биш шаардлага, хангаагүй байхад ажилд гаргасны улмаас 2015 оны 8 дугаар сарын 18-ны орой зам тээврийн осол гарч зам тээврийн ослын улмаас иргэн Д.Ц-ын амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутай гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар, шүүгдэгч А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 220 дугаар зүйлийн 220.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж, Д.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан "автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь нас хохироосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан "хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь насыг хохироосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.О-г 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.О- болон түүний өмгөөлөгч нарын  “...шийтгэх тогтоолын А.О-д холбогдуулан ял оногдуулсан хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хүчингүй болгож,” тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх, хохирогч Г.Д-ын  “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй хамт тус хохирол гомдлын нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсч байна” гэх үндэслэлийн дагуу хэргийн материалыг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч Д.С-, А.О- нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Д-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч Г.Зоригтбаатар, З.Санчир, Б.Батмөнх нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10/07/025/068 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны0 6 дугаар сарын 02-ны өдрийн 2498 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Д.Ц-ыг туслах ажилтнаар 2015.07.05-ны өдрөөс эхлэн ажиллуулах тухай" Грейт Грийт Партнерс ХХК-ний захирлын 2015.07.09-ний 150709/3 албан тоот/, шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.С-, А.О- нарын үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, оногдуулсан ял шийтгэл нь үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх тооцоог нотлох баримтуудад үндэслэн зөв тооцож дүгнэлт хийсэн байх тул энэ үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд, М.Дэлгэрнасан, хохирогч Г.Д- нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 264 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд, М.Дэлгэрнасан, хохирогч Г.Д- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч А.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                    ШҮҮГЧИД                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                             Б.МАНЛАЙБААТАР