Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 01812

 

 

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2017/01812

 

“ИФББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01939 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ИФББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Г, Э.Өнарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 95 360 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 67-59 УНЯ улсын дугаартай Honda CR-V маркийн автомашиныг Э.Өгөөс гаргуулах, 88888488 дугаарын эзэмших эрхийг “ИФББСБ” ХХК-д шилжүүлэхийг Э.Өд даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“ИФББСБ” ХХК, Д.Г нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үр дагаврыг арилгуулах тухай Д.Гантулгын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.М

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 07 сард иргэн Э.Ө нь өөрийн танил н.Эрдэнэболдоор дамжуулан манай байгууллагаас 50 000 000 төгрөгийн зээлийг сарын 4%-ийн хүүтэй, 20 сарын хугацаатай Вьетнам засварын газар ажиллуулах төслийг санхүүжүүлэх зорилгоор олгохоор болсон.

Ингээд Д.Гтай 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ЗГ0820/1 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд мөн өдөр БГ0820/1 дугаартай барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 32 гудамж, 1723 тоот хаягт байрлах 147 м.кв талбайтай өмчлөлийн газар, мөн хаягт байршилтай 105.5 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.

Тухайн үед 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бэлэн мөнгө байхгүй тул наадмын дараа олгоё гэтэл Э.Өнь вьетнамууд орж ирэх учир мөнгийг олгож өгөөч гэсэн учир 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 5 000 000 төгрөг, 10 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг зээлийн газрын захирал Г.Батболдын Хаан банкны дансанд ББСБ-ын кассанд байсан бэлэн мөнгийг шилжүүлсэн байсныг Э.Өгийн данс руу шилжүүлсэн. 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ББСБ-ын данснаас 2 000 000 төгрөгийг Э.Өд дансаар шилжүүлсэн.

Мөн гэрээ байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 20-ны орой зээлийн үлдэгдэл 33 000 000 төгрөгийг Э.Өд бэлнээр хүлээлгэн өгсөн. Ийнхүү нийт зээл 50 000 000 төгрөгийг бизнесийн хамтрагчид болох Д.Г, Э.Өнарт бүрэн олгосон.

Гэвч Д.Г, Э.Өнар гэрээ байгуулсанаас хойш зээл болон хүүгийн төлөлт огт хийхгүй, гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Зээлийн хуваарь зөрчигдсөн учраас эргэн төлөлтийг хэвийн байдалд оруулах зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 он 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хуримтлагдсан 16 000 000 төгрөгийн өр төлбөрийг баталгаажуулж 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ160420/1 тоот Зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г Э.Өтэй бичгээр байгуулсан. Мөн Э.Өнь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 67-59 УНЯ улсын дугаартай НONDA СR-V маркийн автомашин, Юнителийн 88888488 дугаар эзэмших эрхийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан.

Д.Г, Э.Өнар вьетнам ажилчдаа гадаадаас авч, вьетнам засварын газраа ажиллуулж эхэлсэн ба засварын газрын орлогоос ЗГ0820/1 дугаартай Зээлийн гэрээний хүүнд 2016 оны 06 дугаар сарын 30-нд 2 000 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 09-нд 1 000 000 төгрөгийг, ЗГ160420/1 тоот Зээлийн гэрээний хүүнд 2016 оны 05 дугаар сарын 20-нд 800 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 22-нд 800 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 08, 09-нд 800 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 22-нд 800 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш дээрх гэрээнүүдийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт огт хийгдээгүй.

Иймд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ0820/1 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 17 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 600 000 төгрөг, нийт 73 600 000 төгрөгийг хариуцагч Д.Г, Э.Өнараас, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ160420/1 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 16 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 4 800 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 960 000 төгрөг, нийт 21 760 000 төгрөгийг хариуцагч Э.Өгөөс,

Дээрх зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 95 360 000 төгрөгийг Д.Г, Э.Өнараас гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгөөр ЗГ0820/1 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ФГ160420/1 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу “ИФББСБ” ХХК-ийн эзэмшилд шилжсэн 6759 УНЯ улсын дугаартай НONDA СR-V маркийн автомашиныг үүрэг хүлээгч Э.Өгөөс бодитойгоор гаргуулах, мөн дээрх гэрээний дагуу Юнителийн 88888488 дугаарыг эзэмших эрхийг “ИФББСБ” ХХК руу шилжүүлэхийг үүрэг хүлээгч Э.Өд даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:ИФББСБ” ХХК болон Д.Г нарын хооронд зээлийн гэрээ байгуулж, мөн өдөр Д.Гантулгын өөрийн өмчлөлийн газар, гарааш барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан байсан. Барьцааны гэрээг Д.Г өөрөө очиж Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, дээрх гэрээнүүдэд гарын үсэг зурсан боловч “ИФББСБ” ХХК-иас зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөг аваагүй.

Мөн Д.Г болон “ИФББСБ” ХХК-ийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд Э.Өгарын үсэг зурж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй учир тэрээр гэрээний дагуу түүний биелэлтийг хариуцах үүрэг хүлээхгүй юм.

Хэрэгт авагдсан баримтаар Г.Батболд гэдэг хүний Хаан банкны данснаас 17 000 000 төгрөгийг Э.Өгийн данс руу шилжүүлсэн байдаг. “ИФББСБ” ХХК нь 33.000.000 төгрөгийг Э.Өд хүлээлгэн өгсөн байдаг. Тийм учраас 17 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс Э.Өд шилжүүлсэн гэж үзэх боломжгүй. Үүнээс үзэхэд 17 000 000 төгрөг хэний өмч болох нь тодорхойгүй байна. Э.Өдээрх мөнгийг аваад засварын газарт зарцуулсан, бас эргэн төлөлт хийсэнтэй маргахгүй. Дээрх зээлийн гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг Д.Гд хүлээлгэж өгснөө нэхэмжлэгч нотолж чадахгүй байна гэж үзэж байна.

Иймд “ИФББСБ” ХХК, Д.Г нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу Д.Г нь мөнгө хүлээж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Д.Гантулгын зүгээс Э.Өд гэрээний дагуу мөнгийг хүлээн авах даалгавар өгөөгүй, түүнд өөрийгөө төлөөлөх итгэмжлэл олгоогүй байхад Э.Өд мөнгийг өгснөөр түүнтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг Д.Г, Э.Өнараас шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

“ИФББСБ” ХХК, Э.Өнарын хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

 “ИФББСБ” ХХК болон Э.Өнарын хооронд байгуулагдсан 16 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд дурьдагдсан зээлийн мөнгө нь “ИФББСБ” ХХК болон Д.Г нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй байсан зээлийн хуримтлагдсан хүүгийн мөнгө байсныг төлүүлэхээр хийгдсэн гэрээ байсан. Уг гэрээний дагуу 16 000 000 төгрөгийг Э.Өгийн өмчлөлд зээлийн гэрээний дагуу шилжүүлээгүй болно.

Түүнчлэн барьцааны гэрээгээр бусдын өмчлөлийн 67-59 УНЯ улсын дугаартай НONDA СR-V маркийн автомашин, Юнител ХХК-ийн өмчлөлийн 88888488 дугаарыг эзэмших эрхийг барьцаалсан, уг автомашин нь Буман дусал ББСБ-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, Юнителийн өмчлөлийн дугаарыг барьцаалах боломжгүй гэж үзэж байна.

Э.Өнь “ИФББСБ” ХХК-тай Иргэний хуулийн 281-282 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан зээлийн гэрээ байгуулаагүй учраас Э.Өгөөс зээлийн гэрээний төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн Э.Өнь “ИФББСБ” ХХК-иас 33 000 000 төгрөгийг хүлээн авсан, 17 000 000 төгрөг хэний өмчлөлийнх нь тодорхойгүй боловч хүлээн авсан 50 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байх бөгөөд үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Г нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “ИФББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан боловч зээлдүүлэгч нь зээлсэн мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Дээрх зээлийн гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул иргэн Д.Г, “ИФББСБ” ХХК-ийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

Уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үр дагаврыг арилгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.Г нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу мөнгөө бэлэн хүлээж авсан.

Гэрээ байгуулсан өдөр 33 000 000 төгрөгийг ирж авахыг Д.Гд утсаар мэдэгдэхэд тэрээр өөрөө Э.Өд өгөөд явуулчих гэснийх нь дагуу өгсөн. Үүнээс өмнө Д.Г, Э.Өнарын хүсэлтээр 17 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн.

Түүнчлэн Д.Г нь зээлийг зөвшөөрч зээлийн хүү төлж байсан нь баримтаар нотлогдоно. Түүний гарт нь мөнгийг өгч гарын үсэг зуруулаагүй, мөн түүний дансанд мөнгийг шилжүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруу боловч тэрээр зээл авах зорилгоо гарааш барих, түүнд зориулан тоног төхөөрөмж худалдан авах гэж байсан, үүнийхээ дагуу зээлийг уг зориулалтаар ашигласан болох нь тогтоогдсон.

Тухайн үед Э.Өгөөр зээлийн гэрээнд гарын үсэг зурахыг шаардахад тэрээр төрийн албан хаагч зохимжгүй гээд зураагүй юм. Д.Г, Э.Өнар дээрх засварын газар, гараашийг ажиллуулснаар 5 жилийн хугацаанд Э.Өашгийг нь авах, үүний эцэст Д.Гантулгынхаа өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Ийм зорилгоор зээлийг нэхэмжлэгчээс хүлээн авсан мөртлөө мөнгийг хүлээн аваагүй тул хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Э.Өгөөс 50.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ИФББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45.360.000 төгрөг гаргуулах болон хариуцагч Д.Гд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар үшйлийн 235.1-д тус тус зааснаар хариуцагч Д.Гантулгын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 32 гудамж, 1723 тоот хаягт байрлах 147 м.кв талбайтай өмчлөлийн газар, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 32 гудамж, 1723 тоот хаягт байршилтай 105.5 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

хариуцагч Э.Өгөөс 67-59 УНЯ улсын дугаартай НONDA СR-V маркийн автомашиныг бодитойгоор гаргуулах, Юнителийн 88888488 дугаарыг эзэмших эрхийг шилжүүлэхийг Э.Өд даалгах тухай нэхэмжлэгч “ИФББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т тус тус зааснаар “ИФББСБ” ХХК, Д.Г нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан №ЗГ/0820/1 тоот зээлийн гэрээ, мөн өдөр байгуулагдсан №БГ0820/1 тоот барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Э.Өгөөс улсын тэмдэгтийн хураамжид 457 950 төгрөг гаргуулан “ИФББСБ” ХХК-д, “ИФББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 407 950 төгрөг гаргуулан хариуцагч Д.Гд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 775 150 төгрөг, хариуцагч Д.Гантулгын сөрөг нэхэмлэлийн шаардлагад төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх зээлийг зарцуулж, ашигласан гэж үзсэн мөртлөө зээлдүүлэгч нь зээлийг зээлдэгчид бодитойгоор шилжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс авсан зээлийг хариуцагч нар вьетнам засварын газар ажиллуулах зорилгоор зарцуулсан тухай үйл баримт, эдгээрийг нотлох баримтад огт үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэг нь зээлдүүлэгч зээлээ бодитоор олгоогүй байхдаа зээл, эсхүл хүүг төлөхийг шаардахаас сэргийлэх зорилготой зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл зээлээ олгоогүй байж зээлдэгчээс урьдчилж хүү, алданги нэхэхээс зээлдэгчийн эрхийг хамгаалсан заалт билээ. Энэ ч үүднээс нэхэмжлэгч “ИФББСБ” ХХК-ийн хувьд анх 2015 оны 07 сарын эхээр зээлдэгчидтэй уулзаад зээл олгохоор болсон хэдий ч олгох зээлийн мөнгө байхгүй байсан тул урьдчилж хүү бодохгүйгээр зээлийн мөнгө бэлэн болсоны дараа буюу 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, тэр өдрөө зээлийг бүрэн олгосон байдаг. Ийнхүү нэхэмжлэгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг биелүүлсэн байтал шүүх зөрчсөн хэмээн үзсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ"-нд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэг хамаарч үйлчлэхгүй байтал шүүх уг заалтыг ББСБ-аас олгосон зээлийн гэрээнд хамаатуулж хэрэглээд зээлийг шилжүүлээгүй байна гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болохыг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хэдийгээр ЗГ160420/1 тоот зээлийн гэрээгээр зээл олгоогүй боловч Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь заалтын дагуу өмнө олгосон зээлийн хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үүргийг дахин зээл болгож сольсон нь хуульд бүрэн нийцэх билээ.

Гэтэл шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасныг үзэлгүй мөн л зээлийг зээлдэгчид олгоогүй тул зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй хэмээн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч Э.Өгөөс гаргуулах үндэслэл бүрдсэн байхад шүүх хүү, нэмэгдүүлсэн хүүг бодохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Мөн шүүх ЗГ160420/1 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр эсэх, байгуулагдсан эсэх талаар шүүхийн шийдвэртээ ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

Шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн мөртлөө 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ0820/1 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ160420/1 тоот зээлийн гэрээний алинаар ч хүү, нэмэгдүүлсэн хүүг бодоогүй хэргийг шийдвэрлэсэн байгаа нь шүүх хэргийн нөхцөл байдал, нотлох баримтыг дутуу үнэлж дүгнэсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч талаас "2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү" гэсэн нэг л шаардлагатай байхад шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, үр дагаврыг арилгуулах гэсэн 2 шаардлагыг өөрийн үзэмжээрээ нэмж зохиож, хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь хэсгийг баримтлан зээлийг данс нээж зээлдэгчид олгоогүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн байгааг нэхэмжлэгчийн зүгээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

"ИФББСБ" ХХК нь 50 000 000 төгрөгийн зээлийг зээлдэгч Д.Гд түүний бизнесийн хамтрагч болох Э.Өгөөр дамжуулан шилжүүлсэн нь зээлийг олгосон гэсэн үг. Гэтэл шүүх зээлийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл хэмээн дүгнэсэн нь өөрөө хууль бус байна. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр учраас барьцааны гэрээг мөн хүчин төгөлдөр гэж үзнэ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг баримтлан зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээр Иргэний хуулийн 56.1.1, 56.1.10 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцсон. Гэтэл байгуулагдаагүй зээлийн гэрээнд хүчин төгөлдөр эсэх тухай асуудал яригдахгүй тул шүүх хэрэв зээлийн гэрээг байгуулагдаагүй гэж үзсэн бол хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх ямар ч шаардлага байхгүй байсан. Гэтэл шүүх байгуулагдаагүй гэж дүгнэсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцсон байгаа нь хууль бус бөгөөд бодит байдалд нийцэхгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “ИФББСБ” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 17 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 600 000 төгрөг, нийт 73 600 000 төгрөгийг хариуцагч Д.Гас, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үрэгт үндсэн зээл 16 000 000 төгрөг, зээлийн хүү 4 800 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 960 000 төгрөг нийт 21 760 000 төрөгийг хариуцагч Э.Өгөөс тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, фидуцын гэрээний зүйл болох автомашины, юнителийн дугаар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, Д.Гтай 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

   Нэхэмжлэгч “ИФББСБ” ХХК болон хариуцагч Д.Г нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 50 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож зээлийн гэрээг бичгэээр, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Д.Гантулгын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх 32 гудамж,1723 тоот хаягт байрших 147 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрх, мөн хаягт байрших 105.5 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг барьцаалж барьцааны гэрээг бичгээр хэлбэрээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

                Зээлийн гэрээний зүйл болох 50 000 000 төгрөгийг хариуцагч Д.Г аваагүй гэж маргаж байгаа боловч “ИФББСБ” ХХК-ийн зээлийн газрын захирал Г.Батболдын данснаас Э.Өд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 15 000 000 төгрөг, “ИФББСБ” ХХК-ийн данснаас 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр  2 000 000 төгрөг, нийт 17 000 000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үлдсэн 33 000 000 төгрөгийг Э.Өд шилжүүлсэн ба уг мөнгөн хөрөнгийг хариуцагч нар авч ашигласан нь хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх 186 дугаар тал/-аар тогтоогдсон.

 

            Иймд зээлдэгч Д.Гантулгыг зээлийн гэрээний зүйл болох 50 000 000 төгрөгийг авсан тул тэрээр гэрээнд заасан үүргийг гүйцэтгэх үүрэгтэй гэж дүгнэж Д.Гас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү /нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлагдаж / 17 000 000 төгрөг, нийт 67 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

            Иймд хүчин төгөлдөр гэрээг мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүрэг биелүүлээгүй гэж дүгнэж хүчин төгөлдөр бусд тооцож, үр дагаврыг барьцааны гэрээ гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох замаар зөвтгөх нь зүйтэй байна.

 

            ЗГ0820/1 тоот зээлийн гэрээний 3.1.6 дахь хэсэгт “зээлийн нэмэгдүүлсэн хүү /алданги/ 0.5% хоногийн” гэж тохирсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийг нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 6 600 000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч “ИФББСБ” ХХК болон Д.Г нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчинтэй байх бөгөөд барьцаагаар хангагдах үндсэн үүрэг гүйцэтгэгдээгүй тохиолдолд барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу, уг алдааг залруулах боломжтой байна.

           

            Нэхэмжлэгч “ИФББСБ” ХХК болон хариуцагч Э.Өнарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан 16 000 000 төгрөгийн зээлийн гэрээний зүйл болох 16 000 000 төгрөгийг Э.Өд зээлдэгч байгууллага нь шилжүүлж өгөөгүй байна. Нэхэмжлэгч нь 16 000 000 төгрөгийг Д.Гтай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй зээлийн хүүг төлүүлэхээр үүрэг сольж зээлийн гэрээг Э.Өтэй байгуулсан гэх тайлбарыг үндэслэлгүй болжээ гэж дүгнэв. Учир нь нэхэмжлэгч нь Д.Гтай бйагуулсан зээлийн гэрээний зээлдэгчээр Э.Өоролцоогүй тул уг гэрээний тал болохгүй юм. Иймд үндсэн 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хүү төлөх үүрэг Э.Өд байхгүй тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан өмнөх үүргийг солихоор талууд тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл нэг үүргийг нөгөө үүргээр солих гэрээний талууд нь зөвхөн “ИФББСБ” ХХК болон Д.Г нар юм.

 

            Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлж өгөөгүй зээлийг Э.Өгөөс шаардах эрхгүй байна.

 

            Фидуцын гэрээний үүрэг нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үүрэгтэй салшгүй бөгөөд үндсэн үүрэг үүсээгүй тохиолдолд фидуцийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй юм.

 

Иймд хариуцагч Э.Өд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Д.Г, Э.Өнарын хооронд хамтран ажиллах, дундын хөрөнгө болон бусад маргаантай асуудалд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01939 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Гас зээлийн гэрээний үүрэгт 67 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ИФББСБ” ХХК-д олгож, Д.Гд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 600 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 253 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Э.Өд холбогдох зээлийн гэрээний үүрэгрт 21 760 000 төгрөг гаргуулах, 67 59 УНЯ дугаартай “Хонда Си Ар Ви” маркийн автомашиныг гаргуулах, Юнителийн 8888 8488 дугаарыг эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгуулах тухай “ИФББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар үйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Г нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх 32 гудамж,1723 тоот хаягт оршин байх, эрхийн улсын бүртгэлийн Г-2204011788 дугаарт бүртгэгдсэн 147 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт оршин байх, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204072880 дугаарт бүртгэгдсэн 105.5 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.” гэж,

3 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч “ИФББСБ” ХХК болон хариуцагч Д.Г нарын хооронд байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ0820/01 тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, үр дагаврыг арилгуулах хариуцагч Д.Гантулгын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

4 дэх заалтыг “Э.Өгөөс улсын тэмдэгтийн хураамжид 457 950 төгрөг гаргуулж” гэснийг “Д.Гас улсын тэмдэгтийн хураамжид 492 950 төгрөг гаргуулж” гэж өөрчилж “ИФББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 407 950  төгрөг гаргуулж хариуцагч Д.Гд олгож” гэснийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “ИФББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА

 

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА