Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00880

 

Г.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 157/ШШ2018/00162 дугаар шийдвэр,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 226/МА2019/0001 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Г.Б-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Г-од холбогдох,

3 225 950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтунгалангийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Б- нь Д.Г-од 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дансаар 300 000 төгрөгийг, 2009 оны 4 дүгээр сард бэлнээр 3 500 000 төгрөгийг зээлдүүлсэн. Д.Г- нь 2 500 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 1 300 000 төгрөгөөр надтай хамтарч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт хувиараа жонш олборлоод олсон ашгаас барагдуулахаар харилцан тохирсон.

Хамтран ажилласнаас хойш үлдэгдэл зээлээс төлөгдсөөр байгаад 699 950 төгрөг үлдсэн. 2009 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Д.Г- Г.Б-тай уулзаад Бэрхийн Хөлийн холбоо гэх газарт очиж жонш олборлоё гэхээр нь зөвшөөрч бэлнээр 500 000 төгрөг, түлш тосны мөнгө 185 000 төгрөг, хоол хүнсний мөнгө 85 000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэтэл Д.Г- нь Бэрхийн Хөлийн холбоо гэх газарт очилгүйгээр Баян-Адарга сумын нутаг дэвсгэрт хууль бусаар жонш олборлож байгаад баригдаж 850 000 төгрөгөөр торгуулсан гэж утсаар яриад байхаар нь 850 000 төгрөгийг зээлдүүлсэн. Мөн баригдах үедээ Г.Б-ы нэрийг барьж миний утасны дугаарыг өгснөөс болж Баян-Адарга сум руу 450 000 төгрөгийн зардал гаргаж явсан. Д.Г- нь Баян-Адарга сумаас жонш ачиж ирэхдээ тээврийн хөлсний урьчилгаа мөнгө гэж 50 000 төгрөгийг, өөрийн найз Энх-Амгаланд 50 000 төгрөгийг Г.Б-гаас авч өгсөн.

...2014 оны 5 дугаар сард очиж уулзахад хэл амаар доромжилж надтай муудалцаад машины тамхины асаагуурт хийдэг USB хамгаалагч, intelligent nayigation audio system маркийн хөгжим зэргийг эвдэж, машиныг хонхойлгож 386 000 төгрөгийн хохирол учруулсан. Д.Г-ын дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дуусч гэх үндэслэлээр хэргийг хаасан. Д.Г- нь 2008 оноос хойш зээлсэн мөнгө болон бидэнд учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй тул түүнээс 3 225 950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

2008-2009 онуудад Г.Б-тай хамтран жонш олборлож, худалдан борлуулах ажлыг хийж байсан. Тухайн үед өөрсдийн бололцоогоор хамтран ажиллаж, олсон ашгаасаа тухайн мөнгөө гаргаж авдаг байсан. Энэ нь Г.Б-гаас мөнгө зээлсэн асуудал биш юм. 

2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Г.Б- 300 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн гэдэг нь худал. Мөн Г.Б- надтай уулзаад Баян-Адарга сумын Батын булаг гэдэг газарт жонш сайн гарч байна. Би холбогдох хүмүүстэй нь утсаар ярьсан, чи ажилчдаа аваад очиж ажилла гэсний дагуу Д.Гэрэлтнаран, С.Чулуунбаатар, Д.Бат-Оргодол гэдэг хүмүүсийн хамт тус газарт очиж ажиллаж байгаад Баян-Адарга сумын эрх бүхий хүмүүст баригдаж, 850 000 төгрөгөөр торгуулж, 150 000 төгрөгийг манай эхнэр Д.Эрдэнэжаргал, 700 000 төгрөгийг Г.Б- төлсөн. Г.Б- надад өөрийн газар мэтээр буруу мэдээлэл өгч, очиж ажиллахыг шаардсаны дагуу тэнд ажилласан. Г.Б-гаас 770 000 төгрөг аваагүй. Баян-Адарга сум руу явж 450 000 төгрөгийн зардал гаргасан гэж нэхэмжилж байгаа нь надад хамааралгүй тул би төлөхгүй. Энх-Амгалан цагдаад шилжүүлсэн 50 000 төгрөгийг надаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна, мөн тээврийн хөлсний урьдчилгаа гэж Г.Б-аас 50 000 төгрөгийг аваагүй энэ талаар мэдэхгүй байна. 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Г.Б- бид хоёр мөнгө төгрөгийг асуудлаас болж муудалцаж, нэг нэгнийхээ бие махбодод хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд тус үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад прокуророос 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 73 дугаар тогтоол гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Хэргийг шалгаж байх хугацаанд намайг Г.Б-ы эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн зүйл тогтоогдоогүй бөгөөд тийм зүйл болоогүй юм. Г.Б-гийн зүгээс намайг болон миний гэр бүлийн хүн рүү дайрч давшилсан, гүтгэсэн зүйл харагдаж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 157/ШШ2018/00162 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх тус тус зааснаар нэхэмжлэгч Хошууд овогт Ганхүүгийн Б-гийн хариуцагч Боржигон овогт Дашзэвэгийн Г-оос нэхэмжилсэн 3255950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 226/МА2019/0001 дүгээр магадлалаар Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 сарын 14 ний өдрийн 157/ШШ2018/00162 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б-ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 67045 /жаран долоон мянга дөчин таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг мөнгө нэхэмжлэх эрхтэй боловч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзсэн боловч нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацааг хэдий үеэс эхлэн тооцож байгаа талаар дүгнээгүй.

Давж заалдах шатны шүүх шаардлага гаргах хугацааг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн сум дундын прокурорын тогтоол гарсан өдрөөр тооцсон бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэлх өдөр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заагдсан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа нь нэхэмжлэлийг хянан хэлэлцэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна гэж үзсэн.

...нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан эд зүйлсийн шаардлагын талаар шүүх үнэлж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчин 386 000 төгрөгийн эд зүйлсийн үнэлгээ хийгдэж талууд зөвшөөрсөн байгааг анхаарч үзэлгүй “...хохирсон гэдэг нь тогтоогдоогүй ...” гэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн.

... Шүүх хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэхдээ Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсгийг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Д.Г-оос зээлийн болон гэм хор, хохирол учруулсны төлбөрт 3 225 950 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч Д.Г- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, хохирол учруулаагүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрүүлсэн гэж үзсэн байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу  хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь ерөнхий болон тусгай гэж ангилагддаг. Хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байдаг бол хөөн хэлэлцэх тусгай хугацаа нь талуудын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэнээс хамаардаг байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хэд хэдэн шаардлага гаргаж байгаа бол уг шаардлагад хамаарах хөөн хэлэлцэх хугацаа өөр байж болно. Тухайлбал, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар гэрээний  үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг бол 75.2.4.-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байдаг.

Энэ утгаар нэхэмжлэгч Г.Б-ы нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг зөв тодорхойлсноор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжтой.

Нөгөө талаар Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хөөн хугацааг тоолох журам зохицуулагдсан байна. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг. Зохигчийн хооронд үүссэн маргаанд эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэл нь ойлгомжгүй байна.

Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах, эсэхийг шийдвэрлэж байгаа шүүх хөөн хэлэлцэх хугацаа зогсох, эсхүл тасалдах үндэслэл байсан эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3.-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолж, үлдсэн хугацаа гурван сараас бага бол гурван сар хүртэл, хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сараас бага бол үлдсэн хөөн хэлэлцэх хугацаагаар тус тус сунгадаг байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7.-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолдог болно.

Түүнчлэн, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4.-т зааснаар шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болдог байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа бол эрх зүйн дээрх асуудлаар зайлшгүй дүгнэлт хийх ёстой ба ийнхүү дүгнэлт хийхийн тулд талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцсэн байх учиртай. Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хөөн хэлэлцэх хугацааны талаар эцэслэн дүгнэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 157/ШШ2018/00162 дугаар шийдвэр, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 226/МА2019/0001 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 67 045 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН