Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02116

 

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02116

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, горькийн 5 дугаар гудамж, 126 тоотод оршин суух, Боржигон овогт Дашдэмбэрэлийн Хишигт /РД:чл77092498/-ээс 150,000 төгрөг гаргуулахыг хүссэн “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Хишигт нь манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1136123 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Д.Хишигт одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 100,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Д.Хишигтээс төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 100,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 836 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 50,000 төгрөг буюу нийт 150,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож  өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Д.Хишигт төхөөрөмжийн үнэ 150,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэвч хариуцагч Д.Хишигт 100,000 төгрөгийг төлж барагдуулсан тул алданги 50,000 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь Д.Хишигтэд холбогдуулж 150,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Хишигт нь “Жи мобайл” ХХК-д 100,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргалаас нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу алданги 50,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох  150,000 төгрөгийн 100,000 төгрөгийг хариуцагч Д.Хишигт төлсөн ба үлдэх 50,000 төгрөгт холбогдох хэсгээс нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,275 төгрөгийг улсын орлогоос, 2,275 төгрөгийг хариуцагч Д.Хишигтээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                         Н.ХАНГАЛ