Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
Хэргийн индекс | 187/2022/0031/Э |
Дугаар | 2022/ШЦТ/43 |
Огноо | 2022-01-12 |
Зүйл хэсэг | 27.10.3., |
Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/43
2022 01 12 2022/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Н.Уранбайгаль,
шүүгдэгч Э.Г ,түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Э.Г эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103002540340 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт ........ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Э.Г /РД:аа0000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 21 цаг 15 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Сансар” худалдааны төвийн урд замд “Гуртын тавилан ЗГБХ” нөхөрлөлийн эзэмшлийн “Хонда” маркийн “Инсайт” загварын :..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ц ыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
“-Талийгаач Ц.Ц ын цогцост тархины битүү гэмтэл, их, бага тархины алзан хальсан доорх тархмал цус харвал, дотор эрхтнүүдийн доргилт, баруун уушгины доод дэлбэнгийн цус хуралт, дотор эрхтний доргилт, сээрний нугалам болон гол судас дагуух зөөлөн эдийн цус хуралт, толгойн хуйхан доорх зүүн чамархай хэсгийн цус хуралт, зүүн чамархайн хуйханд шарх, хэвлийн зүүн хажуу доод хэсэг, зүүн шилбэний урд дунд хэсэгт цус хуралт, хэвлийд хүйсний зүүн тал, зүүн бугалганы ар дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед автомашинд мөргүүлснээс үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай.
-Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
-Талийгаач нь тархины битүү гэмтэл, их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дэх тал)
7. Автотээврийн үндэсний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 191 дугаартай:
-Honda маркийн Insight загварын 8738УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна.
-Уг тээврийн хэрэгсэл нь урд салхины шил зүүн талын доод булангаас их хэмжээтэй хагарч цацарсан, урд буферын баруун талын түгжээ салсан, копуд зүүн урд хэсэгтээ хонхойсон, зэрэг гэмтэл зөрчилтэй стандартын шаардлага хангахгүй байна. Мөн урд их гэрлийн тусгалыг шалгаж үзэхэд зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 1100 cd (стандарт 10000-225000 сd), баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5500 cd (стандарт 10000-225000 сd) ойрын гэрлийн тусгалууд стандартын шаардлага хангахгүй, зүүн урд гэрлийн шил хагарсан мөн сууриараа гажилт үүссэн байна.
-Энэхүү тээврийн хэрэгслийн урд салхины шил зүүн талын доод булангаас их хэмжээтэй хагарч цацарсан, урд буферын баруун талын түгжээ салсан, копуд зүүн урд хэсэгтээ хонхойсон, мөн ойрын гэрлийн тусгалууд стандартын шаардлага хангахгүй, зүүн урд гэрлийн шил хагарсан мөн сууриараа гажилт үүссэн зэрэг гэмтэл зөрчилтэй стандартын шаардлага хангахгүй байгаа уг зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой болно.
-Энэхүү тээврийн хэрэгсэл нь цахилгаан буюу шингэн дамжуулгатай, АВS тоормосны системтэй, тоормос бүрэн ажиллаж байна.
-Тээврийн хэрэгслийн тоормосны систем нь цахилгаан, шингэн дамжуулгатай, АВS системтэй ба тоормос гишгэх үед тоормосны мөр замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн хурд, тоормосны дөрөөн дээр гишгэх байдлаас хамаарч тасалдсан мөр зам дээр үүснэ” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 75-76 дахь тал)
8. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн:
“-Хонда Инсайт маркийн :..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Энэбишийн Гансүх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
-Явган зорчигч Цэрэндоржийн Цэдэнбал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно а үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 80-81 дэх тал)
9. Жолоочийн мэдээлэл лавлагааны хуудас (хавтаст хэргийн 95 дахь тал)
10. “Гуртын тавилан” ЗГБХН-с ирүүлсэн: “...тус байгууллагын нэр дээр байгаа :..... улсын дугаартай Хонда Инсайт маркийн авто машины иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар Э.Г төлөөлөн оролцох болно” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 114 дэх тал)
11. Шүүгдэгч Э.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед би хүнсний нэгийн ойролцоо нэрийг мэдэхгүй барилга дээр ажилладаг байсан юм. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 20 цагийн үед ажлаа тараад Гуртын тавилан ББСБ-ын нэр дээр зээлтэй байдаг Хонда Инсайт маркийн :..... улсын дугаартай автомашиныг жолоодоод гэртээ харихаар явсан Тэгээд 21 цагийн үед Яармагийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй замын 3 дугаар эгнээгээр явж байх утасны цэнэг дуусч байгаа дохио өгсөн. Тэгэхээр нь утасныхаа цэнэглэгчийг авах гээд доош тонгойж цэнэглэгчээ аваад урагшаа харах үед явган хүн миний жолоодож явсан автомашины жолоочийн эсрэг талын урд гэрэл хавьцаа мөргүүлээд зам дээр унасан. Би тухайн хүнийг мөргөсний дараа тоормос гишгэж машинаа зогсоогоод нөгөө мөргүүлсэн хүн дээр очоод мөр дээрээс нь татаад босгох гэсэн боловч хөдлөхгүй байсан тэгэхээр нь шууд өөрийн утас болох 96011114 дугаараас эхлээд 103-т дуудлага өгөөд дараа нь 102-т дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дахь тал)
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 94 дэх тал), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 97-101 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 103 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 104 дэх тал), бусдад төлөх төлбөргүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 105 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 106 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирол, хор уршигтай холбоотой гаргаж өгсөн 38 ширхэг, нийт 17.801.390 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 117-143 дахь тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 21 цаг 15 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Сансар” худалдааны төвийн урд замд “Гуртын тавилан ЗГБХ” нөхөрлөлийн эзэмшлийн “Хонда” маркийн “Инсайт” загварын :..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ц ыг мөргөж, хүний амь нас хохироосон үйл баримт тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөний улмаас хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтэл учирсан байх обьектив болон субъектив талын шинжийг хангахыг шаарддаг.
Харин уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан.
Дээрх гэмт хэргийн болгоомжгүй гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.”гэж тодорхойлсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл хавтаст хэрэгт авагдсан жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 95 дахь тал)-ээс харахад шүүгдэгч Э.Г нь 2011 оноос хойш жолоо барьсан буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг мэдэж байжээ.
Мөн шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...21 цагийн үед Яармагийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй замын 3 дугаар эгнээгээр явж байх утасны цэнэг дуусч байгаа дохио өгсөн. Тэгэхээр нь утасныхаа цэнэглэгчийг авах гээд доош тонгойж цэнэглэгчээ аваад урагшаа харах үед явган хүн миний жолоодож явсан автомашины жолоочийн эсрэг талын урд гэрэл хавьцаа мөргүүлээд зам дээр унасан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дахь тал)-ээс дүгнэхэд тэрээр жолоо барьж байхдаа доош тонгойж цэнэглэгч авсан буюу замын хөдөлгөөнд осолтой байдал бий болгох нөхцөл байдал үүсгэсэн байна.
Өөрөөр хэлбэл тэрээр тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа осол гаргаж болох үйлдэл, нөхцөл байдал бий болгож болохгүй гэдгийг мэдсэн хэдий ч осол гаргахгүй байна гэж хөнгөмсгөөр найдсаны улмаас автомашинаар хүн мөргөж, амь насыг нь хохироосон болох нь тогтоогдлоо.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь замын хөдөлгөөний дүрмийг мэдсэн буюу замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаа нь ухамсартай үйлдэл хэдий ч хохирол хор уршиг буюу хүний амь нас хохироох үйлдлийг зориуд хийгээгүй тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд шүүгдэгч Э.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.
Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол, хор уршигтай холбоотой гаргаж өгсөн 38 ширхэг, нийт 17.801.390 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 117-143 дахь тал) гаргаж өгчээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 20.000.000 /хорин сая/ төгрөг төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А ийн бичгээр гаргасан “...20 сая төгрөг хүлээн авсан. Өөр нэхэмжлэх хохиролгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлага буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүдэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, шүүгдэгчийн хувийн байдал /...33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Г ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зохимжтой гэж үзлээ.
Харин шүүгдэгч Э.Г ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Э.Г ийн В ангиллын 691710 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж шийдвэрлэв.
Э.Г эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР