| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02532/И |
| Дугаар | 102/ШШ2017/02115 |
| Огноо | 2017-07-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2017/02115
| 2017 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2017/02115 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, горькийн 4 дүгээр гудамж, 75б тоотод оршин суух, Боржигон овогт Баатарчулууны Насаа /РД:ти86030801/-д холбогдох, гэрээний үүрэгт 240,000 төгрөг гаргуулахыг хүссэн “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Насаа нь манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1136132 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Б.Насаа нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 160,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Б.Насаагаас “Төхөөрөмжийн зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 160,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 926 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 80,000 төгрөг буюу нийт 240,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Насаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч 240,000 төгрөгийн нэхэмжилж байгаа бөгөөд үндсэн төлбөр болох 160,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулна. Харин алданги болох 80,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 240,000 төгрөгөөс алданги болох 80,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 160,000 төгрөг болгож багасгав. Хариуцагчийн 160,000 төгрөг төлөх хугацаа болох 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь Б.Насаад холбогдуулж 240,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал нэхэмжлэлийн шаардлага болох 240,000 төгрөгийн 80,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч Б.Насаагийн “үндсэн төлбөр 160,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулна” гэснийг зөвшөөрсөн болох талуудаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбаруудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 240,000 төгрөгийн 80,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч Б.Насаа үлдэх 160,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 2,725 төгрөгийг улсын орлогоос, 2,725 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ХАНГАЛ