Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01989

 

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01989

Улаанбаатар хот

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу -3/9, өөрийн байранд оршин байх, “Жи мобайл” ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж 20 дугаар байр, 89 тоотод оршин суух, Их мэргэд овогт Энэбишийн Ганбат /РД:рэ81052218/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 270,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Ганбат нь манай компанитай 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1164916 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Э.Ганбат нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 180,000 төгрөгний үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Э.Ганбатаас “Төхөөрөмжийн зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 840 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 90,000 төгрөг буюу нийт 270,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Ганбат шүүхэд гаргасан тайлбартаа: Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч 270,000 төгрөгөөс үндсэн төлбөр болох 180,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлж барагдуулахаар байна. Миний хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Ганбатын хүсэлттэй танилцав. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 270,000 төгрөгөөс алданги 90,000 төгрөгөөс татгалзаж нэхэмжлэлийн шаардлага 180,000 төгрөг болж багасгав. Хариуцагчийн 180,000 төгрөг төлөх хугацаа болох 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь Э.Ганбатад холбогдуулж 270,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргалаас нэхэмжлэлийн шаардлагын 90,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч Э.Ганбат нь үлдэх 180,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 12-ны дотор нэхэмжлэгчид төлж барагдуулна гэжээ. 

 

Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 90,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч Э.Ганбат нь үлдэх 180,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 12-ны дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 3,025 төгрөгийг улсын орлогоос, 3,025 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                             ШҮҮГЧ                                         Н.ХАНГАЛ