Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 

 

 

 

 

 

 

 

    2022        01           17                                      2022/ШЦТ/51

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Д.Нямдэлэг /томилолтоор/,

шүүгдэгч Г.И нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.И ад холбогдох эрүүгийн 2110000001109 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, Абу хүнсний дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Бб  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г.И  /РД:аа0000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.И нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Абу” хүнсний дэлгүүрийн гадна Ж.у ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Абу” хүнсний дэлгүүр дотор хохирогч Б.О той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар архины шилээр толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг хамааруулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Г.И ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  2. Хохирогч Ж.у ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.... Би 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед найз Батхүүтэй уулзаад ӨӨӨтоотод байх “Мах, ногооны бөөний худалдаа” дэлгүүрийнхээ арын өрөөнд 9 ширхэг шилтэй пиво хувааж ууж байгаад орой 21 цагийн үед дэлгүүрээсээ гараад явсан. Тэгээд яг манай дэлгүүрийн өөдөөс харсан “Абу” худалдааны төв рүү пиво авах гээд алхаж байтал “Абу” дэлгүүрийн эзэн болох Г тэй тааралдаад “сайн уу, юу байна даа” гээд юм ярьж байгаад бид хоёр салаад явсан Тэгсэн манай найз Батхүү яг миний араас явж байж таараад Г гийн грашны хаалга нь онгорхой байсан юм шиг байсан тэгсэн Батхүү Г г оруулахгүй байсан юм шиг байна лээ би эргэж хартал Г  нь уурлаад Батхүүг газарт унагаснаа өшиглөөд байсан. Тэгэхээр нь би яваад очтол Г гийн хүргэн гэх залуу над дээр ирэхээр нь би “та нар яаж байгаа юм бэ чи зүгээр надтай гар барилдчих” гээд грашны үүдэнд байсан хэдээс холдоод гар барилдахад би дийлсэн юм. Ингээд Г гийн хүргэн бид хоёр буцаад нөгөө хэд дээр очиход манай найз Батхүүг 3-4 залуу зодоод байхаар нь би та нар яаж байна аа гэсэн чинь Г гийн хүргэн гэх залуу миний цамцнаас татаад намайг газарт унагаагаад нүүрний баруун зүүн хацар, нүд, зүүн хамар хэсэгт хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөөд байсан. Дараа нь гэдэс, нуруу хэсэгт хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд би босож ирэхэд Г  нь хүрч ирээд одоо боль гээд болиулсан. Тэгээд би Г тэй өөрийн дэлгүүрийн тийшээ зам хөндлөн гараад зогсоолд байсан машины хажууд зогсож байгаад юм ярьж байтал хэл амаар доромжлохоор нь би Г г заамдаад автал хүүхдүүдээ гээд дуудсан тэгсэн хүүхдүүд нь ирээд намайг цохисон байна лээ. Намайг яг хэн цохьсныг би сайн санахгүй мэдэхгүй байна. Хяналтын камерын бичлэг дээр маш муу харагдаж байна лээ....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 89-91 дэх тал)
  3. Хохирогч Б.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд тухай дэлгүүрт захиалсан бараануудаа өгөөд гарах гэтэл тухайн дэлгүүр хариуцаж байсан нэг үл таних эгч байсан бөгөөд тухайн эгч энэ сүүнүүдээ хөргөгчинд өрж тавьсангүй танайхаас бусад газрууд өрж тавьдаг гэж хэлсэн. Тэгээд би тухайн эгчид би ажил ихтэй яараад байна гэж хэлтэл кассан дээр байсан залуу буюу тухайн эгчийн хүүхэд нь над руу хэл амаар доромжлоод хэрүүл өдөөд байсан. Тэгээд тухайн залуутай хэрэлдээд дэлгүүрээс нь гарах гэтэл миний араас савтай ундаа миний нуруу хэсэгт шидсэн. Тэгээд би дэлгүүрээс нь гараад Төгөлдөрт хэлээд бид хоёр буцаад тухайн дэлгүүр лүү ороход дахиад хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгээд тухайн үед дахиад хэрүүл болж намайг үйлдлээр өдөөд хоолой боогоод гар утсаараа нүүр хэсэгт цохиод байсан. Тэгээд миний уур хүрээд би тухайн үл таних залуутай барилцаж аваад байж байтал Төгөлдөрийг өшиглөхөөр нь Төгөлдөр буцаагаад тухайн залууг цохиод автал тухайн залуу кассан дээрээ байсан архийг барьж аваад миний зүүн чихний дээд хэсэгт тухайн архиар цохисон ...”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал)
  4. Гэрч Ж.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн орой 17 цагийн үед У  гэх найзтайгаа Нисэхэд байх ажлын байран дээр нь уулзаад “Касс”, “Хайникэн”, “Тайгэр” гэх нэртэй пивонуудаас нийт 9 ширхэгийг хувааж уучихаад орой 22 цагийн үед ажлаас нь гараад замын эсрэг талд байрлах “Абу” худалдааны төв рүү алхсан. Тэгсэн “Абу” худалдааны төвийн эзэн болох Г  гэх залуу нь манай найз У тай муудалцаад байх шиг байхаар нь би болиулах гээд очтол намайг эрүү рүү нэг удаа хүчтэй цохиход би газарт унасан. Тэгээд би босох гэтэл босож чадахгүй хэцүү байсан бөгөөд арай хийж боссон. Би унахдаа яг яаж унаснаа санахгүй байна ямар ч байсан доошоо харсан байдалтай гэнэт ухаан орсон. Тэгсэн миний зүс таних нэг залуу миний эд зүйлсийг газраас цуглуулчихсан надад өгсөн. Тэр залуу намайг замын хажууд ухаангүй байхад олсон гэж хэлж байсан. Би тэр залуугийн нэрийг нь санахгүй байна зүс танина. Тухайн үед Г гийн эхнэр нь гэх эмэгтэй намайг нөхрийг нь граш руу оруулахгүй хаалгыг нь хааж зогсчихоод байсан гэж хэлж байсан. Би тэрийгээ санахгүй байгаа юм        ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 95-96 дахь тал)
  5. Гэрч Н.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“... Тэгэхээр нь би гүйж очижтэр хоёрыг салгаад буцаж гражийн үүдэнд ирэхэд араас ирээд намайг заамдаад, заамдсан гараараа цээж рүү цохиж байсан. У  надаас салахгүй болохоор нь би малгайтай цамцнаас нь дээш татаж байгаад дугтарч өвдгөөр нь газарт унагаасан. Тэгээд удалгүй бид хоёр салсан...” гэсэн (хавтаст хэргийн 97-98 дахь тал)
  6. Гэрч А.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тэгээд тухайн үед Идэрбатын ээж болох Цэенд эм уулгаад хальт болсон асуудлыг хартал Идэрбат тухайн залуучуудтай зодолдоод эхэлсэн. Тэгээд Идэрбат тухайн үл таних 2 залуутай зодолдож байхыг харсан. Тухайн нэг залуугийнх нь толгой хэсэгт нь Идэрбат шилээр цохьсон байдалтай байсан. Тэгээд тухайн үед ямар шалтгаанаас болж зодолдсон гэдгийг нь би сайн мэдэхгүй байсан. Нэг л мэдэхэд Идэрбат 2 залуутай зодолдоод байх шиг байсан. ..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал)
  7. Гэрч Н.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд тухайн Хөх тэнгэр нэртэй хүнсний дэлгүүрт барааг нь өгөөд араас нь ортол О  тухайн Абу дэлгүүрийн худалдагч залуутай хэрэлдээд зогсож байсан. Тэгээд тухайн дэлгүүрт нь болиулах гээд байж байтал намайг тухайн залуу хэл амаар доромжлоод байсан. Тэгээд манай жолооч О той барилцаж аваад байж байхаар нь би дундуур нь ороод салгасан боловч намайг тухайн залуу түлхээд байхаар нь би буцаагаад түлхсэн. Тэгээд дэлгүүрийн залуу миний зүүн хөл рүү өшиглөхөөр нь би буцаагаад түлхсэн чинь дундуур тухайн залуугийн ээж нь орж ирээд хальтраад унасан. Тэгээд тухайн залуу кассан дээр байсан “Хараа 0.33 литр” хэмжээтэй архины шилээр О ын толгой хэсэгт цохисон. Би тухайн залууг түлхээд явтал миний толгойн арын хэсэгт тухайн барьж байсан архины шилээрээ цохиод авсан. Тухйн залуутай барилцаж аваад газарт унахад тухайн архины шилээрээ миний зүүн талын хөмсөг хэсэгт дахиад цохиод авсан. ..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 105 дахь тал)
  8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10627 дугаартай:

“-Б.О ын биед тархи доргилт, зүүн чамархай хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9868 дугаартай:

“-Ж.у ын биед зүүн чамархайн урд хэсэг, шанаа, хацрын төвгөр, нүдний дээд зовхи хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний гадна булан, зүүн хацарт цус хуралт, баруун өвдөг, шилбэний дээд хэсэг, зүүн өвдөг, шилбэний дээд хэсэгт зулгаралт, цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

-Дээрх гэмтлүүдээс зүүн чамархайн урд хэсэг, шанаа, хацрын төвгөр, нүдний дээд зовхи хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 107-108 дахь тал)

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 129 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 130 дахь тал), дипломын хуулбар (хавтаст хэргийн 134 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 133 дахь тал), хохирогч Ж.у ын “...2.500.000 төгрөг авсан. Гомдол саналгүй” гэсэн, хохирогч Б.О ын “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тус тус бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 154-155 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.И нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Абу” хүнсний дэлгүүрийн гадна Ж.у ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Абу” хүнсний дэлгүүр дотор хохирогч Б.О той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар архины шилээр толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг. Мөн уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулж үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулсан.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Т.И  нь бусдын биед халдаж болохгүй гэдгийг мэдсээр байж хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.О , Ж.у  нартай маргалдаж, улмаар Б.О ыг архины шилээр цохиж, Ж.у ын нүүрэн тус хөлөөрөө өшиглөж тус тус гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогч нарт гэмтэл учруулах санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд өшиглөх, шилээр цохих идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдлоо.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч нарт гэмтэл гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч Т.И ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр, түүнээс олон хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.О , Ж.у  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Ж.у ын “...2.500.000 төгрөг авсан. Гомдол саналгүй” гэсэн, хохирогч Б.О ын “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тус тус бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 154-155 дахь тал) хавтаст хэрэгт авагдсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.И  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлага буюу 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүдэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, шүүгдэгчийн хувийн байдал /...34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, Абу хүнсний дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн амьдардаг.../ зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Гыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч Г.И ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Г.И ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г.И ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр, түүнээс олон хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.И ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.И ад оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Шүүгдэгч Г.И ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.И ад сануулсугай.       

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.И ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР