Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 00026

 

Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагч Б.Батбаатар, хариуцагчийн өмгөөлөгч А.Ууганбаяр нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 486 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Батбаатарт  холбогдох

Торхны үнэ, алданги нийт 11,250,000 /арван нэгэн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 6,920,000 /зургаан сая есөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Эрдэнэчимэг нь хариуцагч Батбаатарт 8х10 хэмжээтэй орон нутгийн гоожинтой торхыг 7,500,000 төгрөгөөр үнэ тохирон зээлээр худалдаж 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан юм. Гэрээнд заасан хугацаанд Батбаатар нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд торхны үнэ болох 7,500,000 төгрөгийг хэтрүүлсэн хоног тутамд 0,5%-иар алданги тооцохоор болсон.

Торхыг Чандмань-Өндөр сумаас Мөрөн суманд оруулж ирэх, зарах гоожинтой, хяналтын хуудастай нь хамт Б.Батбаатарт өгсөн. Улаанбаатар хот руу ачих гоожин байхгүй гэдгийг өөрөө мэдэж байсан. Мөн түүнд торхны дагалдах бичиг баримттай бол 7,500,000 төгрөг, бичиг баримтгүй бол 7,000,000 төгрөгөөр торхоо худалдана, араас чинь гоожингийн бичиг баримтыг явуулна гэж ярьсан зүйл огт байхгүй.

Гэтэл Б.Батбаатар торхыг хураалгасан гэж 2015 оны 11 сард бидэнд хэлсэн бөгөөд улсын байцаагчийн актанд 27 ширхэг мод ачиж явсан гэж бичсэн байсан. Манайх 58 ширхэг дүнз буюу 8*10 харьцаатай торх зарсан. Б.Батбаатар торхны 2 модыг 1 ургаа мод гэж тооцсон гэж хэлсэн. Тэрээр хэсэг хугацааны дараа мөнгийг өгнө, хүлээж бай гэдэг байснаа сүүлдээ танайхаас худалдаж авсан торхоо хураалгасан учир мөнгийг өгөхгүй гэсэн тайлбар хэлсээр өдийг хүрч байна. Зээлийн гэрээнд заасан алдангийг тооцохгүйгээр торхны үнэ 7,500,000 төгрөг өгч, аваад эвлэрэх санал тавьсан боловч зөвшөөрөхгүй гэсэн. ...Гэрээнд заасан хугацаа хэтрээд жил гаран хугацаа буюу 465 хоног болсон тул хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцоход үндсэн үүргийн 50%-иас хэтэрч байгаа учир 7,500,000 төгрөгийн 50% болох 3,750,000 төгрөгийг нэмж гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд торхны үнэ 7,500,000 төгрөг, алданги 3,750,000 төгрөг, нийт 11,250,000 төгрөгийг Б.Батбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Батбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Ц.Эрдэнэчимэг буюу түүний нөхөр Б.Баттулга гэх залуутай ярилцаж 8*8 хэмжээтэй, урагшаа мансардтай, дороо 4 үетэй, дээрээ 4 үетэй, урагшаа 10м илүү гарсан торх хэлбэртэй өрчихсөн, цонх хаалга гаргаагүй торхыг дагалдах бичиг баримттай бол 7,500,000 төгрөгөөр, бичиг баримтгүй бол 7,000,000 төгрөгөөр, төлбөрийг 3 сарын дараа өгч авахаар тохирсон. Тэгээд торхны дагалдах бичиг баримтыг авна гэж ойлгоод Б.Баттулгын эхнэр Ц.Эрдэнэчимэгтэй зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээнд алданги заавал байх ёстой гэж нотариатч хэлсэн учир гэрээнд засвар хийж, алданги 0.5 хувь гэж бичсэн. 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр торхыг тэдний хашаанаас ачиж авсан. Би торхыг Улаанбаатар хот руу ачиж явна гэж хэлэхэд Б.Баттулга араас чинь торхны бичиг баримтыг өгч явуулна гэж тохироод Эмээлт дээр 2-3 өдөр хүлээсэн боловч ирээгүй. … Торх, мод модон материалд худалдах, бэлтгэх, дамжуулах зөвшөөрлийн бичиг дагалдах ёстой байхад Ц.Эрдэнэчимэг, Б.Баттулга нар тухайн дагалдах баримт бичгийг торхны хамт өгөх үүргээ биелүүлээгүйгээс торхоо хураалгасан. Мөрөнд ирж Б.Баттулга бид хоёр байгаль орчны хяналтын улсын байцаагч Нямдаваатай уулзаж, хяналтын хуудас авсан. Гэтэл торх зарахдаа гоожинг өгсөн гэж намайг гүтгэж байгаа. Би торх авч өөртөө ашиглаагүй, Улаанбаатарт хураалгачихсан байгаа ба улсын байцаагчийн тавьсан актын талаар дээд газарт нь гомдол гаргасан хүлээж байна. Тухайн асуудал шийдэгдэж хураагдсан торхоо авахаар бол түүнийг нь буцааж өгнө. Иймд торхны үнэ 7,500,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжгүй, алданги 3,750,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, нэхэмжилж байгаа мөнгийг өгөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Б.Батбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Бичиг баримтгүй мод ачсан гэсэн үндэслэлээр Цагдаа, Прокурорын байгууллагаар 2 сар шалгагдаж, машинаа журмын хашаанд хийлгүүлж, миний бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, сэтгэл санаа, санхүүгээр маш их хохирсон. Мөн надаас торх авна гэж тохирсон хүн бензиний төлбөр өгөх байсан ч торхыг өгөөгүй тул боломжгүй болсон. Би Өгөөж дэлгүүрт сар бүр бараа тээвэрлэн нийлүүлдэг байсан ба тээвэрлэлтийн зардал сард 1 удаа 2,500,000 төгрөг авдаг бөгөөд 2 сарын бүгд 5,000,000 төгрөгөөр хохирсон. Банкнаас 49,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд сард 2,500,000 төгрөгийн орлого олдог байсан нь банкны зээлийн эргэн төлөлтийн баримтаар нотлогдоно. Журмын хашааны төлбөр 270,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан өмгөөллийн төлбөр 1,000,000 төгрөг, шатахууны зардал 650,000 төгрөг, нийт 6,920,000 төгрөгөөр хохирсон. Ойн тухай хуульд зааснаар мод худалдсан хүн ч бас хариуцлага хүлээх ёстой. Иймд бид хоёулаа буруутай учир нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгээс надад учирсан нийт хохирол 6,920,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Баттулга бид хоёр Б.Батбаатарт 8*10 хэмжээтэй торхыг зээлээр худалдахдаа Мөрөн суманд зарах эрхтэй, хяналтын хуудасны хамт өгсөн. Тус торхыг Улаанбаатар хот руу ачих талаар мэдээгүй, түүний араас бичиг баримт өгч явуулна гэж тохироогүй тул учирсан хохирол нь түүний өөрийн буруутай үйлдэл, ашиг хонжоо олох гэсэн зорилгоос бий болсон гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-д зааснаар хариуцагч Б.Батбаатараас торхны үнэ 7.000.000 /долоон сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.250.000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгээс хохирол бүгд 6.920.000 /зургаан сая есөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай Б.Батбаатарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194.950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.270 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батбаатараас улсын тэмдэгтийн хураамж 126.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгт олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Батбаатар давж заалдах гомдолдоо: … Ц.Эрдэнэчимэг бид хоёрын хооронд торх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж миний бие торхны үнийг хэсэг хугацааны дараа Ц.Эрдэнэчимэгт төлөхөөр түүнтэй харилцан тохиролцож, түүний зөвшөөрлөөр торхыг ачиж явсан юм. Энэ тохиролцоо бол эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах тохиролцоо юм. Хуульд зааснаар миний бие тохирсон хугацаанд торхны үнийг төлөх үүрэгтэй. Харин Ц.Эрдэнэчимэг надад эрхийн зөрчилгүй эд хөрөнгө хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Би Ц.Эрдэнэчимэгт торхыг Улаанбаатар хот руу тээвэрлэх тухайгаа хэлж Ц.Эрдэнэчимэг торх буюу эд хөрөнгийн өмчлөх эрхтэй болохыг гэрчлэх баримт бичгүүдийг миний араас явуулах үүрэг хүлээж үлдсэн юм. Учир нь хүнд даацын ачааны машинаар торхыг олон цаг тээвэрлэж явах тул ийнхүү бичиг баримтуудыг араас гүйцээж хүргүүлэхээр харилцан тохиролцсон юм. Гэтэл Ц.Эрдэнэчимэг нь утсаа авахаа больж зугтаан надад бичиг баримтыг хүргүүлээгүйн улмаас торхоо хураалгасан. Шүүх дээрх нөхцөл байдлыг огт харгалзахгүйгээр намайг буруутган 7.000.000 төгрөг гаруулахаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Худалдагч эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байхад миний бие мөнгөн төлбөр төлөх үүрэг хүлээгүй бөгөөд эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлсэнтэй холбоотой үр дагаварыг миний бие нэхэмжлэх, эрх зөрчигчөөс хохирлоо гаргуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй гэж үзэж байна.

Ц.Эрдэнэчимэг нь үүргээ биелүүлээгүйн улмаас Б.Батбаатар надад учирсан бодит хохирол болох 6,920,000 төгрөгийг гаргуулахгүйгээр шийдвэрлэсэнд мөн гомдолтой байна. Иймд ...шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Эрдэнэчимэгийн гаргасан 11,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, надад учирсан бодит хохирол 6,920,000 төгрөгийг Ц.Эрдэнэчимэгээс гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь хариуцагч Б.Батбаатараас торхны үнэ, алданги 11,250,000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Батбаатар нь нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгээс 6,920,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Зохигч нь 2015 оны 04 дүгээр сард  торх худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаараа маргаангүй байна. Харин хариуцагч нь “...торхыг бичиг, баримттай бол 7,500,000 төгрөг, байхгүй бол 7,000,000 төгрөгөөр авахаар тохирсон,  торхыг холбогдох бичиг, баримтгүй өгснөөс хураалгасан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, гарсан зардал 6,920,000 төгрөгөө нэхэмжилнэ” гэж маргасан байх ба нэхэмжлэгч “хариуцагчид орон нутгийн гоожин /эрхийн бичиг/-той мод хүлээлгэн өгсөн учир торхны үнэ, алдангийн хамт нэхэмжилнэ, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргажээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Хариуцагч Б.Батбаатар торх тээвэрлэж яваад “мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүй” гэсэн үндэслэлээр хураалгасан үйл баримт зохигчийн тайлбар, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт /хх-ийн 24 дүгээр хуудас/-аар тогтоогджээ. Мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэхэд  гарал үүслийн гэрчилгээ заавал авах бөгөөд  мод тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл тус бүрд Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасны дагуу гарал үүслийн гэрчилгээ олгодог журамтай. Хот хооронд гарал үүслийн гэрчилгээтэй мод тээвэрлэх журам зөрчин мод тээвэрлэж, зардал гаргасан нь  хариуцагчаас шалтгаалсны дээр  хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн хөрөнгийг өмчлөх эрх худалдан авагчид үүсч, эрсдэл худалдан авагчид  шилжих тул  хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 /хоёр зуун тавин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Т.ГАНБАТ

                  ШҮҮГЧИД                            Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                   Б.СОСОРБАРАМ