| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02071/И |
| Дугаар | 102/ШШ2017/01887 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2017/01887
| 2017 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2017/01887 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, дэнжийн 15-181 тоотод оршин суух, Боржигон овогт Жамбалсүрэнгийн Саруулмэнд /РД:ге86022107/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, к105 дугаар байр, 25 тоотод оршин суух, Сармай овогт Лхагвасүрэнгийн Насанжаргал /РД:йэ85011739/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, улаанхуаран 6 дугаар гудамж, 207 тоотод оршин суух, Жагар овогт Энхсайханы Мөнхсайхан /РД:шж87030272/ нарт холбогдох
5,498,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Саруулмэнд, хариуцагч Л.Насанжаргал, Э.Мөнхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жамбалсүрэн овогтой Саруулмэнд би Энхсайхан овогтой Мөнхсайханд 2016 оны 4 дүгээр сарын 08-нд 3,000,000 төгрөгийг, 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Би Мөнхсайханы дүү Болоргэрэлийг таньдаг байсан. Нэг өдөр Болоргэрэл ах Мөнхсайхан болон түүний найз Насанжаргалтай хамт гэрт баахан хиам барьж ирээд, хиаман цех ажиллуулдаг хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, шаардлагатай бол манай цехийг очиж үзэж болно мөнгө зээлээч гэсэн. Очоод үзэхэд үнэхээр хиаман цех ажиллуулж байсан. Ажил хийж байгаа хүмүүс юм чинь эргээд мөнгөө төлнө байх гэж бодоод мөнгө зээлүүлсэн. Зээлийн гэрээнд Насанжаргал хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж, зээлийн мөнгийг дансаар хүлээн авсан. Эхний сарын хүүг хугацаандаа өгч, 2016 оны 06 сарын 20 доор нэхүүлэн байж 2 дох сарын хүүгээ төлсөн. Түүнээс хойш үндсэн зээл болон хүүний мөнгө гэж нэг ч төгрөг өгөөгүй. Мөнхсайхан ерөөсөө утсаа авдаггүй. Харин Насанжаргал залгахаар авахгүй мөртөө мессеж л бичдэг удахгүй төлнө л гэдэг. Одоо сүүлдээ утсаа ч авахгүй надаас байнга зугтааж байгаа. Тэднийг удахгүй өгнө гэдгийг хүлээсээр өдийг хүрлээ. Иймд үндсэн зээлийн 3,000,000 төгрөг, 2 сарын хүү 600,000 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлсэн алданги 1,800,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 98,150 төгрөг нийт 5,498,150 төгрөгийг хариуцагч Э.Мөнхсайхан, Л.Насанжаргал нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Насанжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Л.Насанжаргал би 2016 оны 4 дүгээр сарын 08-нд Ж.Саруулмэндээс 3,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Тус мөнгийг 2017 оны 7 дугаар сарын 11-ний дотор 3,000,000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 05-ны дотор үлдэгдэл 2,498,150 төгрөгийг төлөхөө мэдэгдэж байна гэжээ.
Хариуцагч Э.Мөнхсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Энхсайхан овогтой Мөнхсайхан нь Жамбалсүрэн Саруулмэндийн нэхэмжилж байгаа 5,498,150 төгрөгийг Лхагвасүрэн овогтой Насанжаргалын хамт авч хэрэглээгүй учир энэхүү нэхэмжлэлээс нэрээ гаргах хүсэлтэй байна. Учир нь Жамбалсүрэн овогтой Саруулмэндийг өөрийн дүүгээр дамжуулан таньдаг учир Насанжаргалтай танилцуулж мөнгө зээлдэг хүн гэж танилцуулсан учир энэ хоёр харилцан тохиролцсоны үүднээс мөнгө зээлхээр болсонд Саруулмэнд чиний таньдаг хүн учир заавал хамт хийнэ гэсэн болхоор Насанжаргалын гуйлтаар зөвшөөрч хамтран гэсэн гэрээ хийсэн болно. Энэхүү мөнгөний зарцуулалт болон бусад зүйлст миний бие оролцоогүй болно. Энэхүү нэхэмжлэлийг Лхагвасүрэн овогтой Насанжаргал нь төлнө гэж хүлээн зөвшөөрөн хариу тайлбар дээр бичсэн учраас миний бие Энхсайхан овогтой Мөнхсайханыг нэхэмжлэлээс хасаж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Ж.Саруулмэнд нэхэмжлэлтэй Л.Насанжаргал, Э.Мөнхсайхан нарт холбогдох 5,498,150 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Л.Насанжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул дараах байдлаар эвлэрч байна. Үүнд хариуцагч Л.Насанжаргал 2017 оны 7 дугаар сарын 11-нд 3,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 05-нд 2,498,150 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө. Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Мөнхсайханаас татгалзаж байна гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Саруулмэнд нь хариуцагч Л.Насанжаргал, Э.Мөнхсайхан нарт холбогдуулж 5,498,150 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Саруулмэнд хариуцагч Э.Мөнхсайханаас татгалзсан ба хариуцагч Л.Насанжаргал нэхэмжлэлийн шаардлага болох 5,498,150 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч талууд төлбөрийг төлөх хугацаан дээр эвлэрч байна. Тодруулбал, хариуцагч Л.Насанжаргал 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 2,498,150 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч Ж.Саруулмэнд зөвшөөрчээ.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Саруулмэнд нь хариуцагч Э.Мөнхсайханаас татгалзсан ба хариуцагч Л.Насанжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,498,150 төгрөгийн 3,000,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр, 2,498,150 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Насанжаргалаас 51,460 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ