Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

 

 

 

 

 

 

 

    2022        02           11                                      2022/ШЦТ/72

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Б өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210000000033 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “Мөнгөн ган зай” ХХК-д хэвлэгч ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Шарга морьтын 654 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 36и-15 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Б  /РД:а000000/.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 724 дүгээр байрны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Э.Э ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Б.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  2. Хохирогч Э.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Зайсанд байх фанкшн хаус төвд Нисванисын тоглолт болоод найз Нямцэцэгийн хамт 20 цагт очсон. 22 цагийн үед Б.Б ийг тухайн тоглолт дээр ирсэн байгааг найз Бүжингээс нь мэдээд Б.Б тэй холбогдоод уулзсан. Бид хоёр тоглолт дунд уулзаж ярилцаж байгаад би намайг хүргээд өг гэж хэлээд 23 цаг өнгөрч байхад гараад Б.Б ийн машинтай манай гэрийн гадна буюу ХУД-ийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 724 дүгээр байрны гадна 00 цагийн үед ирсэн. ...Б.Б намайг машинаас гарахыг хэлсэн ба би гарахгүй, цуг гэртээ орно гэсэн. Б.Б ийн гар утас байн байн дуугарах болгонд Б.Б машинаасаа гараад утсаар ярьчихаад буцаж орж ирдэг байсан ба сүүлдээ уурлаад “би явж уумаар байна, шоудмаар байна, чи буугаадхаач” гэж хэлсэн. Би хамт орно гээд машинаас нь буухгүй байсан болохоор Б.Б намайг машинаас татаж буулгах гэхээр нь би эсэргүүцсэн. Тэгэхэд Б.Б буцаж машиндаа орж ирж сууж байгаад миний нүүр рүү алгадсан. Би өөдөөс нь уурлаад маргалдаад бие биенээ алгадсан. Тэгээд Б.Б машинаас гараад намайг татаж буулгаад машинаасаа холдуулж чирсэн. Би эсэргүүцээд машин дээр очиход миний хоолойноос боохоор нь би амьсгалж чадахгүй байна гэж хэлэхэд намайг тавьсан. Би машинд буцаж суугаад жолоочийн суудал дамнаад хэвтэхэд Б.Б хөл, бөгс рүү өшиглөж байгаад жолоочийн суудалд суух гээд тойроод ирэх үед нь би машины бүх хаалгыг хаагаад түгжсэн. ...баруун хөмсөг хавдаж хөхөрсөн, зүүн шанаа хавдаж, зүүн нүд хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал)
  3. Гэрч Л.Батлахзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би болсон асуудлыг утсаар бэрээсээ сонссон юм. Б.Б намайг машинаас буухгүй байна гэж цохиж, зодоод байна гэж 2021 оны 12 дугаар сарын дундуур хэлсэн юм. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал)
  4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №778 дугаартай:

“...Э.Э ийн биед баруун зүүн дээд зовхи, зүүн доод зовхи, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн шуу, сарвуу, баруун гуя, баруун өвдөг, зүүн гуя, шилбэнд цус хуралт тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

-Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн гэмтлүүд байна.

-Дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

5. Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тухайн үед уурласнаас болоод зодсон. Эхлээд машин дотор маргалдаж байхдаа тэсвэр алдаад хэд хэдэн удаа алгадсан. ...тэгээд Э.Э ийг чирч гаргасан. Би тухайн үед нилээн уурласан байсан болохоор зарим үйлдлээ санахгүй байна. Би урьд Э.Э д огт гар хүрч үзээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал)

           

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дахь тал), “Мөнгөн ганзай” ХХК-ийн “...Б.Б нь 2021 оны 7 дугаар сарын 31-нээс манай байгууллагад хэвлэлийн тоног төхөөрөмж, угсралтын инженерээр сарын 800.000 төгрөгийн цалинтайгаар одоог хүртэл ажиллаж байгаа нь үнэн болно” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг болно.

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 724 дүгээр байрны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Э.Э ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Б нь бусдын биед халдаж болохгүй гэдгийг мэдсээр байж машинаас буусангүй гэх шалтгаанаар хохирогч Э.Э ийг гараараа алгадаж гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулах санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд нүүрэн тус газарт нь алгадах идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдлоо.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Э.Э ийн “...би гэмтэл авсны дараа ямар нэгэн байдлаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваагүй. Гэмтэл яваандаа эдгэж зүгээр болсон. Одоо ямар нэгэн өвчин зовиур байхгүй болохоор Б.Б өөс нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал) хавтаст хэрэгт авагдсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлага буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүдэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, шүүгдэгчийн хувийн байдал /...21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “Мөнгөн ган зай” ХХК-д хэвлэгч ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг.../ зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

              Харин шүүгдэгч Б.Б ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Б.Б өд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б өд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Шүүгдэгч Б.Б өд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Б өд сануулсугай.       

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР