Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/171

 

 

 

 

    2022          03          07                                     2021/ШЦТ/171

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Хохирогч: Д.Д-,

Шүүгдэгч: Э.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.М-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105025430094 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.М-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.М- нь 2021 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаус 24” нэртэй зочид буудалд хохирогч Д.Д-ын нүүрэн тус газар цохиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.М- шүүх хуралдаанд: “...Би хөдөөнөөс 2 найзын хамт ирээд буцахаар болсон. Тухайн өдөр нэг найзын төрсөн өдөр гээд ууж, сууж байгаад маргааш нь буцахаар болоод Хаус-24 гэх зочид буудалд орсон. Тэгээд манай найз гараад явсан ба хохирогчтой хамт явсан эмэгтэйтэй нэг өрөөнөөс гарч ирсэн талаар ярьж байсан. Би тооцоогоо хийхээр найзын хамт бууж ирсэн бөгөөд тэр үед хохирогч залуу, манай найзтай маргалдаад, барьцалдаад хавсарч унагасан. Тэгэхээр нь би дундуур орж салгасан. Тэгэхэд намайг түрүүлж цохихоор нь би цохисон. Хохирогч гэх залуу өөрөө зодоон эхлүүлсэн. Камерын бичлэгт хүртэл намайг эхэлж цохисон нь бичигдсэн байгаа” гэв.

Хохирогч Д.Д-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн өдөр Гэрлээ, түүний эгч, Болороо гээд дөрвүүлээ ороод Гэрлээ эгчтэйгээ явсан бөгөөд Болороо бид 2 үлдсэн. Болороо ариун цэврийн өрөө орчхоод ирье гээд 10-15 минут орчим болоод гарч ирэхгүй болохоор нь доошоо буугаад ресепшнээс 2 удаа асуугаад 2 сул өрөө байгаа гэхээр нь орж үзэхэд шүүгдэгчийн найзтай хамт гарч ирсэн. Тэгээд маргалдаад 1 давхар руу тооцоогоо хийхээр буусан. Тэгээд ардаас найзтайгаа хамт бууж ирээд ахин маргаан үүсгэсэн. Би биеэ хамгаалах үүднээс нэг удаа хавсарч унагаасан. Тэгэхэд намайг хажуунаас нүүр лүү цохиод би доошоо болсон байхад доороос өвдөглөж, цохисон. Камерын бичлэгийг цагдаа очиж үзсэн бөгөөд бичлэгийг флашинд хуулах гээд очиход камерын бичлэг устсан байсан. Уг бичлэгт намайг шүүгдэгч цохиж байгаа нь тодорхой бичигдсэн байсан. Надад 500.000 төгрөг өгье гэж хэлсэн. Шүүх хурал болтол хугацаа байгаа тул 3.500.000 төгрөгийг бүрэн авна гэж хэлсэн. Хамрын эмчилгээ хийлгэх 3.500.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Д.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 00 цагийн үед БГД-н 6-р хороо, Хаус 24 гэх нэртэй зочид буудалд өөрийн найз Гэрлээ, Гэрлээгийн эгч, түүний дүү Болороо нарын хамтаар орсон. Бид буудалд орж нэг шил архи, нэг том пиво уусан. Ууж байгаад 1 цаг өнгөрч байх үед Гэрлээ өөрийн эгчийн хамтаар гэр рүүгээ явсан. Болороо бид хоёр үргэлжлүүлэн ууж байсан. Удалгүй Болороо би 00 орлоо гэж хэлээд өрөөнөөс гараад явсан. Болороо 00 орлоо гэж хэлчхээд буцаад орж ирэхгүй болохоор нь би Болороог хайгаад өрөөнүүдээр явсан. Тэгсэн чинь Болороо хажуу талын өрөөнөөс үл таних ягаан өнгийн цамцтай залуугийн хамтаар гараад ирсэн. Би тухайн үед Болороог өөр хүнтэй гараад ирэхээр нь гайхаад тус үл таних залуутай маргалдаж эхэлсэн. Би тэр үл таних залуутай маргаж байгаад уг залууг нэг удаа хавирч унагаасан. Тэгэхэд хажуу талаас түүний найз гэх үл таних нэг залуу миний хамар нүүр хэсэг рүү гараараа цохисон. Улмаар миний хамраас цус гарч би газарт доошоо хараад сууж байх үед гаднаас хүмүүс орж ирээд намайг гаргаж зодооныг салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 21/,

Гэрч Н.Б- мөрдөн байцаалтад өгсөн: “...гаднаас нэг эмэгтэй хүн орж ирээд 00-н өрөө асуусан. Тэгээд би орж ирсэн эмэгтэй хүнд 00 зааж өгөөд буцаад орж ирсэн. Хамт явсан гэх залуутай маргалдаад байж байсан чинь надтай маргалдсан гэх залуу намайг хавсарч унагаад би унаад босож ирэх үед манай найз Мөнхжин тухайн залууг дараад унасан. ...Мөнхжинд зодуулсан гэх залуугийн хамраас цус гарсан байдалтай байсан. Өөр гэмтэж бэртсэн хүн байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/,

Шинжээчийн 90 тоот дүгнэлтэд: “...Д.Д-ын биед хоншоор ясны сэртэнгийн шугаман далд хугарал, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтооно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/,

Дуудлагын лавалгааны хуудас /хх-н 3/, хохирлын баримтууд /хх-н 38/, дүрс оншилгооны шижнилгээний хариу /хх-н 42/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 47, 50-64/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Э.М- нь 2021 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаус 24” нэртэй зочид буудалд хохирогч Д.Д-ын нүүрэн тус газар цохиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Д-ын мэдүүлэг, гэрч Н.Бат-Эрдэний мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Э.М- нь хохирогч Д.Д-ыг өөрийн найзтай нь маргалдаж хавирч унгасны улмаас түүний хамар луу цохиж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хүндэвтэр хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.М-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Э.М-гийн хохирогч Д.Д-ыг цохисон үйлдэлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.М- нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч Д.Д-ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс хамрын хагалгаанд орох 3.500.000 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт баримтаар авагдсан зураг авахуулсан 130.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Д-д олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч нь “хамрын хагалгаанд орно” гэж мэдүүлж байх боловч тухайн хохирлыг талаархи баримт хэрэгт авагдаагүй ба яг хэдэн төгрөгийн хохирол гарах эсэх нь тодорхойгүй байх тул хохирогч нь хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Э.М-гийн  үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тус тус заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан улсын яллагчийн дүгнэлтэд заасан ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-г 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М- нь 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-гээс 130.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Д-д олгосугай.
  6. Хохирогч Д.Д- нь хохирол, хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР