Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/172

 

 

 

 

    2022          03          07                                     2021/ШЦТ/172

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Д.Эрдэнэчимэг,

Хохирогч: А.О-, М.Д-,

Шүүгдэгч: Б.Ц-, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ц-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203000020074 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ц-, .....

Шүүгдэгч Б.Ц- нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Телевизийн зам 46 дугаар сургуулийн зүүн замд “2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 40 минутын орчим Тоёота Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч Зогс-шугам /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно”, мөн дүрмийн 8.9-т “Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.О-, М.Д- нарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ц- шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул мэдүүлэг өгөхгүй. Баримтаар нэхэмжилсэн хохирлыг даатгалын байгууллагаас гаргуулж хохирогч нарт төлсөн” гэв.

Хохирогч А.О- шүүх хуралдаанд: “...2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр оройн 20 цаг 50 минутын үед нөхөртэйгөө 46 дугаар сургуулийн явган хүний гарцаар гарч байхад зүүн талаас машин ирж мөргөсөн. Эхлээд нөхрийг мөргөж, дараа нь намайг мөргөсөн. Тэр өдөр гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Цэнд-Аюуш тухайн өдөр хөлийн чиг авч өгсөн бөгөөд өөрөө 180.000 төгрөг гэж байгаа боловч 120.000 төгрөгөөр зарагддаг байсан. Мөн өвчин намдаах эм 7500 төгрөгөөр авч өгсөн. Маргааш нь шүүх эмнэлэгт үзүүлж, зураг авахуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл гэж гарсан. Эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн бөгөөд эмчилгээний зардал төлөгдсөн. Одоо ажилгүй байсан хугацааны буюу сарын 700.000 төгрөг нэхэмжилж байна” гэв

Хохирогч М.Д-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Эхнэрийн ярьсан зүйл дээр нэмж ярих зүйл байхгүй. Одоо ажилгүй байсан хугацааны сарын цалин 400.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

Хохирогч А.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр явж байгаад Монголын Үндэсний телевизийн зүүн хойд хэсэгт тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Уг ослын дараа зүүн хөлийн өвдөг зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн оноштой эмчлүүлсэн. ...одоо бол биеийн байдал зүүн хөлний хаван, хавдар буусан боловч нугалж тэнийж болохгүй өвдөлттэй байгаа. Өвдөж зовиурлаж байнгын өвчин намдаах эм хэрэглэж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 20/,

Хохирогч М.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр эхнэрийн хамт явж байгаад Монголын Үндэсний телевизийн зүүн хойд хэсэгт тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Уг ослын дараа зүүн хөлийн өвдөг зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн оноштой эмчлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 17/,

Нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн 34 дүгээр дүгнэлтэд: “...А.О-ийн биед зүүн өвдөгний коллатерал холбоосын урагдал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохойны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-н 55-57/,

Материалаар хийсэн шүүх эмнэлгийн 35 дугаар дүгнэлтэд: “...М.Д-гийн биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний их бие хэсгийн урагдал, урд чагтан холбоосын суналт, дотор коллатерал холбоосын хагас урагдал, өвдөгт зулгаралт, цус хуралт, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 69-70/,

Мөрдөгчийн 106 дугаар магадалгаанд: “...Тоёота приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно: ...мөн дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” Гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч А.О-, М.Д- нар нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-н 87/,

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...бичлэгийн 49 дэх секундэд 2 явган зорчигч зорчих хэсэг рүү ороод зам хөндлөн гарах үед 50 дахь секундэд урдаас хойд зүгт явж байсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж газарт унаж байгаа бичлэг байна” гэжээ. /хх-н 44-45/,

Яллагдагчаар Б.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр телевизийн зүүн талын замаар урдаас хойд зүгт явж байгаад явган хүний гарцыг нэвтрэх үед гэрэл дохио солигдоод 2 явган зорчигч гарч ирээд мөргүүлсэн. Уг нь зогсоох арга хэмжээ авсан боловч тэр хүмүүсийг мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 105/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-11/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 12/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31-34, 42/, авто тээврийн шинжээчийн дүгнэлт /хх-н 76-81/, хохирлын баримтууд /хх-н 94-100/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Н. Б.Ц- нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Телевизийн зам 46 дугаар сургуулийн зүүн замд “2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 40 минутын орчим Тоёота Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч Зогс-шугам /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно”, мөн дүрмийн 8.9-т “Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.О-, М.Д- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А.О-, М.Д- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Ц-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Ц-ийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ц-ийн хохирогч нарыг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн үйлдэлийн улмаас хохирогч нарт шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Ц- болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч А.О-, М.Д- нарын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогч нарын тээврийн хэрэгслээрээ мөргөсөн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.О-, М.Д- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нарын эмчилгээний зардалд жолоочийн хариуцлагын даатгалаас хохирогч нарт 1.950.000 төгрөг өгсөн болохыг дурдав.

Шүүх хуралдаанд хохирогч нар нь ажилгүй байсан үеийн цалин болох хохирогч А.О- 700.000 төгрөг, хохирогч М.Д- 400.000 төгрөг тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хохирогч А.О-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Ц-аас 700.000 төгрөг гаргуулж хохирогч А.О-т олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч М.Д-гийн нэхэмжилсэн 400.000 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдаагүй, тухайн ажлын газрын тодорхойлолтоос өөр баримтгүй байна. Хохирогч нь нийгмийн даатгал төлсөн эсэх, даатгалын байгууллагаас өвчтэй байсан хугацааны цалин хөлс авсан эсэх нь тогтоогдохгүй байх тул хохирогч М.Д- нь хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч “доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн ялын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Б.Ц-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ц-ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, даатгалаас хохирогч нарт 1.950.000 төгрөг тус тус төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-аас 700.000 төгрөг гаргуулж хохирогч А.О-т олгосугай.
  6. Хохирогч М.Д- нар нь хохирол, хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР